Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 209/МА2023/00025

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  01 дүгээр сарын 19-ний өдрийн 135/ШШ2023/00110 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ТӨХК-нд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 1,855,333 төгрөг гаргуулах, “*******” ТӨХК-ийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх” тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

...”Үндэслэлгүй ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл” гаргаж, анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 929 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж ажилгүй байсан хугацааны цалин 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцож нийт 9,889,965 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж ажилгүй байсан хугацааны цалин 9,889,965 төгрөг өгсөн, харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу Энхбаяр намайг ажилд томилох байсан боловч шүүхийн шийдвэрийг хэлбэр төдий биелүүлж ажилд эгүүлэн томилсон тушаалыг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гаргаж, үүнээс 6 хоногийн дараа буюу 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дахин үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлснийг би 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гардан авч мэдсэн. Уг тушаалд ажлаас чөлөөлөх үндэслэлгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна.  Гэтэл миний бие ямар нэгэн байдлаар сахилгын зөрчил гаргаагүй байтал давтан зөрчил гаргасан мэтээр дүгнэн, хөдөлмөрийн гэрээг надтай шинээр байгуулаагүй атал Хөдөлмөрийн гэрээг үндэслэж ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Иймд дээрх ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулж, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 1,855,333 төгрөг гаргуулах, “*******” ТӨХК-ийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

  1. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн 2022 оны 12 дугаар сарын 16-нд нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд:

1. ******* арваад сая төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар аваад дууссан. Одоо нэхээд байгаа мөнгөний дүн байхгүй болохоор олгогдохгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2. Манай байгууллага нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс *******ыг Хөтөл шуурхай хэсгийн сахиулаар ажиллуулахаар гүйцэтгэх захирлын 34 тоот тушаалаар өмнө нь хийж байсан ажилд нь эгүүлэн томилсон. *******т тушаал болон шүүхийн шийдвэр, Хөдөлмөрийн хууль шинэчлэгдсэнтэй холбогдож хөдөлмөрийн гэрээг байгуулж, ажилдаа орж, албан үүргээ гүйцэтгэх ёстойг хэлсэн.

Гэтэл энэ хүн хөдөлмөрийн гэрээг байгуулахгүй, ажлын тодорхойлолтод дурдсан ажил хийхгүй чадахгүй гэж ажилд орох тушаалынхаа ар талд /2 удаа дуудсан боловч би хүлээн зөвшөөрч зөвшилд хүрсэнгүй тогооч, галлагааг хийхгүй гэж/ өөрөө бичиж өгч, ажлыг голж шилж хэрүүл хийн захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй,. gжлаа хий гэж удаа дараа дуудсан, тушаалыг шуудангаар хүргүүлсэн.

Тушаал гарсан байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлыг 5 хоног тасалсан. Энэ  нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил мөн тул ажлаас чөлөөлөх гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 39 тоот тушаал гарсан. Түүний энэ хууль бус үйлдлээс болж байгууллагын хөрөнгө эзгүйрч, ажил цалгардах болсон тул ажлаас чөлөөлөхөөс өөр арга байхгүй байсан. Нэгэнт тушаал гарсан болохоор өөр хүнийг сахиулаар ажиллуулах дахин тушаал гаргах боломжгүй юм.

3. ******* ажил хийж, буцаж орох гэж ирээгүй нь дараах байдлаас харагдана. Үүнд: Урдахтай нь адил өөрчлөгдөөгүй байхад ажлын тодорхойлолтод дурдсан ажлын зарим хэсгийг хийхгүй гэж үндэслэлгүйгээр шалтаглаж өөрөө гараар бичиж өгсөн, хэрүүл маргаан гарган гарын үсэг зурахгүй гэдэг, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт дээр гарын үсэг зурахгүй гэдгийг ашиглан дахин дахин ажил хийхгүйгээр сул мөнгө авах далд санаа агуулсан, өндөр настан, тэтгэвэр тогтоосон болохоор ажиллах сэтгэлгүй, шүүхийн шийдвэр, компанийн тушаал, хөдөлмөрийн хуулийг үл тоосон, ажил хаяж тасалж, эд хөрөнгө эзгүйрч улсын хөрөнгө үрэгдүүлэх өндөр магадлалтай, хөдөлмөрийн харилцааны оролцогчдын өөрсдөөс хамаарах хийгдвэл зохих нэг талын шаардлагыг ******* нь хуульд зааснаар биелүүлээгүй. Түүний эдгээр үйлдэл нь хуульд нийцээгүй.

4. Бидний хоорондын хөдөлмөрийн харилцаа бол анх ажилд орох гэж байгаа хүнээс өөр онцлогтой юм. Тодруулбал: Шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 929 тоот шийдвэрийн дагуу тус компанийн захирлын 34 тоот ажилд авах тушаал гарч ******* ажилдаа орох шаардлага үүссэн. Ажилд эгүүлэн авсан болохоор ажилтантай өмнө нь үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэж байгаа бөгөөд эргэн орох үеийн ажлын байрны тодорхойлолт нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ажлын байрны тодорхойлолттой яг адилхан, өөрчлөгдсөн зүйл байгаагүй байхад татгалзсан нь үндэслэлгүй. Орон тоо цөөтэй, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан орон тоо, төсөвт галч, тогооч гэсэн батлагдсан орон тоо байдаггүй бөгөөд ******* урьд нь ч ийм ажлын байрны тодорхойлолтын дагуу ажиллаж байсан.

******* тохиролцохгүй гэж ажил хаяж, таслах биш шүүхийн шийдвэр, тушаалын дагуу ажлыг хөдөлмөрийн гэрээгүйгээр хийж эхлэх байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөрийн харилцаа үүссэнд тооцно гэснийг зөрчсөн.

Шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1255 тоот шийдвэр /...хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө нь үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлд нь сэргээгдэхийг хуулиар зохицуулсан.../ гэж дурдаж байсанчлан *******ын урьд нь байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт сэргээгдэж байгаа тул түүний хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээг шинээр байгуулаагүй гэж ажилдаа огт ирэхгүй ажил таслах нь хуулийн үндэслэл биш юм.

...Иймд байгууллагын зүгээс ямар нэгэн зүйлээр шалтгаалсан буруутай зүйл байхгүй болно.

5. Гаргасан зөрчлийн хувьд: *******ыг ажлаа хий гэж удаа дараа дуудсан. 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн биеэр ирж тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг хүлээн авлаа гэж гарын үсгээ зурсан байдаг.

Тушаал гарч, хөдөлмөрийн харилцаа үүссэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа 5 хоног тасалж, явсан өдрөөс хойш огт ирээгүй нь хөдөлмөрийн дотоод журмын 12.7.2-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсхүл хуанлийн 1 сарын хугацаагаар тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал гэсэн заалт нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцогдохоор байгаа.

...Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ....гэсний дагуу *******ыг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 39 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Иймд хариуцагчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус зааснаар “*******” ТӨХК-ийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, *******ыг тус компанийн Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 5,765,328 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн төлөлт хийх, баталгаажуулахыг “*******” ТӨХК-нд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,894 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч “*******” ТӨХК-иас 107,195 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

  1. Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1 ...Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг баримталсан. Хөдөлмөрийн гэрээг нотлох баримт болгох ёстой, хэрэгт байгаа 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 7.2.3-т (“...ноцтой зөрчилд...” гэж дараах зөрчлийг ойлгоно.

Үүнд: Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсхүл хуанлин нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал гэсэн байгаа,

-гэрээг байгуулж ажилдаа орж албан үүргээ гүйцэтгэх ёстой,

-хэргийн үйл баримтад ажил тасалсан асуудал яригдаж хэлэлцэгддэг болохоос давтан зөрчил гаргасан гэх талаар ямар нэг зүйл дурдагдаагүй,

-нөгөө талаар давтан зөрчил гаргасан гэх асуудал ноцтой зөрчилд тооцогдохгүй хөдөлмөрийн гэрээнд тусгах шаардлага байхгүй,

-******* нь ажлаа хийж байхдаа тэтгэврээ тогтоолгоход болохгүй зүйл байхгүй үргэлжлүүлэн ажиллахад саад болохгүй. Шүүх хавтаст хэрэгт байхгүй баримт дээр дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

4.2 Тус шийдвэрийн (14...ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд тухайн тушаалд хөдөлмөрийн гэрээг баримтлаагүй, ажилтны гаргасан зөрчлийг заагаагүй, тухайн зөрчлийг шалгасан хэлэлцсэн тэмдэглэл хэрэгт байхгүй байгаа нь тушаалыг үндэслэлтэй гаргасан гэж үзэх боломжгүй юм.) гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Байгууллагын зүгээс ямар нэг хууль зөрчсөн зүйл байхгүй, түүний зөрчил гаргасан нь нотлогдсон, хөдөлмөрийн хуулийн сахилгын ноцтой зөрчлийн заалтыг тушаалд баримталсан, ноцтой зөрчлийг нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан зааж өгсөн байхаас өөр зүйлийг хуульд шаардаагүй гэж ойлгож байна.

4.3.а. Манай байгууллага нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2022.04.27-ний өдрөөс *******ыг Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулаар ажиллуулахаар гүйцэтгэх захирлын 34 тоот тушаалаар өмнө нь хийж байсан ажилд нь эргүүлэн томилсон. Гэтэл энэ хүн хөдөлмөрийн гэрээг байгуулахгүй, ажлын тодорхойлолтод дурдсан ажил хийхгүй, ажилд орох тушаалынхаа ар талд /2 удаа дуудсан боловч би хүлээн зөвшөөрч зөвшилд хүрсэнгүй тогооч, галлагаа хийхгүй/ гэж өөрөө бичин өгч ажлыг голж ажил хаяж тасалсан. Ажлаа хий гэж удаа дараа дуудсан, тушаалыг шуудангаар хүргүүлсэн. Тушаал гаргасан байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлыг 5 хоног тасалсан. Энэ нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил мөн тул ажлаас чөлөөлөх гүйцэтгэх захирлын 2022.05.03-ний өдрийн 39 тоот тушаал гарсан.

б. ******* ажил хийх, буцаж орох гэж ирээгүй.

в. Бидний хоорондын хөдөлмөрийн харилцаа бол анх ажилд орох гэж байгаа хүнээс өөр онцлогтой юм.

г.Тушаал гарч хөдөлмөрийн харилцаа үүссэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа 5 хоног тасалж, явсан өдрөөс хойш огт ирээгүй нь хөдөлмөрийн дотоод журмын 12.7.2-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан эсхүл хуанлын 1 сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал/ гэсэн заалт нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцогдохоор байгаа.

*******тай өмнө нь байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2.3 дахь заалтад дээрх үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор заасан байдаг. Хөдөлмөрийн хуулийн 80.1.4 -т /ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг... хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачлагчаар цуцална/ гэсний дагуу *******ыг 2022 оны 05 дугаар сарын 03 -ны өдрийн 39 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ******* нь “*******” ТӨХК-нд холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 1,855,333 төгрөг гаргуулах, “*******” ТӨХК-ийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ.

Хэргээс судлан үзэхэд:

3. Нэхэмжлэгч ******* нь “*******” ТӨХК-ийн Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулаар ажиллаж байгаад “*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 07 сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд ажил олгогчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, шүүхэд гомдол гаргасан бөгөөд  Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 21-ний өдрийн 929 дугаартай шийдвэрээр “*******” ТӨХК-ийн захирлын 2021 оны 07 сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, *******ыг тус компанийн Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулын ажилд эргүүлэн тогтоож, 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 9,889,965 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 6-10, 73/

Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 74 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хавтаст хэргийн 11-17/

4. Хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлж, “*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 34 дугаартай тушаалаар *******ыг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулаар томилсон байх ба мөн захирлын 2022 оны 5 сарын 03-ны өдрийн 39 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 12.7.2 дахь заалтуудыг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хавтаст хэргийн 37/

Дээрх тушаалыг нэхэмжлэгч ******* нь 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байна.

5. Нэхэмжлэгч *******ыг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилсон учир ажил олгогч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилох шийдвэр гаргасан  байх ба нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нэхэмжлэх эрхтэй.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 929 дугаартай шийдвэрийн дагуу нэхэмжлэгч *******ын сарын цалин 460,000 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгч нь байнгын буюу 24 цагаар сахиулын ажил үүргийг гүйцэтгэдэг байх тул 30 хоногт хувааж үзэхэд нэг өдөрт оногдох цалин 15,333 төгрөг болж байгаа бөгөөд нийт ажилгүй байсан 140 өдрөөр тооцоход 2,146,620 төгрөг болж байгаа боловч нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон буюу 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх  олговрыг 1,855,333 төгрөг гэж тодорхойлсон байх тул нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

6. Нэхэмжлэгч *******ын “*******” ТӨХК-ийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагын хувьд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул “...хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хариуцагчийн төлөөлөгчийн татгалзал үндэслэлгүй.

Учир нь хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, “*******” ТӨХК-ийн сахиулын ажлын байрны тодорхойлолтод нэхэмжлэгч ******* нь гарын үсэг зураагүй байх бөгөөд энэхүү үндэслэлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...сахиулын 1 орон тоон дээр галч, тогооч гэх 3 хүний хийх ажлыг энэ хүнээр хийлгэхээр шаарддаг, мөн ажиллах нөхцөлийг нь хангаж өгдөггүй, гэр майхан бариад ажилла гэдэг тул гарын үсэг зураагүй. Иймээс хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй” гэж маргажээ. /хавтаст хэргийн 38-43/

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна”, 48 дугаар зүйлийн 48.1-д “ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж, талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан.

Нэхэмжлэгч *******ын хувьд тухайн ажилд анх удаа томилогдож байгаа ажилтан биш ба Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасан “...хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай ... шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” үндэслэлээр хариуцагч байгууллагын даргын 2022 оны 04  дүгээр сарын 27-ны өдрийн 34 дугаартай ажилд эгүүлэн ажиллуулах тухай тушаалаар ажилд томилогдсон ажилтан байна.

7. Хариуцагч “*******” ТӨХК-ийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар нэхэмжлэгч *******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж хуульчилсныг үндэслэл болгосон ба нэхэмжлэгч нь ямар зөрчил гаргасан талаар тушаалд огт дурдаагүй байна.

Мөн хөдөлмөрийн дотоод журмын 12.7.2 дахь хэсэг гэснийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тушаалдаа үндэслэл болгосон бөгөөд энэ нь “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан гэх зөрчлийг ноцтой зөрчилд тооцдог” гэж тайлбарлан маргажээ.

Хариуцагчаас нэхэмжлэгч *******тай өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2.3-т дээрх зөрчлийг ноцтой зөрчилд тооцохоор заасан гэж тайлбарласан боловч уг гэрээ нь нэхэмжлэгч *******ыг 2018 онд тус байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарахаас өмнө буюу 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэрээ байна. /хавтаст хэргийн 147-149/

Нэхэмжлэгч ******* нь 2018 онд тус байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсны дараа тухайн байгууллагад дахин ажиллаж байсан болох нь нотлогдож байгаа бөгөөд хариуцагчаас ирүүлсэн энэхүү хөдөлмөрийн гэрээ нь одоо хүчинтэй эсэх нь тодорхойгүй байна.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх ёстой бөгөөд тухайн тушаалд хөдөлмөрийн гэрээг баримтлаагүй, ажилтны гаргасан зөрчлийг заагаагүй, тухайн зөрчлийг шалгасан, хэлэлцсэн тэмдэглэл хэрэгт авагдаагүй, зөрчил гаргасан гэдгийг нотолж чадаагүй байгаа нь тушаалыг үндэслэлгүй гарсан гэж үзэх үндэслэл болох учир нэхэмжлэгч *******ыг “*******” ТӨХК-ийн Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Харин ажил олгогчийн гаргасан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд энэ нь цаашид ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул шүүх уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй учир шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

8. Нэхэмжлэгч *******ын сарын цалин 460,000 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгч нь байнгын буюу 24 цагаар сахиулын ажил үүргийг гүйцэтгэдэг байх тул 30 хоногт хувааж үзэхэд нэг өдөрт оногдох цалин 15,333 төгрөг болж байна.

2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс  анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл нийт 261 хоног ажилгүй байсан бөгөөд энэ хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх  олговорт хариуцагч нь 4,001,913 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх олговрын хэмжээг 3,909,995 төгрөг гэж дутуу тооцсон байх тул энэ талаар шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иймд хариуцагчаас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 5,857,246 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасны дагуу *******ын дээр дурдсан цалин олговроос хуульд заасан хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөлт хийх, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв. /1,855,333+4,001,913=5,857,246 төгрөг/

9.Нэхэмжлэгч ******* нь дундаж цалин хөлстэй тэнцэх  олговорт 1,855,333 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлдээ хуульд заасны дагуу тэмдэгтийн хураамж төлөх ёстой, харин ажлаас үндэслэлгүй халагдсан гэх гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх нэхэмжлэл юм.

Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,635 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 108,666 төгрөг гаргуулж, 44,635 төгрөгийг нэхэмжлэгч *******т олгож, 64,031 төгрөгийг төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  01 дүгээр сарын 19-ний өдрийн 135/ШШ2023/00110 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын

“...”*******” ТӨХК-ийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, *******ыг тус компанийн Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 5,765,328 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.” гэснийг

“...*******ыг тус компанийн Хөтөлийн шуурхай хэсгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 5,857,246 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын

            “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,894 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч ******* ТӨХК-иас 107,195 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.” гэснийг,

            “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,635 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******“ ТӨХК-иас  улсын тэмдэгтийн хураамжид 108,666 төгрөг гаргуулж, 44,635 төгрөгийг нэхэмжлэгч *******т олгож, 64,031 төгрөгийг төрийн сангийн орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,195 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Л.АМАРСАНАА                               

                                                    ШҮҮГЧИД                                    Г.МЯГМАРСҮРЭН

    Я.ТУУЛ