Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 135/ШШ2022/00462

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2019/00966/И 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, А.Г,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ... тоотод оршин суух Н.А нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ... байрлах Ө ХХК,

Хариуцагч: Улаанбаатар хот, ... тоотод оршин суух П.М нарт холбогдох,

...23,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 15,790,210 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий... иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.О, хариуцагч Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М /цахимаар/, хариуцагч П.М /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа, хавтаст хэргийн 1-4 дүгээр хуудас дээр нийт 18,000,000 төгрөг задаргаа нь явж байгаа, 2019 оны 01 дүгээр сард уулзаж танилцаад, өөрийн нь нойлыг түрээслэх болсон эхний ээлжид засах шаардлагатай болохоор засна, манаач байхгүй байгаа, тухайн үед эгчид нь засах мөнгө байхгүй болохоор та хэд өөрсдийнхөө зардлаар засчих юм бол 3 сарын түрээсийн төлбөр хөнгөлөлт үзүүлье, хэрвээ зарагдах дээрээ тулах юм та хоёрт хувь лизингээр заръя гэж хэлээд итгэл төрүүлж, засвар хийлгэсэн. Засвар хийх явцад орон сууцны 1 өрөө, 2 өрөө байр шиг биш 180м2 газрыг бүгдийг нь зассан. Уг засварыг би 2 сарын дундуур 3 сар хүртэл хугацаанд урагшаа яваад материалуудыг нь авчраад хийлгэсэн байгаа. Үүний нийт дүн нь 18,000,000 төгрөг зарцуулж, түрээсийн төлбөрийг гэрээ хэлэлцэлгүй хийсэн 5,000,000 төгрөгийг төлсөн. Надад хохиролтой байгаа учраас нэхэмжилж байна. Шинжээчийн дүгнэлтийг гаргуулж хийлгэсэн төлбөрт 1,200,000 төгрөг зарцуулсан, банкнаас зээл авсан энэ хэргийг би 2 жил гаран хөөцөлдөж явж байгаа, би явсаар байгаад байраа алдах хэмжээнд хүрсэн. Н.Амаржаргалтай хувааж авах, 11,500,000 төгрөгт ногдох хүү болох 5,244,000 төгрөгийг П.М-аас нэхэмжилж байна. Энэ бүгдийн нийлбэр нь 29,444,000 төгрөг болж байна.

Засварын 18,000,000 төгрөгийн тухайд 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр анх танилцаад аман хэлцэл хийгдэж байсан. Бүх ажил дууссаны дараа хүлээж аваад гэрээ хийнэ гэж хэлсэн ч одоо болтол хийгдээгүй байгаа, гэрээ хийх гээд олон удаа гуйдаг байсан. 2019 оны 04 дүгээр сард н.Чинбат гэдэг ах нь ирээд хамаг юмаа аваад явсан, наад засварын мөнгийг нь төлнө гээд гарын үсгээ зурсан. П.М-д би орсноосоо хойш зүгээр л тамгаа өгсөн, тохирлын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ олж ав гэсэн тэгээд бүтээгүй, би энэ 5,000,000 төгрөгийг нэхэмжилж авна. Банкнаас зээл авсан, өмнөх хурал хойшилж байсан нь шүүх ажиллагаа надад нөлөөлж байна. Сөрөг нэхэмжлэлийн талаар түрээсийн төлбөр дутуу төлсөн гэж байсан, би сар гаран засвар хийсэн, 5-6 сарын түрээсийн төлбөр хийсэн. Надаас 1,000,000 төгрөг зээлсэн байгаа тэрийгээ нэхэж байна. Зассанаас өөр юу ч хийгээгүй бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, ус дулааны төлбөрийг би сар болгон үлдэгдэл төлбөрөө төлөөд явсан. Нотлох баримтад байгаа 1 давхрын 00 өрөөг зассан, хана нь аймар байсан, шалаа хулдаасалсан мөнгө байхгүй, хийгдээгүй засварын төлбөрийг нэхээд байгаа учраас би төлөхгүй. Дугуй засварын мөнгийг сар болгон намайг авдаг байсан гэж хэлж байна гадаах худгийн 2,100,000 төгрөгийг өөрсдөө гаргасан болохоор үндэслэлгүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтэд тулгуурлаж нэхэмжилж байгаа... гэжээ.

 

Хариуцагч Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон хуралдаанд гаргасан тайлбартаа

...Нэхэмжлэгч Н.А-ын шаардлагыг 29,444,000 бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үүний үндэслэл нь П.М өөрөө тухайн үл хөдлөх эд хөрөнгө болон паб болгон ашиглах зориулалтын хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь мөн байдаг. 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр харилцан ярилцаад сарын түрээс нь 2,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон байгаа. Тухайн үед түрээсийн гэрээнд засаж сайжруулах шаардлагатай байсан гэхдээ засварыг 14 хоногийн хугацаанд хийж дуусгаад үргэлжлүүлээд түрээсэлнэ гэж хэлж байсан. Түрээсийн гэрээний хувьд тухайн үед бичгээр хийсэн гэрээ байхгүй, хавтаст хэргийн 10 дугаар хуудасны 2 дах хэсгийг харахын бол А.Г, Н.А нар нь өөрсдөө түрээсийн гэрээний харилцааны хэмжээнд зурагдсан гарын үсэгтэй баримт бичиг бий. Энэ баримт бичгээс юу харж болох уу? гэхээр талуудын хооронд түрээслэх, түрээслүүлэх хүсэл зориг байсан. Тэгэхээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар ашгийн байгууллагад тооцогдоно гэж харж байгаа. Объектоо шилжүүлээд өгчихсөн байхад эргүүлээд түрээсийн төлбөр авах хууль зүйн үндэслэл нь бүрдэж байгаа. А.Г нь 5,000,000 төгрөгийг түрээсийн төлбөр гэж өгсөн үүнийгээ буцааж авъя гэж хэлж байна, өдөр тутмын үйл ажиллагааны ашгийг нь аваад явж байсан. 01 сараас 07 сарын хугацаанд паб, караокены өдөр тутмын ашгийг нь хувьдаа аваад явж байсан. Тэгсэн хэр нь тог, ус, дулааны ямар ч төлбөр төлөөгүй байж түрээсийн төлбөр гэж нэхээд байгаа нь ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. 7 сарын хугацаанд төлөх байсан 14,000,000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч нэг ч төгрөгийг төлөөгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2019 оны 7 сард А.Г, Н.А нараас үл хөдлөх хөрөнгөө маш хэцүү байдлаар хүлээж аваад Ө ХХК-аар 5,310,476 төгрөгөөр засварын ажлыг хийж гүйцэтгэсний хөлсөнд бид өөрсдөөсөө гаргуулж янзлуулсан байдаг. Тиймээс 18,000,000 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл засвар хийсэн гээд байгаа барилгын материалын баримтыг гараараа бичсэн байгаа учраас нотлох баримтын шаардлага хангахгүй байж бүхэлд нь нэхэмжилсэн байна. Шинжээчийн дүгнэлтийн 1,200,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, З ХХК-аар манайх өөрсдөө тухайн үед бодит үнэлгээг гаргаад зардлыг төлсөн болохоор бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээний харилцаа 2019 оны 05 дугаар сарын 28-нд үүсэж эхэлсэн байгаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлдэгч өөрөө зээлээ төлөх ёстой .

Сөрөг нэхэмжлэлийн тухайд 4,800,000 төгрөгийг П.М 1 сараас 5 сарын хугацаанд бага багаар нь шилжүүлж авсан байгаа. 9,120,000 төгрөгийг хүлээж авах хүртлээ огт төлөөгүй нь түрээсийн гэрээн дэх үүргээ биелүүлээгүй нь нотлогдож байна. Энэ хугацаанд өдөртөө доод орлого нь 500,000-1,000,000 төгрөгийн ашиг гардаг, үүнийгээ аваад явж байсан бас орлогоороо засвар хийчхээд тэр засварын мөнгөө эргээд нэхэж байгаа нь боломжгүй зүйл юмаа. Ө-ийн гадаа дугуй засварын газар байдаг үүний сарын түрээс нь сар болгон 200,000 төгрөгийг төлдөг. Нэхэмжлэгч тал 6 сарын түрээсийн төлбөр 1,104,000 төгрөгийг авсан байдаг энэ мөнгө огт орж ирээгүй. 602,404 төгрөг дулааны төлбөр, цахилгааны 1,203,110 төгрөгийг нэхэмжилж байна.. гэжээ.

 

Хариуцагч П.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

...18,000,000 төгрөгийн нэхэмжлэл дээр эсэргүүцэж байгаа тохиролцсон боловч хамгийн хямдаар нь төлөхөөр тохиролцсон боловч түрээсээ төлж чадаагүй. Энэ хүмүүс өөрсдөө дур мэдэн засвар хийж, тэр үед надад нэг ч баримт өгөөгүй, баримт чинь хаана байна гэж хэлсэн боловч өгөөгүй. Ямар ч үндэслэлгүй, нотлох баримтгүй амаараа нэхээд яваад байгаа. 5 саяын түрээсийн төлбөрөө төлчхөөд буцаагаад нэхээд байгаа, эд хөрөнгөн дээр луйврын хэрэг хийж байна гэж ойлгож байгаа. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой 1,200,000 төгрөгийг тухайд өөрсдөө ирээгүй болохоор би өөрөө байлцаж байгаад З ХХК-аар шинжлүүлсэн. Манай талаас төлөх ямар ч боломж байхгүй. Ямар үндэслэл байхгүй Ө гэдэг компани П.Мөнхзаяагийнх учраас үндэслэлгүй нэхэмжлэл байна гэж үзэж байна.

Сөрөг нэхэмжлэлийн 9,120,000 төгрөгийг түлхүүр гардаж аваад надад төлөх ёстой, гэрээн дээр гарын үсэг зурсан байгаа, Цахилгаан, интернэт, усны, дулааны мөнгө төлөгдөөгүй 1,203,110 төгрөг нь Ө-ээр төлөх ёстой байсныг би өөрөөсөө төлсөн болохоор надад олгогдоно гэж ойлгож байгаа. 4,364,100 төгрөг нь 7 сард А.Г, Н.А нараас шинжээч томилуулаад засвар хийсэн баримтуудыг хавсаргасан байгаа. Өөрсдийнх нь зассан гээд байгаа зүйлийг би дахин зассан байгаа учраас надад орно. Дугуй засварын түрээсийн төлбөр надаас зөвшөөрөл аваад дугуй засвараас 1,104,000 төгрөг авсан атлаа зориулалтын дагуу зарцуулагдаагүй учраас надад олгогдоно.

Миний зөвшөөрөхгүй байгаа гол шалтгаан нь өөрсдөө дур мэдэж засвар хийгээд тэрийгээ эвдэлсэн учраас зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэл дээр би өөрөө бүгдийг засаад янзалсан учраас нэхэмжилсэн.

Нэхэмжлэлийн шаардлага болох 27,4 сая төгрөгийн үнийн дүнгийн 5,310,476 төлөөд үлдэгдлийг нь зөвшөөрөхгүй, 2 дугаар хавтасны 1-4 дүгээр хуудаснаас татгалзаж байна, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 1 дүгээр хавтасны 60 дугаар хуудсанд байгаа мөнгөн дүн хэвээрээ байгаа, бүрэн хэмжээгээр нь хангуулахыг хүсэж байна... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

...Талуудын хооронд түрээсийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ гэсэн 2 харилцаа үүссэн гэж үзэж байна. Түрээсийн гэрээний тухайд Ө ХХК-ын П.М-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн асуудал яригдаж байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар түрээсийн гэрээг 2020 оны 06 сарын 08-ны өдөр хийсэн бичгэн гэрээнээс өөр юм байхгүй, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулагдсан байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар П.М нь 4,800,000 төгрөгийг А.Г, Н.А нар барьцаа өгөх үүрэгтэй байна, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-т зааснаар бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэгтэй, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хэлэлцэн тохирсон үүрэг хүлээлгэхийг ажил гүйцэтгэх гэрээ амаар хийгдсэн, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 18,000,000 төгрөгийн засварын ажил хийгдсэн байна гэж үзэж байна. Шүүхийн шатанд ирснээс хойш орчин үеийн зах зээлийн дүнгээр гаргасан гээд буцаасан байдаг. 1,200,000 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байна. 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гүйцэтгэлийн ажлыг хүлээн авснаар Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар зохих журмын дагуу хөлсийг төлөх энэ үүргийг хүлээх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл 3 жилийн хугацаанд төлөөгүй явж байгаа. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-т зааснаар үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх, шаардлага гаргах эрхтэй, Засвар 2019 оны 2 дугаар сараас-3 дугаар сард дууссан үнэлгээ 2 жил хагас сарын дараа хийгдсэн. Жишээ авахад хавтаст хэргийн 55 дугаар хуудсанд нийт дүн 1,410,240 төгрөг хуримтлагдсан элэгдэл гээд 20 хувийг нь хасаад 1,414,240 төгрөг маань 1,128,192 төгрөг болж буурч, 6,127,123 гэсэн үнэлгээ гарсан байна. Энэ мэтчилэн бүгдийнх нь 20 хувийг тооцоод үзэхэд 1,439,406 төгрөгийн элэгдэл хорогдол энэ үнэлгээнд дээр хасаж гарсан. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан дүнгээр 22,411,397 төгрөгийг нэхэмжилж байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд 9,120,000 төгрөг дээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл учраас төлөх боломжгүй гэж үзэж байна. Ашиг олох ямар ч боломжгүй байсан байна, эвдэлсэн эд хөрөнгө дээр нотлох баримт судлахад анх А.Г, Н.А нарт хүлээлгэж өгсөн баримт алгаа, наад зургууд нь А.Г хүлээлгэж өгөхөд ийм акт алга, дугуй засварын түрээс дээр өмнө нь шүүх хурал дээр ярьсан байгаа учраас бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2, 3 сарын төлбөр байдаг хэдэн сарын төлбөр гэдэг нь мэдэгдэхгүй байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй, нотлогдохгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагын тухайд 27,4 сая төгрөгийг нэхэмжилж байна, 15,7 сая төгрөгийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Г, Н.А нар 2018 оны 01 дүгээр сарын 20-ноос эхлээд Ө ХХК объектын доторх засвар хийсэн зардал 18,000,000 төгрөг, П.М-д зээлдүүлсэн 1,000,000 төгрөг, түрээсийн төлбөр үндэслэлгүй төлсөн 4,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг шинжээчийн дүгнэлт дэх элэгдэл хорогдол гэж хассан 20 хувийг хасахгүйгээр 14,370,597 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулсан төлбөр 1,200,000 төгрөг, засварын ажилтай холбоотой банкнаас авсан хүүгийн төлбөрт 5,244,000 төгрөг, түрээсийн төлбөрт шилжүүлсэн 5,000,000 төгрөг, цахилгаан дулааны төлбөр төлсөн 1,416,800 төгрөг, тохирлын гэрчилгээний үнэ 180,000 төгрөг тус тус гаргуулна гэж өөрчилсөн.

Хариуцагч Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан./2 дугаар хавтас 1-4 дүгээр хуудас/

Хариуцагч П.М 9,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна./3 дугаар хавтас 69-70 дугаар хуудас/

Үндсэн нэхэмжлэлийн талаар нэхэмжлэгч А.Г, Н.А нар 2018 оны 01 дүгээр сарын 20-ноос эхлэн Ө ХХК объект буюу караоке, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байрыг түрээслэхээр ярилцаж, үйл ажиллагаа явуулах шаардлагыг хангах үүднээс барилгын засварын ажлыг эхлүүлсэн, энэ ажилд тодорхой хэмжээний зардал гарсан энэ талаар маргаагүй.

Нэхэмжлэгч нар засварын зардлын дүнг томилогдсон шинжээч Х ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр гарсан дүн болох 14,370,597 төгрөг гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар Зураг төслийн З ХХК-ийн гаргасан төсөв 5,310,476 төгрөг гэж маргажээ./1 дүгээр хавтас 203-210 дугаар хуудас, 3 дугаар хавтас 48-62 дугаар хуудас/

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар засан сайжруулалт хийсэн үл хөдлөх хөрөнгө буюу Дархан-Уул аймгийн ... 120,0 мкв талбайтай, Орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгө, 180 мкв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө П.М-ийн өмчлөлийнх болох нь улсын бүртгэлийн Ү-200..., Ү-200... дугаарт бүртгэж олгосон гэрчилгээгээр тогтоогдож байна./2 дугаар хавтас 151-152 дугаар хуудас/

Дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч П.М 2015 оны 04 дүгээр сарын 29-нөөс 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Ө ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал байжээ./2 дугаар хавтас 106 дугаар хуудас/

Томилогдсон шинжээч Х ХХК нь шинжээчийн дүгнэлтдээ үйлчилгээний зориулалттай, барилгын 1, 2 дугаар давхарт хийгдсэн дотор заслын дүнг 12,931,191 төгрөг гэсэн бөгөөд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар засвар хийгдсэнээс хойш 2 жил хагасын дараа хийгдсэн тул элэгдэл хорогдлын 20 хувийг тооцох боломжгүй гэж тайлбарласан байна.

Томилогдсон шинжээчийн дүгнэлтэд үнэлж буй хөрөнгийн өртөгийн тодорхойлолтыг материалын зардалын тооцоо, ажлын хөлс, зардал гэсэн ангиллаар хохирлын үнэлгээг нийт 12,931,191 төгрөг гэж тодорхойлсныг хариуцагч тал Зураг төслийн З  ХХК-ийн гаргасан төсөв 5,310,476 төгрөг гэж гарсан тул энэ хэмжээнд хүлээн зөвшөөрч байна гэж байгаа боловч, дүгнэлтэд дурдсан хийгдсэн ажил, материалын зардал тооцоо, ажлын хөлс, зардал зэрэгт маргаагүй

Өөрөөр хэлбэл томилогдсон шинжээч хийгдээгүй ажилд дүгнэлт гаргасан эсэх, зардал, материалын үнэ цэнийг буруу тооцсон эсэх талаарх нотлох баримтыг ирүүлээгүй тул хийгдсэн засварын ажлын өртөгт 12,931,191 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.Г, Н.А нар засварын ажил гүйцэтгэх явцдаа Ө ХХК-ийн өмнөөс цахилгаан, ус, дулаан, интернэтийн үйлчилгээний хөлс төлсөн баримтыг хэргийн 1-р хавтас 195, 194, 108, 88, 86, 87 дугаарт ирүүлсэн боловч нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон дүн болох цахилгааны үлдэгдэл төлбөр 546,000 төгрөг, дулааны үлдэгдэл төлбөр 825,000 төгрөг, интернэтийн төлбөр 45,800 төгрөг, нийт 1,416,800 төгрөгийг /хэргийн 1 дүгээр хавтас 18 дугаар хуудас/ Ө ХХК-аас гаргуулж шийдвэрлэв.

Түрээсийн төлбөрт шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч нар обьектийг түрээслэхээр тохиролцож, засвараа эхлүүлэн, засварыг түргэн, шуурхай, үйлчилгээний онцлогт тохируулан хийн, үйл ажиллагааных нь чиглэлээр түрээслэх эсэх нь нэхэмжлэгчийн өөрсдийх нь хариуцлага тул энэ төлбөрийг шаардах үндэслэлгүй.

Барилгын засал үйлчилгээ хийх үедээ гарсан зардалд гаргасан мөнгийг бусдаас зээлж, зээлсэн мөнгөө төлөхийн тулд Голомт банкаас авсан хөрөнгө оруулалтын зээлний зарцуулсан зардалд тохирох хүү 5,244,000 төгрөгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч засварын ажлыг эхлүүлэх үедээ бусдаас мөнгө зээлсэн гэж байгаа бол энэ талаарх нотлох баримтгүй, Г банктай засвар эхэлснээс хойш буюу 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байна.

Томилогдсон шинжээчийн зардалд төлсөн 1,200,000 төгрөгийг дараах байдлаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д нөхөн төлүүлэх шүүхийн зардалд шинжээчид төлсөн ажлын хөлс багтах бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэснээр хариуцагч Ө ХХК-аас 960,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч Ө ХХК-ийн /тамга, тэмдэг байхгүй үед гаргасан хэргийн 1 дүгээр хавтас 60-82 дугаар хуудас, тодруулсан 2 дугаар хавтас 1-4 дүгээр хуудас/ сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч П.М өөрөө шаардах эрхтэй, гаргуулж П.М-д өгнө гэж татгалзсан болно.

Түрээсийн төлөгдөөгүй төлбөр болох 9,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд талууд обьектыг түрээсийн үйл ажиллагаа явуулах шаардлагыг хангасны дараа түрээслэхээр тохирсон нь тогтоогдсон, барилгын заслын ажлын дараа түрээслэн үйл ажиллагаа явуулаагүй тул шаардах эрхгүй.

Түрээсэлж байсан хугацаандаа ашигласан /цахилгаан, дулаан, интернэт, усны/ төлбөр болох 1,203,110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч хэрэглэгчийн хувьд гэрээт хангагч байгууллагад төлбөрийг төлсөн талаарх баримт огнооны хувьд зөрүүтэй, А.Гг, Н.А нар засвар хийж байсан хугацаанаас хойших баримтууд байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түрээсэлж байх хугацаандаа эвдэлж, хэмхэлсэн зүйлийг засварлан авсан зардал болох 4,363,100 төгрөгийн тухайд түрээслэх объектын эд хогшил, хэрэглэгдэхүүнийг А.Г, Н.А нарт хүлээлгэн өгөх, хүлээн авах үедээ чанар иж бүрдлийн талаар үйлдсэн баримтгүй, засварласан гэх талаар нотлох баримтгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

Түрээсэлж байх хугацаандаа дугуй засварын түрээсийн төлбөр болох 1,104,000 төгрөгийн тухайд нэхэмжлэгч энэ түрээсийн төлбөрийг хүлээн авч бусад ашиглалтын зардалд төлсөн эсэх боловч энэ талаарх баримтгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн, нэхэмжлэгчид буцаан олгоно гэснээр нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 274,450 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 32,220 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын банк дахь төрийн сангийн 100190000941 тоот дансанд төлсөн 234,155 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тушаасан 160,870 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өсөх трейд ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 14,445,991 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 230,180 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч А.Г, Н.А нараас нэхэмжлэлийн шаарлагын хангагдсан дүн болох 1,104,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 31,046 төгрөгийг төрийн сангийн орлогоос 160,780 төгрөгийг гаргуулж, П.Мд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2, 224 дугаар зүйлийн 224.1, 222 дугаар зүйлийн 222.4-т зааснаар Ө ХХК-аас 14,445,991 төгрөгийг нь гаргуулж, А.Г, Н.А нарт олгож, үлдэгдэл нэхэмжлэлийн шаардлагын 5,544,009 төгрөгийн хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч А.Г, Н.А нараас 1,104,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ө ХХК-д олгож, үлдэгдэл 8,016,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 274,450 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 32,220 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын банк дахь төрийн сангийн 100190000941 тоот дансанд төлсөн 234,155 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тушаасан 160,870 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 14,445,991 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 230,180 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч А.Г, Н.А нараас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 1,104,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 31,046 төгрөг, төрийн сангийн орлогоос 160,780 төгрөг тус тус гаргуулж П.М-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Ө ХХК-аас шинжээчийн зардалд 960,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Г ,Н.А нарт олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ОЮУНДАРЬ