Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 745

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х ХХК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00508 дугаар шийдвэртэй “Х ХХК” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Б ХХК” ХХК-д холбогдох 2008 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан хэлэлцээр бичиг, 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээний дагуу орон сууц худалдан борлуулсан орлогоос цэвэр ашигт 9 978 867 679 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн, өмгөөлөгч Г.Даваахүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Б ХХК” ХХК-тай хэлэлцээр бичиг нэртэй, 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр нэмэлт гэрээ нэртэй гэрээг тус тус байгуулсан. Уг гэрээний дагуу “Б ХХК” ХХК нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр дээрх тухайн үед баригдаж байсан 14-р хорооллын барилгын ажлын хүрээнд F1, F2 барилгуудыг барих газрыг худалдан авч чөлөөлөх, уг хоёр барилгын зураг төслийг бэлтгүүлэх, шаардлагатай зөвшөөрлүүдийг авч бэлтгэх, барилга угсралтын ажлын явцад төр захиргааны эрх бүхий байгууллагуудтай харьцаж барилга угсралтын ажил хэвийн явагдах нөхцөлийг хангах, орон сууц борлуулах үйл ажиллагаанд манай компанид туслах үүргийг хүлээсэн. Харин манай компани уг гэрээг байгуулснаар хариуцагчид газар худалдан авч, чөлөөлөхтэй холбоотой зардлыг шилжүүлж, “Б ХХК” ХХК-ний нэрийн дор дээрх барилга угсралтын ажлыг иж бүрнээр нь явуулж, ашиглалтад оруулж, улмаар худалдан борлуулж ашиг олох явдал байсан бөгөөд ийм зорилгоор хариуцагчтай уг гэрээг байгуулж гэрээнд заасан үүргээ биелүүлж хариуцагчид нийтдээ 1 652 141 748 төгрөгтэй тэнцэх төлбөрийг шилжүүлсэн. “Б ХХК” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд дээрх төлбөрийг хүлээн авч айлуудын газрыг худалдан авч чөлөөлөх үүргээ биелүүлж нийтдээ 16 740,9 м.кв газрыг чөлөөлж өгсөн ба уг газар дээр манай компани “Икс Ди Эф” ХХК-аар барилга угсралтын ажлаа гүйцэтгүүлж эхэлсэн. Гэтэл 2008 онд дэлхийн эдийн засаг хямарч Улаанбаатар хотын барилгын зах зээл мөн муудсан учраас бид барилга угсралтын ажлаа түр зогсоож хүлээлтийн горимд шилжээд байсан. Ийнхүү түр зогсох хүртэл буюу 2008 оны төгсгөл гэхэд нийт барилга угсралтын ажлынхаа 55 хувийг гүйцэтгэсэн байсан тул хариуцагч талтай 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээгээр барилга угсралтын ажлаа 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулахаар харилцан тохиролцсон. Гэвч биднийг эзгүй байх хооронд буюу 2011 онд хариуцагч тал манай F1, F2 барилгуудын угсралтыг дур мэдэн өөрсдөө гүйцээн барьж ашиглалтад оруулсан, цаашилбал бусдад худалдан борлуулж дуусган бүх орлогыг өөртөө авч завшин манай компанийг хохироогоод байна. Манай компанийн хувьд тухайн барилгуудыг барихад гарах зардал буюу анх тооцоолж байсан 6 880 510 ам.доллар буюу 7 992 040 321 төгрөгийг хасвал 9 978 867 679 төгрөгийн цэвэр ашиг олсон тооцоо гарсан. Хариуцагчийн хууль бус үйл ажиллагаанаас болж учирсан хохирлын асуудлаар 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба итгэмжлэл олгох эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй, итгэмжлэлийн хугацаа дууссан гэх үндэслэлээр 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03793 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд манай компанийн тухайн газар дээр барьж байсан орон сууц нь үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд хариуцагч тал бидний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн гүйцээн барьж улмаар захиран зарцуулсан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан зургаан жилийн хугацаанд багтааж нэхэмжлэл гаргасан. Иймд 2008 оны 04 дүгээр сарын 20, 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан гэрээний үүрэгт орон сууцны борлуулалтын орлогоос цэвэр ашиг 9 978 867 679 төгрөгийг гаргуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Х ХХК” ХХК нь эрх зөрчигдсөн гэх албан тоотыг 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Б ХХК” ХХК-д хүргүүлсэн. 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эрх зөрчигдсөн гэдгээ нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн 2014 оны 7 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон учир Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5 дах хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй. Нэхэмжлэгч тал 2008 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр, 2010 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн нэмэлт гэрээний дагуу шаардлага гаргаж байгаа учир 3 жилийн хугацаа дууссан гэж үзэж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар талууд маргаагүй. Нэхэмжлэгч тал хууль ёсны өмчлөгч нь ч байгаагүй.

