Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 56

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00110/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  04 дүгээр сарын 29-ний өдрийн 518 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш- Г-  ХК-д холбогдох

"29.151.428 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Чинбат нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Д.Б- нь Ш- Г-  ХК-д 1992 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Уурхайн гүний хэсэгт малтагч бэхэлгээчнээр анх ажилд орсон. Улмаар 1999 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр, мөн 2006 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тус тус угаарын хийнд хордож үйлдвэрлэлийн осолд орж байсан. Ш- Г-  ХК-д нийт 22 жил малтагч, бэхэлгээчин, гүний хэсгийн аврагч, ус шүүрүүлэх хэсэгт механик, хэсгийн дарга зэрэг ажлуудыг тус тус хийж байсан бөгөөд ажиллах хугацаандаа Эрчим хүч, Геологи, уул уурхайн тэргүүний мастер, Монгол Улсын Тэргүүний уурхайчин Ш- Г-  сумын Хүндэт тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль зэрэг шагналуудаар шагнагдаж байсан. Уурхайн гүнд 22 жил ажилласны улмаас цаашид энэ ажлыг хийх хөдөлмөрийн чадвар эрс буурсан тул 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвд хандаж шинжилгээ өгч 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Нүүрс төрөгчийн дан ислийн хордуулах нөлөө оноштойгоор Хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувиар 6 сарын хугацаатайгаар тогтоолгосон. 2015, 2016, 2017 онуудад жил бүр энэ хугацааг сунгуулж байсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтын 55 хувиар тогтоолгож өнөөдрийг хүрлээ. Ш- Г-  ХК-д нөхөн төлбөр гаргуулах талаар удаа дараа хандсан. Тэгээд хариу өгөхгүй болохоор нь дахин материал бүрдүүлж 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр №5/630 тоот хариу авлаа. Уг хариуг Д.Б- миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул арга буюу шүүхэд хандаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т заасны дагуу мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 31-50 хувь алдсан ажилтанд 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр, мөн 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгохоор хуульчлан заасан байна.

Иймд 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 12.753.752 төгрөг, 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 16.397.676 төгрөг, нийт 29.151.428 төгрөгийн нөхөн төлбөрийг Ш- Г-  ХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Ш- Г-  ХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болж, ажиллахаа больсны дараа хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон тул 7 болон 9 сарын дундаж цалинтай тэнцэх нөхөн төлбөр гаргуулах эрхтэй гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан нөхөн төлбөр шаардах эрхтэй этгээд биш, нөгөө талаас нөхөн төлбөр олгох хуульд заасан урьдач нөхцөл бий болоогүй тул нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэдий нэхэмжлэгч шаардах эрхгүй ч гэлээ, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүнд хавсарган ирүүлсэн баримтаас хөдөлмөрийн чадвар алдалт, түүний хэмжээ, сунгалтууд нь хууль журмын дагуу үнэн зөв тогтоогдсон эсэхэд эргэлзэхээр байна. Тодруулбал нэхэмжлэгч өөрийгөө нүүрстөрөгчийн ислийн хордуулах нөлөө гэсэн оношоор хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувиар 6 сарын хугацаатайгаар тогтоолгон, 2015, 2016, 2017 онуудад сунгуулж, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээг 55 хувь болгосон гэжээ. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэмд заасан хэмжээг тогтоох ёстой бөгөөд цаашлаад өвчин нь хүндэрч даамжирсан тохиолдолд хувь хэмжээг нь нэмдэг зохицуулалт байдаг. Гэтэл Дархан-Уул аймгийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс яагаад зүгээр ажлаа хийж байхдаа хөдөлмөрийн чадвараа алдаагүй байсан бүр Ш- Г-  ХК-д ажиллахаа больсны дараа буюу ажил хийхгүй болсон үед нь нүүрстөрөгчийн ислийн нөлөөгөөр хөдөлмөрийн чадвараа алдсан байна гэж дүгнээд байгаа нь эргэлзээтэй байна. Анх 6 сард эдгэрнэ гэж үзчихээд, дахиад 6 орчим жил эдгээгүй байна, бүр сүүлдээ хүндэрсэн гээд хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээг нэмж сунгаад байдаг ойлгомжгүй асуудал байна.

Мөн нэхэмжлэгч Д.Б- нь Дархан-Уул аймгийн төвд Эс Жи Эс ХХК-ний охин компанид ажилладаг тухай мэдээллийг Ш- Г-  ХК-д ажилладаг маш олон хүн хэлж байгаа бөгөөд яагаад хөдөлмөрийн чадвараа алдсан, ажил хийх чадваргүй хүн ажил хийгээд байна гэсэн ноцтой асуудал байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 518 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн гаргасан хариуцагч Ш- Г-  ХК-иас нөхөн төлбөр 29.151.428 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303.708 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Чинбат нар давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Д.Б- нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан болох нь 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тогтоогдож, түүнд шаардлага гаргах эрх үүссэн боловч 6 жилийн дараа шүүхэд хандсан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч Д.Б- миний бие Ш- Г-  ХК-д 1992 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр анх ажилд орохдоо эрүүл гэж бүрдүүлсэн эрүүл мэндийн бичиг байгаа. \хх-6\

2. Ингээд Д.Б- намайг мэргэжлээс шалтгаалсан, нүүрстөрөгчийн дан ислийн хордуулах нөлөө оноштойгоор 6 сар буюу 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хөдөлмөр чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон. Улмаар уг хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актыг 2015, 2016, 2017, 2018 онуудад жил бүр сунгуулж явж ирсэн. \хх-8, 9, 10, 11\

3. Мөн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь нэмэгдэж 55 хувь болсон \хх-12\ бөгөөд уг актыг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сунгуулж ирсэн \хх-13\ тул энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн гэх үндэслэлд хамаарахгүй.

4. Монгол улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А\85\241 дугаар хамтарсан тушаалын 1.5.3-д “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон хувь, хугацаанаас хамаарахгүйгээр өөрийн өвчний байдал, үе шатанд нөлөөлөхгүй ажил, үйлчилгээ эрхэлж болно.” гэж заасан байдаг учир энэ хүрээнд Д.Б- нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг.

 5. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №33 дугаар тогтоолын 25-д “Хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, 97.1.2-т заасан “нөхөн төлбөр” -ийг 1999 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсөн, мөн уг хугацаанаас өмнө эдгээр тохиолдолд өртөж, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гараагүй байгаа болон комиссын шийдвэр гарсан боловч нөхөн төлбөр аваагүй байгаа хүмүүст хамааруулан ойлгоно”, мөн тогтоолын 25.1-д “Ажил олгогч энэ хэсэгт заасан хугацааны нөхөн төлбөрийг “нэг ба түүнээс дээш удаа олгоно” гэдэг нь нэг удаа заавал олгохыг хэлэх ба хөдөлмөрийн чадвар алдалтын хувь багассан, нэмэгдсэн тохиолдолд нэгээс дээш удаа олгоно” гэж тус тус заасан.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлага болох Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан 7 ба 9 сарын нөхөн төлбөр болох 29.151.428 төгрөгийг хариуцагч Ш- Г-  ХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах шатны шүүхээс хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Д.Б- нь анх 1992 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Ш- Г- ” ХК-нд уурхайн гүний хэсэгт малтагч, бэхэлгээчнээр ажилд орж 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 22 жилийн хугацаанд аврагч, ус шүүрүүлэх хэсэгт механик, хэсгийн дарга зэрэг ажлуудыг хийн гүйцэтгэж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгджээ.

Дээрх хугацаанд ажиллаж, албан үүргээ гүйцэтгэж байхдаа үйлдвэрлэлийн осолд орж байсан нь “Үйлдвэрлэлийн ослын акт” /ҮОТА-03, 04/-аар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Б-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос мэргэжлээс шалтгаалах өвчин “...2-2-7А Угаарын хийн хордлого а/хөнгөн хэлбэр...”, “нүүрс хүчлийн дан ислийн хордуулах нөлөө” оноштойгоор 6 сарын хугацаатай 50 хувиар тогтоож, 2015, 2016, 2017 ондуудад тус тус нэг жилийн хугацаагаар сунгаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл түүний хөдөлмөрийн чадвар алдалтыг 55 хувь болгон шинэчлэн тогтоожээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т “...мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа..., ...31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар..., ...цалингын дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа ажил олгогч олгоно...” гэж заасны дагуу Д.Б-ээс 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 12.753.752 төгрөгийг, 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 16.397.676 төгрөг буюу нийт 29.151.428 төгрөгийг “Ш- Г- ” ХК-иас нэхэмжилжээ.

Хариуцагч “Ш- Г- ” ХК Д.Б- нь тухайн байгууллагтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, ажиллахаа больсоны дараагаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээ тогтоолгосон, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээг сунгасан баримтууд нь үнэн зөв эсэх нь эргэлзэээтэй, нэхэмжлэгч нь хөөлмөрийн чадвараа алдсан гэсэн атлаа одоогоор өөр байгууллагад ажилладаг гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “...хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй...” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Б- 2014 оны 06 дугаар сарын 05-наас хойш 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон актыг сунгуулсан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй хэмээн давж заалдах гомдол гаргасан хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд хөдөлмөрийн маргааны талаар гомдол гаргах хугацааг тусгайлан заасан тул нэхэмжлэгчийн хөдөлмөрийн маргаантай холбоотой шүүхэд гомдол гаргах хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т “...хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна...” гэж заасантай адилтган үзэх боломжгүй юм.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч талаас хэрхэн юуны учир 5 жил 7 сарын дараагаар шүүхэд хандаж байгаа, энэ хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байх тул анхан шатны шүүхийг нэхэмжлэгчийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээгээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна.    

Иймд нэхэмжлэгч Д.Б-, түүний өмгөөлөгч С.Чинбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 518 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Б-, түүний өмгөөлөгч С.Чинбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 303.708 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.   

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7-д зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                                                                   

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       О.НАРАНГЭРЭЛ

                                                        ШҮҮГЧИД                                        Л.АМАРСАНАА

                                                                                                                М.МӨНХДАВАА