Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 135/ШШ2022/01255

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 135/ШШ2022/01255

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/01174/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 2 дугаар баг, Хабитат ** тоотод оршин суух, утас: 88******, МЙ******** регистрийн дугаартай, Х овогт Д.Эын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, ** дугаар байрт байрлах, утас: 7037****, 88******, 20***** регистрийн дугаартай, Д*************** Төрийн өмчит хувьцаат компанид холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор болох 1,855,333 төгрөг гаргуулах, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шмитгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмандах нар нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

2021 онд Д**************** Төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ажилгүй байсан хугацааны цалинг анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 74 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Үүнийг сайн дураар биелүүлэхгүй байсан учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу Д.Эыг ажилд томилох байсан боловч хэлбэр төдий биелүүлсэн. Ажилд эргүүлэн томилох тушаалыг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гаргаж, үүнээс 6 хоногийн дараа буюу 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн байгаа. Хуулийн хугацааны дагуу тус шүүхэд гомдлоо гаргасан. Ажлаас чөлөөлсөн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, 80.1.4 дэх заалтуудыг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн. Уг тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Мөн ажилгүй байсан хугацааны 1,855,333 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Шүүхэд гаргаж байх хугацаанд буюу ажилгүй байсан нийт 284 хоног 4,308,666 төгрөг болж байна. Талуудын хооронд тушаалын үндэслэлд маргаан үүсэж байгаа. Хариуцагч тал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан /2 ба түүнээс дээш/ гаргасан эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байхыг шаардаж байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байхад байгуулагдсан мэтээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч бол 2018 оноос удаа дараа ажлаас халагдсан нь тогтоогдсон. Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу хувийн үзэмжээр хандсан байдаг. Д.Эын хувьд 24 цагаар ажилладаг сахиулын ажилтан байсан. Ажлын байрны тодорхойлолтод нэг хүн дээр олон ажлын байр өгч байгаа нь буруу. Яагаад гэвэл 24 цагаар амралтгүй ажилладаг. Тухайн байгууллагын эд хөрөнгийг хариуцаж байгаа гэтэл тогооч, сахиул, уурын зуух галлах, засвар хийх ямар ч боломжгүй. Д.Э нь сайн дураар ажлаа тасалсан юм огт байхгүй, хөдөлмөрийн гэрээн дээр гарын үсэг зураагүй баримт хэрэгт авагдсан байгаа гэв.

Хариуцагч Д**************** Төрийн өмчит хувьцаат компани болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А нар нь шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Д**************** Төрийн өмчит хувьцаат компанийн дарга нь ирж хэргийн материалтай танилцаад 1,855,333 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлдэг. Амралттай байх хугацаанд 10-аад сая төгрөг авсан байгаа энэ хүн ингээд хуулийн гаргалгааг гаргаад сул мөнгө аваад байдаг. Сүүлийн гаргаж өгсөн баримтын тогтоох хэсэг нь байхгүй болохоор юуг үндэслэж өгөх нь тодорхойгүй байсан гэх мэт үндэслэлээр татгалздаг. Энэ хүн ажиллаж байгаад халагдсан юм шиг ярьдаг. Өөр хөдөлмөрийн харилцаа нэг талаас шүүхийн шийдвэр гарсан, манай байгууллага албан ёсоор тушаал гаргаад нөгөө хүнээ дуудаад тушаалаа 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр танилцуулснаа гарын үсгээ зурсан байдаг. Тэгэхээр нэгэнт хөдөлмөрийн тушаал гарсан байгаа болохоор ирээд ажлаа хийх ёстой. Гэтэл энэ хүн юмнуудтайгаа танилцахдаа ажлын байрны тодорхойлолтод байсан галч, тогооч, сахиул гэсэн ажлуудыг хавсран хийхгүй гээд гарын үсэг зураагүй явсан. 2,3 хоног хүлээсэн, дахиад хүлээсэн ирээгүй учраас Хөдөлмөрийн харилцаанд ноцтой зөрчил гаргаж байна гэж үздэг. Сахилгын зөрчил гаргасан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дахь заалтыг бариад захиргааны журмаар ажлаас халсан. Д.Э нь ажлыг хийхгүй гэсэн байр сууриар хандсан. Ажилдаа ороод хөдөлмөрийн маргаанд гомдол гаргаад явах байтал ажил хаяад явсан. Нөгөө талаар хөдөлмөрийн дотоод журам гээд байгаа урд нь ажиллаж байсан хөдөлмөрийн дотоод журам энд өөрчлөлт ороогүй. Шинээр өөрчлөлт оруулсан байвал өөр хэрэг. Хөдөлмөрийн дотоод журамд гарын үсэг зурах ёстой байсан байтал Д.Э нь гарын үсэг зураагүй болохоор байгууллага хүчлэн зуруулах боломж байхгүй. Тийм учраас байгууллагын буруутай ажиллагаа байхгүй гэдгээ хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хариуцагч тал тайлбараа гаргаж өгсөн байгаа гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 4 дэх тал/, итгэмжлэл /хавтаст хэргийн 5 дахь тал/, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай шийдвэрийн хуулбар /хавтаст хэргийн 6-10 дахь тал/, Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ** дугаартай магадлалын хуулбар /хавтаст хэргийн 11-17 дахь тал/, Д**************** Төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ** дугаартай Ажилд эгүүлэн ажиллуулах тухай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 18 дахь тал/, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн ** дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 19 дэх тал/, Д**************** Төрийн өмчит хувьцаат компанийн сахиулын ажлын байрны тодорхойлолт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/, Д**************** Төрийн өмчит хувьцаат компаниас Д.Э луу явуулсан бичгийг гардуулсан тухай шууданчийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хавтаст хэргийн 22 дахь тал/ зэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А нь хариу талбартаа холбогдуулан Д**************** Төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ** дугаартай Ажилд эгүүлэн ажиллуулах тухай тушаалын хуулбар Д.Эын 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр бичсэн гэх бичвэр /хавтаст хэргийн 37 дахь тал/, Д**************** Төрийн өмчит хувьцаат компанийн сахиулын ажлын байрны 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн тодорхойлолт /хавтаст хэргийн 38-40 дэх тал/, Дархан Д**************** Төрийн өмчит хувьцаат компаниас Д.Этай 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулах гэж байсан гэх хөдөлмөрийн гэрээ /хавтаст хэргийн 41-43 дахь тал/, Д**************** Төрийн өмчит хувьцаат компанийн сахиулын ажлын байрны 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн тодорхойлолт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/ зэргийг тус тус шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Д**************** Төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн тогтоосон хүртэл хугацааны цалин 1,855,333 төгрөг гаргуулах, тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин нийт 4,308,366 төгрөг гаргуулах, тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх гэж шаардлагаа тодруулсан.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Д.Эыг ажилд нь эгүүлэн тогтоосон боловч ажилдаа ирээгүй 3-4 хоног ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж маргаж байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 21-ний өдрийн *** дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Д.Эын Д**************** Төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор болох 8,280,000 төгрөг гаргуулах, Д**************** Төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ** дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцээд тушаалыг хүчингүйд тооцож, Д.Эыг тус компанийн Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 9,889,965 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны цалин олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.

Дээрхи шийдвэрийг хариуцагчийн гомдлоор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ** дугаартай магадлалаар хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Хэрэгт авагдсан Д**************** Төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ** дугаартай тушаалаар Д.Эыг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулаар томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн байх ба мөн захирлын 2022 оны 5 сарын 03-ны өдрийн 39 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 12.7.2 дахь заалтуудыг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Дээрх тушаалыг Д.Э нь 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байна. /хавтаст хэргийн 22 дахь тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ...тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан ба мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т ажилтан нь хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргаанаа шийдвэрлүүлэхийг хуульчилсан байна.

Нэхэмлэгч Д.Э нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хөдөлмөрийн маргаанаа шийдвэрлүүлээгүй боловч түүний сонгох эрхийг хуулиар зохицуулсан байх тул шүүх харьяалан шийдвэрлэх маргаан гэж үзсэн ба хуулийн хугацаанд гомдол гаргасан тул гомдлыг хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Эын Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ** дугаартай магадлал гарснаас хойш ажилд эгүүлэн тогтоосон буюу 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэмцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэсэн заасны дагуу хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахдаа өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт дурдсанаар нэхэмжлэгч Д.Эын сарын цалин 460,000 төгрөг, сахиул байнгын буюу 24 цагаар ажилладаг тул 30 хоногт хувааж өдрийн цалин 15,333 төгрөгөөр тооцож 140 өдөр х 15,333=2,146,620 төгрөг боловч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгийн хэмжээгээр 1,855,333 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлийг ...нэхэмжлэгч Д.Эыг Д**************** Төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ** дугаартай тушаалаар Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулын ажилд эгүүлэн томилсон байх ба мөн өдрөө тушаалыг танилцуулж, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтыг танилцуулсан боловч сахиулын ажлын хажуугаар давхар ажилчдын хоол хийх, нам даралтын зуух галлаж, тухайн байруудын халаалтыг бүрэн хариуцах ажлыг хийх боломжгүй гэж тайлбар гаргаж хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод гарын үсэг зураагүй, татгалзсан мөн ажилдаа ирээгүй 3-4 хоног болсон тул хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарласан.

Хариуцагч нь нотлох баримтаар 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, Д**************** Төрийн өмчит хувьцаат компанийн сахиулын ажлын байрны тодорхойлолт, ажилд эгүүлэн тогтоосон тушаалын ард гараар бичигдсэн бичвэрийг шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна, 48 дугаар зүйлийн 48.1-д Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй.

Хэдийгээр хариуцагч Д**************** Төрийн өмчит хувьцаат компани нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон боловч талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ба ажилтан зөвшөөрөөгүй байхад хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил үүрэг гүйцэтгэхийг ажилтнаас шаардаж болохгүй талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасныг зөрчсөн байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, хөдөлмөрийн дотоод журамын 12.7.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж дурдсан боловч талууд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул хөдөлмөрийн гэрээний үүргийг хариуцуулах үндэслэлгүй байх ба хөдөлмөрийн дотоод журмыг баримталсан талаар дурдсан боловч энэ талаар хэрэгт нотлох баримт ирүүлээгүй, хөдөлмөрийн дотоод журмыг ажилтанд танилцуулсан эсэх, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлсан заасан эсэх нь тодорхойгүй байна.

Хариуцагч нь өмнө гүйцэтгэж байсан ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргийг гүйцэтгэлүүлэх гэсэн боловч зөвшөөрөөгүй гэж нотлох баримтаар нь өмнө тохиролцож гүйцэтгэж байсан ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар ирүүлсэн боловч хөдөлмөрийн гэрээгээр хэрхэн тохиролцсон эсэх талаар нотлох баримт ирүүлээгүй байна.

Хэдийгээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлд нь сэргээгдэхийг хуулиар зохицуулсан боловч өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хэрхэн тохиролсон эсэх нь тодорхойгүй байна.

Иймд Д**************** Төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн ** дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, Д.Эыг тус компанийн Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоосон хугацаа хүртэл 1,855,333 төгрөг дээр шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх цалинг нэмэгдүүлж, нийт 4,308,366 төгрөг шаардаж байгаа ба хариуцагч тал энэ талаар тайлбар гаргаж, мэтгэлцээгүй тул хариуцагчаас 4,308,366 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасны дагуу Д.Эын дээр дурдсан цалин олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус зааснаар Д**************** Төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, Д.Эыг тус компанийн Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 4,308,366 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эт олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг баримтлан дээрх цалингийн зөрүүгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Д**************** Төрийн өмчит хувьцаат компанид даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,894.94 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д**************** Төрийн өмчит хувьцаат компаниас 45,894.94 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид, 47,822.8 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА