Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2022/02821

 

2022    10     04                                                             182/ШШ2022/02821

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С дүүрэг, 0 дугаар хороо, Дамбадаржаа 0 тоот хаягт оршин суух, О овогт Л.С /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч Ч дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж 0 байр 0 тоотод оршин суух, Т овогт Б.Б /РД:00000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ч дүүрэг, 0 хороо, 0 байр, 0 тоот 0 м.кв талбайтай, Ү-00000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.Б шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ганбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ганболд,

Гэрч Ц.Н, Ч.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Л.С нь хариуцагч Б.Бд холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийн гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Хариуцагч Б.Б нь Ч дүүрэг, 0 хороо, 0 байр, 0 тоот хаягт байрлах, 0 м.кв талбай бүхий орон сууцанд 2013 оноос хойш ямарваа нэгэн түрээсийн төлбөр төлөхгүйгээр өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Б.Бтай Төлбөр барагдуулах тухай хэлцэл хийж байрны төлбөрийг 2022 оны 6 дугаар сарын 08-ны дотор бүрэн төлөх, төлөхгүй тохиолдолд байрыг суллуулах нөхцөлтэйгээр харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй тул орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү... гэв.

 

2.Хариуцагч Б.Б хариу тайлбартаа Миний бие Я ХХК-д 2010 оны 4 дүгээр сараас хойш 2019 он хүртэл механик инженерийн албан тушаалд олон жил үр бүтээлтэй ажилласан. Энэхүү хугацаанд тус Я ХХК-ийн захирал Л.С нь өөрийн өмчлөлийн тус маргаан бүхий орон сууцыг 5 жил тогтвор суурьшилтай ажиллавал өмчлөлд шилжүүлэн өгөх болзолтойгоор 2012 онд орон сууцны түлхүүрийг надад гардуулан өгсөн.

Ингээд миний бие 5 жил Я ХХК-д тогтвор суурьшилтай ажилласны дараа буюу 2017 онд маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулж бэлэглэлийн гэрээ бичгээр байгуулсан бөгөөд орон сууцны ордер барьцаанд байгаа гэсэн шалтгаанаар өнөөдрийг хүртэл ордероо өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй.

 

Маргаан бүхий орон сууцанд миний бие өнөөдрийг хүртэл 10 жил амьдарч байгаа бөгөөд Я ХХК-д 5 жил тогтвор суурьшилтай ажиллах болзлыг хангасны үндсэн дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн орон сууцаа буцаан авахаар шүүхэд хандсан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

 

3.Хариуцагч Б.Баас нэхэмжлэгч Л.Сид холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцэл-ийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ч дүүрэг, 0 хороо, 0 байр, 0 тоот 0 м.кв талбайтай, Ү-00000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.Бд шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

3.1.Б.Б нь Я ХХК-д 2010 оны 04 дүгээр сард машин механизмын инженерээр ажилд ороод ажиллаж байтал 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр захирал ажлын өрөөндөө дуудаад Манай компанид мэдлэг чадвартай, механизмын инженерээр мэргэшсэн ийм чадварлаг боловсон хүчин байхгүй, компаний зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд чиний хувийн байдлыг судалж үзээд Налайх дүүргээс ажилдаа ирдэг, хотод байхдаа машиндаа хонож ажилладаг, тиймээс орон байр бэлэглэхээр шийдлээ, харин чи манай компанид тогтвор суурьшилтай 5 жилийн хугацаанд ажиллах нөхцөлтэй шүү, сайн ажиллаарай гэж хэлээд намайг шууд дагуулж яваад Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 44 дүгээр байр, 69 тоот, 38 м.кв талбайтай байр үзүүлж түлхүүрийг гардуулж өгсөн...

 

Ингээд 5 жил тогтвортой ажилласаны дараа 2017 оны 11 дүгээр сард Л.С захиралтай уулзаж бэлэглэсэн байраа шилжүүлж авах талаар ярилцахад Бэлэглэлийн гэрээ хийе гээд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Бэлэглэлийн гэрээ-г бичгээр байгуулан тус орон сууцыг надад бэлэглэсэн.

 

Хэсэг хугацааны дараа маргаан бүхий орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авахаар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар очиход Бэлэглэлийн гэрээ-г нотариатаар гэрчлүүлэх шаардлагатай гэж хэлэхээр нь захирал Л.Стой уулзахад Тус орон сууц нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар барьцаанд байгаа учир барьцаанаас чөлөөлсний дараа нэр шилжүүлж өгнө гэсээр байгаад өнөөдрийг хүрсэн учраас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж өгнө үү...

 

3.2.Миний бие маргаан бүхий орон сууцандаа 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл 11 дэх жилдээ амьдарч байна. 2021 онд би Ковид-19 вирусийн халдвар аваад 10 хоног хэвтэн эмчлүүлсэн, эмнэлгээс гарсны дараа захирал Л.С намайг дуудаад ажил цалгардаад байна, 6 сар цалингүй ажилла, эсвэл ажлаас гар гэх шаардлага тавьсан бөгөөд 6 сар цалингүй ажиллах боломжгүй болсон тул өөрийн хүсэлтээр ажлаас гарсан.

 

... 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байрныхаа өмчлөх эрхийг шилжүүлж авъя гээд компани дээр очиход, захирал Л.С нь байр барьцаанд байгаа, чи энэ байрыг 100,000,000 төгрөгөөр худалдаж авч болно авахгүй бол бусдад зарж борлуулна гэхээр нь би тухайн үед гүн шоконд орж, энэ олон жилийн хугацаанд намайг тогтвортой ажиллуулах гэж хуурсанд итгэж чадаагүй учраас би байраа алдахгүйн тулд эхнэр, аав, ээждээ энэ талаар хэлэхээс айгаад гэрээнд нь гарын үсэг зурсан.

 

Захирал Л.С намайг хуурч, төөрөгдүүлж Төлбөр барагдуулах тухай хэлцэл-д гарын үсэг зуруулсанд гомдолтой байгаа тул 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцэл-ийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү... гэв.

 

4.Нэхэмжлэгч Л.С хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд ...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцэл-ийг хуурч, төөрөгдүүлж гарын үсэг зуруулсанд гомдолтой байгаа тул хүчин төгөлдөр бусад тооцуулах гэсэн байна. Уг хэлцлийг байгуулахдаа хариуцагч нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байгаа, олон жил ямар нэгэн төлбөр, түрээс төлөлгүй ашиглаж ирсэн, анхны үнээр тодорхой хугацаа хүсч худалдаж авахаар өөрийн санаа зорилгоо тусгаж байгуулсан.

 

Хэлцлийн утга санааг маш тодорхой ойлгомжтой 2 тал тусгаж уншин танилцаж, бүрэн зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэвч хэлцэлд заасан хугацаа дуусч үүргээ биелүүлэх болохоор төөрөлдсөн, хууртсан мэтээр хариуцлагаас мултрах оролдлого хийж байгаа тул эхний шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 4/6263 дугаар бүхий Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн албан тоотод энэхүү байр нь ямар ч банк, Банк бус санхүүгийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт барьцаалагдсан, хураагдсан, хязгаарлагдсан гэж байхгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

4.2. 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш хугацаа тоолж үзвэл 9 жил, 9 сар атал 11 жил гаргуй гэж байгааг ойлгохгүй байна. Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 4/6263 дугаар бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн албан тоотод уг байр нь 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Л.Сийн өмчлөлд шилжсэн байна.

 

Энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэл уг үл хөдлөх хөрөнгө нь бусдад худалдагдаагүй, Банк, Банк бус санхүүгийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ямарваа нэгэн байдлаар барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, эрх нь хязгаарлагдаагүй байгаа зэрэг нь цорын ганц хууль ёсны өмчлөгч Л.С байтал яагаад Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авна гэсэн заалтыг зөрчсөн шаардлага гаргаж байгаа нь хэтэрхий ухамсаргүй үйлдэл тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн тайлбарыг гаргасан.

 

5. Нэхэмжлэгч Л.С нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2022.06.10-ны өдөр 70,200 төгрөг төлсөн баримт /хх-ийн 3 х/,

-Улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-ийн 4 х/,

-2021.12.08-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцэл /хх-ийн 5/,

-2022.06.07-ны өдрийн Б.Бын Төлбөр барагдуулах тухай хэлцэл-ийн дагуух хариу хүсэлт /хх-ийн 6 х/,

-2022.06.23-ны өдрийн Л.Соос Р.Ст олгосон итгэмжлэл /хх-ийн 13 х/,

-2021.11.29-ний өдрийн 88 дугаартай Я ХХК-ийн захирлын Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал /хх-ийн 25 х/,

-Б.Бын ажлаас чөлөөлөгдөх хүсэлт /хх-ийн 29 х/,

-Улсын бүртгэлийн 00000000 дугаар бүхий Я ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 86 х/,

-2022.09.28-ны өдрийн Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаа /хх-ийн 89 х/ зэрэг баримтуудыг.

 

6.Хариуцагч Б.Б нь татгалзалтайгаа холбогдуулан

-2022.07.07-ны өдөр Б.Баас Б.Сд олгосон итгэмжлэл /хх-ийн 16 х/,

-2022.07.07-ны өдрийн 488 дугаартай Чингэлтэй дүүргийн 0 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 18 х/,

-2017.11.13-ны өдрийн 63 дугаартай Зам барилгын Я ХХК-ийн хүний нөөцийн ажилтны тодорхойлолт /хх-ийн 19 х/,

-2017.11.13-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ /хх-ийн 20-22 х/,

-Авто баазын механизмын засвар үйлчилгээ хариуцсан инженер механикийн ажил үүргийн хуваарь /хх-ийн 60-61 х/,

-2021.07.01-ний өдрийн 41/А дугаар Я ХХК-ийн захирлын Ажил үүрэг хавсран гүйцэтгэх тухай тушаал /хх-ийн 62 х/,

-Авто баазын асфальт дэвсэгч, хөрс боловсруулагч техник хариуцсан инженерийн ажил үүргийн хуваарь /хх-ийн 63-64 х/,

-Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2022.08.05-ны өдөр 587,750 төгрөг, 70,200 төгрөг тус тус төлсөн баримт /хх-ийн 68 х/,

-Б.Бын Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 70 х/,

-Б.Бын авч байсан шагналын хуулбарууд /хх-ийн 71-73 х/,

-2022.08.08-ны өдрийн 22/41 дүгээр Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 74 х/,

-2022.10.03-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 93-95 х/ зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

 

7.Талуудын хүсэлтээр шүүхийн журмаар

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 4/6263 тоот Албан бичиг түүний хавсралтууд болох 1999 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 0075442 тоот улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, Орон сууц худалдах-худалдан авах гэрээ, 0000000 дугаартай гэрчилгээ, 2008 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Бэлэглэлийн гэрээ, 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Орон сууцны бэлэглэлийн гэрээ /хх-ийн 40-56 х/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс Б.Бд холбогдуулан гаргасан орон сууц чөлөөлүүлэх тухай Л.Сийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

 

Л.Сид холбогдуулан гаргасан 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Ч дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 байр, 0 тоот хаягт байршилтай, 0 м.кв талбайтай, Ү-00000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай Б.Бын сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Л.С нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.Б нь 2013 оноос хойш өндөөрийг хүртэл Ч дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 байр, 0 тоот хаягт байршилтай, 0 м.кв талбай бүхий орон сууцанд ямар нэгэн түрээсийн төлбөр төлөхгүйгээр амьдарч байгаа.

Манай компанийн дотоод журмаар шаардлагатай ажилчидаа ажиллаж байх хугацаанд нь орон сууцаар хангахаар зохицуулсан бөгөөд тухайн үед компанийн орон сууц байхгүй байсан учраас өөрийн өмчлөлийн орон сууцанд хариуцагчийг оруулсан. Б нь өөрийн хүсэлтээр Я ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцласан учраас нэхэмжлэгчийн хувьд хариуцагчийг өөрийн өмчлөлийн орон сууцанд үргэлжлүүлэн амьдруулах боломжгүй болсон.

 

Мөн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төлбөр барагдуулах тухай хэлцэл хийж байрыг анхны үнээр буюу 100,000,000 төгрөгөөр худалдан авах бөгөөд төлбөрийг 2022 оны 6 дугаар сарын 08-ны дотор бүрэн төлөх, төлөхгүй тохиолдолд байрыг суллаж өгөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй тул орон сууцаа албадан чөлөөлүүлнэ тайлбарласан.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд: Миний бие 2010 оны 04 дүгээр сард Я ХХК-д машин механизмын инженерээр ажилд орсон бөгөөд 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр захирал ажлын өрөөндөө дуудаад ...орон байр бэлэглэхээр шийдлээ, харин чи манай компанид тогтвор суурьшилтай 5 жилийн хугацаанд ажиллах нөхцөлтэй шүү, сайн ажиллаарай гэж хэлээд намайг шууд дагуулж яваад Ч дүүрэг, 0 дугаар хороо, 0 байр, 0 тоот, 0 м.кв талбайтай байр үзүүлж түлхүүрийг гардуулж өгсөн. Ингээд 5 жил тогтвортой ажилласаны дараа 2017 оны 11 дүгээр сарын 13-нд Орон сууц бэлэглэлийн гэрээ-г байгуулж, бэлэглэсэн учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

4.Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн улсын бүртгэлийн Ү-2202004928 дугаарт бүртгэлтэй Ч дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 дүгээр байр, 0 тоот хаягт байршилтай, 0 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн 00000000 дугаартай гэрчилгээ, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцэл, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцлийн дагуух хүсэлт, Я ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 63 тоот Тодорхойлолт, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 88 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 4/6263 тоот Албан бичиг түүний хавсралтууд болох 1999 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 0075442 тоот улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, Орон сууц худалдах-худалдан авах гэрээ, 0000000 дугаартай гэрчилгээ, 2008 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Бэлэглэлийн гэрээ, 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Орон сууцны бэлэглэлийн гэрээ, Авто баазын механикмын засвар үйлчилгээ хариуцсан инженер механикийн ажил үүргийн хуваарь Я ХХК-ийн захирлын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Ажил үүрэг хавсран гүйцэтгэх тухай тушаал, Авто баазын асфальт дэвсэгч, хөрс боловсруулагч техник хариуцсан инженерийн ажил үүргийн хуваарь, НДД№А000000 тоот Нийгмийн даатгалын дэвтэр, Я ХХК-ийн 0000000 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1.Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө буюу улсын бүртгэлийн Ү-2202004928 дугаарт бүртгэлтэй Ч дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 байр, 0 тоот хаягт байршилтай, 0 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч Л.С нь 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Орон сууц бэлэглэлийн гэрээ-г Х ХХК-ийн захирал М.Итай байгуулан, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00000000 тоот гэрчилгээ авч хууль ёсны өмчлөгч болжээ. /хх-ийн 54-55, 56 х/

 

4.2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцаа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

4.3.Гэвч 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр талууд Орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулж, 000000000 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй Ч дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 байр, 0 тоот хаягт байршилтай, 0 м.кв талбай бүхий 0 өрөө орон сууцыг Я ХХК-ийн захирал ажилтай Л.С нь Б.Бд хариу төлбөргүйгээр бэлэглэсэн байна. /хх-ийн 20-21 х/

 

4.4.Нэхэмжлэгч Л.С нь Я ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага болох нь Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт болох Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр, хариуцагч Б.Б нь Я ХХК-д 2010 оны 5 дугаар сарын 06-ны өдөр машин механизмын инженерээр ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 88 тоот захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь НДД№А000000 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зохигчийн тайлбараар тус тус тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй учраас шүүхээс маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй юм. /хх-ийн 25, 70, 86, 89, 93-95 х/

 

4.5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна. гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Манай компанийн дотоод журмаар шаардлагатай ажилчидаа ажиллаж байх хугацаанд нь орон сууцаар хангахаар зохицуулсан бөгөөд тухайн үед компанийн орон сууц байхгүй байсан учраас өөрийн өмчлөлийн орон сууцанд хариуцагчийг оруулсан... гэж тайлбарласан боловч энэ талаар баримтаар нотлоогүй тул хариуцагчийн ...чи манай компанид тогтвор суурьшилтай 5 жилийн хугацаанд ажиллах нөхцөлтэй шүү, сайн ажиллаарай гэж хэлээд намайг шууд дагуулж яваад Улаанбаатар хот, Ч дүүрэг, 0 дугаар хороо, 0 байр, 0 тоот, 0 м.кв талбайтай байр үзүүлж түлхүүрийг гардуулж өгсөн..., ингээд 5 жил тогтвортой ажилласны дараа 2017 оны 11 дүгээр сард Л.С захиралтай уулзаж бэлэглэсэн байраа шилжүүлж авах талаар ярилцахад Бэлэглэлийн гэрээ хийе гээд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Бэлэглэлийн гэрээ-г бичгээр байгуулан тус орон сууцыг надад бэлэглэсэн... гэх тайлбарыг бодит үнэнд нийцсэн гэж үзнэ.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно. гэж заасан.

 

Гэрч Ц.Нийн ...2012 оны намар манай захирал надад байр бэлэглэсэн гэж утсаар ярихдаа хэлсэн..., энэ байранд бид өнөөдрийг хүртэл амьдарч байгаа..., гэрч Ч.Бийн ...хүүд маань байгууллагаас нь 5 жил тогтвор сууршилтай ажиллах нөхцөлтэйгөөр байр бэлэглэсэн учраас бид байрны найр хийж орсон... гэх мэдүүлгүүд нь Орон сууцны бэлэглэлийн гэрээ, Я ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 63 тоот Тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 19, 20 х/

 

5.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ., 276.2-т Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж тус тус заасан.

 

5.1.Бэлэглэлийн гэрээ нь нотариатаар гэрчлэгдсэн байхыг шаардах боловч зарим тохиолдолд хөрөнгийг бэлэглэсэн, бэлгийг хүлээн авагчид шууд, нэн даруй шилжүүлсэн бол бэлэглэлийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байх хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангаагүй байгаа энэхүү гэрээ хүчин төгөлдөр бус болохгүй.

 

Тодруулбал бэлэглэлийн гэрээний үүрэг нэн даруй гүйцэтгэгдсэн буюу нэхэмжлэгч нь хариуцагчид маргаан бүхий орон сууцыг шилжүүлсэн болох ь тогтоогдсон тул 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр болсон гэж үзэх бөгөөд нотариатчаар гэрчлүүлсэн байх хэлбэрийн шаардлагыг хангасан байх шаардлагагүй.

 

5.2.Энэ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог.

 

5.3.Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл гэдэг бол зөвхөн тухайн хэлцэлд оролцогч иргэн хуулийн этгээдийн хүсэл зорилго, эрмэлзэл байх бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдож үүсдэг үүргийн харилцаа тул нэхэмжлэгч Л.С, хариуцагч Б.Б нарын хоорондох бодит хүсэл зориг, эрмэлзэл нь тухайн хэлцэл, гэрээний агуулгыг тодорхойлох учиртай юм.

 

5.4. Мөн Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д Бэлэглэгч, түүний өвлөгч дараахь тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй:, мөн 280.1.1-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн;, 280.1.2-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан, гэж заасан бөгөөд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох дээрх үндэслэлүүд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

5.5. Иймээс Б.Бд холбогдох Ч дүүрэг, 0 дугаар хороо, 0 байр, 0 тоот хаягт байршилтай, 0 м.кв талбай бүхий 0 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай Л.Сийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

6.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

6.1.Хариуцагч Б.Б нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Ч дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 байр, 0 тоот хаягт байршилтай, 0 м.кв талбайтай, Ү-000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

 

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр учраас 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцэл нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хуурч мэхлэж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж байна.

 

7.Нэхэмжлэгч Л.С нь хариуцагч Б.Бын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд:

 

7.1.Төлбөр барагдуулах тухай хэлцэл нь хүчин төгөлдөр бөгөөд хариуцагч нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байгаа, олон жил ямар нэгэн төлбөр, түрээс төлөлгүй ашиглаж ирсэн, анхны үнээр тодорхой хугацаа хүсч худалдаж авахаар өөрийн санаа зорилгоо тусгаж байгуулсан. Хэлцлийн утга санааг маш тодорхой ойлгомжтой 2 тал тусгаж уншин танилцаж, бүрэн зөвшөөрч гарын үсэг зурсан.

 

7.2.Мөн бэлэглэлийн гэрээ байгуулж байх үед орон сууц ямар ч банк болон банк бус санхүүгийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт барьцаалагдсан, хураагдсан, хязгаарлагдсан зүйл байхгүй байсан бөгөөд энэ нь давхар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 4/6263 дугаар бүхий албан бичгээр тогтоогдоно... гэж маргасан.

 

8.Талууд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төлбөр барагдуулах тухай хэлцэл байгуулж, Б.Б нь Ч дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 байр, 0 тоот хаягт байршилтай, 0 м.кв талбай бүхий 0 өрөө орон сууцны анх үнэ болох 100,000,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 08-ны дотор Л.Сид төлөх, тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй нөхцөлд 2022 оны 7 дугаар сарын 08-ны дотор байрыг суллахаар тохиролцжээ. /хх-ийн 5 х/

 

9.Хариуцагчийн өмгөөлөгч нь дээрх Төлбөр барагдуулах тухай хэлцэл-ийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл учраас хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан.

 

10.Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн тохиолдолд түүнийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой бөгөөд хууран мэхлэх нь хэлцэл хийж буй этгээд бодит бус худал зүйлийг бодитой үнэн мэтээр итгүүлэх идэвхитэй үйлдэл хийдгээрээ онцлогтой байдаг учраас сөрөг нэхэмжлэлийн дээрх шаардлагын хувьд хууран мэхэлж хийсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

10.1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй, 56.1.3-т Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл; гэж тус тус заасан бөгөөд шүүхээс талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцэл-ийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ-г халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл гэж үзнэ.

 

10.2.Иймээс Л.Сид холбогдох 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төлбөр барагдуулах тухай хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Орон сууцны бэлэглэлийн гэрээ-ний дагуу Ч дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 байр, 0 тоот хаягт байршилтай, 0 м.кв талбайтай, Ү-0000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай Б.Бын сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

11.Үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн учраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдварлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 657,950 /70,200+587,750/ төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Л.Соос 657,950 төгрөг гаргуулан Б.Бд олгож шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 106 дугаар зүйлийн 106.1, 276 дугаар зүйлийн 276.2, 280 дугаар зүйлийн 280.1-д зааснаар Б.Бд холбогдох орон сууц чөлөөлүүлэх тухай Л.Сийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Б.Бын Л.Сид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Ч дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 байр, 0 тоот хаягт байршилтай, 0 м.кв талбайтай, Ү-0000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдварлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 657,950 /587,750+70,200/ төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Л.Соос 657,950 төгрөг гаргуулан Б.Бд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                            Х.ДАШДЭЧМАА