Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 210/ма2023/02059

 

 

 

 

 

 

 

 

    2023         11            27                                        210/МА2023/02059

 

 

Л.С ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр  сарын 19-ний өдрийн 182/ШШ2023/02595 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.С ийн хариуцагч Б.Б д холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, төлбөр барагдуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.Б д шилжүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч Б.Б нь Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 44 дүгээр байр, тоот хаягт байрлах, 38 м.кв талбай бүхий орон сууцанд 2013 оноос хойш түрээсийн төлбөр төлөхгүйгээр өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Б.Б тай төлбөр барагдуулах тухай хэлцэл хийж байрны төлбөрийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны дотор бүрэн төлөх, төлөөгүй тохиолдолд байрыг суллах нөхцөлтэйгээр харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй тул орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие 2010 оны 04 дүгээр сараас хойш 2019 он хүртэл Я ХХК -д механик инженерийн албан тушаалд ажилласан. Энэхүү хугацаанд тус компанийн захирал Л.С нь өөрийн өмчлөлийн маргаан бүхий орон сууцыг 5 жил тогтвор суурьшилтай ажиллавал өмчлөлд шилжүүлэн өгөх болзолтойгоор 2012 онд орон сууцны түлхүүрийг надад гардуулан өгсөн. Ингээд миний бие 5 жил Я ХХК -д тогтвор суурьшилтай ажилласны дараа буюу 2017 онд маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулж бэлэглэлийн гэрээ бичгээр байгуулсан бөгөөд орон сууцны гэрчилгээ барьцаанд байгаа гэсэн шалтгаанаар өнөөдрийг хүртэл өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй. Миний бие уг орон сууцанд өнөөдрийг хүртэл 10 жил амьдарч байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч Б.Б ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Б.Б нь Я ХХК -д 2010 оны 04 дүгээр сард машин механизмын инженерээр ажилд ороод ажиллаж байтал 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр захирал Налайх дүүргээс ажилдаа ирдэг байдлыг харгалзан орон байр бэлэглэхээр шийдлээ, харин чи манай компанид тогтвор суурьшилтай 5 жилийн хугацаанд ажиллах нөхцөлтэй гэж хэлээд шууд Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 44 дүгээр байр, тоот , 38 м.кв талбай бүхий орон сууцны түлхүүрийг гардуулж өгсөн. Ингээд 5 жилийн дараа орон сууцаа шилжүүлж авах талаар ярилцахад бэлэглэлийн гэрээ хийе гээд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бэлэглэлийн гэрээг бичгээр байгуулан тус орон сууцыг надад бэлэглэсэн. Хэсэг хугацааны дараа маргаан бүхий орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авахаар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар очиход Бэлэглэлийн гэрээг нотариатаар гэрчлүүлэх шаардлагатай гэж хэлэхээр нь захирал Л.С той уулзахад тус орон сууц нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар барьцаанд байгаа учир барьцаанаас чөлөөлсний дараа нэр шилжүүлж өгнө гэсээр байгаад өнөөдрийг хүрсэн. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж өгнө үү. Миний бие маргаан бүхий орон сууцандаа 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл 11 дэх жилдээ амьдарч байна. 2021 онд захирал Л.С намайг дуудаж, 6 сар цалингүй ажилла эсхүл ажлаас гар гэх шаардлага тавьсан бөгөөд 6 сар цалингүй ажиллах боломжгүй болсон тул өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлье гэхээр захирал Л.С нь орон сууц барьцаанд байгаа, 100,000,000 төгрөг төлөөд худалдан авч болно гэхээр нь би тухайн үед гүн шоконд орж, орон сууцаа алдахгүйн тулд төлбөр барагдуулах тухай хэлцэлд гарын үсэг зурсан. Иймд уг төлбөр барагдуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн төлбөр барагдуулах тухай хэлцлийг байгуулахдаа хариуцагч нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байгаа, олон жил ямар нэгэн төлбөр, түрээс төлөлгүй ашиглаж ирсэн, анхны үнээр нь тодорхой хугацаа хүсэж худалдаж авахаар өөрийн санаа зорилгоо тусгаж байгуулсан. Хэлцлийн утга санааг маш тодорхой ойлгомжтой 2 тал тусгаж уншин танилцаж, бүрэн зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэвч хэлцэлд заасан хугацаа дуусаж үүргээ биелүүлэх болохоор төөрөлдсөн, хууртсан мэтээр хариуцлагаас мултрах оролдлого хийж байгаа тул эхний шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн албан бичигт энэхүү байр нь ямар ч банк, банк бус санхүүгийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт барьцаалагдсан, хураагдсан, хязгаарлагдсан зүйл байхгүй байсан. Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 4/6263 дугаар бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн албан тоотод уг байр нь 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Л.С ийн өмчлөлд шилжсэн байна. Энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэл уг үл хөдлөх хөрөнгө нь бусдад худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, эрх нь хязгаарлагдаагүй байгаа зэрэг нь цорын ганц хууль ёсны өмчлөгч Л.С байтал Үндсэн хуулийн Арванзургаа дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авна гэсэн заалтыг зөрчсөн шаардлага гаргасан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я ХХК -ийн гаргасан тайлбарын агуулга: Я ХХК нь энэ маргаанд ямар ч хамааралгүй. Маргаан бүхий орон сууц нь Я ХХК -ийн үндсэн хөрөнгөд бүртгэлгүй, иргэн Л.С ийн 100 хувийн өмчлөлийн орон сууц юм. Тийм учраас маргаан бүхий орон сууцтай холбоотой Я ХХК -ийн эрх ашиг хөндөгдөхгүй гэв.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 91 дүгээр зүйлийн 91.2.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б д холбогдох орон сууц албадан чөлөөлүүлэх тухай Л.С ийн нэхэмжлэл болон нэхэмжлэгч Л.С ид холбогдох төлбөр барагдуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.Б д шилжүүлж өгөхийг даалгах тухай хариуцагч Б.Б ын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 657,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

7. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.1-д ...үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Л.С бүртгэлтэй болох нь тогтоогдсон гэж зөв дүгнэсэн атлаа 5.2-т Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасан шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч шаардлага гаргах эрхтэй байхаас гадна шаардлагыг биелүүлэх этгээд нь эзэмшигч байх, түүний эзэмшил хууль бус байх нөхцөл бүрдсэн тохиолдолд хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.Б нь тухайн орон сууцыг хууль буюу гэрээгээр эзэмших эрхгүй, түүний эзэмшил хууль бус тохиолдолд нэхэмжлэгч Л.С ид шаардах эрх үүснэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Л.С нь маргаан бүхий орон сууцыг Б.Б ын эзэмшилд өөрийн эзэмшлийн Я ХХК -д ажиллах хугацаанд амьдруулахаар шилжүүлсэн. Б.Б ын тухайн орон сууцыг эзэмших эрхгүй, эзэмшил хууль бус болох нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан бөгөөд орон сууцнаас гарах болоход орон сууцнаас гармааргүй байна худалдаж авъя гэж хүсэл зоригоо илэрхийлсний дагуу байгуулагдан, тодорхой хугацаа тогтоон орон сууцны төлбөрийг төлөх, төлж чадахгүй бол орон сууцыг чөлөөлөхөөр болсон. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан зохицуулалтууд үйлчлэх ёстой бөгөөд хуулийн энэ шаардлага хангаагүй.

Мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө гэж заасан. Б.Б нь хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ “...2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр захирал ажлын өрөөнд дуудаад “...орон байр бэлэглэхээр шийдлээ, харин чи манай компанид тогтвор суурьшилтай 5 жилийн хугацаанд ажиллах нөхцөлтэй шүү гэж хэлээд байр үзүүлж түлхүүрийг гардуулж өгсөн. Ингээд 5 жил тогтвортой ажилласны дараа 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр орон сууц бэлэглэлийн гэрээг байгуулж бэлэглэсэн” гэж тайлбарлан гэрч Ц, Б нараар гэрчлүүлсэн. Гэвч нотлох баримтуудаар цаг хугацааны хувьд 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр орон сууцны түлхүүр гардуулах боломжгүй. Харин 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан гэх орон сууц бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл. Учир нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь Я ХХК биш иргэн Л.С бөгөөд Б.Б ын ажиллах нөхцөл байдлыг хангах зориулалттай өөрийн өмчлөлийн орон сууцанд оруулсан. 2017 онд Б.Б амьдарч буй орон сууцанд бэлэглэлийн гэрээ, тодорхойлолт зэргийг хийж өгөөч гэж хүсэлт гаргасны дагуу бэлэглэлийн гэрээг хийж Я ХХК -ийн тэмдэг дарж, тодорхойлолтыг хийж өгсөн. Түүнээс биш орон сууцаа Б.Б д бэлэглэх хүсэл зориг иргэн Л.С ид байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Гуравдагч этгээдээр компанийн эрх ашиг зөрчигдсөн, оролцуулах шаардлагагүй гэх агуулгатай тайлбарласан. Хариуцагч талын зүгээс давж заалдах шатны шүүх хэлэлцэж буцаасан асуудалд анхан шатны шүүхэд байр сууриа илэрхийлсэн. Үүнтэй холбоотой нөхцөл байдлуудыг шинжлэн судлуулах замаар анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан гомдол үндэслэлтэй гэжээ.

9. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дугаар үндэслэлийн тухайд хариуцагч Б.Б нь шудрага эзэмшигч биш юм. Эд хөрөнгө эзэмших гэрээний дагуу эзэмшиж байсан бол шударга эзэмшигч болно. Харин эзэмших гэрээ байгуулагдаагүй бэлэглэлийн гэрээ байгуулж өмчлөх эрхийг шилжүүлэх хүртэл эзэмшиж байсан тул өмчлөгчөөр тогтоолгох агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд сөрөг нэхэмжлэл гаргасан, хариуцагчаар Я ХХК -ийг оролцуулах хүсэлтийг гаргасан боловч хүлээн аваагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг гаргасныг хүлээн авсан боловч хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд шүүх хэргийн бодит байдлыг тогтоогоогүй. Бэлэглэгч Л.С нь Я ХХК -ийн захирал бөгөөд тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд байсан болох нь хэрэг авагдсан хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм болон Б.Б д байр бэлэглэсэн гэж Я ХХК -ийн тодорхойлолоор давхар нотлогдоно. Нөгөө талаар бэлэг хүлээн авагч иргэн Б.Б нь Я ХХК -д инженерээр 2010 оноос хойш 2021 он хүртэл 11 жил тасралтгүй ажилласан болох нь хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаагаар нотлогдоно. Иймд талууд гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцож 2017 онд бэлэглэлийн гэрээ бичгээр байгуулсан, маргаан бухий эд хөрөнгийг Б.Б 11 жил эзэмшиж байсан энэ талаар маргаагүй, Б.Б нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бэлэглэлийн гэрээний хүрээнд өмчлөх эрхээ шилжүүлж өгөхийг буюу Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Мөн бэлэглэлийн гэрээг шилжүүлж өгөлгүйгээр Б.Б ыг хуурч төлбөр барагдуулах хэлцэл хийсэн болох нь төлбөр барагдуулах хэлцэлд компанийн тамга дарсан, бэлэг хүлээн авагч хууртсан үйл баримтаар нотлогдох тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

10. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй болно.

11. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбар гаргааүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас маргааны үйл баримтад зөв дүгнэлт өгч чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Л.С нь хариуцагч Б.Б д холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч төлбөр барагдуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.Б д шилжүүлж өгөхийг даалгахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлбөр барагдуулах хэлцэлд заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд орон сууцыг чөлөөлөхөөр тохиролцсон боловч мөнгөө төлөөгүй тул орон сууцнаас чөлөөлүүлнэ” гэж, хариуцагч нь татгалзлаа “...Л.С ньЯ ХХК -д 5 жил тогтвортой ажилласны дараа орон сууцыг өмчлөлд шилжүүлэхээр тохиролцон бэлэглэлийн гэрээ байгуулсан, уг гэрээний үндсэн дээр өмчлөгчөөр тогтоогдсон тул зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарлажээ.

4. Талууд маргаан бүхий орон сууцыг бодитоор хариуцагч Б.Б эзэмшиж, ашигласан үйл баримтад маргаагүй. Харин хариуцагчийн өмчлөл хууль ёсны эсэх асуудал маргааны зүйл болжээ.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ү-2202004928 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 44 дүгээр байр, тоот хаягт байршилтай, 38 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Л.С бүртгэлтэй болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна./хх-4/

5.1. Я ХХК -ийн захирал Л.С , Б.Б нар 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр орон сууцны бэлэглэлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр бэлэглэгч Л.С нь бэлэг хүлээн авагч Б.Б д Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 44 дүгээр байр, тоот хаягт байршилтай, 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шилжүүлэхээр харилцан тохиролцож, улмаар Б.Б ын эзэмшилд түүний зөвшөөрснөөр хариу төлбөргүйгээр шилжүүлэн өгсөн үйл баримт нь тогтоогдсон байна./хх20-21/

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь төлбөр барагдуулах тухай хэлцлийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь үндэслэлгүй байхаас гадна хариуцагч Б.Б ын эзэмшил хууль бус болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэж, маргаан бүхий орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

7. Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээгээр нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасны дагуу уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

7.1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулан дүгнэхэд, нэхэмжлэгч Л.С нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Я ХХК -д бэлэглэх эрхийг олгож, уг эрхийн хүрээнд Б.Б тай бэлэглэлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхээр байна. /хх20-21/

7.2. Бэлэглэлийн гэрээ нь нотариатаар гэрчлэгдсэн байхыг шаардах боловч зарим тохиолдолд хөрөнгийг бэлэглэсэн, бэлгийг хүлээн авагчид шууд, нэн даруй шилжүүлсэн бол бэлэглэлийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байх хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангаагүй байгаа энэхүү гэрээ хүчин төгөлдөр бус болохгүй.

7.3. Иймээс бэлэглэлийн гэрээний үндсэн дээр Б.Б ын өмчлөлд маргаан бүхий орон сууц шилжсэн байх тул түүнийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 100.1 [Bs1] дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

7.4. Иймд хариуцагч Б.Б ыг Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 44 дүгээр байр, тоот хаягт байршилтай, 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн төлбөр барагдуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 44 дүгээр байр, тоот хаягт байршилтай, 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Б д шилжүүлж өгөхийг даалгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ./хх66-67/ Маргааны үйл баримтаас үзвэл энэ нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага биш бөгөөд уг хэрэг маргаанд хамаарах хариуцагчийн мэтгэлцээний байр суурь гэж үзэхээр байна.

8.1. Хэдийгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй боловч давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах эрхийн хүрээнд талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн төлбөр барагдуулах тухай хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн харилцаанд хамаарч байна. Өөрөөр хэлбэл, бэлэглэлийн гэрээ байгуулагдсан үүнээс тодорхой хугацааны дараа төлбөр барагдуулах хэлцлийг байгуулсан байдал нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр  сарын 19-ний өдрийн 182/ШШ2023/02595 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б д холбогдох орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Л.С ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.[Bs2] ” гэж,

2 дахь заалтыг нэмж, уг заалтад “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б ыг Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 44 дүгээр байр, тоот хаягт байршилтай, 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг 3 гэж дугаарлан уг заалтын “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.” гэж тус тус өөрчилж,

3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлсөн 657,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.БАДРАХ

 

   ШҮҮГЧИД                                  Ш.ОЮУНХАНД

 

                                                          Д.ЦОГТСАЙХАН

 

 

 

 

 


 [Bs1]100.1

 [Bs2]Шийдвэрийн 1 дэх заалтыг 106.1-р үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож

2 дахь заалт шинээр нэмж 100.1-р Баасанжаргалыг өмчлөгчөөр тогтоож,

Бусад дугаарлалтыг өөрчилсөн