Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2

 

А.Г-, Н.А- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2019/00966/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  10 дугаар сарын 29-ний өдрийн 1090 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Г-,

Н.А- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ө- Т-” ХХК-д холбогдох

“23,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч А.Г-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Г-, Н.А- /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.А-, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ч- /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч А.Г-, Н.А- нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2018 оны 01 дүгээр сарын 10-нд анх “Ө- Т-” ХХК-ийн захирал П.М-тай түрээслэгч болох А.Г-, Н.А- бид уулзаж түрээслэх талаар ярилцаж байхад П.М-гийн караоке, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг объект нь өнгө үзэмж доторх засвар нь маш их муудсан үйл ажиллагаа явуулах боломжгүй мануулах манаач хайж байгаа тухай ярьж, хүн хөлийн газар та 2 засвар хийгээд орвол ашигтай мөнгө их олно. Хамгийн гол нь засварын зардлаа өөрсдөө гаргаад засчих тэгэх юм бол эгч нь та хоёрыг гурван сар түрээсгүйгээр байлгана, доод тал нь 2 жилийн хугацаатай түрээсийн гэрээ хийгээд ямар ч тохиолдолд та хоёрыг 2 жилийн хугацаанд гаргахгүй, зарвал та хоёрт зарна. Түрээсийн хугацаа дуусаж түрээслэхээ больсон үед өөрсдөөсөө гаргаж объектыг минь зассан зардлыг 100% П.М- би хариуцаж буцааж төлнө гэж ярилцаж тохирсон.

Ингээд Н.А-, А.Г- бид хоёр 2018 оны 01 дүгээр сарын 20-ноос эхлээд “Ө- Т-” ХХК объектын доторх засварыг хийж эхэлсэн засаж байх явцад П.М-тай удаа дараа холбогдож засварын ажил эхэлсэн та ирж уулзвал гэрээгээ хийе гэхэд эгч нь хүүхэд харах хүнгүй очиж уулзаж амжихгүй нь, би та хоёрт итгэж байна, өөрсдөө мэдээд засчих хамгийн гол нь падаануудаа сайн цуглуулаарай, санаа зовох зүйлгүй, би та хоёрын засварт гаргаж байгаа зардлыг чинь өөрөөсөө 100% хариуцаж төлнө. Засвараа хийгээд дуусчих тэгээд гэрээгээ хийе гэсэн.

Анх ярилцаж тохиролцохдоо засварын зардлыг буцааж өгөх гэрээ, ажлын байр түрээслүүлэх гэрээ гэж хоёр тусдаа хийнэ гэж итгүүлж байсан боловч засварын ажил дуусаад бид дахин гэрээгээ хийе гэж хүсэлт тавихад тав дугаар сараас түрээсийн төлбөр төлж эхлэхээр нэгтгэсэн нэг гэрээ өмгөөлөгч дүүгээрээ боловсруулж хийнэ чадахгүй бол наад объектоосоо гар гэж дарамталж эхэлсэн. Бид өөрсдийн хөрөнгөө зарцуулсан байж ашиг орлого олж эхлээгүй байсан учраас хохирчих вий гэж айгаад үгэнд нь орсон. Ингээд 2019 оны 04 дүгээр сарын 20-нд П.М- нь тавдугаар сарын түрээсийн төлбөрөө нэхэж эхэлсэн гэрээгээ хийгээд тавдугаар сарын нэгнээс төлье гэхэд эхлээд түрээсээ өгөхөөр чинь гэрээгээ хийнэ гээд бид итгээд түрээсийн төлбөр болох хоёр сая төгрөгийг П.М-д өгсөн. Ийм байдлаар нийт түрээсийн төлбөр гэж таван сая төгрөгийг албан ёсны түрээсийн гэрээгүйгээр, үндэслэлгүйгээр П.М- нь дарамталж авсан.

2019 оны 07 дугаар сарын 20-нд 07 дугаар сарын төлбөр гэж нэхэхэд нь таны объектын засвар үйлчилгээний ажилд бүх мөнгөө шавхчихлаа, дээрээс нь үйл ажиллагаа жигдрээгүй орлого муутай байна, засварын зардалд гаргасан мөнгөнөөсөө түр хасуулж бодуулж болох уу, 08  дугаар сард буцаад төлье гэхэд үгүй яг одоо зайл гэж харааж, доромжилж эхэлсэн. Ингээд 2019 оны 07 дугаар сарын 21 гэхэд бидэнд мэдэгдэхгүй хаалганы голоо солиод давхар түрээслэгч оруулсан. Бидэнд больж хамааралгүй болж байгаа юм бол засварын зардалд гаргасан мөнгийг минь буцааж төл гэхэд та нар надаас юу ч салгаж авч чадахгүй, би өгөхгүй, харин та нар миний объектод засвар хийснэ мөнгийг байсан саруудын түрээсэнд тооцсон гэсэн. Анх ярилцаж тохиролцсоноос тэс хөндлөн юм ярьж 2 жилийн хугацаанд түрээслүүлнэ гэж итгүүлж нийт 18.000.000 төгрөгөөр засвар хийлгэж, одоогийн байдлаар бидний утсыг блоклож засварын зардлыг өгөх тухай ярихгүй байгаад мөн манаач хайж байсан, үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан объектоо бидний хөрөнгөөр засаж засварлачхаад бидний засварын зардлыг төлөөгүй байж объектоо бусдад 3.000.000 төгрөгийн төлбөртэй түрээсэлж ашиг олж байгаад гомдолтой байна. А.Г-, Н.А- бид “Ө- Т-” ХХК-ийн захирал П.М-гийн хувийн өмч болох объектод нь нийт 18.000.000 төгрөгийн засвар үйлчилгээний зардал гаргасан нотлох баримт, үндэслэлгүй, орлого ашиг олоогүй, түрээсийн гэрээгүйгээр дарамтлуулж төлсөн 5.000.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга зэргийг хавсаргав. Бид удаан хугацаанд түрээслүүлнэ гэдэгт итгээд өөрсдийн зардлаар засвар хийсэндээ хохирч гомдолтой байна гэжээ.

Нэхэмжлэгч А.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбараа:

П.М- гэдэг хүнтэй түрээс хийх зарын дагуу уулзсан, өөрийнх нь хэлж байгаа шиг үйл ажиллагаа явуулах боломжгүй, үйлчилгээ явуулах боломжгүй байсан. 2 жилийн хугацаанд тасралтгүй түрээслүүлье тэрнээс хойш зарна, зарахдаа чамд хувь лизингээр зарна, үйл ажиллагаа явуулах хэмжээнд засвар хийчих, би чамаас 3 сарын түрээсийн төлбөр авахгүйгээр, эндээ байлгая, 3 сар өнгөрсний дараа 2.000.000 төгрөгөөр түрээслүүлье гэж байсан. Үйлчилгээний төв дээр байршилтай байсан тул Н.А-тай ярилцаад засвар хийхээр болсон. П.М- та хоёрт итгэж байна 7 хоногийн дотор шийдвэрээ хэлчих гэсэн, засвар хийе гэрээгээ хийе гэхэд өө би бол та нарт итгэж байна, юу хийхээр байна гэхээр нь ийм зүйл шаардлагатай байна гэсэн. Засвар хийж байх явцад нь эгч нь очиж харна, би 300-400 саяар зарчих учир засварын мөнгийг төлнө гэсэн.

Засвар 01 дүгээр сарын сүүлээр эхлээд 02 дугаар сарын сүүлээр дууссан. Цахилгааны утасны монтаж зэрэг бүх төрлийн засварыг хийсэн. 18.000.000 төгрөгийг засварын үйл ажиллагаанд гаргасан. 5.000.000 төгрөгийг амьдрал хэцүү байна гэж хэлээд П.М- 1.000.000 төгрөгийг зээлээр авсан, харилцан гэрээ байгуулж өгсөн, 4.000.000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сард хийсэн бичгийн гэрээгээр түрээсийн гэрээ хийсэн, 06 дугаар сараас хойш түрээс мэтээр явсан. 05-06 дугаар сарын түрээсийг үндэслэлгүй өгсөн байгаа тул буцааж нэхэмжилж байгаа гэжээ.

Нэхэмжлэгч Н.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбараа:

Бид хоёр анх л цуг явж байсан. Засвар үйлчилгээг чин сэтгэлээсээ Хятад улс руу явж, бараа материал цуглуулж хийсэн. Хэрийг зөв шийдвэрлэж өгөөсэй гэж хүсэж байна. Хэргийн 108-172 дугаар талд зарлагын баримтыг хавсаргаж өгсөн байгаа гэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч И.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.М- “Ө- Т-” ХХК-ийг төлөөлж оролцож, хариуцагч болох нь “Ө- Т-” ХХК гэж бичээд гэрээ байгуулсан учир хамааралтай юм. “Ө- Т-” ХХК-ийн засварт ороод явсан, П.М- өөрийн нэр дээрээс шилжүүлсэн, эрх залгамжлалаар “Ө- Т-” ХХК-иас нэхэмжилж байна. “Ө- Т-” ХХК-ийн төлөөлөгч П.М- 18.000.000 төгрөгийн засвар хийснийг хүлээн зөвшөөрсөн баримт байна. Хавтаст хэргийн 8 дугаар талд өөрийн гараар бичсэн “Ө- Т-” ХХК гээд баланк дээр 18.000.000 төгрөгийн засварыг хүлээн зөвшөөрсөн гэдгийг гол нотлох баримтаар үнэлж байгаа. 3-4 сарын дараа завсрын ажлын талаар бичиж өгсөн бичиг юм. Ажил хийснийг П.М- 100 хувь хариуцна гэсэн байна. 18.000.000 төгрөгийг гэрээ дууссаны дараа төлнө гэж байгаа, барьцаалаад түрээсийн гэрээ байгуулаад явж болно гэсэн байгаа нь бичиг дээрээс ойлгогдож байна, засварын ажлын хөлсөнд барьцаалж байгаа, 2 жил түрээслүүлнэ гэж тохирсон. 2.000.000 төгрөгөө өгөөд явж байтал 3.000.000 төгрөгөөр нөгөө хүн түрээслэхээр болоход гэрээгээ цуцалж, дахин гэрээ байгуулаагүй.

18.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. 5.000.000 төгрөгийг түрээсийн төлбөр төлж байгаа юм бол түрээсийн гэрээ байгуулж, ямар хэлцэл байдаг юм. Шаардлага хангуулаад мөнгөө авах. Түрээсийн гэрээг 06 дугаар сарын 08-ны өдөр хэлцэл хийчхээд өмнөх сарын мөнгийг нэхээд байгаа юм, уг нь үүнээс хойших түрээсийн төлбөрийг нэхэх ёстой. Түрээсийн гэрээ байгуулаагүй тул хууль бус хэлцэл биш тул буцааж төлөх ёстой. Баримтаа өгөөч ээжийнх нь дүү Чинбаа гэдэг хүн авч яваад 2 сар болсны дараа буцааж өгсөн байдаг, 18.000.000 төгрөг дээр шинжээч, үнийн дүн дээр маргаагүй нь нотлох баримт болно. Нэхэмжлэл үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү, сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул тайлбар хэлэхгүй гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч П.М- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Н.А-, А.Г- нарын 23.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба Н.А-, А.Г- нарыг дарамталж түрээсийн 5.000.000 төгрөг авсан зүйл огт байхгүй. Өөрсдөө зарын дагуу миний утас руу залгаж ирж уулзаад манай түрээслүүлэх дүрэм, журамтай танилцан хүлээн зөвшөөрсөн. Мөн давхар түрээсэлж байна гэдэг бол огт үндэслэлгүй зүйл ба ажиллуулж чадахгүй болимоор байна гэж хэлсний дагуу хүлээлгэж өгөхийг түрээслүүлэгч талын үүргийн дагуу шаардлага тавихад биелүүлээгүй түлхүүр авч зугтаж цаашдын үйл ажиллагаанд саад учруулсан, мөн 18.000.000 төгрөгийн засвар хийсэнтэй санал нийлэхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Н.А-, А.Г- нарт “Ө- Т-” ХХК-ийн байр болох үйлчилгээний зориулалттай 180м.кв объектыг тодорхой хугацаа, болзол нөхцөлтэйгөөр түрээслэхээр 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр итгэлцлийн үндсэн дээр аман гэрээ байгуулан хүлээлгэн өгсөн. Тэрхүү тохиролцоондоо түрээслэгч тал нь урсгал засвараа өөрсдөө хийвэл гэрээ дуусгавар болох үед засварын зардлыг баримтын дагуу буцаан олгох ба хэдэн төгрөг юунд зарцуулж засахаа хамгийн гол нь надаас зөвшөөрөл авах ёстой гэхэд зөвшөөрсөн.

Н.А-, А.Г- нар 14 хоногийн дотор урсгал засвар хийгээд дуусна бид 2 урт хугацаанд ажиллуулах хүсэлтэй байгаа гэж өөрсдөө хэлсэн. Мөн түрээсийн төлбөр 2.000.000 төгрөг байхаар тохиролцоод 2019 оны 01 дүгээр сарын 13-нд урьдчилгаа 1.000.000 төгрөг миний дансанд шилжүүлсэн. Бид тохиролцохдоо сар бүрийн 01-нд түрээсээ төлж байхаар тохиролцсон. Түрээслүүлэгч миний талаас тавьсан шаардлага нь хэдэн төгрөгт юуг засаж авах талаар асууж зөвшөөрөл авсны дараа засвар хийгээрэй гэсэн. Мөн “Ө- Т-” ХХК-ийн гадаа хашаанд дугуй засварын газар манайд түрээсээр байдаг, 160.000 төгрөг сар бүр төлдөг, тэр мөнгийг та нар аваад 2018 оны төлөгдөөгүй ус, дулаан, цахилгаан, интернэтийн төлбөрийг төлөөрэй гэхэд тэгий гээд зөвшөөрсөн. Дугуй засварын түрээслэгч М.С-нь Н.А-, А.Г- нарт 2019 оны 01 дүгээр сарын 24-нөөс 2019 оны 07 дугаар сарын 24-нийг хүртэл нийт түрээсийн төлбөр болох 960.000 төгрөг болон цахилгаанаас хэрэглэсэн нийт 144.000 төгрөгийг нэмээд Н.А- , А.Г- нарт нийтдээ 1.104.000 төгрөг өгсөн. Түрээсийн гэрээг засвар дуусаад баримтаа надад өгөх үед хийнэ гэхэд өөрсдөө зөвшөөрсөн. Ингээд тохиролцоонд хүрсэн учир Н.А-, А.Г- нарт өөрийн үйлчилгээ явуулах байраа хүлээлгэж өгөөд Улаанбаатар хотод амьдардаг тул буцсан.

Үүнээс хойш Н.А-, А.Г- нар түрээсээ төлөхгүй байнга шалтаг тоочиж байсан ба уучлаарай төлнө л гэсэн хариу хэлдэг байсан. Түрээсээ төлөхгүй байж байнга засварын мөнгөө түрүүлж авч болохгүй юм уу гэж асуудаг байсан, тэгэхэд нь би тийм юм байхгүй анхнаасаа тохиролцсон шүү дээ дор хаяж 2 жил түрээслээд тэр үед гэрээ дуусгавар болох үед зассан зүйлээ бүрэн бүтэн байдлаар хүлээлгэж өгөөд ашиглалтын зардлаа мөн төлж барагдуулж албан ёсны юм хийнэ гэж анх тохиролцсоны дагуу байх хэрэгтэй гэж дахин дахин сануулж хэлсэн. Гэтэл А.Г-, Н.А- нар дур мэдээд засчихлаа 16.000.000 төгрөг болсон гэж хэлсэн. Баримтаа аваад ир, яагаад зассан хойноо хэлж байгаа юм бэ гэхэд та бид 2-т итгэж байна гэж хэлсэн болохоор гэсэн хариулт өгсөн. Н.А-, А.Г- нар 2019 оны 06 дугаар сарын 08-нд ирэхдээ баримт дутуу авчирсан ба өөрсдийн тэмдэглэлийн дэвтэр дээр гараараа бичсэн ямар ч албан ёсны бус мөнгөн дүнг жагсааж бичсэнээ надад харуулсан учир албан ёсны гэрээ хийгээгүй бөгөөд тэр үеийн харилцан тохирсон гэрээний хуулбарыг доор хавсаргав. Би өөрөө 2019 оны 06 дугаар сарын 23-нд очин уулзсан.

Н.А- , А.Г- нар 2019 оны 01 дүгээр сарын 13-наас 2019 оны 07 дугаар сарын 23-ныг хүртэл нийт түрээсийн төлөх ёстой 14.000.000 төгрөг төлөхөөс 4.880.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 9.120.000 төгрөг төлөөгүй. Мөн ажиллуулж чадахгүй байна болих хүсэлтэй байгаагаа өөрсдөө хэлсэн ба би больсон нь дээрээ түрээсээ төлөхгүй, засвараа дуусгахгүй, засварын баримтаа ч өгөхгүй дээр нь утсаа авахгүй алга болоод байна гээд түрээслэхээ болихыг нь зөвшөөрсөн. Би Н.А-д 2019 оны 08 дугаар сарын 01-нд хүлээлгэж өгөөд засварын асуудлаа ярилцъя гэхэд тэгье гэж зөвшөөрсөн тухай харилцан бичсэн. Гэтэл маргааш нь 18.000.000 төгрөг яг одоо миний дансанд хийхгүй бол хүлээлгэж өгөхгүй гэсэн. Харин би Н.А-, А.Г- нарт 18.000.000 төгрөгт хийсэн засварын баримтаа аваад ир тэр баримтын дагуу хийсэн засварын ажлыг чинь хараад шалгаж харж байж болно гэж хэлэхэд Н.А-, А.Г- нар үгүй мөнгөө авч байж хүлээлгэж өгнө мөн танай компанийн тамга, тохирлын гэрчилгээг чинь өгөхгүй гэсэн.

Манай зүгээс үйл ажиллагаа эрхлэх байр болон хөрөнгийг шилжүүлэн өгсөн байдаг гэтэл уг объектыг ашиглаж тогтмол орлого олж байгаа хэр нь нийт ашигласан 7 сарын түрээсийн төлбөр болох 14.000.000 төгрөг төлөхөөс 4.880.000 төгрөг төлсөн ба үлдэгдэл 9.120.000 төгрөг төлөөгүй шалтаг шалтгаан хэлж хойшлуулсаар огт төлөөгүй болно. Н.А-, А.Г- нарын хийсэн засварын ажил нь 180м.кв талбайн таазны имулс, нүдэн гэрэл 180м.кв байрны хэсэг газрын ханын обой, текний арын тавиур, үүдний вакум хаалга, буйдан бүрээсийг шинэчилсэн ба 2018 оны дулааны төлбөр, цахилгааны төлбөр, интернэтийн төлбөр төлсөн үнийн дүнг нэмээд нийт 5.000.000 төгрөг зарцуулсан байх магадлалтай гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хариуцагчийг тодорхойлсон. “Ө- Т-” ХХК-ийг хариуцагчаар тодорхойлж нэхэмжлэл гаргасны  дагуу иргэний хэрэг үүсгэсэн байна. Нэхэмжлэл гаргаж байгаа үндэслэл шаардлагын зарим зүйлийг ойлгохгүй байна. “Ө- Т-” ХХК болон П.М- нар нь тусдаа эрх үүрэгтэй этгээдүүд. П.М- гэдэг хүнтэй түрээсийн гэрээ байгуулсан гэж ойлголоо, П.М- гэдэг хүний данс руу шилжүүлсэн байна. А.Г-, Н.А- нартай “Ө- Т-” ХХК гэрээ байгуулаагүй, мөнгө аваагүй.

2015 онд үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь П.М-гийн нэр дээр гарсан байгаа, “Ө- Т-” ХХК-д ийм өмч хөрөнгө байхгүй. П.М- өөрийнхөө хөрөнгийг түрээслүүлэх байх, манай байгууллага түрээслүүлэх боломжгүй. П.М-гийн өмнөөс “Ө- Т-” ХХК үүрэг хүлээхгүй, тайлбар өгөх боломжгүй байна. Компанийн хувьд хариуцлага хүлээхгүй, тайлбар хийх боломжгүй байна.

П.М- гэдэг хүн сөрөг нэхэмжлэл гаргаад, шүүх яагаад хүлээж авсан бэ, яагаад хэргийн оролцогч болгож, П.М-гийн нэхэмжлэлийг гардуулаад байгаа нь ойлгомжгүй байна. П.М-гийн өмнөөс энд тайлбар хийж чадахгүй байна. “Ө- Т-” ХХК-ийг төлөөлж байна. Иргэний гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлийг шүүх яагаад хүлээж аваад байгаа юм бэ, хэргийн оролцогч биш шүү дээ. “Ө- Т-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.Б- гэдэг хүн байгаа, П.М- гэдэг хүн 100 хувь хувьцаа эзэмшиж байгаад, Т.Б-д шилжүүлсэн байсан. Сөрөг нэхэмжлэлийг татаж авч байна. П.М-, А.Г- нар нь эрх зүйн харилцаанд орсон юм шиг байна. П.М- тусдаа шаардах ёстой, манай тал эрх зүйн харилцаанд ороогүй, “Ө- Т-” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө биш учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ч- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гараар бичсэн зүйл нь бланк ашиглаад байгаа, үйлчилгээний төв дээр байгаа объектод түрээслүүлэгч П.М-, Н.А- нарын хооронд бичигдсэн. Түрээсийн гэрээний нэг тал нь П.М-, нөгөө тал нэхэмжлэгч нар юм. Энэ түрээсийн гэрээний зүйл нь хөрөнгө оруулалт хийсэн, засан сайжруулсантай холбоотой, ашиглалтын зардалтай холбоотой асуудал яригдаж байгаа тул түрээсийн нөгөө тал болох П.М- юм биш үү. “Ө- Т-” ХХК мөнгө аваагүй, П.М-гаас мөнгөө нэхэх ёстой.

“Ө- Т-” ХХК-тай гэрээний харилцаанд оролцоогүй, хөрөнгөд нь засвар хийгээгүй, засан сайжруулалт хийгээгүй. П.М-гаасаа мөнгөө нэхэх хэрэгтэй.

Хэнтэй гэрээний харилцаанд орсон гэдгээ ойлгоогүй явсан гэдэг нь харагдаж байна. П.М- гэдэг хүнтэй гэрээ байгуулсан. Хэний объектыг түрээсэлсэн талаар харагдахгүй байна. Өөрсдийнх нь худалдан авалт хийсэн, “Ө- Т-” гэж бичээд, авахдаа А.Г- гээд гарын үсэг зурсан. “Ө- Т-” ХХК гэсэн нэрийг бичүүлээд байгаа боловч А.Г-, Н.А- нар нь П.М- гэдэг хүнтэй харилцаанд орсон гэдэг нь тодорхой харагддаг. Нэхэмжлэл дээрээс нь ч харсан тийм байгаа юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч бичгээр хийсэн хэлцэл байгаа, гэрээний хувьд улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой, П.М- гэдэг хүн маргасан бол хэлцэл хүчин төгөлдөр мөн эсэх талаар яригдах байсан байх. “Ө- Т-” ХХК-ийн өмнөөс хийсэн хэлцэл биш, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь П.М- гэдэг хүний нэр дээр байгаагаас харахад нэхэмжлэгч нар нь П.М- гэдэг хүнтэй гэрээ байгуулсан гэж үзэхээр байна. П.М- гэдэг хүний объектод бий болсон зардал нь П.М- гэдэг хүний хариуцах зүйл шүү дээ, хариуцагчаа буруу тодорхойлж орсон байна гэж харагдаж байна. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч солигдох асуудал нь объектын асуудалд хамаагүй, энэ дээр Т.Б-, П.М- байсан ч хамааралгүй, хувь хүн, хуулийн этгээд нь тус тусдаа эрх зүйн субъект болно. Иргэнтэй орж байгаа эрх зүйн харилцааны үр дагаврыг хуулийн этгээд хариуцахгүй. Хэр их хэмжээтэй засан сайжруулалт хийсэн гэдэг нь тусдаа асуудал. “Ө- Т-” ХХК-ийн хувьд засан сайжруулалт хийгдээгүй. “Ө- Т-” ХХК-ийн өрийг дараагүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хамааралгүй гэж харагдахаар байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1090 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 343 дугаар зүйлийн 343.1, 491 дүгээр зүйлийн 491.1-д зааснаар 1.416.800 төгрөгийг хариуцагч “Ө- Т-” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч А.Г-, Н.А- нарт олгож, 21.583.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар хариуцагч “Ө- Т-” ХХК нь нэхэмжлэгч А.Г-, Н.А- нарт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татан авсныг баталж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 274.450 төгрөг, хариуцагчаас төлсөн 234.155 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Ө- Т- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 37.619 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Г-, Н.А- нарт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Г- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1. А.Г- Н.А- бид хоёр 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр “Ө- Т-” ХХК-ийн захирал П.М-тай уулзахад гадаах үүднээсээ “Ө- Т-” ХХК гэсэн хаягтай байдаг, 15 дугаар багт байрлах тухайн үед хэвийн үйл ажиллагаа нь түр зогссон хоёр давхар үл хөдлөх хөрөнгийг “Ө- Т-” ХХК-ний хамт түрээсэлж ажиллуулах талаар ярилцаж тохиролцсон. Тэр хэлэхдээ караоке, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг объект нь өнгө үзэмж, доторх засвар нь маш их муудсан үйл ажиллагаа явуулах боломжгүй мануулах манаач хайж байгаа тухай ярьж засварлах шаардлагатай гэж ятгаж засварын зардлаа өөрсдөө гаргаад засчих тэгэх юм бол би та хоёрыг гурван сар түрээсгүй байлгана бас “Ө- Т-” ХХК-г ашиглуулъя та хоёрыг компанийн хувь эзэмшигчээр оруулъя гэж хэлсэн. Хоёр жилийн хугацаатай түрээсийн аман гэрээ хийгээд ямар ч тохиолдолд та хоёрыг хоёр жилийн хугацаанд гаргахгүй зарвал та хоёрт зарна. Түрээсийн хугацаа дуусаж түрээслэхээ больсон үед өөрсдөөсөө гаргаж зассан зардлыг “Ө- Т-” ХХК /гүйцэтгэх захирал/ П.М- би 100 хувь хариуцаж буцааж төлнө гээд ярилцаж тохиролцоод бид 2018 оны 01 дүгээр сарын 20-ноос 2018 оны 02 дугаар сарыг дуустал нийт 18.000.000 төгрөгийн сэргээн засварлах ажил болон “Ө- Т-” ХХК-тай холбоотой бүхий л өр төлбөрийг барагдуулсан.

Бид түрээсийн төлбөр үндэслэлгүй төлсөн нийт 4.000.000 төгрөг бүгд нийлээд 23.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. П.М- нь бидэнд дээрх объект “Ө- Т-” ХХК тус компанийн нэр зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулдаг, үйл ажиллагаа явуулах бусад зөвшөөрөл цагийн хуваарь зэргийг өөрсдөө хөөцөлдөж аваарай гээд Компанийн тамга, зарлагын баримт, цахилгаан, ус, дулааны гэрээ зэргийг бидэнд хүлээлгэж өгсөн. Түрээслэхээ больсон үед засварын зардал болон Компани нэр дээрх үлдэгдэл өрийг төлсөн зардалтай хамт 100 хувь хариуцаж төлнө, мөн компанийн үйл ажиллагаатай холбоотой гарах зардлыг компанийн өмнөөс төлж баримтыг цуглуулж дараа тооцоо хийж байхаар тохирсон зэрэг нь бидэнтэй “Ө- Т-” ХХК-г төлөөлж харилцаж байсан нь нотлогдоно.

2. Анхан шатны шүүх дээрх объект “Ө- Т-” ХХК-ийн хөрөнгө биш хамааралгүй тул дээрх объектод засвар хийхэд гарсан зардлыг тус компани хариуцахгүй гэж дүгнэсэн. Бид П.М-гийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгөд дураараа засвар хийгээгүй. “Ө- Т-” гэх компанитай /гүйцэтгэх захиралтай/ хэлцэл хийж тохиролцсоны үндсэн дээр засвараа хийсэн бөгөөд засвар хийж дууссаны дараа бидний хийсэн ажлын үр дүн хүлээж авсан акт болгон “Ө- Т-” ХХК-ийн албан бланк дээр хийсэн бичгийн хэлцэл нотолно. /хэргийн материал хуудас 8/

П.М- нь “Ө- Т-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч захирал мөн дээрх объектын өмчлөгч бөгөөд бидэнтэй тус объектод цаашид үйл ажиллагааг нь сэргээж “Ө- Т-” ХХК-ийн нэрээр үргэлжлүүлэн түрээсэлж ажиллуулахыг зөвшөөрч байгаа үйлдэл нь “Ө- Т-” ХХК-ийн хүсэл зоригийн илэрхийлэл болж хэлцэл хийсэн. Харин үйл ажиллагаа явуулах объектод засвар хийхийг зөвшөөрсөн үйлдэл /П.М- тайлбартаа бичсэн/ тус объектын өмчлөгчийн хувьд өмч болон компанийг ашиглах, захиран зарцуулах эрхийг олгож хүсэл зоригоо илэрхийлж хэлцэл хийсэн гэдэг нь нотлогдоно.

3. Бид өөрсдийн “Ө- Т-” ХХК-д хийсэн засварыг үнэлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд анхан шатны шүүх хүсэлтийг минь хангаагүй мөн бид нэхэмжлэлээ 2019 оны 09 сарын 06-нд анх гаргаж өгсөн байтал хариуцагч талаас нийт  5 удаа товлосон шүүх хуралдааныг хойшлуулсаар бүтэн жил гаруй хугацааг авсан. Тиймээс анхан шатны шүүх нэг талыг барьж ажилласан гэж үзэж байна.

4. Бид “Ө- Т-” ХХК-н захирал П.М-г анхан шатны шүүхэд гомдол гаргахаас өмнө Дархан-Уул аймгийн прокурорын газраар шалгуулж байхад П.М-гаар “Ө- Т-” ХХК-ийн байраар А.Г-, Н.А- нарт түрээслэхдээ тухайн байраа нэр дээр нь шилжүүлж өгсөн үү? гэж асуусан байцаагчийн асуултад:

 - Үгүй ээ би тухайн хүмүүсийн нэр дээр шилжүүлээгүй гэж хариулсан зэрэг нь “Ө- Т-” ХХК нь П.М-гаар дамжуулан бидэнтэй эрх зүйн харилцаанд орж байсныг нотолно.

Гэтэл анхан шатны шүүхээс бидний засвар хийсэн объект П.М-гийн өмчлөлийнх “Ө- Т-” ХХК-д хамаарахгүй засварлахад гаргасан зардлыг тус компаниас нэхэмжлэх үндэслэлгүй гэсэн нэг талыг барьсан шийд гаргасанд гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж бидний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч А.Г-, Н.А- нар нь “Ө- Т-” ХХК-ийн үйлчилгээний болон орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд түрээсийн гэрээ байгуулах зорилгоор хийсэн засварын зардал 18.000.000 төгрөг, П.М-д зээлдүүлсэн 1.000.000 төгрөг, түүнд үндэслэлгүйгээр түрээсийн төлбөрт төлсөн 4.000.000 төгрөг, нийт 23.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасныг анхан шатны шүүх “...засан сайжруулалт хийсэн гэх үл хөдлөх эд хөрөнгө нь “Ө- Т-” ХХК-ийн бус П.М-гийн эзэмшлийнх байна...” хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас 1.416.800 төгрөгийг “Ө- Т-” ХХК-аас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. 

            Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар судлагдсан баримтуудаас үзвэл П.М- нь 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс “Ө- Т-” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан харин Т.Б- тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсоныг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад өөрчлөн бүртгүүлсэн байна.

            Нэхэмжлэгч нар нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд “Ө- Т-” ХХК болон П.М- нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ө- Т-” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага солигдсон үйл баримт тогтоогддог. 

Хариуцагч талаас гаргасан тайлбараас үзвэл компанийн эрхийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан гэх бөгөөд уг гэрээгээр компанийн өмчлөгч, хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн эсэх үүний дагуу компанийн үндсэн хөрөнгийн өмчлөл, эзэмшил тухайлбал засвар хийгдсэн үл хөдлөх хөрөнгийн эзэмшил хэнд шилжсэн нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь ажил гүйцэтгэх гэрээний үнэ, үл хөдлөх эд хөрөнгөд гэрээний дагуу хийсэн засвар, засан сайжруулалтад гарсан зардал, ажлын хөлс нэхэмжилсэн.

Талууд гэрээгээр ажил гүйцэтгэх гэрээний үнийг тохиролцоогүй бол Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т заасан гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлөхийг хуулиар журамласан. 

Нэхэмжлэгч тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд материал болон ажлын хөлсөнд хэдий хэмжээний зардал гарсан талаар нэхэмжлэлдээ тодорхой тусгаагүй байна.

            Түүнчлэн “Ө- Т-” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөнийг бүртгэсэн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “...бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө....” гэх шаардлагад нийцээгүй байхад түүнийг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн буруу болжээ.

            Нэхэмжлэгч А.Г-, Н.А- нараас 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Ө- Т-” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Т.Б-г хариуцагчаар татуулах тухай хүсэлт гаргасан. /хх-ийн 2-ийн 42-р тал/

Үүгээрээ нэхэмжлэгч нь хариуцагчийг солих эсхүл хамтран хариуцагчаар татуулах эсэхийг нь шүүхээс сайтар тодруулалгүйгээр Т.Б-г хариуцагчаар татсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийг зөрчсөн байна.

            Нэхэмжлэгчээс хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгүүдэд хийсэн засварын үнийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх ханган шийдвэрлэж хэргийг түдгэлзүүлсэн атлаа шинжээчийн дүгнэлт гарч захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг сэргээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.8-д заасныг зөрчжээ.

           Улмаар энэ талаар нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө дахин хүсэлт гарсныг шийдвэрлэхдээ эрхийн акт гаргаагүй нь буруу болжээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “...шинжилгээ хийлгэх тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ...” хэмээн заасан бөгөөд шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд энэ тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж мөн зүйлийн 38.9-д заасантай нийцээгүй байна.  

Дээрх тохиолдолд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан үндэслэлээр шүүгчийн захирамж гарган уг асуудлыг шийдвэрлэх бөгөөд энэхүү захирамжид талууд мөн хуулийн 170 дугаар зүйлд заасан журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд хэргийн оролцогчийн энэ эрхийг хангаагүй байна. 

Мөн анхан шатны шүүх нь хариуцагчийн өмгөөлөгч Г.Ч-ад хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх эрх, хүлээх үүргийн талаар танилцуулалгүй орхигдуулжээ.

Дээр дурдсан зөрчлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т “...хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн...” гэх үндэслэлд хамаарч байх тул шийдвэр нь хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1090 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274.450 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                   

                                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           О.НАРАНГЭРЭЛ

                                                                     ШҮҮГЧИД                            Б.ОЮУНЦЭЦЭГ                             

                                                                                                                  М.МӨНХДАВАА