Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/01020

 

 А.Гэрэлцэцэг, Н.Амаржаргал нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 462 дугаар шийдвэр,

 Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 209/МА2022/00052 дугаар магадлалтай,

 А.Гэрэлцэцэг, Н.Амаржаргал нарын нэхэмжлэлтэй

Өсөх трейд ХХК, П.Мөнхзаяа нарт холбогдох

 Ажил гүйцэтгэх гэрээний төлбөр, хохиролд нийт 29,444,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 Түрээсийн төлбөр 15,790,210 төгрөг гаргуулах тухай хариуцагч Өсөх трейд ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй,

 9,120,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч П.Мөнхзаяагийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагч П.Мөнхзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Гэрэлцэцэг, Н.Амаржаргал, хариуцагч П.Мөнхзаяа, хариуцагч Өсөх трейд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч А.Гэрэлцэцэг, Н.Амаржаргал нар нь хариуцагч Өсөх трейд ХХК, П.Мөнхзаяа нарт холбогдуулан 29,444,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Өсөх трейд ХХК нь 15,790,210 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч П.Мөнхзаяа нь 9,120,000 төгрөгийг гаргуулахаар тус тус сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 462 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2, 224 дугаар зүйлийн 224.1, 222 дугаар зүйлийн 222.4-т зааснаар Өсөх трейд ХХК-аас 14,445,991 төгрөгийг нь гаргуулж, А.Гэрэлцэцэг, Н.Амаржаргал нарт олгож, үлдэгдэл нэхэмжлэлийн шаардлагын 5,544,009 төгрөгийн хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч А.Гэрэлцэцэг, Н.Амаржаргал нараас 1,104,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Өсөх Трейд ХХК-д олгож, үлдэгдэл 8,016,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 274,450 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 32,220 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын банк дахь төрийн сангийн 100190000941 тоот дансанд төлсөн 234,155 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тушаасан 160,870 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өсөх трейд ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 14,445,991 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 230,180 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч А.Гэрэлцэцэг, Н.Амаржаргал нараас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 1,104,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 31,046 төгрөг, Төрийн сангийн орлогоос 160,780 төгрөг тус тус гаргуулж П.Мөнхзаяад олгож шийдвэрлэжээ.

 

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 209/МА2022/00052 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 462 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2, 224 дүгээр зүйлийн 224.1, 222 дугаар зүйлийн 222.4-т зааснаар Өсөх трейд ХХК-аас 14,445,991 төгрөгийг нь гаргуулж, А.Гэрэлцэцэг,Н.Амаржаргал нарт олгож, 5,544,009 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 318 дугаар зүйлийн 318.4 -д заасныг баримтлан хариуцагч Өсөх трейд ХХК-иас 20,547,991 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Гэрэлцэцэг, Н.Амаржаргал нарт, нэхэмжлэгч А.Гэрэлцэцэг, Н.Амаржаргал нараас 1,104,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Өсөх трейд ХХК-д тус тус олгож, үндсэн нэхэмжлэлийн үлдэх 8,896,009 төгрөгийн, сөрөг нэхэмжлэлийн үлдэх 14,686,210 төгрөгийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь Нэхэмжлэгч А.Гэрэлцэцэг, Н.Амаржаргал нараас 1,104,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Өсөх трейд ХХК-д олгож, 8,016,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэсэн заалтыг хасаж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2 дахь заалт болгон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар... гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар... гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж, 6 дахь заалтыг 5 гэж тус тус дугаарлаж, энэхүү заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч П.Мөнхзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2 дахь хэсгийг үндэслэн гомдол гаргаж байна. Магадлал нь ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, илт ууль зөрчиж гарсан.

Амаржаргал, Гэрэлцэцэг нартай П.Мөнхзаяа миний бие Өсөх трэйд ХХК-н байр болох үйлчилгээний зориулалттай 180 м.кв объектыг тодорхой хугацаа, болзол нөхцөлтэйгөөр түрээслэхээр 2019.01.04-ний өдөр итгэлцлийн үндсэн дээр аман гэрээ байгуулан хүлээлгэн өгсөн. Тэрхүү нөхцөл нь уг объектын үндсэн түрээсийн төлбөр сарын 3,000,000 төгрөг байдаг. Уг объектэд хэсэгчлэн жижиг урсгал засвар хийх шаардлагатай байсан тул Амаржаргал, Гэрэлцэцэг нарт уг объектыг 2019 оны 9 сар хүртэл хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу сарын 2,000,000 төгрөгөөр түрээслэхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон. Ингээд 2019.01.13-ны өдөр 1 дүгээр сарын түрээсийн урьдчилгаа төлбөр болох 1,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн үйл ажиллагаагаа нэхэмжлэгч нар эхлүүлсэн. 2019.06.08-ны өдөр талууд бичгэн хэлбэрээр түрээсийн гэрээ байгуулж, хүсэл зоригоо гарын үсэг зуран бичгээр илэрхийлснээ баталгаажуулж сар бүрийн түрээсийн төлбөрийг харилцан тохиролцсон. 2019 оны 07 дугаар сар хүртэл тус байгууллагын үйл ажиллагааны ашгийг нэхэмжлэгч нар өдөр тутам авч байсан.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Манай зүгээс үйл ажиллагаа эрхлэх байр болон хөрөнгийг шилжүүлэн өгсөн, гэтэл уг объектыг ашиглаж тогтмол орлого олж байгаа хэрнээ нийт ашигласан 9 сарын түрээсийн төлбөр болох 14,868,210 төгрөгийг төлөөгүй шалтаг шалтгаан хэлж хойшлуулсаар огт төлөөгүй.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулсан түрээслэх түрээслүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн бичгэн тохиролцоог анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн хэрнээ тухайн байранд засвар хийсэн зардлыг тооцсон, мөн нэхэмжлэгч нарын 7 сарын хугацаанд миний түрээсийн зүйлийг ашиглаж ашиг, орлого олж байсан тухай огт дурдаагүй, шийдвэрлээгүй атал Нэхэмжлэгч талд гаргаж байгаа нь гомдолтой зайна.

Иймд давж заалдах шатны шүүхээс гаргасан магадлалд дурдсан түрээсийн төлбөрт шаардсан 14,868,210 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Хариуцагч П.Мөнхзаяагийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2022.10.03-ны өдрийн 001/ШХТ2022/00960 дугаар тогтоолыг гаргажээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

7. Хэрэгт цугларсан баримтаар 2018 оны 01 дүгээр сард нэхэмжлэгч нар нь П.Мөнхзаяагийн өмчлөлд бүртгэлтэй Өсөх трейд ХХК-ийн караоке, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 180 м.кв талбай бүхий объектыг 2 жилийн хугацаатай, сарын 2,000,000 төгрөгөөр түрээслэхээр, гэрээний хугацаа дууссаны дараа засварын зардлыг 100 хувь буцаан төлөх, обкъектыг бусдад худалдахаар бол тэргүүн ээлжинд түрээслэгч нарт худалдахаар харилцан тохиролцсон байна.

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч нар өөрсдийн хөрөнгөөр засвар хийж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн, зохигч 2018 оны 07 сараас маргалдаж, 2018.07.23-ны өдөр гэрээ цуцлагдаж, хариуцагч хөрөнгөө өөрийн эзэмшилд буцаан авсан үйл баримт тогтоогджээ.

 

Гэрээг амаар байгуулж, үйл ажиллагаа явагдаж байх хугацаанд буюу 2018.06 сард бичгээр нөхөж байгуулсан байна.

 

8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...засварын зардал 18,000,000 төгрөг, гэрээ байгуулаагүй байхад түрээсийн төлбөрт шилжүүлсэн 5,000,000 төгрөг, засвар хийхэд банкнаас авсан зээлийн хүүгийн төлбөр 5,244,000 төгрөг, шинжээчийн зардал 1,200,00 төгрөг, нийт 29,444,000 төгрөгийг хариуцагч Өсөх трейд ХХК-иас гаргуулна... гэж тайлбарласан.

 

Хариуцагч Өсөх трейд ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...засварын зардлаа нотлоогүй, гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрт 14,000,000 төгрөг төлөхөөс 4,880,000 төгрөг төлснөөс өөр төлбөр хийгээгүй... гэж маргасан бөгөөд ...түрээсийн үлдэгдэл төлбөр 9,120,000 төгрөг, түрээсийн хугацааны ашиглалтын зардал 1,203,110 төгрөг, түрээсэлсэн хугацаанд эвдэлж, хэмхэлсэн эд зүйлийн засварын зардал 4,363,100 төгрөг, компанийн хашаанд байрлах дугуй засварын газрын 7 сарын түрээсийн төлбөр 1,104,000 төгрөг, нийт 15,790,210 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

9. Хэрэг шүүхэд хянагдах явцад буюу 2019.11.28-ны өдөр хариуцагч П.Мөнхзаяа Өсөх трейд ХХК-ийн эрхийг 100% Т.Байгалмаад шилжүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч нараас П.Мөнхзаяаг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн, улмаар П.Мөнхзаяа нэхэмжлэгч нарт холбогдуулан түрээсийн төлбөрийн үлдэгдэл 9,120,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т зааснаар анхан шатны шүүх: - нэхэмжлэлийн шаардлагыг хангах, - нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдснийг хэрэгсэхгүй болгох, - нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргана.

 

Анхан шатны шүүх хариуцагч П.Мөнхзаяагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулаагүй нь шийдвэр, магадлал хуулийн дээрх шаардлагад нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

11. Түүнчлэн хариуцагч П.Мөнхзаяа өөрийн эзэмшлийн Өсөх трейд ХХК-ийг бусдад шилжүүлсэн үндэслэлээр хэрэгт хамтран хариуцагчаар татагдаж, бие даасан сөрөг нэхэмжлэл гаргасан байхад шүүх хуралдаанд тэрээр хувь хүн, хуулийн этгээдийг алийг нь төлөөлж оролцож байгаа нь ойлгомжгүй, эрх зүйн байдал тодорхойгүй байна.

 

12. Мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүйгээс шүүх зохигчийн хооронд үүссэн харилцаанд өөр өөр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Тухайлбал, нэхэмжлэгчээс: ...засвар хийх эхний 3 сарын хугацаанд түрээсийн төлбөрөөс чөлөөлөхөөр харилцан тохиролцсон тул 5 дугаар сараас түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлж байсан... гэж тайлбарласан бол, хариуцагч ... засварыг 14 хоногийн хугацаанд хийж дуусгаад үргэлжлүүлээд түрээсэлнэ гэсэн, 7 сарын түрээсийн төлбөрт 4,980,000 төгрөг төлснөөс өөр төлбөр хийгээгүй, үлдэх төлбөрийн нэхэмжилнэ... гэж маргажээ.

 

Зохигч засварын ажил хийх хугацааг болон засвар хийх хугацаанд түрээсийн төлбөрөөс чөлөөлөхөөр харилцан тохиролцсон эсэх нь тодорхойгүй, хэрэгт энэ тухай баримтгүй, маргаантай байхад шүүх энэ талаар тодруулаагүй байна.

 

13. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

14. Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зөрчлийг залруулж, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 462 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 209/МА2022/00052 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан хариуцагч П.Мөнхзаяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч П.Мөнхзаяагаас 2022.08.05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД                               Г.БАНЗРАГЧ

                                                Н.БАЯРМАА

                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                         Х.ЭРДЭНЭСУВД