Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2022/01165

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2022/01165

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00110/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Хайрхан 1 дүгээр баг, ** дугаар байр, ** тоотод оршин суух, утас: 99******, ТЯ7******** регистрийн дугаартай, С овогт Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол суманд байрлах, утас: 7037****, 88******, 20***** регистрийн дугаартай, *************** ХК-нд холбогдох,

29,151,428 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Чинбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие ************** ХК-д 1992 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр анх ажилд орсон. Улмаар 1999 он, 2006 онд үйлдвэрийн осол буюу угаарын хийнд хордож байсан. Энэ компанид 22 жил ажил хийж байсан бөгөөд ажиллах хугацаандаа мастер, хүндэт тэмдэг зэргээр шагнуулж байсан. 22 жил ажилласны улмаас цаашдын ажил хөдөлмөр эрхлэх чадвар буурсан. 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан нь тогтоогдож, 2015-2017 он хүртэл сунгаж байгаад 2018 онд хөдөлмөрийн чадварыг 55 хувиар алдсаныг тогтоож, сунгалт хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1 дэх хэсэгт заасны дагуу мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хүртэл хувиар алдсан бол тав дахин, 30-50 хүртэл хувиар алдсан бол долоо дахин, 50-70 хүртэл хувиар алдсан бол ес дахин хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг нэг удаа олгоно гэж байдаг. 1999 онд нэг удаа газрын гүнд үйл ажиллагаа гүйцэтгэж байхдаа унасан. Тэгэхдээ тухайн үед эмчилгээ сувилалд явуулсан болохоор гайгүй өнгөрсөн. Гэхдээ ужиг өвчин явцын дунд толгой өвдөх, мартан санах тийм байдал үүсэж газар доор ажиллах болохгүйн байна гэдэг үндэслэлээр ажлаасаа гарсан. Тухайн үед заавал ажлаас халагдсан тушаал байж группийг тогтоож өгдөг байсан. Одоо бол халагдах тушаал шаардахаа байсан. Мэргэжлээс шалтгаалах өвчнөө яаж тогтоолгохдоо бүх нарийн мэргэжлийн эмчид үзүүлж шинжилгээ өгсөн. 1 дүгээр зөвлөгөөнөөр 9-10 хүний комисстой хэлэлцээд, 2 дугаар зөвлөгөөнөөр санал авдаг юм байна лээ. 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 50 хувиар алдсан гэж тогтоосон. ************** ХК-аас хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн олговорт 7 сарын цалингийн дундаж хэмжээний нөхөн төлбөр 12,753,752 төгрөг, 9 сарын цалингийн дундаж хэмжээний нөхөн төлбөр 16,397,676 төгрөг, нийт 29,151,428 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хүлээн зөвшөөрөхгүй хэд хэдэн үндэслэлүүд байна. Нэхэмжлэгч нь ************** ХК-нд ажиллаж байсан талаар бол маргаан байхгүй. ************** ХК-аас хөдөлмөрийн харилцааг 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ажилтны санаачилгаар гэх үндэслэлээр дуусгавар болгосон тушаал гарсан. Ингэж тушаал гарснаар нэхэмжлэгч Д.Б нь энэ компанийн ажилтан биш болж, хөдөлмөрийн харилцаа дууссан. Нэхэмжлэгчийн шаардаад байгаа хууль зүйн үндэслэл 1999 оны 7 дугаар сарын 01-ээс мөрдөгдсөн Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.2 дахь заалт маань ажилтан ажиллаж байх үедээ хөдөлмөр эрхлэлтээ алдвал ажил олгогч хуульд заасан хэмжээгээр нөхөн төлбөр олгох үүрэг хүлээсэн зохицуулалт байгаа. 1-д Д.Б нь ************** ХК-ийн ажилтан биш, 2-т Улсын дээд шүүхийн шийдвэрт шүүх хуралдаанаар хөөн хэлэлцэх хугацаа нь хүндэтгэн үзэх шалтгаантай юм уу гэдэг талаар талуудыг мэтгэлцүүлээгүй гэсэн байсан. 3-т 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт тогтоолгосон байдаг. Үүнээс хойш 5 жил өнгөрсөн бөгөөд нэхэмжлэгч энэ хооронд ************** ХК-д хандаж байгаагүй. Хандаж байсныг нотлох баримт ирүүлээгүй. Хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй нь илт байгаа. 4-т Шүүх хөөн хэлэлцэх хугацаагаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл нь юу вэ гэхээр Д.Б гэж хүн зөв зүгээр гараад өөрөө компаниас хулгай хийгээд асуудалд орохгүйн тулд нөгөө хэдийнхээ өмнөөс би өргөдлөө өгөөд гаръя гэдэг талаар би сонссон. Би тэрийг асуулт хариултын үе шатанд асууна. Н.Н гэж хүн нийгмийн даатгалд ажилладаг энэ хүний эхнэр. Энэ хүн эндээс гарчхаад тогтоолгосон шалтгаан нь нийгмийн даатгалд эхнэр нь ажилладаг байдал нь нөлөөлсөн. Манай хандсан бол компанийн зүгээс тогтоолгох боломжит хугацаа байсан. 5 жил 7 сарын хугацааны дараа ийм юм ярьж байгаа нь тухайн үеийн үйл баримтыг нотлох нь учир дутагдлаа алдаж байна. Хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэдэг нь ойлгомжтой. Яагаад 6 сараар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон актыг сунгаад байдаг юм. Хөөн хэлэлцэх хугацааны зорилго нь зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, зөрчигдөж байгаа эсэхийг шүүхээр тогтоолгох боломжит хугацааг харгалзан тогтоож чадахгүй байна. Хөөн хэлэлцэх хугацааг үндэслэлгүй хэтрүүлсэн, одоо ч гэсэн маргааныг үйл баримтаар гаргах боломжгүй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 3 дахь тал/, итгэмжлэл /хавтаст хэргийн 4 дэх тал/, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 5 дахь тал/, Д.Бийн эрүүл мэндийн бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 6 дахь тал/, 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /хавтаст хэргийн 7 дахь тал/, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019 онуудад тогтоолгосон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон актуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд /хавтаст хэргийн 8-13 дахь тал/, ************** ХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5/630 дугаартай өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг /хавтаст хэргийн 14 дэх тал/, ************** ХК-ийн 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Б/116 дугаартай хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 15 дахь тал/, Д.Бийн авсан шагналын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд /хавтаст хэргийн 1619 дэх тал/, үйлдвэрлэлд гарсан ослын акт /хавтаст хэргийн 20 дахь тал/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчийн 1999 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 21-25 дахь тал/, ************** ХК-ийн гүйцэтгэх захирлын 1999 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 262 дугаартай зардал гаргах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 26 дахь тал/, 2006 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нөхөн үйлдсэн 04 дугаартай үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 27-32 дахь тал/, 313727 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 33-35 дахь тал/, 030610 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 36-42 дахь тал/, 0018900 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 43-44 дэх тал/, нэхэмжлэгч Д.Бийн нөхөн төлбөрийн тооцоолол /хавтаст хэргийн 88 дахь тал/, амбулаториор эмчлүүлэгчдийн картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 93 дахь тал/, 2020, 2021 онуудад тогтоолгосон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон актуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд /хавтаст хэргийн 148-149 дахь тал/, ************** ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 150 дахь тал/, ************** ХК-ийн 2007 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 4/264 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 173 дахь тал/ зэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартай холбогдуулан нотлох баримтаар итгэмжлэл /хавтаст хэргийн 50, 133 дахь тал/-ийг тус тус шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч талын хүсэлтээр Д.Бийн 2015 оноос 2020 оны 02 дугаар сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 63-65 дахь тал/, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаартай тайлбар хүргүүлэх тухай албан бичиг, хавсралт /хавтаст хэргийн 76-82 дахь тал/, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдийн *** дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 170 дахь тал/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 6 дугаар сарын 24-ний дөрийн 01/**** дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 181 дэх тал/ зэргийг шүүх нотлох баримтаар бүрдүүллээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч ************** ХК-нд холбогдуулан мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50-55 хувь алдсан тул нөхөн төлбөр 29,151,428 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг ...************** ХК-д уурхайн гүний хэсэгт малтагч бэхэлгээчнээр 22 жил ажилласан. Уурхайн гүнд 22 жил ажилласны улмаас цаашид энэ ажлыг хийх хөдөлмөрийн чадвар эрс буурсан тул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, Хөдөлмөрийн эрүүл мэнд, судлалын төвд хандаж шинжилгээ өгч 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нүүрстөрөгчийн дан ислийн хордуулах нөлөө оноштойгоор Хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувиар 6 сарын хугацаатайгаар групп тогтоолгож одоог хүртэл сунгуулсаар явж байна. ************** ХК нь Хөдөлмөрийн тухай хуулинд мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 31-50 хувь алдсан ажилтанд 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр, мөн 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэж зааснаар нөхөн төлбөр олгох үндэслэлтэй. Иймд ************** ХК-аас 7 сарын дундажтай тэнцэх 12,753,752 төгрөг, 9 сарын дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 16,397,676 төгрөг нийт 29,151,428 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч Д.Бийг ************** ХК-д ажиллаж байсан талаар маргахгүй, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс тасалбар болгон ажилтны санаачлагаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-т ажиллаж байх үедээ хөдөлмөрийн чадвар алдсан ажилтанд нөхөн төлбөр олгохоор зохицуулсан. Гэтэл манай ажилтан биш болсон. ************** ХК-аас гараад өөр ажил эрхэлсэн байдаг ба хөдөлмөрийн чадвар алдалтыг 6 сараар л тогтоосон байдаг. Мөн 2014 онд хөдөлмөрийн чадвар алдсанаа тогтоолгосноор эрх нь зөрчигдсөнийг мэдсэн боловч ************** ХК-нд хандаагүй. 2015 онд н.Э гэдэг хүнд өргөдөл өгсөн гэж байгаа боловч үүнийгээ нотлож чадаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч Д.Б нь ************** ХК-нд 1992 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс гүний хэсэгт малтагч, бэхэлгээчнээр 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаал, тэргүүний уурхайчин цол тэмдгээр шагнагдаж байсан баримтууд, 313724 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, 030***, 0018*** дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 15-19, 23-44/

Мөн хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Д.Б нь ************** ХК-ийн нүүрсний уурхайд ажиллаж байх хугацаандаа буюу 1999 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр, 2006 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр тус тус үйлдвэрлэлийн осолд орж байсан байх ба улмаар ажлаас чөлөөлөгдсөн дараа 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр мэргэжлийн өвчний жагсаалтын 2-2-7-2 д зааснаар мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувиар, түүнээс хойш одоог хүртэл 55 хувиар алдсан үйл баримт тогтоогдож байна. /хавтаст хэргийн 8-13, 20-32, 148-149 дэх тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 97 дугаар зүйлийн 97.1-д ...мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтанд ...хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно, 97.1.1-д ...мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа хагас алдсан ажилтанд 18, түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б нь ************** ХК-ийн нүүрсний уурхайн гүний хэсэгт 22 жил ажиллаж улмаар Т58 нүүрстөрөгчийн дан ислийн хордуулах нөлөө оноштойгоор, мэргэжлийн өвчний жагсаалтын 2-2-3-2 дахь заалтаар хөдөлмөрийн чадвараа 50-55 хувиар алдсан болох нь ХАБЭМТөвийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул дээрх хөдөлмөрийн хуулинд зааснаар ажил олгогч ************** ХК-аас нөхөн төлбөрийг шаардах эрхтэй байна.

Хавтаст хэргийн 14 дүгээр хуудсанд ************** ХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5/*** дугаартай албан бичгээр Д.Бийн гаргасан өргөдлийн хариу авагдсан байх ба нэг удаагийн тэтгэмжийг олгох боломжгүй талаар дурдсан байна.

Хөдөлмөрийн гэрээний аль нэг тал зөрчигдсөн гэж үзэж буй хөдөлмөрийн шинжтэй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо эрх бүхий этгээдэд хандан сэргээлгэх, хамгаалуулах боломжтой, хуулиар тогтоогдсон хугацааг гомдол гаргах хугацаа гэх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаар бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгч нь 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан болохыг тогтоолгосон үеэс хариуцагч байгууллагаас нөхөн төлбөр авах шаардах эрх үүссэн гэж үзэх бөгөөд 2015 онд н.Э гэдэг хүнд өргөдөл өгсөн гэж шүүх хуралдаанд тайлбар гаргаж байгаа боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нотлох баримт гаргаж өгөөгүй, нотлож чадаагүй болохоо хүлээн зөвшөөрсөн ба харин хэрэгт авагдсан баримтаар 2019 онд өргөдөл өгч шийдвэрлүүлж байсан болох нь тогтоогдож байх тул түүнийг дээрх хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэв.

Учир нь нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн болон нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах нөхцөл үүссэн гэж үзэх нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн татгалзал үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Бийн хариуцагч ************** ХК-нд холбогдуулан нөхөн төлбөр 29,151,428 төгрөгийг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 97 дугаар зүйлийн 97.1.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Бийн хариуцагч ************** ХК-нд холбогдуулан нөхөн төлбөр 29,151,428 төгрөгийг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,708 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА