Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01849

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01849

 

 

2022 10 03 210/МА2022/01849

 

 

Б.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2022/02472 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.Ц-

Хариуцагч: Ш.У-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 13,083,500 төгрөг гаргуулах тухай, иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Буянбадрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г-, хариуцагчийн өмгөөлөгчГ.Л-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ш.У- нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 00 цаг 54 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Тэхийн уулзвар замд өөрийн эзэмшлийн Тоёота Рав маркийн 3333 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д заасныг зөрчин 4444 УАК улсын дугаартай Д.Фэнг маркийн автомашин болон миний өмчлөлийн 5555УНГ улсын дугаартай Лэксус 570 маркийн автомашиныг гэрлэн дохион дээр зогсож байхад мөргөж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дүгээр зүйлийн 51 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон.

Миний өмчлөлийн тээврийн хэрэгсэлд 12,302,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд машин ачуулсан, үнэлгээ, оношилгоо хийлгэсэн гээд нийт 13,083,500 төгрөгийн хохирол учруулж, одоог хүртэл төлбөрийг төлж барагдуулаагүй, зөрчигдсөн эрхийг сэргээгээгүй байна.

2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн №2021/ДШМ3/103 дугаартай магадлалаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч Ш.У-г торгох шийтгэлээс өршөөн чөлөөлсүгэй гэж шийдвэрлэсэн. Магадлалийн тогтоох хэсэгт Хохирогч Б.Ц- нь зөрчлийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай гэж заасны дагуу хариуцагчаас надад учруулсан бодит хохирол болох 13,083,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч болон түүний төлөөлөгчөөс шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ш.У-гаас 13,083,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 223,367 төгрөгийг улсын орлогод үлдээж хариуцагч Ш.У-гаас нөхөн гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т хэргийн оролцогчийн эрх, үүргийг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох гэж заасан байдаг.

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г- миний бие 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хойш, хариуцагчийн өмгөөлөгч Г.Л- 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс хойш хэргийн материалтай танилцаагүй ба нэхэмжлэгч талаас 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нэмэлт баримт өгсөн байхад шүүхээс мэдэгдээгүй. Шүүгчийн туслах шүүх хуралдааны тов мэдэгдэхдээ шинээр баримт ирснийг хэлэх боломжтой байсан.

4.б. Мөн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хөдөө орон нутагт явж байсан ба хариуцагчийн өмгөөлөгчГ.Л- нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадлагааг шүүхэд хүргүүлсэн. Өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай байхад шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хариуцагч талд мэтгэлцэх боломжийг олгоогүй.

4.в. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

Хариуцагч нь мөнгөн төлбөрийг төлөхгүй гэж маргадаггүй, харин Итгэлт Эстимэйт ХХК-ийн хохирлын үнэлгээ хэт өндөр байгаад маргадаг юм. Тодруулбал, нэхэмжлэгч тал солих шаардлагагүй, засах боломжтой эд ангиудыг сайн дураараа сольсон байдаг. Жишээ нь ослын нөхцөлөөс харвал 5555УНБ улсын дугаартай автомашины зүүн талаас мөргөсөн байхад нэхэмжлэгч Б.Ц- баруун урд гэрэл, карлан зэрэг эд өнгийг бүрэн сольсон.

Нэхэмжлэгч уг үйлдэл нь тухайн авто ослыг далимдуулан хариуцагчийн авто ослоос хамааралгүй мөнгөн төлбөрийг санаатайгаар нэмэгдүүлэн, автомашины эд ангиудыг шинэчилж, сольсон үйлдэл байгаагаас энэхүү маргаан эхэлсэн тул хариуцагчийн өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 34 дүгээр зүйлийн 34.3.2, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар маргааны зүйл болох "Итгэлт Эстимэйт ХХК-ийн үнэлгээтэй холбогдуулан шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаж байсан боловч шүүх бүрэлдэхүүн шинжээч томилуулах тухай хүсэлтийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт гаргах боломжгүй гэж үзэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан.

Тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШТ2022/00051 дугаартай тогтоол нь гарахдаа гомдол гаргах эрхгүйгээр гарсан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасан хариуцагчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан үйлдэл юм.

4.г. Түүнчлэн, Итгэлт Эстимэйт ХХК нь хохирлын үнэлгээг 12,302,000 төгрөгөөр тогтоохдоо үндэслэн Мастер авто сүлжээний автомашины үзлэг оношлогоог үндэслэсэн байдаг. Гэтэл Мастер авто сүлжээ нь үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Зам, тээврийн хөгжлийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 07/1524 дугаартай албан тоотоор нотлогдоно. Иймд шүүх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй этгээдийн гаргасан үнэлгээг үндэслэн шийдвэрээ гаргасан нь үндэслэл муутай болжээ.

Нөгөөтэйгүүр, дээрх шинжээчийн дүгнэлт нь нэхэмжлэгчийн хүсэлтээр хийгдсэн, нэхэмжлэгч талаас өгсөн нотлох баримт, дүгнэлт бөгөөд маргааны зүйл болох хохирлын хэмжээг тогтоохдоо шүүх нэг талын гаргасан баримтыг үндэслэн тогтоосон нь буруу. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ тал бүрээс нь бүрэн судалж шийдвэрлээгүй гэж үзэж байна.

4.д. Мөн хавтаст хэрэгт авагдсан Монголын мэргэшсэн институт нь Итгэлт Эстимэйт ХХК-ийн үнэлгээнд дүгнэлт хийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 004/1 дугаартай Магадлан шалгалтын тайлан-аар 13,302,000 төгрөгөөс 3,062,000 төгрөг хасах шаардлагатай гэж дүгнэсэн атал шүүх бүрэлдэхүүн уг баримтыг үнэлээгүй.

4.е. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь ... үзлэг таньж олуулах, ... тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасан.

Хариуцагч талаас нэхэмжлэгчийн автомашины эвдэрсэн гэх эд ангид үзлэг хийлгэх тухай хүсэлтийг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж байсан. Уг ажиллагаа нь хэргийн оролцогчийн хүсэлтээр хийгддэг ажиллагаа. Гэтэл шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр бус харин 5555УНБ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн. Үзлэгийн үед хариуцагчийн өмгөөлөгчГ.Л- байсан ба шүүчийн туслахаас нэхэмжлэгчийн өмгөөлөгч төлөөлөгчид хандан эд ангиудын талаар асуухад авчраагүй гэхэд, шүүгчийн туслах тэгвэл дараа өдөр товлоод үзье гэж байсан атлаа үзлэгийг явуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, шүүхийн тогтоолын биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

4.ё. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчин зарим нотлох баримтыг үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Магадлан шалгалтын тайланд Явах эд ангиудын гэмтэл нь ослын үеийн фото зургууд, дахин үзлэг, бусад материалуудаас нотлогдохгүй байна, ... Сэлбэгийн үнийн нэхэмжлэл оношлогооны дүгнэлтийг орлохгүй, Итгэлт Эстимэйт ХХК-ийн үнэлгээчин М.Энхбаярын 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн №275/ДД№99999 тоот үнэлгээний тайлангийн үнэлгээгээр тогтоогдсон дүн 12,302,000 төгрөгөөс явах эд ангиудын гэмтэл нотлогдохгүй байх тул 3,062,000 төгрөгийг хасах шаардлагатай гэж дүгнэж байна. ... Гомдлыг хэсэгчлэн хангаж үнэлгээний тайланг өөрчлөх саналыг мэргэжлийн хариуцлагын хороонд хүргүүлж байна гэж дүгнэсэн байтал шүүх тус дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй орхигдуулсан.

Мөн Сангийн сайдын 2010 оны 112 тоот тушаалын 4 дүгээр хавсралтаар баталсан журмын 5.2-т Мэргэжлийн зөвлөл нь хөрөнгийн үнэлгээний тайлантай холбоотойгоор үнэлгээин, гомдол гаргасан үйлчлүүлэгчийн хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцээд тогтоол гаргана гэж заасны дагуу хариуцагчийн зүгээс Мэргэжлийн үнэлгээний институтын мэргэжлийн хариуцлагын хорооноос Магадлан шалгалтын тайлангийн эцсийн дүгнэлттэй холбоотой албан ёсны шийдвэр гарсан эсэхийг лавласан хэдий ч тодорхой хариу өгөөгүй тул дээрх дүгнэлттэй холбогдох нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Гэтэл шүүх 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШЗ2022/07954 тоот шүүгчийн захирамжаар хэргийн оролцогч өөрөө олж авах боломжтой баримт гэж үзэн хүсэлтийг хангаж шийдвэрлэхээс татгалзсан. Энэ нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг буруу тайлбарлан хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

4.ж. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: ... Мастер плазагийн НӨАТ-ын баримт, Мастер плаза оношилгоогоор илэрсэн гэмтлүүд гэх баримтуудаар нотлогдож байна гэжээ.

Гэтэл хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн Монгол Улсын зам тээврийн хөгжлийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 07/1524 тоот албан бичигт: Мастер авто сүлжээ буюу Нимонс ХХК нь явах эд ангийн гэмтлийн тогтоох бүрэн эрхгүй этгээд буюу Авто тээврийн тухай хуулийн 15.2-т Тээврийн хэрэгслийн дугаар үйлдвэрлэх, автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийг олгоогүй болох нь нотлогдож байтал шүүх зөвхөн нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримтыг үнэлж шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлэх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй мөн хүн бүр шүүхийн өмнө эрх тэгш байх суурь зарчмыг хөндсөн хариуцагчийг хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үндэлэл муутай шийдвэр гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргасан хүсэлтийн дагуу тодорхой хугацаанд хойшилж, шаардлагатай арга хэмжээг авч байсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойгүй байна гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тодорхойлох зорилгоор шинжээч томилсон хүсэлт гаргаагүй. Ослын улмаас ямар гэмтэл тээврийн хэрэгсэлд учирсан болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан боловч тогтоох боломжгүй. Зөрчлийн хэрэг шалгах ажиллагаа явагдаж, тээврийн хэрэгсэлд тодорхой хэмжээний засвар үйлчилгээ хийгдсэн тул тухайн үед ямар гэмтэл учирсан болохыг тогтоох боломжгүй. Тухайн осол 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр болсон бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 21, 24-ний өдөр тус тус үзлэгт оруулж, ямар эд анги эвдэрсэн талаарх дүгнэлт гаргасан. Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй байгууллагын гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэж, нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон. Нэхэмжлэгч нь зам тээврийн ослын улмаас өөрт учирсан хохирлыг нэхэмжилсэн бөгөөд засварын мөнгө нэхэмжлээгүй. Нэхэмжлэгчид учирсан хохирлын төлбөр нь хөрөнгийн үнэлгээний төвийн тайлангаар гарсан 12,302,000 төгрөг, мөн ачилтын хөлс 200,000 төгрөг, задаргаа оношлогооны 77,500 төгрөг бөгөөд үнэлгээний компанид төлсөн 504,000 төгрөг гэж нийт 13,083,500 төгрөг болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Б.Ц- нь хариуцагч Ш.У-д холбогдуулан гэм хорын хохиролд 13,083,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2/

 

3. Хариуцагч Ш.У- нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Тэхийн уулзварын замд 3333 УАВ улсын дугаартай Тоёота Рав-4 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж Б.Ц-ын өмчлөлийн 5555УНГ улсын дугаартай Лэксус-570 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулжээ.

 

4. 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчГ.Л- нь эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт болон Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн магадлагааг хавсарган анхан шатны шүүхэд ирүүлжээ.

 

5. Анхан шатны шүүх уг хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг гаргах, санал болгохтой холбоогүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу. /1хх246-247/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл 6.1 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.3.10, 34.3.12-т заасан хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхийг хангахгүй шүүх хуралдааныг явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2022/02472 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР