Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00993

 

 ХААН банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 277 дугаар шийдвэр, 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 209/МА2022/00043 дугаар магадлалтай,  

ХААН банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Н.Халиунд холбогдох 

Зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 12,564,081.14 төгрөг, зээлийн хүү 1,263,135.35 төгрөг, нотариатын зардал 8,000.00, улсын тэмдэгтийн хураамж 227,086.00 төгрөг, нийт 14,062,302.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Энхсувдын хяналтын журмаар гаргасан гомдлоор 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Нэхэмжлэгч ХААН банк ХХК нь хариуцагч Н.Халиунд холбогдуулж, зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 12,564,081.14 төгрөг, түүний хүү 1,263,135.35 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөг, нийт 13,835,216.49 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хариуцагч Н.Халиун тус зээлийг цалингаа барьцаалж авсан нөхөр Г.Алтанцоож нас барсан тул нэхэмжлэлээс багадаа 50 хувийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн байна. 

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.23-ны өдрийн 277 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан ХААН банк ХХК-ийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Н.Халиунаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 12,564,081.14 төгрөг, зээлийн хүү 1,263,135.35 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөг, нийт 13,835,216.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021.12.02-ны өдөр төлсөн 227,086 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.05.17-ны өдрийн 209/МА2022/00043 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.23-ны өдрийн 277 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан ХААН банк ХХК-ийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Н.Халиунаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 12,564,081.14 төгрөг, зээлийн хүү 1,263,135.35 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дүгээр зүйлийн 242.11- д заасныг тус тус баримтлан хамтран хариуцагч Н.Халиунаас үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 6,282,040.57 төгрөг гаргуулж ХААН банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 7,553,175.92 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дугаар заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021.12.02-ны өдөр төлсөн 227,086.00 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй гэснийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,086 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Халиунаас 115,463 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,086 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргаж шийдвэрлэсэн байна.  

4. Нэхэмжлэгчийн С.Энхсувд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1 ХААН Банкны нэхэмжлэлтэй, Н.Халиунд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,062,302.49 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 12,564,081.14 төгрөг, зээлийн хүү 1,263,135.35 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 227,086 төгрөг, нийт 14,062,302.49 төгрөгийг гаргуулах тухай ХААН Банкны Дархан салбар, Хуучин Дархан тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлагыг Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 277 дугаартай шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 209/МА2022/00043 дугаартай магадлалаар хамтран хариуцагч Н.Халиунаас үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 6,282,040.57 төгрөг гаргуулж ХААН банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 7,553,175.92 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч хэргийн бодит байдалтай нийцээгүй, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр энэхүү хяналтын журмаар гомдлыг гаргаж байна.

4.1.1 Хамтран үүрэг гүйцэтгэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг бүрэн хариуцаж хүлээх нөхцөлийг харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулдаг. Н.Халиуны хувьд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохгүй, гарын үсэг зурахгүй эрх нь байсан тэгэхээр өөрөө үр дагаврыг нь ойлгож, харилцан тохиролцож зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 242.1 дэд хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэдгийг үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэж өгөх, мөн үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж тодорхойлсон байдаг бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч буюу ХААН банк ХХК нь зээлдэгч нас барсан тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Халиунаас Иргэний хуулийн 242.3-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг бүхэлд шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл хамтран үүрэг гүйцэтгэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ.

4.1.2 Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж, мөн зүйлийн 243.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна" гэж,

4.1.3 Банк, эрх бүхий хуулийн этгээдээс мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8-т Зээлийн гэрээнд зааснаар гэрээний үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээх үүрэг бүхий этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ гэж тус тус зааснаар Н.Халиун нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохыг хүлээн зөвшөөрч цаашид уг зээлийг төлөгдөж дуусах хүртэл хугацаанд гарсан аливаа эрсдэлийг бүрэн хариуцна гэдгээ илэрхийлж, гэрээний үүрэг хүлээж, зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болсон тул гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас тэрээр хэсэгчлэн чөлөөлөгдөхгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн дугаар магадлалд зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхсувдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.  

6. Нэхэмжлэгч ХААН банк ХХК нь хариуцагч Н.Халиунд холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөр 12,564,081 төгрөг, зээлийн хүү 1,263,135 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөг, нийт 13,835,216 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Зээлдэгч Г.Алтанцоож, Н.Халиун нартай 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өрхийн хэрэгцээний зориулалттай 14,569,410 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, зээлийн төлөлт 158 хоногоор хугацаа хэтэрсэн гэж тайлбарлаж байна.  

7. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын тал хэсгийг эс зөвшөөрч, Тус зээл нь түүний нөхөр Г.Алтанцоожийн цалингаа барьцаалж авсан зээл, ... Г.Алтанцоож 2021.07.23-ны өдөр зуурдаар нас барсан, ...миний бие хоёр ихэр хүүхэдтэй, ажил хийх боломжгүй гэж маргажээ. 

8. Анхан шатны шүүх ... Зээлийн гэрээний нэг тал Г.Алтанцоож нас барснаар Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар ... өөрийн (Г.Алтанцоожийн) дансанд цалин орсон тохиолдолд зээлийн хүү, зээлийг суутгуулах үүрэг дуусгавар болсон. ... Н.Халиунаас үүргийн гүйцэтгэлийг шаардахдаа хамтран зээлдэгчийн үүрэг хүлээсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ... зээл болон барьцааны гэрээ, нэмэлт оруулсан гэрээнүүдэд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Н.Халиун оролцсон, ... зарим тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгчид харилцан тохиролцож, гүйцэтгэх үүргээ хуваарилж болох боловч энэ талаар үүргийн дотоод харилцаа үүсээгүй буюу тохиролцсон гэх баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагч Н.Халиунаас зээлийн үлдэгдэл төлбөрийн 50 хувийг гаргуулах нь хуульд харшлахгүй гэж тайлбарлан хариуцагчаас зээлийн үндсэн төлбөрийн тал хувь 6,282,040 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 7,553,176 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байна.  

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан байх ба нэхэмжлэгч шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн иргэний танхимын нийт шүүгчийн 2022.07.06-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2022/00824 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

11. Нэг талаас ХААН банк ХХК, нөгөө талаас Г.Алтанцоож, түүний эхнэр Н.Халиун нар 2019.10.18-ны өдөр ЗГ/201944799763 дугаартай гэрээг бичгээр байгуулсан, тус гэрээний зээлдэгч, хамтран зээлдэгч гэх хэсэгт Г.Алтанцоож, Н.Халиун нар гарын үсэг зурсан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Г.Алтанцоожийн цалинг барьцаалж, холбогдох гэрээг байгуулсан, улмаар үндсэн зээлдэгч Г.Алтанцоож зуурдаар нас барсан үйл баримтуудын тухайд зохигч маргаагүй байна. Гагцхүү хариуцагч Н.Халиун зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлдэгчийн эрх зүйн байдалтайгаар тус гэрээний харилцаанд оролцсон эсэх, энэ нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг Г.Алтанцоожийн цалингаар хангаж, цалин орсноор зээлийн төлбөрийг шууд суутгахаар гэрээнд зааснаар нотлогдох эсэх талаар маргасан байна.  

12. Анхан шатны шүүх дээр дурдсан зээлийн харилцаанд хариуцагч Н.Халиун үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгчийн эрх үүрэгтэй оролцоогүй гэж алдаатай дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулж, хариуцагч Н.Халиун нь тус гэрээнд талийгаач Г.Алтанцоожийн нэгэн адил үүрэг гүйцэтгэгч бөгөөд тэдгээрийн үүргийн харилцаа үүргийг хамтаар гүйцэтгэх төрөлд хамаарна гэж үзсэн нь зөв, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй болжээ.  

13. Хэдийгээр давж заалдах шатны шүүх хариуцагч Н.Халиун нь зээлийн гэрээний үүргийн хамтран хүлээгч мөн талаар зөв дүгнэсэн боловч хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрийн үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргийн талаар үндэслэлгүй дүгнэлт хийж, хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хоорондын харилцааг зохицуулсан заалт болох Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсгийг банк ба зээлдэгчийн хоорондын харилцаанд хэрэглэсэн нь буруу болжээ. Тодруулбал, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэсэн заалтыг мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэх заалттай уялдуулан тайлбарлах учиртай.  

14. Зээлдүүлэгч ХААН банк ХХК нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хамтран хариуцах үүрэг гүйцэтгэгчийн аль нэгнээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь болон хэсэгчлэн шаардах эрхтэй. Харин Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д зааснаар ийнхүү зээлдүүлэгчийн өмнө үүргийг нэгэнт гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хооронд өөр тохиролцоо үгүй бол бусад үүрэг гүйцэтгэгчдээсээ тэнцүү хэмжээгээр нэхэмжлэх эрхтэй. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Н.Халиун нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохыг хүлээн зөвшөөрч цаашид уг зээлийг төлөгдөж дуусах хүртэл хугацаанд гарсан аливаа эрсдэлийг бүрэн хариуцна гэдгээ илэрхийлж, гэрээний үүрэг хүлээж, зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болсон тул гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас хэсэгчлэн чөлөөлөгдөхгүй гэх гомдол хууль зүйн үндэслэлтэй байна.  

15. Зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлдэгч Г.Алтанцоож нас барахаас өмнө буюу түүний ажлаас чөлөөлөгдсөн үеэс зөрчигдөж эхэлсэн байх бөгөөд зээлийн үндсэн төлбөр 12,564,081 төгрөг, зээлийн хүү 1,263,135 төгрөгийн зөрчилтэй байгаа үйл баримтын тухайд зохигчид маргаагүй, энэ тооцоолол маргааны зүйл болоогүй байна.Түүнчлэн нотариатын зардалд 8,000 төгрөг төлсөн талаарх баримт хэрэгт авагдсан бөгөөд үүнийг зээлийн гэрээний гүйцэтгэлийг шаардахтай холбоотойгоор үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал гэж дүгнэх үндэстэй байна.  

16. Зохигчид гэрээний үүргийн зөрчлийн улмаас зээлийн гэрээ цуцлах нөхцөл байдал бий болсон, гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж хугацаа тогтоосон мэдэгдэл хүргүүлж байсан, түүнчлэн зээлийн гэрээ зөрчлийн улмаас цуцлагдах хууль зүйн боломжтой тухайд маргаагүй байх ба энэ асуудал маргааны зүйл болоогүй ч холбогдох баримт хэрэгт авагдсаныг үндэслэн энэ талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.  

17. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагч Н.Халиунаас зээлийн үндсэн төлбөр 12,564,081 төгрөг, зээлийн хүү 1,263,135 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөг, нийт 13,835,216 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгон, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 209/МА2022/00043 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 277 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар хариуцагч Н.Халиунаас 13,835,216 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХХК-нд олгосугай гэж, 

2 дугаар заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,086 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Халиунаас 227,086 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхсувдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 227,126 төгрөгийг буцаан олгосугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД                                               Н.БАЯРМАА

                                                                 Б.МӨНХТУЯА

                                                                 Д.ЦОЛМОН