Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 47

 

Д.Э-гийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Байгаль орчны газрын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Б.Мөнхтуяа

                                                    Д.Мөнхтуяа

                                                    Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                            Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:              Т.Өлзийтүвшин  

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Байгаль орчны газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/32 тоот “Д.Э-г ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, Д.Э-г Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бороож, Цагаанчулуутын амыг хариуцсан байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалингаас эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг холбогдох хуульд заасан журмын дагуу зохих дансанд шилжүүлүүлэхийг даалгуулах тухай”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2017/668 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2017/0810 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Д.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч нар,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2017/668 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Байгаль орчны газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №Б/32 тоот “Д.Э-г ажлаас халах тухай" тушаалыг хүчингүй болгож, Д.Э-г Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бороож, Цагаанчулуутын амыг хариуцсан байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацаанд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг холбогдох хуульд заасан журмын дагуу зохих дансанд шилжүүлэхийг хариуцагч Байгаль орчны газрын даргад даалгасан байна.  

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2017/0810 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2017/668 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас ...26 дугаар зүйлийн 26.1 гэснийг хасч, 2 дахь заалтын ...ажилгүй байсан хугацааны цалинг... гэснийг ...Б.Э-гийн ажилгүй байсан 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг зохих журмын дагуу бодон... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Д.Э-гийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2017/668 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2017/0810 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан, хуулийн зүйл заалт болоод үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан үнэн зөв үнэлж, дүгнээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно.

5. Маргаан бүхий актыг анхан болон давж заалдах шатны шүүх авч үзэхдээ үгийн утга найруулгыг харгалзан шийдвэрлэсэн нь үйл баримт болоод тус актын агуулгыг бүрэн харгалзаж нотлох баримтаар биелүүлэн авч үзээгүйн улмаас хуулийг буруу тайлбарласан байгаад гомдол гаргаж байна.

6. Нэхэмжлэгч Д.Э-гийн нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гаргасан гомдлыг тус салбар зөвлөлөөс хянан үзэж нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2017 оны Б/32 дугаар тушаалыг “хууль зүйн үндэслэлтэй” гэж дүгнэсэн дүгнэлтийг анхан болон давж заалдах шатны шүүхээс шийдвэр гаргахдаа үндэслэл болгоогүй байна.

7. Нэхэмжлэгч Д.Э нь Нийслэлийн Байгаль орчны газрын дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул хариуцагчаас Партизан хэсгийн ахлах байгаль хамгаалагчаар ажиллаж байсан Д.Э-г үүрэгт ажлаас нь халсан болно.

8. Байгаль хамгаалагч нь Байгаль орчны тухай хуулийн 28 дугаар зүйлээр эрх, үүрэг нь тодорхойлогддог, байгаль орчныг хамгаалах онцгой үүрэгтэй албан үүрэг гүйцэтгэдэг.

9. Нэхэмжлэгч нь байгаль хамгаалагчийн удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан үндэслэлээр ажлаас нь халж шийдвэрлэсэн.

10. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хариуцагчийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг давхар баримталж, дээрх хоёр үндэслэлийн алинаар нь төрийн албанаас халж байгаа нь ойлгомжгүй байна гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

11. Хариуцагчаас хэдийгээр 2 хуулийн зохицуулалтыг давхардуулан хэрэглэсэн байх боловч маргаан бүхий актдаа “албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн...” гэж тодорхой үндэслэлийг зааж өгсөн байтал дээрх байдлаар дүгнэлт хийж буй нь үндэслэлгүй юм.

12. Хариуцагчаас маргаан бүхий актдаа хэрэглэх ёстой хуулийн зохицуулалт болох Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг баримтлан үндэслэсэн байгаа тул хууль зөрчсөн зүйлгүй. Нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэнд халдсан шийдвэр гаргахдаа байгууллагын дүрэм, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу Нийслэлийн Байгаль орчны газрын Ёс зүйн хороо, газрын даргын зөвлөлийн хурлаар тус тус хэлэлцүүлж холбогдох шийдвэрийг гаргасан.

13. Д.Э нь Партизан хэсгийн ахлагчаар ажиллаж байх хугацаандаа Байгаль орчны тухай хууль тогтоомж болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл болсон.