2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан гэрээ нь “Х ХХК” ХХК болон “Б ХХК” ХХК-ийн хооронд байгуулагдаагүй. Тус гэрээг “Х ХХК” ХХК нь “Бэрэн групп”-тэй байгуулсан. “Бэрэн групп” болон “Б ХХК” ХХК нь бие даасан хуулийн этгээдүүд юм. Түүнчлэн, нэхэмжлэгч тал 2008 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр, 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн нэмэлт гэрээний дагуу олох ёстой орлого нэхэмжилж байгаа атлаа гэрээний бус үүргээр нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.2-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 052 288 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талууд 2008 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хэлэлцээр бичиг, 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр нэмэлт гэрээ нэртэй гэрээнүүдийг тус тус байгуулсан байдаг бөгөөд уг гэрээнүүдийн дагуу дараах тохиролцоог хийсэн. Үүнд: Хариуцагч нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр дээр F1, F2 барилга барих талбайг чөлөөлж бэлтгэх, барилга барихтай холбоотой бүхий л бичиг баримт зөвшөөрлүүдийн бүрдлийг хангах, харин нэхэмжлэгч нь бүх зардлыг хариуцах болон барилга угсралтыг бүхэлд нь гүйцэтгэх, мөн борлуулалтын орлогыг дангаар авах тохиролцоо хийгдсэн байсан. Гэтэл барилгын зах зээлийн хямралтай холбоотойгоор барилга угсралтын ажлыг нэхэмжлэгч тал түр зогсоож энэ асуудлаар хариуцагч талтай харилцан тохиролцож нэмэлт гэрээнд заасан байхад хариуцагч нь уг барилгыг гүйцээн барьж ашиглалтад оруулан бусдад худалдан борлуулж олсон орлогыг бүгдийг дангаараа авч завшсан байна.

Анхан шатны шүүх энэхүү иргэний хэргийг шүүн хэлэлцээд талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагч нь гэрээний үүргээ зөрчсөн болох нь ерөнхийдөө тогтоогдож байна гэсэн дүгнэлт хийжээ. Гэхдээ нэхэмжлэгчийг шүүхэд хандан нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хангах боломжгүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэжээ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан зохицуулалтын дагуу 6 жилийн хугацаагаа нэхэмжлэгч хэтрүүлээгүй билээ. Нэхэмжлэгч тал нь туслан гүйцэтгэгч “Экс Ди Эф” ХХК-тай маргасан маргааныг шийдвэрлэсэн арбитрын шийдвэрээр барилга угсралтын зардалд F1, F2 барилгуудын 55 хувийн гүйцэтгэлийг хийсэн болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Тэгэхээр гэрээнд заасан барилга угсралтын нийт төсөвт 6 047 763 924 төгрөгийн бодит зардал нэхэмжлэгч талаас гарсан юм. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгээ нотолсон баримт гаргаж өгөөгүй учраас үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэг биш гэж үзсэн нь ойлгомжгүй байх тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч “Х ХХК” ХХК нь хариуцагч “Б ХХК” ХХК-д холбогдуулан 2008 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Хэлэлцээр бичиг”, 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн “нэмэлт гэрээ” зэрэгт үндэслэж орон сууцыг дур мэдэн гүйцээн барьж, ашиглалтад оруулан бусдад худалдан борлуулж олсон орлогын цэвэр ашиг болох 9 978 867 679 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг /хх.1-4/ хариуцагч эс зөвшөөрч шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн нэмэлт гэрээнд манай компани оролцоогүй гэж маргажээ. /хх.143/

Талуудын хооронд 2008 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хийгдсэн хэлэлцээр бичгийн дагуу 2 тал Баянзүрх дүүргийн 14-р хороолол төсөлд хамтран хөрөнгө оруулахаар тохиролцож, нэхэмжлэгч нь орон сууцны барилгад хөрөнгө оруулах, F1-F2 орон сууцны барилгыг эхэлж барих бөгөөд уг барилгуудыг худалдан борлуулж, борлуулалтын орлогыг хүлээн авах,  хариуцагч нь газрыг худалдан авч, нүүлгэн шилжүүлэх, тус газарт барилгын ажил эхлүүлэхтэй холбоотой баримт бичгийг бүрдүүлэн, ажил эхлэх зөвшөөрлийг авч, төр засгийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоож холбогдох зардлыг гаргах, урьдчилан зарагдсан болон борлуулагдсан орон сууцны мөнгийг “Х ХХК” ХХК-д тушаах үүргийг тус тус хүлээж, нэхэмжлэгч компани нь төслийн 1 дүгээр зэргийн хөрөнгө оруулалтад шаардлагатай нийт зардлын 50 хувийг төлөх, карказны ажил дууссаны дараа 30 хувь, барилгыг ашиглалтад оруулсны дараа үлдэх 20 хувийг төлөхөөр тохиролцож, талууд гарын үсэг зуран, өөрсдийн компанийн тамга, тэмдгийг дарж баталгаажуулжээ. /хх.9-10/

Дээрх тохиролцооны дагуу хариуцагч “Б ХХК” ХХК нь барилга барих газрыг худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлсэн болох нь хэргийн 36-44 дүгээр талд авагдсан Баянзүрх дүүргийн 14-р хороо, 19 дүгээр гудамж, кино үзвэрийн байрны 1-9 тоот үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар, харин нэхэмжлэгч “Х ХХК” ХХК нь орон сууцны барилгын хөрөнгө оруулалтад 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 30 000 000 төгрөг, 2008 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 1 930 000 юань, 2008 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 1 070 000 юань, 2008 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 200 000 ам.доллар, 2008 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 90 000 ам.доллар, 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 200 000 ам.доллар, 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 300 000 ам.доллар, 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 86 759,20 ам.доллар шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтууд болон талуудын мөнгө хүлээж авсан талаарх албан бичиг зэргээр тогтоогдож байна. /хх.24-35/

Харин эдийн засгийн болон барилгын зах зээлийн нөхцөл байдал зэргийн улмаас талууд 14-р хорооллын F1, F2  орон сууцны барилыг угсралтын ажлыг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулахаар тохиролцож, 2008 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний нэмэлт болгож 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр нэмэлт гэрээ байгуулжээ. /хх.11-13/ Талуудын хоорондын тохиролцоо болох хэлэлцээр бичиг, нэмэлт гэрээ зэргээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Гэвч нэхэмжлэгч нь гэрээний үүрэгтэй холбоотой буюу хөрөнгө оруулалтын ашгийг хариуцагчаас шаардах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүргийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагч “Б ХХК” ХХК-д холбогдуулан 2008, 2010 онд байгуулагдсан хэлэлцээр бичиг, нэмэлт гэрээний дагуу 13 477 230 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шийдвэрлэсэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 354 дүгээр магадлал зэргээс үзэхэд нэхэмжлэгч “Х ХХК” ХХК нь хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлж нэхэмжлэл гаргасан байх хэдий ч Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 3793 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх.97-102, 111-123/

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь 2008, 2010 онуудын гэрээний үүрэгтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дах хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх боловч 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 3793 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарснаас хойш нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааг тооцож үзвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацаа өнгөрсөн, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу /хх.87-90/ “Икс Ди Эф” ХХК-аар барилгын ажлыг хийж гүйцэтгүүлсэн байх бөгөөд 2008 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хийгдсэн хэлэлцээр бичигт зааснаар хариуцагч нь барилгын ажилд хяналт тавих, нэхэмжлэгч нь хөрөнгө оруулалт хийж, борлуулалтын орлогыг хүлээж авахаар тохиролцсон байна. Энэхүү тохиролцоонд заагдсан нэхэмжлэгчийн шаардах эрхийг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүргийн шаардлага гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг 6 жилээр тооцох тухай нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Энэхүү шийдвэрийн хүрээнд талуудын хоорондын гэрээний үндсэн үүргийн шаардлагатай холбоотой хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийсэн болохоос үндсэн үүргийн зөрчил үүссэнтэй холбоотой шаардлагын асуудлаар шийдвэр гаргаагүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00508 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 50 052 288 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ТУЯА

 

                                           ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

 

                                                                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