Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 209/МА2022/00096

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  09 дүгээр сарын 14-ний өдрийн 1255 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Дархан авто замын засвар арчлалт” ТӨХК-нд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “...Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 1,855,333 төгрөг гаргуулах, ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах...” тухай

Иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Б.Баясгалангийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Атарбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

2021 онд Дархан авто замын засвар, арчлалт ТӨХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 916 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ажилгүй байсан хугацааны цалинг анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл 9,889,965 төгрөг тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 74 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Үүнийг сайн дураар биелүүлэхгүй байсан учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу *******ыг ажилд томилох байсан боловч хэлбэр төдий биелүүлсэн. Ажилд эргүүлэн томилох тушаалыг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гаргаж, үүнээс 6 хоногийн дараа буюу 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлснийг эс зөвшөөрч шүүхэд гомдлоо гаргасан.

Ажлаас чөлөөлсөн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, 80.1.4 дэх заалтуудыг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах.

Иймд Давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс ажилд томилсон тушаал гаргасан 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны 1,855,333 төгрөг гаргуулах, 

Захирлын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 39 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Манай байгууллага нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс *******ыг Хөтөлийн шуурхай ажлын хэсгийн сахиулаар /өмнө нь хийж байсан ажил/ ажиллуулахаар гүйцэтгэх захирлын 34 дугаар тушаалаар ажилд нь эгүүлэн тогтоосон. ******* тушаал болон шүүхийн шийдвэрийн дагуу хөдөлмөрийн гэрээг байгуулж, ажилдаа орж, албан үүргээ гүйцэтгэх ёстой байсан боловч ажлаа хий гэж удаа дараа дуудсан, тушаалыг шуудангаар хүргүүлсэн. Тушаал гарсан байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 5 хоног тасалсан.

Энэ нь сахилгын зөрчлийг дахин гаргасан үндэслэл мөн тул ажлаас чөлөөлөх гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаар тушаал гарсан. Тушаал гарсан байхад хуучин ажилдаа орохгүй, хөдөлмөрийн гэрээг байгуулахгүй, ажил хийхгүй гэж байгаа нь өөрийн санаачилгаар ажлаас гарч, ажлыг хаяж явсан гэхэд хүргэж байна.

Иймд *******ын хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хууль бусаар халсан зүйл байхгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус зааснаар Дархан авто замын засвар, арчлалт Төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, *******ыг тус компанийн Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 4,308,366 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг баримтлан дээрх цалингийн зөрүүгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Дархан авто замын засвар, арчлалт Төрийн өмчит хувьцаат компанид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,894.94 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан авто замын засвар, арчлалт Төрийн өмчит хувьцаат компаниас 45,894.94 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид, 47,822.8 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч Б.Баясгалан давж заалдах гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгийн хэмжээгээр 1,855,333 төгрөг гаргахаар шийджээ. Гэтэл энэ тооцоог нотлох зүйл бол хавтаст хэрэгт авагдсан Сум дундын шүүхийн 2021.10.21-ний өдрийн 929 тоот шийдвэрийг үндэслэх байсан. Уг шийдвэрийн тогтоох хэсэг болон шийдвэрийн сүүлийн хуудас дутуу, шүүгчийн тамга, гарын үсэгтэй хэсэг байхгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүгч дураараа өөрийн санаачилгаар нотлох баримтыг бүрдүүлэхээр шүүхийн нарийн бичгийн даргыг шүүх хурал дундуур гаргаж архиваас хэргийг олуулж авч ирүүлж 929 тоот шийдвэрийг нотлох баримтаар үнэлсэн.

            Төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой асуудал биш бөгөөд нэхэмжлэгч тал өөрөө шүүхийн архиваас авах бүрэн боломжтой байхад шүүх санаачлаад байгаа нь илт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлтэй байна.

            *******ыг ажилд эгүүлэн тогтоосон нь манай байгууллагаас гаргасан тайлбарт учир дутагдалтай хандаж уг тайлбарын үндэслэлийг шийдвэрт бүрэн тусгаагүйтэй холбоотой гэж үзэж байна.

Шүүх талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ба ажилтан зөвшөөрөөгүй байхад хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил үүрэг гүйцэтгэхийг ажилтнаас шаардаж болохгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасныг зөрсөн гэж дүгнэсэн. Гэтэл ******* нь өөрөө шүүхийн хэлээд байгаа уг заалтыг зөрчсөн. Ажлын тодорхойлолтод заагдсан зарим ажлыг хийхгүй гэж бичиг гаргасан, ажил тасалж, эд хөрөнгө эзгүйрч улсын хөрөнгө үрэгдүүлэх эрсдэлд хүргэсэн.

Иймд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй, хуулийг буруу хэрэглэж ажлаас чөлөөлөөгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгч Б.Баясгалангийн гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.   

3. Нэхэмжлэгч ******* нь давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс ажилд томилсон тушаал гаргасан 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор болох 1,855,333 төгрөг гаргуулах,

Мөн “Дархан авто замын засвар арчлалт” Төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч,

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус зааснаар “Дархан авто замын засвар арчлалт” Төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, *******ыг тус компанийн Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 4,308,366 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг баримтлан дээрх цалингийн зөрүүгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Дархан авто замын засвар, арчлалт Төрийн өмчит хувьцаат компанид даалгаж шийдвэрлэснийг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ.

Хэргээс судлан үзвэл :

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно.” гэж заасны дагуу хэрэгт авагдсан 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0869 дугаартай итгэмжлэлийн дагуу ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ. /хавтаст хэргийн 5/

            4а. Хавтаст хэрэгт авагдсан 0869 дугаартай итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгч ******* нь *******ад “Дархан авто замын засвар арчлалт” ТӨХК-нд холбогдох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх олгосон бөгөөд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 929 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 74 дугаартай магадлал тус тус гарч, тухайн итгэмжлэлээр олгосон эрх, үүрэг дуусгавар болсон байна. /хавтаст хэргийн 6-17, 73/

            4б. Гэтэл дээрх итгэмжлэлээр олгосон эрх, үүрэг нь дуусгавар болсон байхад өөрөөр хэлбэл 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон 0869 дугаартай итгэмжлэлийн дагуу “...давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс ажилд томилсон тушаал гаргасан 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор болох 1,855,333 төгрөг гаргуулах,  мөн “Дархан авто замын засвар арчлалт” Төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт *******ыг оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй этгээдийг оролцуулсан гэж үзэхээр байна. /хавтаст хэргийн 5/

            4в. ******* нь өөрийгөө итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзэж, эрх зүйн туслалцаа авахаар нэхэмжлэгч *******ыг төлөөлж, өмгөөлөгч Б.Содболдтой өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн туслалцаа үзүүлэх “...8,280,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, тус компанийн захирлын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий..” гэсэн агуулга бүхий гэрээ байгуулсан нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй байна. /хавтаст хэргийн 71/

            4г. Гэвч анхан шатны шүүх өмгөөлөгч Б.Содболдыг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан боловч  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй өмгөөлөгч Б.Содболдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй /хавтаст хэргийн 31/, нөлөөллийн мэдүүлэг танилцуулаагүй /хавтаст хэргийн 30, 53/ байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

5. Нэхэмжлэгч ******* нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа  “...давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс ажилд томилсон тушаал гаргасан 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор болох 1,855,333 төгрөг гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, харин “Дархан авто замын засвар арчлалт” Төрийн өмчит хувьцаат компанийн захирлын  2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаартай ажлаас чөлөөлөх тушаалаар ажлаас чөлөөлөгдсөнөөс хойших хугацааны цалинг нэхэмжлээгүй байна.

5а. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байхад “...хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин нийт 4,308,366 төгрөг гаргуулах, тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх гэж шаардлагаа тодруулсан.” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 4,308,366 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.

5б. Хэрэв нэхэмжлэгч ******* нь шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин нэхэмжилж байгаа бол нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1, 67.1.2-т заасны дагуу нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах, “...шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх.” ёстой бөгөөд эдгээр ажиллагааг хийгээгүй байгаа нь талуудын шүүхийн өмнө эрх тэгш байх, түүнчлэн мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

 6. Иймд анхан шатны шүүхийн гаргасан дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

7. Түүнчлэн нэхэмжлэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүгчийн захирамж гаргаж, иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т “хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 ... хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ.” гэж заасан ба шүүх энэ хугацааны дотор хэргийг хянан шийдвэрлэх учиртай. /хавтаст хэргийн 21/

Хэрэв хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дууссан тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т заасны дагуу “...тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.” гэж хуульчилсан байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгаагүй зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ ХЭСЭГ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  09 дүгээр сарын 14-ний өдрийн 1255 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                                 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.БАЙГАЛМАА

                                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.АМАРСАНАА

                                    ШҮҮГЧ                                     Я.ТУУЛ