14. Байгаль хамгаалагч нь хууль болоод ажлын байрны тодорхойлолтод зааснаар хариуцсан нутаг дэвсгэртээ байгаль орчинд учирч болзошгүй аюулаас сэргийлэх, байгалийн баялгийг хамгаалах арга хэмжээ авах, хариуцсан нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглуулах, нөхөн сэргээх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, байгаль орчны хууль тогтоомжийг мөрдүүлэх, газрын өдөр тутмын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллах үүрэгтэй.

15. Гэтэл нэхэмжлэгч Д.Э нь үүргээ хангалтгүй биелүүлсэн болох нь дараах баримтуудаар тогтоогдсон байтал үүнийг харгалзан үзэлгүйгээр анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь нотлогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

16. 1/ Хариуцагчаас 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 2017/01 дугаар “Эргүүл шалгалт хийх ажлын удирдамж”-ийг баталсан. Тус удирдамжид нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийг шалгах, зөрчлийг таслан зогсоох, байгалийн дагалт баялгийн ашиглалт, олборлолтонд хяналт тавих зэрэг шалгалтыг хийж, эргүүл шалгалтын үр дүн, цаашид авах арга хэмжээний саналыг илтгэх хуудсаар гаргахаар заасан.

17. Ийнхүү илтгэх хуудсыг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан бөгөөд тус илтгэх хуудаст Партизан хэсэг нь тус удирдамжийн дагуу үүрэгт ажлаа огт биелүүлээгүй буюу мэдээ тайланг ирүүлээгүй, хэсгийн ахлагчаас утсаар мэдээг авахад орлого ороогүй, нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа ачаат тээврийн хэрэгслүүд бүгд гарал үүслийн бичигтэй явж байгаа талаар мэдээлсэн гэж тэмдэглэсэн. Дүгнэлтдээ “... Партизан хэсгийн байгаль хамгаалагчдын эргүүл хяналт шалгалтыг идэвхжүүлэх арга хэмжээг зохион байгуулахад анхаарч ажиллах...” гэжээ.

18. Үүнээс үзвэл дээрх удирдамжид заасан ажлыг зохих журмын дагуу хийж гүйцэтгээгүй буюу удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу эргүүл, шалгалтыг хийгээгүй болох нь харагдаж байна.

19. 2/ Хариуцагчаас 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2017/02 дугаар “Хяналт шалгалт хийх ажлын удирдамж”-ийг баталсан. Тус удирдамжаар “байгаль хамгаалагчдын ажлын байранд /хариуцсан нутаг дэвсгэр/ тавигдах шаардлагыг хангаж ажиллаж байгаа эсэхэд хяналт хийх, хариуцсан нутаг дэвсгэрийн өдрийн идэвхитэй үйл ажиллагааны тэмдэглэл хөтөлж байгаа эсэх, байгаль хамгаалагчдын торгууль шийтгэвэр, нөхөн төлбөр, түлээний мод бэлтгэх эрхийн бичгийн бичилтийг хянах” чиглэлээр шалгалт хийхээр тусгасан.

20. 3/ Хариуцагчаас 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2017/07 дугаар “Хяналт шалгалт хийх ажлын удирдамж”-ийг баталсан. Тус удирдамжаар “нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийг шалгах, таслан зогсоох, байгалийн дагалт баялгийн ашиглалт, олборлолтонд хяналт тавих, байгаль цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, холбогдох байгууллагад мэдээлэх” чиглэлээр шалгалт хийхээр тусгасан.

21. Тус удирдамжид зааснаар Д.Э нь 02 дугаар сарын 16-нд эргүүлд гарахаар байсан боловч хяналт шалгалтаар гараагүй ба утсаар залгахад утсаа аваагүй гэдгийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн илтгэх хуудсанд бичсэн.

22. Мөн хяналт шалгалтын талаарх илтгэх хуудсыг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гаргасан бөгөөд үүнд “Партизан хэсгийн байгаль хамгаалагчдыг хариуцсан нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн явах замд шалгалтанд гараагүй, Партизан хэсгийн ахлагч Д.Э хариуцсан нутаг дэвсгэртээ байгаагүй, Газрын даргын 2017/01 дугаар удирдамжит хяналт шалгалтын хуваарийн дагуу байгаль хамгаалагчдыг ажиллуулаагүй” гэж тэмдэглэсэн.

23. Эдгээрээс дүгнэвэл Д.Э нь албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн болох нь тодорхой байгаа болно. Байгаль хамгаалагчийн ажил нь онцлогтой бөгөөд нийслэлийн тухайд 4 хэсэгт хуваан хэсгийн зохион байгуулалтаар байгаль хамгаалагчдыг хуваарилан ажиллуулдаг.

24. Хэсгийн ахлагчийн хувьд өөрийн хариуцсан нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах ажлыг хууль болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд зохион байгуулж, байгаль хамгаалагчдыг нэгдсэн зохион байгуулалттайгаар ажиллуулах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргийг гүйцэтгэсний дүнд нэмэгдэл урамшуулал авдаг болно. Хэсгийн зохион байгуулалтаар ажиллах журмыг хэрэгт нотлох баримтаар хавсаргаагүй.

25. Дээр дурдсан илтгэх хуудсуудад тусгагдсаны дагуу Партизан хэсгийн ахлагч Д.Э нь үүрэгт ажлаа зохих журмын дагуу удаа дараа хангалтгүй биелүүлсэн тул ажлаас халсан нь зөв юм.

26. Ийнхүү дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

27. Шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

28. Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар Д.Э-г албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн тул 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь халж, цалин хөлс, амралтын тооцоог дуусгахыг даалгаж шийдвэрлэжээ.

29. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хэсэгт нь ажилладаг байгаль хамгаалагч ажлын байран дээрээ согтуу байсны улмаас түүнд сахилгын шийтгэл оногдуулснаас хойш дахин ямар ч алдаа дутагдал, зөрчил гаргаагүй байхад үндэслэлгүйгээр ... удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн... гэж түүний ажил үүргийг дүгнэн ажлаас халсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж, хариуцагчаас “Партизан хэсгийн ахлагч Д.Э- нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлдэг, хариуцсан нутаг дэвсгэртээ ажилладаггүй, хэсгийг удирдан зохион байгуулах чадвар муу, удаа дараа хяналт шалгалтын ажлыг санаачлагагүй, хуваарийг тасалдуулан дутуу гүйцэтгэж байсан” гэж маргажээ.

30. Нийслэлийн Байгаль орчны газрын даргын зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар хурлаар Д.Э-гийн асуудлыг хэлэлцэж, Байгаль хамгаалах тасгийн дарга Т.Чингэлээс “...ажилдаа хариуцлагагүй хандаж үүргээ биелүүлэхгүй байгаа тул ажлын эрх ашгийн үүднээс хэсгийн ахлагчаас чөлөөлөх” саналыг оруулсныг даргын зөвлөлийн гишүүд “Д.Э-г Партизан хэсгийн ахлагч, байгаль хамгаалагчийн үүрэгт ажлаас чөлөөлөх”-өөр шийдвэрлэсэн нь хууль бус болох талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.  

31. Нэхэмжлэгч Д.Э-гийн гаргасан гэх илтгэх хуудаст дурдсан зөрчлүүд нь хэсгийн ахлагч болон байгаль хамгаалагчийн чиг үүргийн алинд нь хамааралтай болох, уг зөрчлийг албаны шалгалтаар нотлоогүй гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу биш юм.  

32. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “…албан үүргээ биелүүлээгүй…” гэж хууль тогтоомжид болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй байх эрх зүйн хоёр өөр ойлголтыг хариуцагч давхар баримтлан нэхэмжлэгчийг буруутгаж ажлаас халсан нь ойлгомжгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна. Мөн бусад үйл баримт дурдсан асуудлаар анхан болон давж заалдах шатны шүүх хангалттай дүгнэсэн учир хяналтын шатны шүүх дахин дүгнэх шаардлагагүй юм.  

33. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг тодорхойлохдоо тодорхой хугацаа заагаагүйг давж заалдах шатны шүүх залруулж ямар хугацааны цалинг тооцох талаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв байна.

34. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2017/0810 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН