Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01994

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01994

 

 

 

 

 

 

 

2022 11 16 210/МА2022/01994

 

 

Л.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Золзаяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2022/02821 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Л.С-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Б-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц чөлөөлүүлэх тухай

Сөрөг шаардлага: 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн төлбөр барагдуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 1111111тоот, 38 м.кв талбайтай, 000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.Б-д шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саруултөгс, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Хариуцагч Б.Б- нь 1111111тоот хаягт байрлах, 38 м.кв талбай бүхий орон сууцанд 2013 оноос хойш түрээсийн төлбөр төлөхгүйгээр өнөөдрийг хүртэл амьдарч байна. Б.Б-тай 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлбөр барагдуулах тухай хэлцэл хийж байрны төлбөрийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны дотор бүрэн төлөх, төлөхгүй тохиолдолд байрыг суллуулах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй тул орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Би Я- ХХК-д 2010 оны 04 дүгээр сараас хойш 2019 он хүртэл механик инженерийн албан тушаалд олон жил үр бүтээлтэй ажилласан. Энэхүү хугацаанд тус Я- ХХК-ийн захирал Л.С- нь өөрийн өмчлөлийн тус маргаан бүхий орон сууцыг 5 жил тогтвор суурьшилтай ажиллавал өмчлөлд шилжүүлэн өгөх болзолтойгоор 2012 онд орон сууцны түлхүүрийг гардуулан өгсөн. Би 5 жил Я- ХХК-д тогтвор суурьшилтай ажилласны дараа буюу 2017 онд маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулж бэлэглэлийн гэрээ бичгээр байгуулсан. Орон сууцны ордер барьцаанд байгаа гэсэн шалтгаанаар өнөөдрийг хүртэл ордероо өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй. Маргаан бүхий орон сууцанд өнөөдрийг хүртэл 10 жил амьдарч байна. Я- ХХК-д 5 жил тогтвор суурьшилтай ажиллах болзлыг хангасны үндсэн дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн орон сууцаа буцаан авахаар шүүхэд хандсан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.Б- нь Я- ХХК-д 2010 оны 04 дүгээр сард машин механизмын инженерээр ажилд ороод ажиллаж байтал 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр захирал ажлын өрөөндөө дуудаад Манай компанид мэдлэг чадвартай, механизмын инженерээр мэргэшсэн ийм чадварлаг боловсон хүчин байхгүй, компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд чиний хувийн байдлыг судалж үзээд Налайх дүүргээс ажилдаа ирдэг, хотод байхдаа машиндаа хонож ажилладаг, тиймээс орон байр бэлэглэхээр шийдлээ, харин чи манай компанид тогтвор суурьшилтай 5 жилийн хугацаанд ажиллах нөхцөлтэй шүү, сайн ажиллаарай гэж хэлээд намайг шууд дагуулж яваад Улаанбаатар хот, 1111111тоот, 38 м.кв талбайтай байр үзүүлж түлхүүрийг гардуулж өгсөн. Улмаар 5 жил тогтвортой ажилласны дараа 2017 оны 11 дүгээр сард Л.С- захиралтай уулзаж бэлэглэсэн байраа шилжүүлж авах талаар ярилцахад Бэлэглэлийн гэрээ хийе гээд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бэлэглэлийн гэрээг бичгээр байгуулсан. Маргаан бүхий орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авахаар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар очиход бэлэглэлийн гэрээг нотариатаар гэрчлүүлэх шаардлагатай гэсэн. Улмаар захирал Л.С-той уулзахад тус орон сууц нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар барьцаанд байгаа учир барьцаанаас чөлөөлсний дараа нэр шилжүүлж өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж өгнө үү. 2021 онд би Ковид-19 вирусийн халдвар аваад 10 хоног хэвтэн эмчлүүлсэн, эмнэлгээс гарсны дараа захирал Л.С- намайг дуудаад ажил цалгардаад байна, 6 сар цалингүй ажилла, эсвэл ажлаас гар гэх шаардлага тавьсан. Би 6 сар цалингүй ажиллах боломжгүй тул өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байрныхаа өмчлөх эрхийг шилжүүлж авахаар компани дээр очиход, захирал Л.С- нь байр барьцаанд байгаа, чи энэ байрыг 100,000,000 төгрөгөөр худалдаж ав, авахгүй бол бусдад зарж борлуулна гэсэн тул байраа алдахгүйн тулд гэр бүлдээ энэ талаар хэлэхээс айж гэрээнд нь гарын үсэг зурсан. Захирал Л.С- намайг хуурч, төөрөгдүүлж төлбөр барагдуулах тухай хэлцэлд гарын үсэг зуруулсанд гомдолтой байна. Иймээс 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга: 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцлийг байгуулахдаа хариуцагч нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, олон жил ямар нэгэн төлбөр, түрээс төлөлгүй ашиглаж ирсэн, анхны үнээр тодорхой хугацаа хүсэж, худалдаж авахаар өөрийн санаа зорилгоо тусгаж байгуулсан. Хэлцлийн утга санааг маш тодорхой ойлгомжтой 2 тал тусгаж уншин танилцаж, бүрэн зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэвч хэлцэлд заасан хугацаа дуусаж, үүргээ биелүүлэх болохоор төөрөлдсөн, хууртсан мэтээр хариуцлагаас мултрах оролдлого хийж байгаа тул эхний шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш хугацаа тоолж үзвэл 9 жил, 9 сар атал 11 жил гаруй гэж байгааг ойлгохгүй байна. Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 4/6263 дугаар бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн албан тоотод уг байр нь 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Л.С-ийн өмчлөлд шилжсэн байна. Энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэл уг үл хөдлөх хөрөнгө нь бусдад худалдагдаагүй, Банк, Банк бус санхүүгийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ямарваа нэгэн байдлаар барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, эрх нь хязгаарлагдаагүй байгаа зэрэг нь цорын ганц хууль ёсны өмчлөгч Л.С- байтал яагаад Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасан эрхийг зөрчсөн шаардлага байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 106 дугаар зүйлийн 106.1, 276 дугаар зүйлийн 276.2, 280 дугаар зүйлийн 280.1-д зааснаар Б.Б-д холбогдох орон сууц чөлөөлүүлэх тухай Л.С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Б.Б-ын Л.С-ид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 44 дүгээр байр, 69 тоот хаягт байршилтай, 38 м.кв талбайтай, 000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 657,950 /587,750+70,200/ төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Л.С-оос 657,950 төгрөг гаргуулан Б.Б-д олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Бэлэглэлийн гэрээ нь нотариатаар гэрчлэгдсэн байхыг шаардах боловч зарим тохиолдолд хөрөнгийг бэлэглэсэн, бэлгийг хүлээн авагчид шууд, нэн даруй шилжүүлсэн бол бэлэглэлийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байх хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангаагүй байгаа энэхүү гэрээ хүчин төгөлдөр бус болохгүй гэж дүгнэн Л.С-ийн орон сууц чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2 дахь хэсэгт заасан зохицуулалт нь шууд энэхүү маргаанд хэрэглэгдэхгүй бөгөөд үндсэн агуулгаараа бол хөдлөх эд хөрөнгө бэлэглэхэд хэрэглэгдэх зохицуулалт юм. Харин энэ тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан зохицуулалтууд үйлчлэх ёстой бөгөөд хуулийн энэ шаардлага хангагдаагүй. Б.Б- нь хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр захирал ажлын өрөөнд дуудаад ... орон байр бэлэглэхээр шийдлээ, харин чи манай компанид тогтвор суурьшилтай 5 жилийн хугацаанд ажиллах нөхцөлтэй шүү, сайн ажиллаарай гэж хэлээд намайг шууд дагуулж яваад ... байр үзүүлж түлхүүрийг гардуулж өгсөн. Ингээд 5 жил тогтвортой ажилласны дараа 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Орон сууц бэлэглэлийн гэрээг байгуулж бэлэглэсэн гэж тайлбарлан гэрч эхнэр Ц.Н-, эцэг Ч.Базаррагчаа нараар гэрчлүүлж шүүх түүнийг үнэлж шийдвэрийг гаргасан.

Шүүхийн бодит үнэнд нийцэж байна гэж дүгнэсэн үйл баримт нь нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа бөгөөд хэрэгт авагдсан Л.С-ийн нэр дээр бүртгэгдсэн 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 29-ний 4/6263 тоот албан бичиг, түүний хавсралт болох 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн орон сууцны бэлэглэлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар цаг хугацааны хувьд 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр орон сууцны түлхүүр гардуулах боломжгүй, гэрчүүдийн ярьсан шиг найр хурим хийх боломжгүй нөхцөл байдал тогтоогдоно.

Харин эсрэгээрээ 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан гэх Орон сууц бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл. Учир нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь Я- ХХК биш иргэн Л.С- бөгөөд Б.Б- ажил хийхэд хүндрэлтэй гэр хол Налайх дүүрэгт амьдардаг байсан тул ажилчдын ажиллах нөхцөл байдлыг хангах зориулалттай сул орон сууц байхгүйн улмаас өөрийн өмчлөлийн орон сууцанд оруулсан. Ингээд 2017 онд Б.Б- хүүхдийн цэцэрлэг сургуулийг шийдвэрлэх шаардлагатай байна, амьдарч буй орон сууцанд бэлэглэлийн гэрээ, тодорхойлолт зэргийг хийж өгөөч гэж хүсэлт гаргасны дагуу орон сууц бэлэглэлийн гэрээг хийж Я- ХХК-ийн тэмдэг дарж, тодорхойлолтыг хийж өгсөн. Үүнийг шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Б-ын эхнэр Ц.Н- цухас дурдаж мэдүүлдэг. Түүнээс биш орон сууцаа Б.Б-д бэлэглэх хүсэл зориг иргэн Л.С-ид байгаагүй. 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээний хувьд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл байсан бөгөөд Б.Б- нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гарган сууж байсан орон сууцнаас гарах болоход орон сууцнаас гармааргүй байна худалдаж авъя гэж хүсэл зоригоо илэрхийлсний дагуу байгуулагдан, тодорхой хугацаа тогтоон орон сууцны төлбөрийг төлөх, төлж чадахгүй бол орон сууцыг чөлөөлөхөөр болсон. Энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Б.Б-ын ажлаас чөлөөлөгдөх хүсэлт, Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Я- ХХК-ийн захирлын тушаал, Б.Б-ын Төлбөр барагдуулах тухай хэлцлийн дагуух хариу хүсэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдоно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Талууд хэлцлийг 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн ч 2017 онд бичгээр үйлдсэн. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3 дахь хэсэгт зааснаар хугацаа тогтоосон хэлцэл хүчин төгөлдөр байж, өмчлөх эрх шилжихээр зохицуулсан. Бичгээр хийсэн хэлцэл нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчөөгүй гэж үзэж байна. Тус хэлцлийг 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийж, 5 жилийн хугацаанд үргэлжилж, 2017 онд баталгаажуулсан. Дүр үзүүлэн хийсэн хэлцлийн хувьд талуудын хүсэл зориг нь тодорхой этгээдийг хуурах зорилготой байдаг. Харин хариуцагчийн хувьд тийм хүсэл зориг байгаагүй. Эрх зүйн мэдлэг дутмаг хүнийг компанийн хуулийн мэргэжилтэн дуудаж, гарын үсэг зуруулсан нь өмнөх хэлцлийг халхавчлах зорилготой байсан гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт өгч шийдвэрлэсэн. Бэлэглэлийн гэрээний дагуу сургуульд хамруулах тухай зохицуулалт хуульд байхгүй. Б.Б- Я- ХХК-д 2009 оны 04 дүгээр сард ажилд орсон, тус хугацаанаас 2010 оны 04 дүгээр сар хүртэл нийгмийн даатгал төлөгдөөгүй. Энэ нь нийгмийн даатгалын лавлагаагаар тогтоогдоно. 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажилд томилсон тушаал гарсан. Ажилд ороод 3 жил болсны дараагаар Л.С- чи хотод байхдаа машиндаа хонож байна, чам шиг сайн ажилтан байхгүй, манайд 5 жил тогтвортой ажиллаад уг байрыг ав гэж орон сууцны түлхүүрийг өгсөн. Ингээд 2012 оны 12 сард байрны найр хийсэн. Нэхэмжлэгч талаас хэргийн бодит нөхцөл байдалд нийцэхгүй, худал тайлбар гаргаж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Л.С- нь хариуцагч Б.Б-д холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн төлбөр барагдуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 1111111тоот, 38 м.кв талбайтай, 000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.Б-д шилжүүлэхийг даалгах тухай сөрөг шаардлага гарган маргажээ.

3. Нэхэмжлэгч Л.С- нь Өөрийн өмчлөлийн 1111111тоот, 38 м.кв талбайтай, 000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Б-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэж, хариуцагч Б.Б- нь ...Я- ХХК-д 5 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажилласан тохиолдолд өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон тул бэлэглэлийн гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон гэх үндэслэлээр тус тус үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргасан. /хх 1-2, 66-67/

Хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ эзэмшил хууль ёсны эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай бөгөөд хэрэв, хариуцагчийн эзэмшил хууль ёсны гэж маргаж байгаа тохиолдолд уг үйл баримтад дүгнэлт өгөх, мэтгэлцүүлэх шаардлагатай.

3.а. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцэл, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ-нд нэхэмжлэгч Л.С- нь гарын үсэг зурахдаа Я- ХХК-ийн тэмдэг дарж баталгаажуулсан байна. /хх. 5-6, 20-21/

Гэтэл, хариуцагч Б.Б-ын сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь иргэн Л.С-ид холбогдох бус, харин Я- ХХК-д холбогдох эсэх талаар эрх зүйн үүднээс дүгнэх шаардлагатай байх бөгөөд уг хэрэгт Я- ХХК оролцоогүй тохиолдолд ийнхүү дүгнэлт хийх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Л.С- Я- ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшигч байх боловч Я- ХХК нь хамтран нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байхад сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хуулийн этгээдийн өмнөөс хариу тайлбар гаргах, түүнийг эс зөвшөөрч маргах эрхгүй.

Анхан шатны шүүх Я- ХХК-ийн эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг тодруулаагүй, мөн Я- ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй тохиолдолд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх талаар дүгнэх боломжгүй байна.

3.б. Хариуцагч Б.Б- нь Я- ХХК-д ажиллаж байсантай холбоотой хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байхад сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь буруу.

Мөн талууд орон сууцыг Б.Б-ын эзэмшилд шилжүүлсэн хугацааны талаар маргаж байхад хариуцагчаас гаргасан маргаан бүхий орон сууцны төлбөрийг төлж байсан баримтыг Төрийн банк ХХК-аас гаргуулах хүсэлт нь хэрэгт хамааралтай атал хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтад нийцэхгүй байна. /хх. 96-98/

4. Иймд дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2022/02821 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 657,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

С.ЭНХБАЯР