Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 508

 

Г.О, Р.З нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 62 дугаар магадлалтай, Г.О, Р.З нарт холбогдох 17180026740040 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.О-ийн өмгөөлөгч Л.Цуурайн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт Г-ийн О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлох” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Р-ийн З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлох” гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.О-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн, дээрэмдэж авсан,  Р.З-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Г.О 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.О, Р.З нарт тус бүр 2 жил хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 10 сар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял оногдуулж, уг хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 11 сарын хугацаагаар тогтоохоор өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.О-ийн өмгөөлөгч Л.Цуурай гаргасан гомдолдоо “Г.О-ийг бусдын биед хүнд гэмтэл учруулсан, бусдын эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэгт тус гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулсан билээ. Гэвч, гэм буруутайд тооцож байгаа үйлдлүүд нь бүрэн дүүрэн хангалттай нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцсонд гомдолтой байгаа бөгөөд Г.О жирэмсний 6 сартайгаасаа цагдан хоригдож байна Г.О-ийн хэргийн хохирогч Д.Ц-ын толгойн тус газар цохисон, үүнээс болж хүнд гэмтсэн гэж шүүх дүгнэсэн боловч энэ нь нотлогдоогүй гэж үзэж байна. Хохирогч Д.Ц “Намайг сугадаад байсан охиныг би барьж унагаасан” гэж мэдүүлсэн байна. Тэр үед хохирогчийн доор байсан Р.З ямар үйлдэл хийсэн юм бэ, зүгээр дарагдаад хэвтэж байсан уу, тэгвэл яагаад хохирогчийн нүүрэнд олон тооны шарх үүссэн талаар дүгнэхэд Р.З- нүүр рүү нь юмаар цохисон байхыг үгүйсгэхгүй. Гэтэл Г.О-ээс өөр хүн тэр орчимд байгаагүй, Г.О гарцаагүй байна” гэсэн байдлаар дүгнэж, хүнд ял оноосонд гомдолтой байна. Тэр үед хажууд нь байсан гэрч Хадаас (хохирогчийн нөхөр) ч “Г.О-ийг цохисон” эсэхийг мэддэггүй, гэрч хохирогч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй. Хэрэв Г.О-ийг араас нь цохисон гэж үзэж байгаа бол юугаар цохисон, дагзанд нь ил шарх сорви, хавдсан зүйл байсан эсэх талаар хангалттай нотлогдоогүй гэж үздэг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.О, Р.З нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн бусдын эд зүйлийг авах зорилгоор хүч хэрэглэн дээрэмдсэн, шүүгдэгч Г.О нь иргэн Д.Ц, П.Х нарын эд зүйлийг нь хүч хэрэглэн, хууль бусаар авч дээрэмдэх явцдаа Д.Ц-ын толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтаар нотлогдсон. Хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.  Учир нь орлогогүй, тодорхой эрхэлсэн ажилгүй хүнд 10,000,000 төгрөгийн биелэгдэх боломжгүй торгох ял оногдуулсан байна. Харин давж заалдах шатны шүүх бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт 2-8 жил хорих ял оногдуулахаар заасан байхад торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, 1 жил 10 сар хорих ял болгон хөнгөн ял оногдуулсан байна. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсан байтал давж заалдах шатны шүүх 2 жил 1 сар гэж буруу бичиж, нийт 3 жил 11 сар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурайн гаргасан гомдлыг үндэслэн Г.О, Р.З нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.О, Р.З нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, 2017 оны 10 дугаар сарын 04-ний шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 20/2 дугаар байрны гадна ертөнцийн зүгээр зүүн хойд талд иргэн Д.Ц-ын эд зүйлийг авах зорилгоор нүүрэн тус газарт нь цохиж, гар цүнхийг нь авч 180,000 төгрөгийн хохирол, Д.Ц-ын нөхөр П.Х-ын халаасанд байсан 20,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Нокиа-73-60” загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж авсан,

Мөн шүүгдэгч Г.О нь иргэн Д.Ц, П.Х нарын эд зүйлийг дээрэмдэж авахдаа Д.Ц-ын толгой руу цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.О, Р.З нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Г.О-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан,  Р.З-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 10 сар хорих ялаар сольсон нь мөн зүйл, хэсэгт заагаагүй хэмжээгээр хорих ялыг тогтооход хүргэсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг үндэслэлгүй хүндрүүлж дордуулсан гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд заасан журмын дагуу хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд өөр, өөр төрлийн ял оногдуулсны дараа хөнгөн ялыг хүндэд нь шилжүүлэн нэгтгэхдээ гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, хэмжээг зөвхөн тусгай ангиар тодорхойлдгийг шилжиж буй ялын төрөл, хэмжээг тогтоохдоо анхаарах болон торгох ялыг биелүүлэхээс зөвхөн зайлсхийсэн тохиолдолд гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахаар заасан эсэхээс үл хамааран сольж хорих ял оногдуулж болохыг сануулан тэмдэглэх нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг арилгаагүйгээс гадна Г.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж 2 жил 1 сар болгож нэмсэн атлаа ял хүндрүүлэх болсон үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.О-ийн өмгөөлөгч Л.Цуурайн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 62 дугаар магадлалыг хүчингүй болгон шүүгдэгч Г.О-ийн өмгөөлөгч Л.Цуурайн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН