Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/03138

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ................ тоот хаягт байрлах, Ц ХХК /РД:0000000/,

 

Хариуцагч: ................ тоот хаягт оршин суух, Б овогт Б.Э /РД:00000000/

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 463,716,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, хариуцагч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Б, гэрч Д.Д, Г.Б, А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч Б.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 463,716,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Б.Э нь Ц ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 215 тоот зээлийн гэрээ байгуулж, 41,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай, хувийн хэрэгцээний зориулалтаар зээлсэн, мөн 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 216 тоот зээлийн гэрээ байгуулж, 60,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай, хувийн хэрэгцээний зориулалтаар зээлсэн. Дээрх зээлийн гэрээнүүдийг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ба нэхэмжлэгчид мөнгө орж ирэх өдрөөр буюу 2014 оны 12 дугаар сарын 31, 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөр гэрээг огноолж, зээлийг хариуцагчийн хүсэлтийн дагуу И ХХК-д шилжүүлсэн. Зээлийн хүүгийн төлбөрт 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 2,430,000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 1,744,670 төгрөг төлсөн. Үүнээс хойш төлбөр огт төлөөгүй. Иймд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээл 41,000,000 төгрөг, үндсэн хүү 122,647,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,358,667 төгрөг, нийт 188,436,000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 05-ны зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээл 60,000,000 төгрөг, үндсэн хүү 180,895,330 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,640,000 төгрөг, нийт 275,280,000 төгрөг, 2 зээлийн гэрээний төлбөрт 463,716,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

1.2. Б.Э-тай байгуулсан 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 216 тоот зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 216 тоот барьцааны гэрээ байгуулж, Ц.А-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ............... тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг с барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Б.Э нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

2.1 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр БНСУ руу явсан хойгуур И XXК нь миний зээлийг надад огт хэлж мэдэгдэлгүйгээр Ц ХХК-д шилжүүлсэн. 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр БНСУ-аас ирэхэд зээлийг өөр банк бусад шилжүүлсэн, гэрээнд гарын үсэг зур гэж шаардсаны дагуу гарын үсэг зурсан. Тухайн гэрээгээр мөнгө аваагүй, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байсан, түүнчлэн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, харин И ХХК-д төлөх төлбөртэй гэв.

3. Хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч Ц ХХК-д холбогдуулан зээлийн гэрээнүүдийг хууль зөрчсөн, дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн зээлийн төлбөрт төлсөн 4,174,670 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

3.1. Зээлийн гэрээнүүдээр 101,000,000 төгрөг хүлээлгэж өгөөгүй, зөвшөөрөлгүйгээр зээлийг шилжүүлэн авч хууль зөрчсөн. Дээрх зээлийн гэрээнүүдээр бэлэн мөнгө зээлсэн гэж байгуулсан нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Хүчин төгөлдөр бус гэрээний төлбөрт 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 2,430,000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 1,744,670 төгрөг, нийт 4,174,670 төгрөгийн хохирол учирсан тул буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 215 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 215 дугаартай барьцааны гэрээ, 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 216 дугаартай зээлийн гэрээ,2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 216 дугаартай барьцааны гэрээ,зээл, хүүгийн тооцоолол, кассын зарлагын ордер, 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагчийн Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол, 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлстийн мөрдөн байцаагчийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох санал, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 0000 дугаартай прокурорын тогтоол, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай 0000 дугаартай прокурорын тогтоол, 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 0/00 дугаартай, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 0/000 дугаартай Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 0/0000 дугаартай Улсын Ерөнхий Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн санал, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 0/0000 дугаартай Нийслэлийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 00/4-0000 дугаартай Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны албан бичиг, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн******* дугаартай, 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 000000000 дугаартай, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 0000 дугаартай, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаартай Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоолууд, 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 0000 дугаартай Ерөнхий Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 0000 дугаартай Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын тогтоол, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 0/000 дугаартай Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын прокурорын тогтоол, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Ц ХХК-д гаргасан Б.Э-ын хүсэлт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 00/0000 дугаартай Ц ХХК-ийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Ц ХХК-ийн зээлдэгч Б.Э-тай хийсэн ярилцлага, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б.Э-ын бичгэн тайлбар, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 00/0000 дугаартай Ц ХХК-ийн Өргөдөл гаргах нь албан бичиг, 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагчийн Б.Э-ыг дахин байцаасан тухай тэмдэглэл, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр, 2020 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2-00/00000 дугаартай Хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг, хавсралт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 00000 дугаартай захирамж, мөн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 00193 дугаартай шүүгчийн захирамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1141 дугаартай тогтоолыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 000 дугаартай Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШЗ2021/07046 дугаартай захирамж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 04/2665 дугаартай албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны тодорхойлолт, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 40/148 дугаартай, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 39/58 дугаартай Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт, эмнэлгээс өвчтөн илгээх хуудас, Б.Э, Г.Ц нарын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, М.Ж, М.Ц нарын төрсний гэрчилгээ, М.Я-ын төрсний бүртгэлийн лавлагааг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн******* дугаартай Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоол, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 5/935 дугаартай Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1008 дугаартай Нийслэлийн Прокурорын газрын Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол, 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б.Э-ыг дахин байцаасан тэмдэглэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Э-аас Ц ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн мөрдөн байцаагчийн Баримт бичигт үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр, 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр, 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрүүдийн гэрчийн мэдүүлэг, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн санал, 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 330 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 88 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын ******* дугаартай албан бичиг, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Улсын Ерөнхий Прокурорын газрын 1/48 дугаартай прокурорын тогтоол, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 5/2387 дугаартай албан бичиг, 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Улсын Ерөнхий прокурорын газрын 5/2887 дугаартай албан бичиг, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн хохирогчоос авсан мэдүүлэг, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрүүдийн гэрчийн мэдүүлэг, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн гэрчүүдийг нүүрэлдүүлсэн мэдүүлэг, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын******* дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолыг, шүүхийн санаачлагаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас гаргуулсан нотлох баримтууд, Ц ХХК-иас Б.Э-д холбогдох зээлийн хувийн хэрэг, И ХХК-иас Б.Э-д холбогдох зээлийн баримтууд, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс барьцаа хөрөнгийн лавлагаа, нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Д, А.З, Г.Б нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэргийг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 41,000,000 төгрөг, үндсэн болон хугацаа хэтэрсэн хүү 125,077,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,358,667 төгрөг нийт 188,436,000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 60,000,000 төгрөг, үндсэн болон хугацаа хэтэрсэн хүү 182,640,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,640,000 төгрөг нийт 275,280,000 төгрөг буюу 2 гэрээний үүрэгт нийт 463,716,000 төгрөг гаргуулах, уг үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурсан боловч зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээж аваагүй, Монгол Улсад байгаагүй үед И ХХК-иас авсан зээлийн төлбөрийг зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгчид шилжүүлж хууль зөрчсөн, бэлэн мөнгө зээлсэн мэтээр дүр үзүүлэн гэрээ байгуулсан гэж марган татгалзалтайгаа холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 215 дугаар зээлийн гэрээ, 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 216 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, зээлийн төлбөрт төлсөн 4,174,670 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ, зээлийн анкет, мөнгө шилжүүлсэн баримт, зээлийн хүүгийн тооцоолол, хариуцагчийн дансны хуулга, үүсгэн байгуулагчийн шийдвэр, хуулийн этгээдийн улсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрт 101,000,000 төгрөгийг хариуцагч Б.Э-тай харилцан тохиролцож, түүний зөвшөөрлөөр И ХХК-д бэлнээр хүлээлгэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж, хариуцагч нь гэрээ байгуулах, мөнгө хүлээн авахад Монгол улсад байгаагүй, хэн нэгэнд мөнгө хүлээн авах зөвшөөрөл олгоогүй, И ХХК-ийн зээлийн өр төлбөрийг төлнө гэсэн тохиролцоо хийгээгүй гэж маргаж байна.

6. Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч Б.Э-тай 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 215 тоот зээлийн гэрээ байгуулж, 41,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай, хувийн хэрэгцээний зориулалтаар зээлсэн, мөн 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 216 тоот зээлийн гэрээ байгуулж, 60,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай, хувийн хэрэгцээний зориулалтаар зээлдүүлэхээр тус тус зээлийн гэрээ, уг гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ц.А-ийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж 2014 оны 12 дугаар сарын 31, 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр зохигчид барьцааны гэрээ байгуулжээ.

7. 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээг 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр бүртгүүлжээ. Дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу хариуцагчид шилжүүлэх зээлийн мөнгөн хөрөнгөөс 303,000 төгрөгийг зээлийн шимтгэлд суутган авч, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 40,024,000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 60,642,670 төгрөгийг И ХХК-д шилжүүлэн өгсөн байна.

8. Хариуцагч нь И ХХК-иас 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр 80,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан байх ба уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ц.А-ийн өмчлөлийн орон сууцыг барьцаалжээ. Энэхүү гэрээний үүргээ хариуцагч 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд огт биелүүлээгүй байна. Тухайн гэрээний үүрэгт И ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн үндсэн төлбөрт 20,000,000 төгрөг, хүү болон нэмэгдүүлсэн хүү 20,024,000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн үндсэн төлбөрт 60,000,000 төгрөг, хүү болон нэмэгдүүлсэн хүү 642,670 төгрөг нийт 100,666,670 төгрөгийг нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан мөнгөөр төлүүлж, Б.Э-ын гэрээгээр хүлээсэн үүргийг дуусгавар болгосон гэжээ.

9. Хариуцагч нь 215, 216 тоот зээл, барьцааны гэрээг байгуулах үед буюу 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын хилээр гарч, 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр орж ирсэн байна.

Тухайн үйл баримтуудаас дүгнэвэл хариуцагчийг Монгол Улсад байхгүй үед нэхэмжлэгч Ц ХХК-иас И ХХК-д 100,666,670 төгрөг шилжүүлж, хариуцагчийн гуравдагч этгээдийн буюу И ХХК-ийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болсон үйл баримт тогтоогдов.

10. Дээрх зээлийн гэрээнүүдтэй холбоотой асуудлаар Б.Э-д холбогдуулан И ХХК-ийн захирал Д.Д-ийн гаргасан гомдлыг шалгаж Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн******* дугаар тогтоолоор Б.Э-ын үйлдэл гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, Ц ХХК-ийн захирал Д.Д-ийн гаргасан гомдлыг шалгаад Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн******* дугаар тогтоолоор тухайн хэрэгт өөр газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа буюу ижил утга, агуулга бүхий гэмт хэрэг тус бүрд мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэсэн үндэслэлийг зааж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна. Өөрөөр хэлбэл И ХХК болон Ц ХХК-ийн гаргасан гомдлуудыг нэг ижил утга, агуулгатай гэж байжээ.

11. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ гэж тодорхойлжээ. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ нь тодорхой мөнгөн хөрөнгийг зээлдэгчид тодорхой хэрэгцээ шаардлагад нь зориулж эргэн төлөх нөхцөл, баталгаатай /санхүүгийн чадвар, эргэн төлөх боломжит хугацаа/, хүүтэй, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгааг гаргуулж, дээрх баталгаа хангагдсан нөхцөлд олгодог зээл юм. Өөрөөр хэлбэл дээрх баталгаа хангагдсан нөхцөлд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу зээлийг олгох талаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж заасан.

12. Талууд 2014 оны 12 дугаар сарын 31, 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнүүдийг 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр нотариатчаар гэрчлүүлж, барьцааны эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул дээрх гэрээнүүдийг 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр нөхөж байгуулсан гэж үзнэ.

13. И ХХК нь гуравдагч этгээд буюу Ц ХХК-иас үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан болохоо шүүхэд гаргаж өгсөн баримтаар илэрхийлжээ. Энэхүү үйлдэл нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасантай нийцжээ.

14. Тухайн үед И ХХК-ийн зээлийг Ц ХХК-иас зээл авч төлөх хүсэл зориг хариуцагчид байсан, энэ талаар тохиролцоо хийсэн болохыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байна. Иймд дээрх үйлдлийг хариуцагчийн хүсэл зоригоос үл хамааран хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагчийг хожим хүсэл зоригоо илэрхийлж зээлийн гэрээг 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэж үзэхгүй.

15. Өөрөөр хэлбэл, талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зээлдүүлэгч Ц ХХК нь зээлдэгч Б.Э-ыг Монгол Улсаас явахаас өмнө буюу 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн 215, 216 тоот гэрээг байгуулж, эдгээр зээлийн гэрээний төлбөр 101,000,000 төгрөгийг зээлдэгчийн зээлийн дансанд олгоогүй, бодит үйлдлээр хэрэгжээгүй байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдаагүй гэж үзлээ. Иймд нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй байна.

16. Харин нэхэмжлэгч нь Б.Э-тай байгуулсан 215, 216 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн учраас өөрөө сайн дураар хариуцагчийн төлбөрийг төлж, түүнийг гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн үүргээс чөлөөлсөн, хариуцагч үүнийг татгалзаагүй байна.

17. Иймд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж зааснаар нэхэмжлэгч нь И ХХК-д шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө хариуцагчаас шаардах эрхтэй. Иймд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч 101,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

18. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх нь барьцаалагчид өөрийн шаардлагаа бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулж авах эрхийг олгодог бөгөөд Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ гэж зааснаар салгаж үл болох эрх юм. Өөрөөр хэлбэл үндсэн шаардах эрх болох зээлийн гэрээний үүрэг байхгүй буюу уг гэрээ байгуулагдаагүй тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэж, дангаар нь шийдвэрлэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

19. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцохгүй бөгөөд уг гэрээ хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул эрх зүйн үр дагавар үүсгэдэггүй, харин тухайн гэрээгээр өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үүрэг үүснэ. Хэлбэрийн хувьд бичгээр байгуулагдсан байх боловч бодит байдлаар хэрэгжүүлээгүй, тухайн гэрээг байгуулагдаагүй гэж дүгнэсэн тул хариуцагч нь уг гэрээний үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхгүй.

20. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 4,174,670 төгрөг гаргуулах гэж тодорхойлж, нэхэмжлэгчид төлөх төлбөрөөс 4,174,670 төгрөгийг төлсөн байх тул Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 4,174,670 төгрөгийг хасаж хариуцагчаас 96,825,330 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 366,890,670 төгрөг гаргуулах болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

21. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж үзнэ.

22. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 642,077 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Хариуцагч нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э-аас 96,825,330 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 366,890,670 төгрөг гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,546,730 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 642,077 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