Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 135/ШШ2022/00277

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2021/01485

 

   Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ... байр Х Банк-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн ... тоотод оршин суух Н.Х-д холбогдох,

 

“Зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 12,564,081.14 төгрөг, зээлийн хүү 1,263,135.35 төгрөг, нотариатын зардал 8,000.00, улсын тэмдэгтийн хураамж 227,086.00 төгрөг, нийт 14,062,302.49 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Зээлдэгч Г.А, Н.Х нар нь Хбанкнаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ЗГ/2018... тоот зээлийн гэрээ, БГ/2019... тоот барьцааны гэрээнүүд байгуулан 14,569,410.88 төгрөгийн жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэгцээний зориулалтаар зээл авсан.

Тухайн гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар зарлиг, Засгийн шазрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоол, Монгол банкны ерөнхийлөгчийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А-322 дугаар тушаал, Ковид-19 цар тахал болох гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас зээлдэгчийн орлого доголдсонтой холбогдуулан зээлийн гэрээний хугацааг сунгуулах тухай зээлдэгчийн хүсэлтийн дагуу гэрээний хугацаа, эргэн төлөлтийн хуваарь өөрчлөгдөж, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 3,435,918.86 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,145,034.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,289.40 төгрөг, нийт 8,582,242.91 төгрөгийг төлсөн байна.

Зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 5055/21/015 тоот, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 5055/21/144 тоот зээл төлөх тухай мэдэгдэл өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй 158 хоног хугацаа хэтэрсэн байна.

Зээлдэгч Г.А нь нас барсан бөгөөд зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул банк зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг төлүүлэхээр хандаж байна.

Иймээс банк Зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар дараах зээлийн төлбөр гаргуулах, үүнд: үндсэн зээлийн төлбөр 12,564,081.14 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,263,135.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 0.00 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 8,000.00 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 227,086.00 төгрөг, зээлийн төлбөр нотариатын төлбөр болон улсын тэмдэгтийн хураамж нийт 14,062,302.49 төгрөг гаргуулах...” гэжээ

           

Хариуцагч Н.Х  шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Миний нөхөр Г.А Н ХХК-д сантехникчээр ажиллаж байхдаа цалингаа барьцаалж 14,569,410 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд зээл авснаас хойш сар гаруйн дараа буюу 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр цар тахлаас шалтгаалан Г.Аийг ажиллаж байсан компанийн төслийн хугацаа дууссан тул нөхөр Г.А маань ажлаасаа халагдсан юм.

Нөхөр Г.А нь ажилгүй, орлогогүй болсноос аав, ээжээсээ мөнгө авч 8,582,242 төгрөгийг төлж байсан ч сүүлийн үед зээлийн эргэн төлбөрийг төлөх чадваргүй болсны улмаас төлбөр төлөөгүй нь үнэн. Миний нөхөр Г.А 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зүрхний шигдээс өвчний улмаас гэнэт нас барж, бидний амьдралд хүнд гарз тохиолдсон болно.Нөхөр бид хоёр Хбанкнаас авсан зээлээрээ суудлын автомашин худалдан авч, түүгээрээ таксинд явж амьдралаа чадан ядан залгуулж байсан бөгөөд энэ машинаа 2021 оны 06 дугаар сарын 28-ны Т ХХК-д барьцаалж, 3 сая төгрөгийн зээл авч урьдах өрөө төлж байсан болно. Одоо энэ зээлийн өр төлөгдөөгүй надаас нэхэмжилж байгаа болно.

Н.Х миний бие 4-5 насны хоёр ихэр хүүхэдтэй, ажил хийх боломжгүй байгаа тул зээлийг үлдэгдлийг төлөх боломж үнэхээр байхгүй болно. Уг зээлийг цалингаа барьцаалж авсан нөхөр маань нас барсан тул Хбанкны надаас нэхэмжлээд байгаа 14,062,302 төгрөгийн ядаж 50 хувийг хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна...” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хбанкнаас Н.Х-ийн нөхөр Г.А зээлийг авсан. Г.А нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өвчний улмаас нас барсан. Нас барахаас өмнө О компанид ажиллаж байгаад Ковидын улмаас ажлаас халагдсан. 1-р зээлдэгч нас барсан. 2-рт хамтран зээлдэгч Н.Хы хувьд бага насны хүүхэдтэй тул ажил хийж чадахгүй байгаа. Иймээс Н.Х-ийн хувьд төлбөрийг төлж чадахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байна. Талийгаач өв залгамжлал, хамтран зээлдэгч гэх үү аль нь нэгэнт цалин барьцаалсан зээлд цалин авч байгаа хүн зээлийг төлөхийг шаардах нь, 2 хүн үүрэг хүлээн гээд байсан боловч үндсэн зээлдэгч нас барсан бол хэрэгсэхгүй болгож Иргэний хуулийн 240 дүгээр зүйлд 240.1.2-д үүрэг ...хамтран үүрэг гүйцэтгүүлэх... зээлийн 50 хувийг хэрэгсэхгүй болгож 50 хувийн зээлийг төлөхийг зөвшөөрч байна...” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                          

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хбанк ХХК нь хариуцагч Н.Хд холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ/2019/44799763 тоот зээлийн гэрээ, БГ/2019/44799763 гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 12,564,081.14 төгрөг, зээлийн хүү 1,263,135.35 төгрөг, нотариатын зардал 8,000.00 төгрөг гаргуулах тухай”  шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Хбанк нь хариуцагч Г.А, Н.Х нартай 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ/2019/44799763 тоот зээлийн гэрээ, БГ/2019/44799763 гэрээ байгуулжээ./хэргийн 4-5, 7-8 дугаар хуудас/

Талуудын байгуулсан ЗГ/2019/44799763 тоот зээлийн гэрээгээр зээлийг өрхийн хэрэгцээний зориулалтаар олгож, банкны “цалингийн зээлийн бүтээгдэхүүн” гэж 2.1.2-т тодорхойлжээ./хэргийн 4 дүгээр хуудас/

БГ/2019/44799763 гэрээний 2.2.1, 2.2.2-т барьцааны зүйлийг гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлого гэжээ./хэргийн 7 дугаар хуудас/

ЗГ/2019/44799763 тоот зээлийн гэрээгээр үлдэгдэл зээл 6,069,410.88 төгрөг, олгох зээл 8,500,000 төгрөг, нийт 14,569,410.88 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 20 хүртэл олгожээ./хэргийн 6 дугаар хуудас/

Дээрх зээлийн гэрээнд талууд Ковид-19 цар тахал болох гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, зээлдэгчийн орлого доголдсонтой холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тус тус зээл төлөх хугацаа, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулжээ./хэргийн 9 -10 , 11, 12 дугаар хуудас/

2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр талууд 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл сар бүр хүү, үндсэн зээл төлөхөөр байсан./хэргийн 9 дүгээр хуудас зээл олголт, зээл төлөлтийн хуваарь/

ЗГ/2019/44799763 тоот зээлийн гэрээний 2.1.5.1-д “..зээлдэгч зээлийн төлбөрийг төлж барагдуулахаас өмнө ажил олгогчтой байгуулсан түүний хөдөлмөрийн гэрээ, контракт түүнтэй адилтгах гэрээ болон банк, ажил олгогч нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон тохиолдолд зээлийн хүүг банкны тухайн үед мөрдөж байгаа цалингийн зээлийн хүүнд үл...” гэж заажээ./хэргийн 4 дүгээр хуудас /

Талуудын байгуулсан гэрээ, гэрээний тал болох Г.Аийн ажил олгогч “НБИК” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу ажилтан Г.Аид банкны зээлийн гэрээний төрөл болох цалингийн зээлийн гэрээний бүтээгдэхүүн болно.

 Гэрээний нэг тал болох Г.А 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нас барснаар зээлдэгч Г.Аийн хамтран амьдрагч Н.Х гэрээний 4.3-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэснээр хамтран зээлдэгчийн үүрэг хүлээж, гэрээний 2.1.2 заалтыг зөрчсөн учир 8.5-д зааснаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

Талуудын байгуулсан гэрээ цалин барьцаалсан, хугацаатай Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг зээлийн гэрээний эргэн төлөлтөд доголдол үүссэн, зээлдэгч нас барсан талаар талууд маргаагүй байна.

Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан “хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэсэн шаардлагыг хангасан байна.

 Хариуцагч зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлийг түүний хүүгийн хамт хугацаанд нь буцаан төлөх үүргээ зөрчиж, зээл, зээлийн хүүгийн төлөлт хийгээгүй болох нь талуудын тайлбаруудаар тус тус тогтоогдож байна.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 6.1.3-т зээлдэгчийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн болон түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан дуусгавар болсон тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцалж төлбөрийг хугацаанаас өмнө цуцлахыг шаардана гэж заажээ.

Талууд зээлийн гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тус тус зээл төлөх хугацаа, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д: “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”  байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарт гэрээний үүргээ биелүүлэх талаар 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 5055/21/0125 тоот “зээлийг төлөх тухай мэдэгдэл” хүргүүлснийг зээлдэгч Г.А 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 5055/21/144 тоот “зээлийг төлөх тухай мэдэгдэл” хүргүүлснийг хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Х 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр авчээ./хэргийн 55-56 дугаар хуудас/

Зээлийн гэрээний нэг тал Г.А нас барсан, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй талаар мэдэгдэл хүргүүлж байсан тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэгч Хбанк ХХК-ийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага үндэслэлтэй байна.

Дээрх шинжлэн судалсан нотлох баримт, талуудын тайлбарыг үндэслэн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Талуудын байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ/2019/44799763 тоот зээлийн гэрээ, БГ /2019/44799763 гэрээ нь гэрээний 3.2.2-т зааснаар гэрээний нэг тал болох болох Г.Аийн ажил ологчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу авч байгаа ирээдүйд орох цалмингийн орлого барьцаалсан цалингийн зээлийн хувьд – зээл олголт эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацааг үл харгалзан зээлдэгчийн дансанд цалин орсон тухай бүр зээлийн төлбөрийг суутган авах зээлдэгч Хбанк ХХК-д байжээ.

Талуудыг дээрх гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тус тус зээл төлөх хугацаа, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж байх үед буюу өөрөөр хэлбэл 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зээлдэгч Г.Аийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байжээ. /хэргийн 70 дугаар хуудас /

 Зээлийн гэрээний  3.2.2-т зааснаар цалингийн зээлийн хувьд “зээл олголт,эргэн төлөх хуваарь”-т заасан хугацааг үл харгалзан зээлдэгчийн дансанд цалин орсон тухай бүр зээлийн төлбөрийг банк суутган авах эрхтэй байсан бөгөөд дээрх тохиолдолд гэрээний 6.1.3-т зааснаар зээлдэгчийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн болон түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан дуусгавар болсон тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцалж, төлбөрийг хугацаанаас өмнө цуцлахыг шаардана гэснээр гэрээний 8.5-д зааснаар шүүхэд хандах эрхтэй байжээ.

Нөгөө талаар нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарт гэрээний үүргээ биелүүлэх талаар 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 5055/21/0125 тоот “зээлийг төлөх тухай мэдэгдэл” хүргүүлснийг зээлдэгч Г.А 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр авах үед түүний хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 5055/21/144 тоот “зээлийг төлөх тухай мэдэгдэл” хүргүүлснийг хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Х 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр авч байх үед зээлдэгч Г.А 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нас барсан байсан байна./хэргийн 68 дугаар хуудас/

ЗГ/2019/44799763 тоот зээлийн гэрээний 2.1.5.1-д зээлдэгч зээлийн төлбөрийг төлж барагдуулахаас өмнө ажил олгогчтой байгуулсан түүний хөдөлмөрийн гэрээ, контракт түүнтэй адилтгах гэрээ болон банк, ажил олгогч нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон тохиолдолд зээлийн хүүг банкны тухайн үед мөрдөж байгаа цалингийн зээлийн хүүгийн талаар талууд тохиролцох байсан бөгөөд нэмэлт гэрээнд энэ талаар заагаагүй, гэрээний зүйл нь цалингийн зээлийн бүтээгдэхүүн хэвээр байсан байна.

Цалин гэдэг нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг биечлэн гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос ажилтанд олгох баталгаат хөлсийг хэлэх бөгөөд тухайн ажилтан иргэний хувийн эрх буюу хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлж байгаагийн баталгаа болно.

Иймд зээлийн гэрээний нэг тал зээлдэгч Г.А нас барснаар Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд, нас барсан тохиолдолд үүрэг дуусгавар болно...” гэснээр ЗГ/2019/44799763 тоот зээлийн гэрээний 3.2.2-т заасан өөрийн дансанд цалин орсон тохиолдолд зээлийн хүү, зээлийг суутгуулах үүрэг дуусгавар болсон байна. Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 12,564,081.14 төгрөг, зээлийн хүү 1,263,135.35 төгрөг,  нотариатын зардал 8,000 00 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч Хбанк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Хаас үүргийн гүйцэтгэлийг шаардахдаа гэрээний 4.3-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэснээр хамтран зээлдэгчийн үүрэг хүлээсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.2-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэснээр болон мөн зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно гэж хуульчилжээ.

Хэрэв хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Х зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх бол үүрэг доголдох үед Н.Хы ямар орлого, эд зүйлээр үүргийг хангуулах, үндсэн зээлдэгчтэй адил банкны зээл олгох шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг судлаагүй, зөвхөн анкетийн хэмжээнд судалгааг авсан, зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэсэн атлаа гэрээний 4.3-т ...энэ гэрээний 4.1.1-т зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсноор гэрээнд заасан хэмжээний зээлийг авч ашиглахаас бусдыг эрхийг эдлүүлэхээр заасан нь зээлдэгчид зээлийн гэрээний зүйлийг шилжүүлээгүй гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлээр үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 12,564,081.14 төгрөг, зээлийн хүү 1,263,135.35 төгрөг, нотариатын зардал 8,000.00 төгрөгийг тус тус хариуцагч Н.Хаас гаргуулах тухай нэхэмжлэгч Хбанк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Хбанк ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,086.00 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан Хбанк ХХК-ийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Н.Хаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 12,564,081.14 төгрөг, зээлийн хүү  1,263,135.35 төгрөг, нотариатын зардал 8,000.00 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 227,086.00 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ОЮУНДАРЬ