Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/00319

 

                                      ,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй иргэний

                                                        хэргийн  тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 518 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны  өдрийн 56 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХК-д холбогдох

29,151,428 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Чинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХК-д холбогдуулан мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50, 55 хувь алдсан тул 29,151,428 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 518 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,ийн гаргасан хариуцагч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХК-аас нөхөн төлбөр 29,151,428 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 518 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, түүний өмгөөлөгч С.Чинбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Чинбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.29-ний өдрийн 518 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.25-ны өдрийн 56 дугаар магадлалаар хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,, нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан болох нь 2014.06.05-ны өдөр тогтоогдож, түүнд шаардлага гаргах эрх үүссэн боловч 5 жил, 7 сарын дараа шүүхэд хандсан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,, “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХК-д 1992.09.02-ны өдөр анх ажилд орохдоо эрүүл гэж бүрдүүлсэн эрүүл мэндийн бичиг байгаа, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,, 2014.05.30-ны өдөр ,,,,,,,,,,,,,, голын Эрүүл мэндийн төвөөс Мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвд очиж үзүүлэх эмнэлэгт өвчтөн илгээх хуудсыг авч очиж үзүүлсэн, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,, мэргэжлээс шалтгаалсан, нүүрстөрөгчийн дан ислийн хордуулах нөлөө оноштойгоор 6 сар буюу 2014.06.05-ны өдрөөс 2014.12.05-ны өдөр хүртэл хөдөлмөр чадвар алдалтыг 50 хувиар тогтоолгосон. Улмаар уг хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актыг 2015, 2016, 2017, 2018 онуудад жил бүр сунгуулж  ирсэн. Мөн 2018.12.05-ны өдрөөс 2019.12.05-ны өдөр  хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг 55 хувь болгон өөрчилж хугацааг тогтоолгосон бөгөөд уг актыг 2019.12.05-ны өдрөөс 2020.12.05-ны өдөр хүртэл сунгуулсан. Хариуцагч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХК-аас ,,,,,,,,,,,,,,,,,,ийн нөхөн төлбөр авахыг шаардах эрхгүй, ажил хийж болохгүй, мөн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актууд нь хууль журмын дагуу эсэхэд эргэлзэж шүүхэд хандаж хүсэлт гаргасныг шүүх түүний хүсэлтийг хүлээн авч 2020.04.02-ны өдрийн 1804 дүгээр шүүгчийн захирамжаар Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс нотлох баримт гаргуулахыг шаардсан. Шүүгчийн захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс 2020.04.17-ны өдрийн 157 дугаар албан бичгээр ,,,,,,,,,,,,,,,,,, нь жил бүр эмчийн үзлэг шинжилгээнд 2-3 удаа хамрагдаж, эмчийн зааврын дагуу эмчилгээ сувилгаа хийлгэдэг болон холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 25-д “Хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1., 97.1.2-т заасан “нөхөн төлбөр”-ийг 1999.07.01-ний өдрөөс хойш үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсөн, мөн уг хугацаанаас өмнө эдгээр тохиолдолд өртөж, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гараагүй байгаа болон комиссын шийдвэр гарсан боловч нөхөн төлбөр аваагүй байгаа хүмүүст хамааруулан ойлгоно”, мөн тогтоолын 25.1-д “Ажил олгогч энэ хэсэгт заасан хугацааны нөхөн төлбөрийг “нэг ба түүнээс дээш удаа олгоно” гэдэг нь нэг удаа заавал олгохыг хэлэх ба хөдөлмөрийн чадвар алдалтын хувь багассан, нэмэгдсэн тохиолдолд нэгээс дээш удаа олгоно” гэж тус тус заасан. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,, миний бие 2014.06.05-ны өдрөөс 2020.12.05-ны өдрийг хүртэл жил бүр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актыг сунгуулж байсан тул энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн гэх үндэслэлд хамаарахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлийн шаардлага болох Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан 7 ба 9 сарын нөхөн төлбөр болох 29,151,428 төгрөгийг хариуцагч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХК-аас гаргуулж өгнө үү гэжээ. 

5. Хариуцагч тал “нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар дүгнэсэн шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү. Шүүхийн шийдвэрт дүгнэснээс гадна нэхэмжлэгч нь одоо хариуцагч байгууллагын ажилтан биш, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн харилцаа нь дуусгавар болсон байгааг анхаарч үзнэ үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

7. Нэхэмжлэгчээс “... Миний бие “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХК-д 1992.09.14-ний өдөр Уурхайн гүний хэсэгт малтагч бэхэлгээчнээр анх ажилд орж, нийт 22 жил малтагч, бэхэлгээчин, гүний хэсгийн аврагч, ус шүүрүүлэх хэсэгт механик, хэсгийн дарга зэрэг ажлуудыг тус тус хийж байсан... Уурхайн гүнд 22 жил ажилласны улмаас цаашид энэ ажлыг хийх хөдөлмөрийн чадвар эрс буурсан тул 2014.05.08-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвд хандаж шинжилгээ өгч 2014.06.05-ны өдөр “нүүрс төрөгчийн дан ислийн хордуулах нөлөө” оноштойгоор Хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувиар 6 сарын хугацаатайгаар тогтоолгосон. 2015, 2016, 2017 онуудад жил бүр энэ хугацааг сунгуулж байсан бөгөөд 2018.12.06-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтын 55 хувиар тогтоолгосон. “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХК-д нөхөн төлбөр гаргуулах талаар удаа дараа хандсан. Тэгээд хариу өгөхгүй болохоор нь дахин материал бүрдүүлж 2019.12.25-ны өдөр №5/630 тоот хариу авсан, хариуг зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасны дагуу 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 12,753,752 төгрөг, 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 16,397,676 төгрөг, нийт 29,151,428 төгрөгийн нөхөн төлбөрийг “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХК-аас гаргуулж өгнө үү...” гэсэнд,

хариуцагч “... Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан нөхөн төлбөр шаардах эрхтэй этгээд биш, нөгөө талаас нөхөн төлбөр олгох хуульд заасан урьдач нөхцөл бий болоогүй тул нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч шаардах эрхгүй ч гэлээ, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүнд хавсарган ирүүлсэн баримтаас хөдөлмөрийн чадвар алдалт, түүний хэмжээ, сунгалтууд нь хууль журмын дагуу үнэн зөв тогтоогдсон эсэхэд эргэлзэхээр байна... Дархан-Уул аймгийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс яагаад зүгээр ажлаа хийж байхдаа зүгээр байсан, “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХК-д ажиллахаа больсны дараа буюу ажил хийхгүй больсон үед нь “хөдөлмөрийн чадвараа алдсан” гэж дүгнээд байгаа нь эргэлзээтэй. Анх 6 сард эдгэрнэ гэж үзчихээд, дахиад 6 орчим жил эдгээгүй, бүр сүүлдээ хүндэрсэн гээд хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээг нэмж сунгаад байдаг нь ойлгомжгүй. Мөн нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн төвд “,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн охин компанид ажилладаг тухай мэдээллийг маш олон хүн хэлж байгаа бөгөөд яагаад хөдөлмөрийн чадвараа алдсан, ажил хийх чадваргүй хүн ажил хийгээд байна вэ гэсэн ноцтой асуудал байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

 8. Хоёр шатны шүүх “... Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,ийн мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан болох нь 2014.06.05-ны өдөр тогтоогдож, түүнд шаардлага гаргах эрх үүссэн боловч тэрээр 6 жилийн дараа шүүхэд хандсан байна, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн, тэрээр хөөн хэлэлцэх хугацааг сэргээх талаар хүсэлт гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өнгөрөөсөн гэх үйл баримт тогтоогдоогүй, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь “удаа дараа хариуцагч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,” ХК-д дээрх асуудлаар хандаж байсан” гэсэн тайлбарыг гаргаж байх боловч энэхүү тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй...” гэсэн дүгнэлтээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон асуудлаар хэргийн оролцогчийг хангалттай мэтгэлцүүлээгүй байна.

9. Учир нь, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд “...Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Хөдөлмөрийн чадвараа удаа дараа алдсан гээд нөхөх олговор олгож өгнө үү гээд өргөдөл өгөөд байхад яагаад хариу өгдөггүй юм бэ? Захирал солигдсон ч хүний өгсөн өргөдөл байж байх ёстой... гэхэд, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байгууллагын бичиг хэргийн асуудлыг би эрхэлдэггүй учир замбараатай байх эсэх асуудал нь энд би хариулах боломжгүй байна гэв... Нэхэмжлэгч: 2014 онд өргөдөл өгөхөд ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, гэх гүйцэтгэх захирал байсан... Тухайн үед тоглоом шоглоом болгоод нүүр авах уу гэж хэлж байсан. 2015 онд мөн өргөдөл өгөхөд ...захирал нь ,,,,,,,,,,,,, байсан бөгөөд хариу өгөөгүй гэв... Даргалагчаас: Тухайн үед өгч байсан өргөдлүүд яагаад хэрэгт өгөөгүй вэ? гэхэд, Нэхэмжлэгч: “Өргөдөл нь байхгүй болсон байсан. Дараа нь хэрэгтэй гэж бодоогүй учир авч үлдээгүй гэв... Даргалагчаас: Шүүх хуралдаан завсарлахаас өмнө нэмж хэлэх зүйл байна уу? гэхэд ... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ... Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар ... хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн дууссан гэсэн үндэслэл байна...” гэснээс үзвэл, талууд “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” эсэх асуудал дээр хангалттай мэтгэлцээгүй, ийнхүү тухайн үндэслэл бүрэн тогтоогдоогүй байхад шүүх үндсэндээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны эцэст нэмж хэлсэн тайлбарыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон, мөн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг огт өргөдөл өгч байгаагүй гэж үгүйсгээгүй байхад “... хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өнгөрөөсөн гэх үйл баримт тогтоогдоогүй.. нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр дээрх асуудлаар хандаж байсан гэсэн тайлбарыг гаргаж байх боловч энэхүү тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй...” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

10. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тодруулаагүй, хэрэгт авагдсан баримт (талуудын тайлбар)-ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас үнэлэх үүргээ хангалттай хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

11. Ийнхүү хэргийн үйл баримт эргэлзээгүйгээр бүрэн тогтоогдоогүй байхад хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний хувьд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөн энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “нэхэмжлэлийг бүхэлд нь хангах” тухай хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

12. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 518 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны  өдрийн 56 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 303,708 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХТУЯА

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД