Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2017/0821

 

 

 

 
2017 оны 11 сарын 22 өдөр     Дугаар 221/МА2017/0821             Улаанбаатар хот


“С Ө Э Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, О.Б, хариуцагч Т.Б, П.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0684 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч П.Э-н гаргасан давж заалдах гомдлоор, “С Ө Э Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Т.Б, Б.Т, П.Э нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0684 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006/-ийн 10 дугаар зүйлийн 10.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С Ө Э Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 210022539 тоот актаар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс “...бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа ... борлуулсан бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй зөрчилд ногдуулсан 91,533,859.7 төгрөгийн төлбөрийг хасч багасган, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд ногдуулсан 1,020,459,488.52 төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд ногдуулсан 50,102,771.40 төгрөг, агаарын бохирдлын төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд ногдуулсан 96,366,501.2 төгрөг, нийт 1,166,928,761 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж, төлбөрийн хэмжээг 162,192,418.3 /нэг зуун жаран хоёр сая нэг зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун арван гурван/ төгрөгөөр тогтоож шийдвэрлэжээ.
Хариуцагч П.Э давж заалдах гомдолдоо: “С Ө Э Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Т.Б, Б.Т, П.Э нарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 128/ШШ2017/684 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна.
“С Ө Э Э” ХХК-ийн 2013-2015 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21161000513 тоот томилолтын дагуу татварын улсын байцаагч Т.Б, П.Э, Б.Т нар шалгаж 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Татварын улсын байцаагчийн 210022539 тоот актаар 4,766,539,007.90 төгрөгийн зөрчилд 60,900,771.60 төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, 901,338,714.90 төгрөгийн торгууль, 458,232,850.20 төгрөгийн алданги, 182,702.30 төгрөгийн хүү, нийт 1,420,655,039.00 төгрөгийн төлбөр ногдуулсан.
Анхан шатны шүүх нь дээрх хүү, торгууль, алдангийг өршөөлийн хуульд хамруулж шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэж, холбогдох хуулийн зорилго зорилтод нийцүүлэхгүй шийдсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна. Гэж хуульчилсан байх бөгөөд татварын улсын байцаагчийн акт нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 210022539 тоот акт үйлдэгдсэн байна. Иймд дээрх хуулийн заалтыг харахад 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цагаас өмнө эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэрээр тогтоогдсон байна гэж хуульчилсан байхад давж заалдах шатны шүүх нь зөрчил гаргасан хугацаа нь тухайн хугацаанд хамаарч байна гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хуулийг буруу хэрэглэж шийдсэн байна гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагад Нийтийн өртгийн албан татварын талаар дурдаагүй байхад дүгнэлт өгсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. Гэж заасныг мөн зөрчсөн байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 128/ШШ2017/684 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү”
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянаад шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зөв байна.
“С Ө Э Э” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч нар 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 210022539 дүгээр актаар “С Ө Э Э” ХХК-иар төлүүлэхээр нийт 4,766,539,007.9 төгрөгийн зөрчилд 143,925,000.0 төгрөгийн алдагдал бууруулж, 60,900,771.6 төгрөгийн нөхөн татвар, 182,702.3 төгрөгийн хүү, 901,388,714.9 төгрөгийн торгууль, 458,232,850.2 төгрөгийн алданги, нийт 1,420,655,039.0 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр ногдуулжээ.
Нэхэмжлэгч “С Ө Э Э” ХХК нь Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 210022539 дүгээр актыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.
Анхан шатны шүүх маргаан бүхий татварын улсын байцаагчийн актаар нийт тогтоосон төгрөгийн хүү, торгууль, алдангиас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах 1,166,928,761.12 төгрөгийн хүү, торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсний тухайд:
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.1-д “... 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж заажээ.
Дээрх хуульд зааснаар үзвэл гэмт хэргийн үйлдэл нь, эсвэл захиргааны зөрчил нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гаргасан бол уг гэмт хэрэг болон захиргааны зөрчил нь ял шийтгүүлэхээс, захиргааны шийтгэлээс чөлөөлөгдөхөөр, хуулийн үйлчлэлийн цаг хугацааг зохицуулсан байна.
Хэдийгээр Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 210022539 дүгээр акт нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гарсан боловч уг актаар “С Ө Э Э” ХХК-д ногдуулсан 1,166,928,761.12 төгрөгийн хүү, торгууль, алдангийн зөрчил нь “С Ө Э Э” ХХК-ийн татвар ногдуулалт төлөлтийн байдалдаа 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гаргасан захиргааны зөрчил болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
Тиймээс анхан шатны шүүх, татварын улсын байцаагчийн актаар “С Ө Э Э” ХХК-д ногдуулсан хүү, торгууль, алдангийн нийт төлбөрөөс 1,166,928,761.12 төгрөгийн хүү, торгууль, алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасанд хамааруулан өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иймд давж заалдах шатны шүүх “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг шүүх буруу тайлбарлан хэрэглэж, татварын улсын байцаагчийн актаар тогтоосон хүү, торгууль, алдангиийг өршөөлийн тухай хуульд хамааруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, холбогдох хуулийн зорилго зорилтод нийцүүлэхгүй шийдвэрлэсэн...” гэсэн хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэв.
Анхан шатны шүүхийн “С Ө Э Э” ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ олгогдоогүй байхад 609,007,715.8 төгрөгийн дотоодын борлуулалтын орлогод ногдуулсан 60,900,771.6 төгрөгийн нөхөн татвар, 182,702.3 төгрөгийн хүү, 30,450,385.8 төгрөгийн алданги, нийт 91,533,859.7 төгрөгийн төлбөр ногдуулсан нь “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 10 дугаар зүйлийн 10.1-д “... нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж эхлэх хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцох ...” гэж заасантай нийцээгүй гэж дүгнэж, татварын байцаагчийн актын төлбөрөөс 91,533,859.7 төгрөгийн төлбөрийг хасч шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:
“С Ө Э Э” ХХК-ийн захирал Б.Б нь 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Манай компани Дорноговь аймгийн нутагт байрлах Айлбаян уурхайгаас нүүрс олборлож БНХАУ-д экспортод гаргадаг ба 2015 оны 2 дугаар улиралд дотоодын зах зээлд 392120281 төгрөгийн борлуулалт хийсэн байна. Иймд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт гаргасан байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр” гэж, хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Энэ хуулийн 4.1.10-д заасан нөхцөл хангасан этгээд ажлын 3 хоногт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана” гэж заасан өдрийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр гэж ойлгохоор тодорхойлжээ.
Тиймээс харьяалах татварын газарт нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэхээр “С Ө Э Э” ХХК-ийн захирал Б.Б хүсэлтийг гаргасан өдөр буюу 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс “С Ө Э Э” ХХК нь хуульд зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болохоо өөрөө тодорхойлсон байна.
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д “Сайн дураараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх тухай өргөдөл гаргах болон гэрчилгээ олгоход энэ хуулийн 6.1 болон 6.2-т заасан хугацаа нэгэн адил хамаарна” гэж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ гэдгийг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “худалдах, хэрэглэх буюу ашиглах зориулалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадаад улсад экспортолсон бүх төрлийн бараа” гэж, 8 дугаар зүйлийн 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээг импортолсон буюу экспортолсон, түүнчлэн борлуулсан бол тухай бүрт” нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулах журмыг хуулиар тодорхойлсон байгаа нь “С Ө Э Э” ХХК нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн болзол шаардлага хангасан бол гэрчилгээ авснаас үл хамааран нэмэгдсэн өртгийн албан татвараа үнэн зөв тайлагнахаар байна.
Дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хугацааг дор дурдсан үйлдлийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр тогтооно”, 10.2.1-д “борлуулагч энэ хуулийн 4.1.3-т заасан падаан үйлдсэн өдөр”, 10.2.2-т “борлуулагч худалдсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг хүлээн авсан өдөр”, 10.2.3-т “бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан өдөр” гэж заасан нь татвар төлөгч нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган төлөх өдрийн хугацааг тодорхойлсон зохицуулалт байна.
Тодруулбал, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “С Ө Э Э” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд байгуулсан “худалдааны гэрээ” болон “С Ө Э Э” ХХК-ийн 2015 оны 3 дугаар улирлын борлуулалтын тайлан зэргээс үзвэл нэмэгдсэн өртгийн албан татварыг бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн өдрөөс “С Ө Э Э” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн үүргээ гүйцэтгэх байжээ.
Дээрх дүгнэлтээр “... 2015 онд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр хугацаа хоцорч бүртгүүлэн 609,007,715.8 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж, татвар ногдуулан төлөөгүйд 60,900,771.6 төгрөгийн татварыг нөхөн төлүүлэх, 182,702.3 төгрөгийн хүү, 30,450,385.8 төгрөгийн торгууль”-ийг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 210022539 дүгээр актаар “С Ө Э Э” ХХК-д ногдуулсан нь үндэслэлтэй байна.
Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0684 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 10 дугаар зүйлийн 10.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С Ө Э Э” ХХК-ийн “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 210022539 дүгээр актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 210022539 дүгээр актаар “С Ө Э Э” ХХК-д ногдуулсан хүү, торгууль, алдангиас нийт 1,166,928,761.12 төгрөгийг өршөөн хэлтрүүлсүгэй.” гэж нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчлөн, хариуцагч П.Э-н давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


ЕРӨНХИЙ ШҮҮГЧ     Д.БАТБААТАР
ШҮҮГЧ                        Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ                        Э.ХАЛИУНБАЯР