Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 21

 

“С Ө Э Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын

газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Т.Б,

Б.Т, П.Э нарт холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:    Шүүгч Ч.Тунгалаг

Шүүгчид:                  Г.Банзрагч

                                 Б.Мөнхтуяа

                                 П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:         Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 210022539 дугаартай актыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0684 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 221/МА2017/0821 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, О.Б,

Хариуцагч: Т.Б, Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нар,  

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0684 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006/-ийн 10 дугаар зүйлийн 10.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С Ө Э Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 210022539 тоот актаар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс “...бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа ... борлуулсан бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй зөрчилд ногдуулсан 91,533,859.7 төгрөгийн төлбөрийг хасч багасган, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд ногдуулсан 1,020,459,488.52 төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд ногдуулсан 50,102,771.40 төгрөг, агаарын бохирдлын төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд ногдуулсан 96,366,501.2 төгрөг, нийт 1,166,928,761 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж, төлбөрийн хэмжээг 162,192,418.3 /нэг зуун жаран хоёр сая нэг зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун арван найм/ төгрөгөөр тогтоожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 221/МА2017/0821 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0684 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 10 дугаар зүйлийн 10.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С Ө Э Э” ХХК-ийн “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 210022539 дүгээр актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 210022539 дүгээр актаар “С Ө Э Э” ХХК-д ногдуулсан хүү, торгууль, алдангиас нийт 1,166,928,761.12 төгрөгийг өршөөн хэлтрүүлсүгэй.” гэж нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчлөн, хариуцагч П.Э-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын улсын байцаагч Т.Б, Б.Т, П.Э нар манай ХХК-ийн 2013, 2014, 2015 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж илрүүлсэн зөрчил гэх 4,766,539,007.90 төгрөгт нийт 1,420,655,039.00 төгрөгийн төлбөрийг Татварын улсын байцаагчийн 210022539 дугаартай актаар ногдуулан төлүүлэхээр илт хууль бусаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч тус актыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөл 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаар хянан хэлэлцээд Татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээсэн, татвар төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэсэн хууль бус 25 дугаартай Тогтоол гаргасныг мөн эс зөвшөөрч Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг хянан хэлэлцээд хууль эрх зүйн үндэслэлтэй, хэргийн материал дахь нотлох баримтаар тогтоогдсон үнэн зөв бодит 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0684 дугаартай шийдвэрийг гаргасан.

4. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 221/MA2017/0821 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, илэрхий хууль бус байх тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

5. Татварын улсын байцаагчийн 210022539 тоот актанд:   “...хууль... зөрчсөн нь тогтоогдлоо. Үүнд...2...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн...6 дугаар зүйлийн 6.1-д “Энэ хуулийн 4.1.10-т заасан нөхцөл хангасан этгээд ажлын 3 хоногт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяа татварын албанд гаргана...”...гэж заасныг зөрчин 2015 оны 2 дугаар улирлын орлогын албан татварын тайлангаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх болзол хангасан боловч нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэлгүй, 2015 оны 3 дугаар улирлын...тайлангаар 609,007,715.80 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтыг орлогоор тайлагнаагүй...” гэж тэмдэглэн 91,533,859.70 төгрөгийн нөхөн татвар, хүү, торгууль төлүүлэхээр хууль бусаар шийдвэрлэсэн байдаг.

6. Манай компани хуульд заасан хугацаанд буюу 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдөл, хүсэлт, холбогдох бусад материалаа Улсын төсвийн орлого хяналтын газарт гарган хүргүүлсэн боловч тус газар өргөдөл, хүсэлт гаргасан өдрөөс хойш 210 хоногийн дараа буюу 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 0031518 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээг олгож тухайн үед мөрдөгдөж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд: “...6.2.Харьяалах татварын алба нь...өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 2 өдөрт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж, тухайн этгээдэд гэрчилгээ олгоно...” гэж заасныг зөрчсөн.

7. Энэхүү зүйл заалтыг Улсын төсвийн орлого хяналтын газрын ажилдаа хариуцлагагүй хандсан байцаагч нар зөрчсөнөөс болж компани нь 2015 оны 10 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогод НӨАТ ногдуулан төлөх боломжийг олгоогүй болно.

8. Учир нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /НӨАТ/-ийн 10 дугаар зүйлд: “10.1. Албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн ... хуулийн этгээдийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж эхлэх хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцно...” гэж заасны дагуу НӨАТ төлөгчийн гэрчилгээ, нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан олгосон өдрөөс компани татвараа ногдуулан төлж ирсэн атал шалгалт хийсэн Татварын улсын байцаагч нар Татварын алба өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрчилгээ олгоогүй, харилцагч байгууллагаас НӨАТ нэхэмжлэх нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан олгоогүй саатуулсан хугацааны орлогод актаар төлбөр ногдуулсан нь шударга бус байна.

9. Өөрөөр хэлбэл татвар төлөгч бус Татварын алба дээрх хуулийн зүйл заалтыг ноцтой зөрчсөн бөгөөд Татварын улсын байцаагч нарын хууль бус шийдвэр нь хэргийн материалд буй НӨАТ төлөгчөөр бүртгүүлэхээр компаниас гаргасан өргөдөл, хүсэлт мөн холбогдох материалыг хугацаанд нь хүргүүлсэн нь гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогддог.

10. Мөн актаар НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө компани хуульд заасан хугацаанд өгөөгүй гэж буюу хариуцагч талтай компани 2015 оны 08 дугаар сарын 24, 2016 оны 03 дугаар сарын 28-ны аль өдөр НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө өгсөн вэ гэдгээр маргаж байгаа болохоос өөр бусад үйл баримтаар маргаагүй болно.

11. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлд: “4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно...4.1.3. “нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж ...татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг...”, 6 дугаар зүйлд: “...6.12.Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн...хуулийн этгээдийн нэрсийн жагсаалтыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага cap бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим сүлжээний вэб хуудсаар улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ...” гэж заасны дагуу Харилцагч татварын алба нь НӨАТ төлөгчөөр бүртгэж гэрчилгээ, нэгдсэн дугаар бүхий НӨАТ-ын падаан олгоогүй, нийтэд мэдээлээгүй байгаа тохиолдолд харилцагч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнээс НӨАТ нэхэмжлэх эрх үүрэг компанид үүсдэггүй бөгөөд Татвараас албанаас олгоогүй өөр падаанаар НӨАТ нэхэмжилбэл өөрсдөө хуулийн хариуцлага хүлээнэ.

12. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх (Магадлалын 6-р хуудас) Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалт буюу НӨАТ төлөгчөөр бүртгэгдэж Татварын албанаас НӨАТ төлөгчийн гэрчилгээ, нэгдсэн дугаар бүхий НӨАТ-ын падаан авсан татварын төлөгчийн НӨАТ ногдуулах хугацааны зохицуулалт бүхий хуулийн заалтыг буруу тайлбарлаж дүгнэсэн, хуулийг буруу хэрэглэсэн.

13. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 221/MA2017/0821 дугаартай магадлалаар компаниар НӨАТ-ын 91,533,859.70 төгрөгийн нөхөн татвар, хүү, торгууль төлүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгож хууль эрх зүйн үндэслэл бүхий анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.

14. Хариуцагч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “С Ө Э Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Т.Б, Б.Т, П.Э нарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 221/МА2017/0821 дугаартай магадлалын зарим хэсгийг үл зөвшөөрч гомдол гаргаж байна.

15. “С Ө Э Э” ХХК-ний 2013-2015 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг Улсын төсвийн орлого хяналт газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21161000513 тоот томилолтын дагуу татварын улсын байцаагч Т.Б, П.Э, Б.Т нар шалгаж 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Татварын улсын байцаагчийн 210022539 тоот актаар 4,766,539,007.94 төгрөгийн зөрчилд 60,900,771.60 төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, 901,338,714.90 төгрөгийн торгууль, 458,232,850.20 төгрөгийн алданги, 182,702.30 төгрөгийн хүү, нийт 1,420,655,039.00 төгрөгийн төлбөр ногдуулсан.

16. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “С Ө Э Э” ХХК-д татварын улсын байцаагчийн 210022539 дугаартай актаар ногдуулсан төлбөрийн хүү, торгууль, алдангид хамаарах нийт 1,166,928,761.12 төгрөгийг өршөөн хэтрүүлж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

17. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна гэж хуульчилсан байх бөгөөд татварын улсын байцаагчийн акт нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цагаас өмнө эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэрээр тогтоогдсон байна гэж татварын улсын байцаагчийн акт тогтоогдсон байх нөхцөлийг хангасан байхыг хуульчилсан байхад давж заалдах шатны шүүх нь өршөөлд хамруулж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

18. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 221/МА2017/0821 дугаартай магадлалын өршөөлд хамруулж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

19. Анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т “Анхан шатны шүүх ... хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн ... өөрчлөх эрхтэй” гэж заасантай нийцсэн байна.

20. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа иргэн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ хуулийн этгээдийн орлогын албан татварын тайлангаар, ... 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа импортолсон болон экспортолсон этгээд, түүнчлэн бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна” гэж заажээ.

21. Нэхэмжлэгч хуульд заасан дээрх болзол, шаардлагыг хангасан тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ авснаас үл хамааран нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдрөөс тухайн татвараа үнэн зөв тайлагнах учиртай.

22. Анхан шатны шүүх нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж эхлэх хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс тооцно гэж хуулийг буруу тайлбарлан маргаан бүхий актаар тогтоосон төлбөрөөс тухайн татварт ногдуулсан нөхөн татвар, хүү, алдангийг хасч тооцсоныг зөвтгөж өөрчилсөн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

23. Шүүхүүд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн өөрөөр хэлбэл зөрчлийг 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэрээр тогтоогоогүй, хожим  татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 210022539 дугаар актаар тогтоосон тул өршөөлд хамааруулах үндэслэл болохгүй гэж хариуцагч хяналтын гомдлын үндэслэлдээ дурдсан байна.

24. Хэдийгээр татварын улсын байцаагчийн акт нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн боловч уг актаар тогтоосон зөрчил, түүнд ногдуулсан хүү, торгууль, алдангийн хариуцлага нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнөх хугацаанд хамаарч байгаа бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилго, үзэл баримтлалд нийцүүлэн мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэ хуулийн 3.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна.” гэж заасныг зөв тайлбарлан үндэслэл бүхий шийдвэрлэсэн байна.   

25. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 221/МА2017/0821 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

                                      ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН