Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 508

 

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2019/00508

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, ...тоот “Х” ХХК-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч- Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, ...байр, “Б.” ХХК-д холбогдох,

2008 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан хэлэлцээр бичиг, 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээний дагуу орон сууц худалдан борлуулсан орлогоос цэвэр ашигт 9.978.867.679 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, түүний өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.                                                                                               

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2008 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч Б ХХК-тай хэлэлцээр бичиг нэртэй, 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нэмэлт гэрээ нэртэй гэрээг тус тус байгуулсан. Уг гэрээний дагуу хариуцагч тал Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр дээрх тухайн үед баригдаж байсан 14-р хорооллын барилгын ажлын хүрээнд F1, F2 барилгуудыг барих газрыг худалдан авч чөлөөлөх, уг хоёр барилгын зураг төслийг бэлтгүүлэх, шаардлагатай зөвшөөрлүүдийг авч бэлтгэх, барилга угсралтын ажлын явцад төр захиргааны эрх бүхий байгууллагуудтай харьцаж барилга угсралтын ажил хэвийн явагдах нөхцлийг хангах, орон сууц борлуулах үйл ажиллагаанд манай компанид туслах үүргийг хүлээсэн. Харин манай компани уг гэрээг байгуулснаар хариуцагчид газар худалдан авч чөлөөлөхтэй холбоотой зардлыг шилжүүлж, Б ХХК-ний нэрийн дор дээрх барилгын угсралтын ажлыг иж бүрнээр нь явуулж, ашиглалтанд оруулж, улмаар худалдан борлуулж ашиг олох явдал байсан бөгөөд ийм зорилгоор хариуцагчтай уг гэрээг байгуулж гэрээнд заасан үүргээ биелүүлж хариуцагчид нийтдээ 1.652.141.748 төгрөгтэй тэнцэх төлбөрийг шилжүүлсэн.

Б ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд дээрх төлбөрийг хүлээн авч айлуудын газрыг худалдан авч чөлөөлөх үүргээ биелүүлж нийтдээ 16740,9 м.кв газрыг чөлөөлж өгсөн ба уг газар дээр манай компани Икс Ди Эф ХХК-иар барилга угсралтын ажлаа гүйцэтгүүлж эхэлсэн. Гэтэл 2008 онд дэлхийн эдийн засаг хямарч Улаанбаатар хотын барилгын зах зээл мөн муудсан учраас бид барилга угсралтын ажлаа түр зогсоож хүлээлтийн горимд шилжээд байсан. Ийнхүү түр зогсох хүртэл буюу 2008 оны төгсгөл гэхэд нийт барилга угсралтын ажлынхаа 55 хувийг гүйцэтгэсэн байсан тул хариуцагч талтай 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээгээр барилга угсралтын ажлаа 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулахаар харилцан тохиролцсон байсан боловч биднийг эзгүй байх хооронд буюу 2011 онд хариуцагч тал манай F1, F2 барилгуудын угсралтыг дур мэдэн өөрсдөө гүйцээн барьж ашиглалтанд оруулсан, цаашилбал бусдад худалдан борлуулж дуусган бүх орлогыг өөртөө авч завшин манай компанийг хохироогоод байна. Үүний дараа бид хариуцагч талыг тухайн орон сууцны барилгыг худалдан борлуулах үедээ нийтэд тарааж байсан зар сурталчилгааны материалаас орон сууцны талбайг хамгийн багадаа 1.450.000 төгрөгөөр худалдсан болохыг олж мэдсэн тул F1, F2 барилгын нийт талбай болох 11.973,04 м.кв хэмжээгээр үржүүлэхэд 17.360.908.000 төгрөг, үүнд 30 ширхэг автомашины зогсоолыг 18.000.000 төгрөгөөр үржүүлэхэд 540.000.000 төгрөг болж байгаа буюу нийт борлуулалтын орлого нь 17.900.908.000 төгрөг болж байна. Үүнээс манай компанийн хувьд тухайн барилгуудыг барихад гарах зардал буюу анх тооцоолж байсан 6.880.510 ам.доллар буюу 7.992.040.321 төгрөгийг хасвал 9.978.867.679 төгрөгийн цэвэр ашиг олсон тооцоо гарч байна. Тухайн үеийн долларын ханшийг дунджаар 1151 төгрөгөөр тооцов. Хэрэв манай компани тухайн орон сууцаа өөр барьж ашиглалтанд оруулж бусдад худалдан борлуулсан бол энэхүү 9.978.867.679 төгрөгийн цэвэр ашигийг олох ёстой байсан гэсэн үг. Энэхүү нөхцөл байдал нь манай компанитай гэрээгээр тохиролцсон тохиролцоонд огт байхгүй өөр үйлдэл хийж, өөр үйл ажиллагааг дур мэдэн хэрэгжүүлж компанийн эрхийг зөрчиж хохироосон үйлдэл юм. Хариуцагчийн хууль бус үйл ажиллагаанаас болж учирсан хохирлоо Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.3, 495.5, 495.6-д заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Уг асуудлаар 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийг төлөөлөх итгэмжлэл  нь итгэмжлэл олгох эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй, итгэмжлэлийн хугацаа дууссан гэх үндэслэлээр 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03793 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хөөн хэлэлцэх хугацааны тухай манай компанийн тухайн газар дээр барьж байсан орон сууц нь үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд хариуцагч тал бидний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн гүйцээн барьж улмаар захиран зарцуулсан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан зургаан жилийн хугацаанд багтаж нэхэмжлэл гаргаж байгаа. нэхэмжлэгч тал Бэрэн Констракшн ХХК-ийн бэлдсэн газарт хөрөнгө оруулалтыг хийж, барилга угсралтын хийж, орон сууцыг ашиглалтад оруулаад улмаар Бэрэн Констракшн ХХК-н борлуулалтаа хийнэ гэсэн тохиролцооны дагуу 1 652 141 748 төгрөгтэй тэнцэх юань, долларыг шилжүүлсэн. Хариуцагч нь дээрх төлбөрийг хүлээн авч айлуудын газрыг чөлөөлөн авах үүргийг биелүүлж, нийтдээ 740,9 мкв газрыг чөлөөлсөн байдаг. Нэхэмжлэгч компани барилга угсралтын ажлаа туслан гүйцэтгэгчээр Экс ДИ Эф ХХК гэх БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани байгаа. 2008 онд энэ ажлууд хийгдээд 2008 оны сүүлчээр Дэлхийн эдийн засгийн хямрал нөлөөлж Монгол улс дахь барилга, борлуулалттай холбоотой зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор ажиллагаа түр зогссон. 