| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2020/0023/Э |
| Дугаар | 2021/ДШМ/34 |
| Огноо | 2021-06-10 |
| Зүйл хэсэг | 13.11.2., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2021/ДШМ/34
Н.Мөнхбаярт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 166/2020/0023/Э/219/2020/0023/001/2020/0519
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Д.Энхтуяа
Хохирогч П.Баяраа
Хохирогчийн өмгөөлөгч С.Чинбат
Шүүгдэгч Н.Мөнхбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, Ц.Бат-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолтой, Намхайнямбуугийн Мөнхбаярт холбогдох, 1918000640541 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Мөнхбаярын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, Ж.Эрдэнэбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч ерөнхий Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1977 оны 11 сарын 01 өдөр төрсөн, эрэгтэй, 44 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 1в байрны 44 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ФА77110115 регистрийн дугаартай, Бавуу овогтой Намхайнямбуугийн Мөнхбаяр.
Шүүгдэгч Н.Мөнхбаяр нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа Хувь хүний нууцын тухай хуулийн 2 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, 2 дахь хэргийн 2, 5 дугаар зүйлийн 4, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын байгууллагаас иргэн /хуулийн этгээд/-эд мэдээлэл лавлагаа олгох” журмын 4.2 дугаар зүйл, 4.8 дугаар зүйлийн 4.8.10-т заасныг тус тус зөрчин ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн иргэн П.Баяраагийн хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцад хамаарах эрүүл мэндийн талаарх мэдээлэл, лавлагааг 2018 оны 5 дугаар сарын 18, 2018 оны 6 дугаар сарын 18, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрүүдэд иргэн П.Баяраагийн зөвшөөрөлгүйгээр бусдад гарган өгч задруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Бавуу овогт Намхайнямбуугийн Мөнхбаярыг албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнхбаярыг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6 000 000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнхбаяр нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Хохирогч П.Баяраа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Мөнхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мөнхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Мөнхбаярын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ давж заалдах гомдолдоо:
“Монголын цахилгаан холбоо” Хкомпаниас 2018 оны 05 сар, 06 саруудад 3 удаагийн албан бичгээр тус компанийн чиг үүрэг хамааралтай ажилтан алба хаагчийнхаа эрүүл мэнд, нийгмийн даатгалын холбогдох мэдээллийг хүссэн албан бичгийг хүлээн авч холбогдох хариуг Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Мөнхбаяр гаргаж өгснөөр гэмт хэрэг гарах болсон шалтгаант холбоо үүссэн эсэх.
Өөрөөр хэлбэл төрийн захиргааны байгууллага /Нийгмийн даатгалын хэлтэс/-ээс төрийн өмчид хуулийн этгээд /Монголын цахилгаан холбоо ХК/-ийн ажилтан албан хаагчийнхаа эрүүл мэнд, нийгмийн даатгалын асуудлаар холбогдох мэдээллийг хүссэн хүсэлтийг Н.Мөнхбаяр нийгмийн даатгалын хэлтсийн даргын хувьд хүлээн авч холбогдох доод шатны эрх бүхий ажилтан албан хаагчид бичиг хэргээр дамжуулан цохилт хийж өгч улмаар лавлагаа, мэдээлэл хүссэн албан бичгийн хариуг мөн холбогдох эрх бүхий ажилтан хариу албан бичгийг төлөвлөн хэлтсийн даргаар баталгаажуулан хариуг өгсөн байна.
Миний үйлчлүүлэгч Н.Мөнхбаярын тухайд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч мөн бөгөөд төрийн байгууллага болон төрийн өмчид хуулийн этгээд нарын хооронд ажил хэргийн шугамаар явагддаг албан хэрэгцээнд ирсэн албан бичгийг доод шатны эрх бүхий ажилтанд “холбогдох журмын дагуу шийдвэрлэе” гэх цохилт хийж өгч гарсан хариуг нь хэлтсийн даргын хувьд албажуулан хүргүүлсэн нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй болохгүй юм гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа билээ.
Хууль тогтоогчдоос баталсан “Хувь хүний нууцын тухай” хуулийн 2 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, 2 дахь хэсгийн 2, 5 дугаар зүйлийн 4, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 27 дугаар тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын байгууллагаас иргэн /хуулийн этгээд/-д мэдээлэл лавлагаа олгох” журмын 4.2 дугаар зүйл, 4.8 дугаар зүйлийн 4.8.10-т заасныг зөрчсөн гэж улсын яллагчийн зүгээс буруутгаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Мөн “Нийгмийн даатгалын байгууллагаас иргэн /хуулийн этгээд/-д мэдээлэл лавлагаа олгох” журмаар хориглосон зохицуулалт байгаа эсэх, хориглосон хэм хэмжээг хэрхэн зөрчсөн, журам хүчин төгөлдөр үйлчилж байсан эсэх нь тодорхой бус.
Миний үйлчлүүлэгч Н.Мөнхбаяр нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах” гэмт хэрэгт холбогдож анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлд заасан /136/ хувь хүний нууцыг задруулах гэмт хэргийг Монгол улсын дээд шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 50 дугаартай тогтоолоор тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.
Анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “гэмт хэрэг гарсан байдал” /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/; 1.2 “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3 “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.5 “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” , 1.6 “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэргийг нарийвчлан шалган тогтоогоогүй, хэргийн үйл баримтад бодитой үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхүйц, мөн шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсэх нөхцөл байдал үүссэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа юм.
Мэдээлэл, лавлагаа өгөх болсон зорилго: Нийгмийн даатгалын байгууллагад ажил олгогч төрийн өмчид хуулийн этгээд ажилтан алба хаагчийнхаа эрүүл мэндийн байдлыг тодруулахыг хүссэн хүсэлтэд холбогдох хариуг нь хуулийн хугацаанд гаргаж өгсөн.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Мөнхбаяр нь хохирогч н.Баяраагийн эрүүл мэндтэй холбоотой нууцыг мэдсэнээр түүнийг бусдад болон өөр хувь хүн, хуулийн этгээд задруулсан, түгээсэн, олон нийтэд зарласан асуудал огтоос байхгүй байгаа нь дээрх гэмт хэргийн субьектив тал нь үгүйсгэгдэж байгааг анхаарах асуудал.
Учир нь Н.Мөнхбаяр хохирогч гэх н.Баяраагийн эрүүл мэндийн нууцыг хайж эрэлхийлж олоогүй, харин албан үүргээ гүйцэтгэж байх үед төрийн байгууллагад хандан ажил олгогчийн хувиар төрийн өмчид хуулийн этгээд өөрийн ажилтан албан хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодруулахыг хүссэн хүсэлтийн дагуу хариу албан бичгийг ажил олгогч байгууллагад нь өгснөөр чухам ямар хуулийн заалт болон ямар журмыг хэрхэн зөрчиж байгаа нь тодорхойгүй байгаа юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Ажил олгогчийн эрх, үүрэг”-ийг тодорхойлсон байдаг бөгөөд энэхүү эрхийнхээ хүрээнд хохирогч н.Баяраагийн ажил олгогч “Монголын цахилгаан холбоо” Төрийн өмчид хувьцаат компани ажилтныхаа эрүүл мэндийн байдлыг тодруулах, лавлах, мэдэх зорилгоор Нийгмийн даатгалын байгууллагад хандаж мэдээлэл авч ажилласан гэх асуудал.
Энэхүү хүсэлтийн дагуу мэдээллийг хэлтсийн дарга н.Мөнхбаяр хуульд заасны дагуу холбогдох албан тушаалтандаа цохилт хийж өгснөөр гэм буруутай гэж үзэх нь хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-54-55 гэрч Д.Эрдэнийн мэдүүлэг, хх- 58-60 гэрч н.Азбаярын мэдүүлэг, хх-63-64 гэрч Б.Мөнгөнхуягийн мэдүүлэг, хх-1-4-08 Нийгмийн даатгалын болон Монголын цахилгаан холбоо Хкомпанийн харилцсан гэх албан бичгүүд./
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Мөнхбаяр нь албан үүргээ гүйцэтгэж байхад ирсэн бичгийн хариуг доод шатны албан тушаалтны гаргаж төлөвлөснийг үндэслэн албажуулан хүргүүлсэн нь Хувь хүний нууцыг задруулсан үйлдэл, эс үйлдэхүй болж чадахгүй юм гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа юм.
Мөн хохирогч н.Баяраагийн эрүүл мэндийн мэдээллийг ажил олгогч байгууллагад нь үнэн зөвөөр гаргаж өгөөгүй бол ямар эрх зүйн үр дагавар үүсэх байсан бол, хэрэв тэр мэдээллийг нуун дарагдуулбал яах вэ? гэдэг асуулт гарч ирнэ.
Мөн хохирогч н.Баяраагийн эрүүл мэндийн нууцыг ганц Мөнхбаяр бус түүнийг шүүж үзсэн холбогдох ажилтан, хуралд оролцон 9 хүн гээд хэн нь нууцыг мэдсэн байх уу? Хэн хэнээс нууцын баталгаа гаргуулсан вэ? ....гэх асуулт мөн гарч ирэх юм.
Тэгэхээр ажил олгогч байгууллагад нь ажилтных нь чихрийн шижинтэй гэх, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон гэх эрүүл мэндийн онош мэдээллийг үнэн зөвөөр нь гаргаж өгөх нь Монгол улсын Эрүүгийн хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй үйлдсэн гэж үзэх үндэслэл мөн л тогтоогдохгүй гэдгийг гомдолдоо дахин дурдах нь зүйтэй болов уу.
Н.Мөнхбаяр нь хохирогч гэх н.Баяраатай ямар нэгэн хувийн таарамжгүй харьцаа болон өс хонзон, эд хөрөнгийн маргаан, ашиг сонирхлын зөрчил байхгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлгээр бүрэн дүүрэн тогтоогдож байна.
Анхан шатны шүүхээс “ ....Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Мөнхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай” гэж тус тус шийдвэрлэжээ.
Нийгмийн даатгалын байгууллагаас ажил олгогч төрийн өмчид хуулийн этгээдэд ажилтных нь эрүүл мэнд, нийгмийн даатгалын мэдээллийг гаргаж өгснөөр хохирогчид ямар хор уршиг учирсан, хохирлын хэм хэмжээний талаар анхан шатны шүүх бүрэн дүүрэн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.
Жич: хэрэв нийгмийн даатгалын байгууллагаас холбогдох мэдээллийг зөрүүтэй, нуун дарагдуулсан бол хохирогч н.Баяраа хөдөлмөрлөх эрх нь хэрхэн зөрчигдөх, ямар эрх зүйн үр дагавар үүсэх нь эргэлзээтэй юм.
Мөн хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тогтоол гаргахдаа гэм буруугийн асуудалд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй болохыг дурдъя.
Иймд шүүгдэгч н.Мөнхбаяр болон түүний өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3 дахь хэсэгт заасныг дагуу давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд бус бүхэлд нь хянаж магадлан хянаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Мөнхбаярт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Н.Мөнхбаярын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар давж заалдах гомдолдоо:
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Өмгөөлөгчийн хувьд Н.Мөнхбаярын үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй бөгөөд тодруулбал гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинж үгүйсгэгдэж байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах тогтоол гаргуулах гэсэн байр суурь илэрхийлж шүүх хуралд оролцсон.
Энэ төрлийн гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай, хувийн болон ямар нэгэн сэдэлттэй байхыг шаарддаг бөгөөд Н.Мөнхбаярын хувьд П.Баяраагийн эрүүл мэндийн нууцыг задруулах гэсэн ямар нэгэн санаа зорилго байгаагүй бөгөөд тухайн үед Монголын цахилгаан холбоо” ХК буюу Дархан-Уул аймгийн Холбооны газрыг шууд харьяалан ажилладаг байгууллагаас тус салбарын захирал П.Баяраагийн хөдөлмөрийн чадвар алдалтын талаарх мэдээллийг авахаар удаа дараа Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст албан бичгээр хүсэлт ирүүлсний дагуу мэдээлэл өгсөн байдаг.
Энэ үйлдэл нь төрийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох чиг үүргийн хүрээнд явагдсан үйл ажиллагаа бөгөөд харин албаны мэдээллийг авсан “Монголын цахилгаан холбоо” ХК-н гүйцэтгэх захирал М.Алтан-очир бусдад тарааж, мөн тус компанийн хуульч Ж.Азбаяр нь П.Баяраагийн ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хурал дээр дээрх мэдээллийг ашиглаж бусдад тараасан нь тогтоогдсон байдаг.
Хувь хүний нууцыг задруулах хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байдаг субъект өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байхыг шаарддаг бөгөөд Н.Мөнхбаярын хувьд энэ хэргийг шууд санаатай хэлбэрээр зориуд хүсэж үйлдсэн нөхцөл байдал тогтоогддоггүй юм.
Иймд Н.Мөнхбаярт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021оны 03 дугаар сарын 25-ны 68 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож ,хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. Жич:Давж заалдах шатны шүүх хуралд Н.Мөнхбаярын хамт заавал оролцох хүсэлтэй байна гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Мөнхбаярын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ тайлбартаа:
Монголын Цахилгаан холбооноос ирүүлсэн албан бичгийн дагуу хуулиар тогтоосон журмын дагуу Н.Мөнхбаяр хариуг хүргүүлсэн. Мөн энэ гэмт хэрэгт субьектив талын санаа зорилго огт байгаагүй. Улсын яллагчийн яллах дүгнэлт үндэслэлгүй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлогдвол зохих асуудал огт тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Мөнхбаярыг цагаатгаж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Мөнхбаярын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар тайлбартаа:
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Миний үйлчлүүлэгчийн хувьд хохирогчийн эрүүл мэндийн байдлыг бусдад задруулах ямар нэгэн субьектив санаа зорилго байгаагүй. Төрийн байгууллагууд мэдээлэл солилцох дүрмийн дагуу хийгдсэн харилцаа байдаг. Монголын Цахилгаан холбоо ХХК-с 3 удаа албан бичиг ирүүлсэн учир холбогдох албан тушаалтанд цохиж хариуг хүргүүлсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Мөнхбаярыг цагаатгаж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч П.Баяраа тайлбартаа:
Шүүгдэгч нь миний эрүүл мэндийн шалтгааныг тогтоосон шийдвэрийг Монголын Цахилгаан холбоо компанид 2 удаа хүргүүлсэн байдаг. Миний бие улмаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргахад эрүүгийн шинжтэй үйлдэл байх тул Цагдаагийн байгууллагад ханд гэсэн хариуг ирүүлсэн. Н.Мөнхбаярын үйлдэл шууд санаа зорилготой үйлдэл байсан. Миний бие энэхүү асуудлаас болж өнөөдрийг хүртэл 22 удаагийн шүүх хуралд оролцож байна. Мөн эрүүл мэндээр хохирсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргаж байгаа гомдол үндэслэлгүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч П.Баяраагийн өмгөөлөгч С.Чинбат тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Энхтуяа дүгнэлтдээ:
Н.Мөнхбаярын үйлдэл нь шууд санаатай үйлдэл байсан бөгөөд гарын үсэг зурснаар энэ гэмт хэрэг төгссөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Мөнхбаяр тайлбартаа:
Миний бие төрийн албан хаагч тул нам улс төрд огт хамааралгүй. Хохирогчийн гаргасан тайлбар үндэслэлгүй байна. Тухайн байгууллага хохирогчийн материалыг ийм байдлаар ашиглан гэж огт төсөөлөөгүй. Ямар нэгэн далд санаа зорилго огт байгаагүй болно. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Мөнхбаярын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, Ж.Эрдэнэбаатар нарын гаргасан заалдах гомдлыг үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзвэл:
Шүүгдэгч Н.Мөнхбаяр нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа Хувь хүний нууцын тухай хуулийн 2 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, 2 дахь хэргийн 2, 5 дугаар зүйлийн 4, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын байгууллагаас иргэн /хуулийн этгээд/-эд мэдээлэл лавлагаа олгох” журмын 4.2 дугаар зүйл, 4.8 дугаар зүйлийн 4.8.10-т заасныг тус тус зөрчин ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн иргэн П.Баяраагийн хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцад хамаарах эрүүл мэндийн талаарх мэдээлэл, лавлагааг 2018 оны 5 дугаар сарын 18, 2018 оны 6 дугаар сарын 18, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрүүдэд иргэн П.Баяраагийн зөвшөөрөлгүйгээр бусдад гарган өгч задруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэрч Н.Эрдэнэжавын ...Манай байгууллагад байгууллага, хувь хүний нууцтай холбоотой асуудлаар хандсан тохиолдолд нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан мэдээлэл хүргэх, дамжуулахад баримтлах журмыг мөрдөж хариуг өгдөг. Мэдээлэл өгөх боломжгүй байгаа тохиолдолд боломжгүй гэдэг хариу өгнө. Эрх бүхий албан тушаалтан гэдэгт шүүх, прокурорын байгууллагын зөвшөөрөлтэй тохиолдолд өгдөг... гэсэн мэдүүлэг /1-р хх 73-74/,
Гэрч Х.Нарангэрэлийн ...Нийгмийн даатгалын байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл лавлагаа олгох журмын дагуу тохирсон лавлагааг гарган өгнө. Гаргаж өгөхдөө хувь хүний нууцад хамааруулахгүй, ерөнхий байдлаар гаргаж өгнө. Нийгмийн даатгал болон халамжийн сангаас тэтгэвэр авдаг иргэн ажилд орохдоо энэ талаар ажил олгогчид мэдэгдээгүй тохиолдолд энэ талаарх ажил олгогч нь нийгмийн даатгалын тайлангийн код буруу тооцохоос сэргийлж нийгмийн даатгал, халамжийн байгууллагаас тэтгэвэр авдаг эсэх лавлагааг хүсэхэд нийгмийн атгал болон халамжийн сангийн тэтгэмжид хамрагддаг нь үнэн болно гэсэн тодорхойлолтыг гаргаж өгдөг. Өөр байдлаар буюу хувь хүний эрүүл мэнд, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ, өвчний оношны талаарх мэдээллийг байгууллагад гаргаж өгөх шаардлагагүй. Хувь хүн өөрөө хүссэн бол энэ талаар өөрийнх нь мэдээллийг дэлгэрэнгүй гаргаж өгдөг... гэсэн мэдүүлэг /1-р хх 75-76/,
Гэрч Б.Эрдэнэтулгын ...хүний нэр хүндэд нөлөөлөх, сөрөг үр дагавар авчрах өвчнийг хүний эрүүл мэндийн нууц гэж үзнэ. Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас гаргасан эрүүл мэнд, өвчний нууцад хамаарах өвчний нэршил гэж гараагүй байдаг. Нэр хүндэд нь нөлөөлөхгүй аливаа өвчнийг гэр бүл, төрөл саданд нь мэдээллээр хангах үүрэгтэй. Эрүүл мэндийн нууцыг хүн бүр хангаж байх үүрэгтэй. Хувь хүний өвчнийг олон нийтэд нэр зааж задалж болохгүй. Энэ утгаараа эрүүл мэндийн нууцад хамаарна... гэсэн мэдүүлэг /1-р хх 77/,
Мөн “Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 3а/339 дугаартай албан бичгийн хуулбар /1-р хх 04/,
“Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 05 дугаар сарын 31- ний өдрийн 674 дугаартай албан бичгийн хуулбар /1-р хх 05/,
“Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/286 дугаартай албан бичгийн хуулбар /1-р хх 06/,
“Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 770 дугаартай албан бичгийн хуулбар /1-р хх 07/,
“Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 06 дугаар сарын 18- ны өдрийн 757 дугаартай албан бичгийн хуулбар /1-р хх 08/
Хохирогч П.Баяраагийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /1-р хх 94/
Хохирогч П.Баяраагийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийн хуулбар /1-р хх 100/ болон хохирогч П.Баяраа, шүүгдэгч Н.Мөнхбаярын мэдүүлэг, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар тогтоогджээ.
Энэ талаар анхан шатны шүүх хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан, мөн шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Мөнхбаярын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн гаргасан ... анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “гэмт хэрэг гарсан байдал” /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/; 1.2 “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3 “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.5 “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” , 1.6 “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэргийг нарийвчлан шалган тогтоогоогүй, хэргийн үйл баримтад бодитой үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхүйц, мөн шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсэх нөхцөл байдал үүссэн, иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Мөнхбаярт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...гэсэн,
Шүүгдэгч Н.Мөнхбаярын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан ... анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Мөнхбаярт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Мөнхбаярын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, Ж.Эрдэнэбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР