Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 209/МА2022/00043

 

“Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2021/01485/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  02 дугаар сарын 23-ны өдрийн 277 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох  

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 12,564,081.14 төгрөг, зээлийн хүү 1,263,135.35 төгрөг, нотариатын зардал 8,000.00, улсын тэмдэгтийн хураамж 227,086.00 төгрөг, нийт 14,062,302.49 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Энхсувдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран, Г.Алтанбагана, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 3,435,918.86 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,145,034.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,289.40 төгрөг, нийт 8,582,242.91 төгрөгийг төлсөн байна.

Зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 5055/21/015 тоот, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 5055/21/144 тоот зээл төлөх тухай мэдэгдэл өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй 158 хоног хугацаа хэтэрсэн байна.

Зээлдэгч Г.Алтанцоож нь нас барсан бөгөөд зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул банк зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг төлүүлэхээр хандаж байна.

Иймээс 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 12,564,081.14 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,263,135.35 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 8,000.00 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 227,086.00 төгрөг нийт 14,062,302.49 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн  татгалзал, тайлбарын агуулга:

...Миний нөхөр ******* сантехникчээр ажиллаж байхдаа цалингаа барьцаалж 14,569,410 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай зээлж авсан.

Миний нөхөр Г.Алтанцоож 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зүрхний шигдээс өвчний улмаас гэнэт нас барсан.

******* миний бие 4-5 насны хоёр ихэр хүүхэдтэй, ажил хийх боломжгүй байгаа тул зээлийг үлдэгдлийг төлөх боломж байхгүй. Уг зээлийг цалингаа барьцаалж авсан нөхөр маань нас барсан тул ХААН банкны надаас нэхэмжлээд байгаа 14,062,302 төгрөгийн ядаж 50 хувийг хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан ХААН банк ХХК-ны зээлийн гэрээг цуцалж, хариуцагч *******аас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 12,564,081.14 төгрөг, зээлийн хүү 1,263,135.35 төгрөг, нотариатын зардал 8,000 00 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 227,086.00 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Энхсувд давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн зүгээс дараах гомдол гаргаж байна.

4.а. хариуцагч зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлийг түүний хүүгийн хамт хугацаанд нь буцаан төлөх үүргээ зөрчиж зээл, зээлийн хүүгийн төлөлт хийгээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Зээлдүүлэгч гэрээний үндсэн дээр гэрээний үүргээ шаардах эрхтэй.

4.б. хариуцагч *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь ХААН банкны надаас нэхэмжлээд байгаа 14,062,302 төгрөгийн ядаж 50 хувийг хэрэгсэхгүй болгож 50 хувийн зээлийг төлөхийг зөвшөөрч байна гэж тус тус тайлбар өгсөн байхад шүүх тайлбарын талаар  хэрхэн үзэж байгаа талаар дурдаагүй, дүгнэлт өгөөгүй нь анхан шатны шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй.

4.в. хаан банк нь зээлдэгч нас барсан тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгч *******аас Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ХААН банк ХХК хариуцагч *******д холбогдуулж, зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 12.564.081,14 төгрөг түүний хүү 1.263.135,35 төгрөг, нотариатын зардал 8.000 төгрөг нийт 13.835.216,49 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хариуцагч ******* тус зээлийг цалингаа барьцаалж авсан нөхөр Г.Алтанцоож нас барсан тул нэхэмжлэлээс ядаж 50 хувийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн байна.

Анхан шатны шүүх гэрээний нэг тал Г.Алтанцоож нас барсан,  Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой буюу нас барсан тохиолдолд дуусгавар болохоор хуульчилсан тул зээл, зээлийн хүү төлөх үүрэг дуусгавар болсон гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байх бөгөөд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ХААН банк ХХК хариуцагч Г.Алтанцоож, ******* нартай 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өрхийн хэрэглээний зориулалтаар зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл төлбөр 6.069.410,88 төгрөг дээр нэмж 8.500.000 төгрөг нэмж, нийт 14.569.410,88 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын хүртэлх хугацаагаар олгожээ.

Мөн өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгч Г.Алтанцоожид ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан барьцааны гэрээг байгуулсан байна.

Гэрээний талууд Ковид-19 цар тахлын улмаас зээлдэгчийн орлого доголдсонтой холбогдуулж, 2020 оны 04 дүгээр сарын 29, 09 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 30-ны өдрүүдэд “зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-г харилцан тохиролцон байгуулж, зээл эргэн төлөх хуваарьт тус бүр өөрчлөлт оруулжээ.

Нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн гэрээ 2023 оны 04 дүгээр сард дуусахаар харилцсан тохиролцсон байх бөгөөд гэрээний хугацаанд зээлдэгч Г.Алтанцоож нас баржээ.

Зээл болон барьцааны гэрээ, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчид оролцсон, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээний эргэн төлөлтөд доголдол үүссэн, зээлдүүлэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хууль болон гэрээгээр хүлээсэн эрхийн дагуу удаа дараа шаардсан, зээлдэгч нас барсан, нэхэмжлэлээр шаардаж буй зээл түүний хүү, бусад зардлын талаар талуудын хэн аль нь маргаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс хариуцагч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийг шаардсан мэдэгдлүүдийг хүргүүлж байсан тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХХК өөрийн санаачилгаар гэрээг цуцалж, төлбөрийг хугацаанаас өмнө шаардах эрхтэй байна.

Эдгээр зээл болон барьцааны гэрээ, нэмэлт оруулсан гэрээнүүдэд хамтран үүрэг гүйцэтгэгчээр ******* оролцсон байна.

 Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэг хүлээлгэж өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж зааснаар хариуцагч ******* хамтран үүрэг гүйцэтгэгч мөн байна.

 Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж зааснаар зээлдэгч нар хамтран хүлээх үүргээ гэрээгээр тохиролцсон байна.

Хүлээх үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байх ба үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хуульчилсан.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж зааснаар хариуцагч ******* нэхэмжлэлээр шаардаж буй үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдлийн тал хувийг хариуцах үүрэгтэй болно.

Өөрөөр хэлбэл зарим тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгчид харилцан тохиролцож, гүйцэтгэх үүргээ хуваарилах талаар тохиролцож болох боловч энэ талаар үүргийн дотоод харилцаа үүсээгүй буюу тохиролцсон баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагч *******аас зээлийн үлдэгдэл төлбөрийн 50 хувийг гаргуулах нь хуульд харшлахгүй.

Шүүх хуралдааны тэмдэглээс үзвэл хариуцагч ******* болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын тал хувийг төлөхөө хүлээн зөвшөөрч, илэрхийлсэн байна.

  Иймд нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь хангуулах агуулга бүхий давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  02 дугаар сарын 23-ны өдрийн 277 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн

1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан ХААН банк ХХК-ий зээлийн гэрээг цуцалж хариуцагч *******аас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 12.564.081,14 төгрөг, зээлийн хүү 1.263.135,35 төгрөг, нотариатын зардал 8.000.00 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг,

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дүгээр зүйлийн 242.11- д заасныг тус тус баримтлан хамтран хариуцагч *******аас үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 6.282.040,57 төгрөг гаргуулж ХААН банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 7.553.175,92 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дугаар заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 227.086,00 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг,

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  227.086 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас  115,463 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.086 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                             

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.БАЙГАЛМАА

ШҮҮГЧИД                                        Г.ДАВААРЕНЧИН

     Л.АМАРСАНАА