2010 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр гэрээнд хариуцагчийн төлөөлөгч Х ХХК-тай уулзалт хийгээд нэмэлт гэрээ хийж, 2015 он хүртэл барилгын ажлыг зогсооно гэж харилцан тохиролцож, харуул хамгаалалтыг хариуцагч тал хариуцахаар байсан. Энэ хугацаанд дутуу барьсан байсан барилгуудыг гүйцээн барьсан. Хариуцагч талд энэ барилгыг гүйцээн барих эрх гэрээний дагуу байхгүй байсан. Энэ барилгыг гүйцээн барьж, худалдан борлуулсан. Нэхэмжлэгч Х ХХК-д ямар нэгэн байдлаар борлуулалтын орлого, банкны оруулсан хөрөнгө оруулалт зэргийг төлсөн зүйл байхгүй. Бүх орлогыг дангаар авсан байгаа, Эф1, Эф2 гэсэн барилгын нийт борлуулалтын талбай 11 973,04 мкв, 1 мкв бүрийг хариуцагч компани тухайн үед борлуулж байсан үеийн нийтэд тарааж байсан зар сурталчилгааны материалыг хараад, хамгийн хямд үнэ буюу 1 450 000 төгрөг гэсэн үнийг сонгон авч мкв-ыг нь үржүүлээд үзэхээр 17 360 908 000 төгрөг болж байгаа. Үүнд 30 ширхэг автомашины тус бүрийн 18 000 000 төгрөгөөр тооцоход 540 000 000 төгрөг болж байгаа. Нийт борлуулалтын орлого нь 17 900 908 000 төгрөг. Үүнээс манай Х ХХК-г анх барихад гарсан зардал буюу тооцоолж байсан 6 880 510 ам.доллар буюу 2008 оны доллараар хариуцагчид шилжүүлсэн ханшийн дундажаар тооцож 7 922 040 321 төгрөг болж байгаа. Энэ гарах боломжтой, гарах ёстой байсан зардлаа 17 900 908 000 төгрөгөөс хасахаар одоо нэхэмжилж байгаа 9 978 867 679  төгрөг ашиг олсон байх тооцоо гарч байгаа юм. Бид энэ ашгийг нэхэмжилж байгаа. Хууль зүйн үндэслэлийн хувьд Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д заасан үндэслэл журмын дагуу олох ёстой байсан ашгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа. Гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө байдаг. Үл хөдлөх эд хөрөнгөтэй маргааны хөөн хэлэлцэх хугацаа нь 6 жил, энэ хугацааг эрх зөрчигдсөн байгаа үеийг авч үзсэн. Өмнө нь энэ хэрэг шүүхээр яваад нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж байгаа. Тухайн хэргийг хэлэлцэж байх үед нэхэмжлэгч талыг төлөөлж байсан хүний итгэмжлэлийн хугацаа  дууссан төлөөлөх эрхгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байгаа. Тухайн нэхэмжлэл анх 2013 онд гарсан, эрх  зөрчсөн хугацаа нь 2012 он гэж үзсэн байгаа. Хариуцагч тал өөрөө амаар гаргасан тайлбар гаргасан юм шиг байгаа юм. Шүүх хуралдааны шийдвэр дээр байгаа.  Барилгыг 2012 онд гүйцээж барьсан гэж байгаа. 2012 онд эхлүүлсэн гэж тооцох юм бол 2013 онд нэхэмжлэлээ гаргасан гэж үзвэл нэг жилийн дараа нэхэмжлэлээ гаргасан, тэгэхээр энэ хооронд 6 жил ч бай 3 жил ч бай хөөн хэлэлцэх хугацаандаа байгаа. 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс гэж тооцоод 2013 оны 7 дугаар сар гэхэд нэг жил хагасын хугацаа явж байгаа юм. хэрэгсэхгүй болгосон хугацаанд 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2- дахь хэсэгт зааснаар 6 жилээ тооцох юм бол 2018 онд нэхэмжлэлээ гаргасан гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаандаа нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг 2008 оны 04 дүгээр сарын 20, 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан гэрээний үүрэгт орон сууцны борлуулалтын орлогоос цэвэр ашиг 9.978.867.679 төгрөгийг гаргуулахыг хариуцагчид даалгах гэж тодруулж байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5-д эрх бүхий этгээд гаргасан шаардлагаасаа татгалзсан буюу шүүхийн шийдвэрээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй. Нэхэмжлэгч өөрөө татгалзсан зүйл байхгүй. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоогүй, хэргийг хэрэгсэхгүй болгосон энэ хоёр ялгаатай ойлголт. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэг гэж байгаа болохоос үл хөдлөх эд хөрөнгийн өмчтэй холбоотой гэж байхгүй. Тэгэхээр талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу Б ХХК-ийн бэлдсэн бичиг баримт, газар дээр Х ХХК хөрөнгө оруулалт хийгээд, үл хөдлөх эд хөрөнгө бариад, Б ХХК-тэй зарж борлуулж байгааг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэг гэж үзэх болов уу. Нэмэлт гэрээг Б ХХК-тай байгуулаагүй Бэрэн групптэй хийсэн гэж ярьж байна. Үүн дээр хятадуудыг монгол бичиг, үсэг мэдэхгүйгээр нь далимдуулж толгойг нь эргүүлсэн юм байдаг юм болов уу гэж хардаж байна. Нэмэлт гэрээнд Б ХХК- гэсэн үг байгаа, тамгаа Бэрэн группын тамга дараад баллаад байгаа юм уу? залилаад байгаа юм уу? гэх дүр зураг харагдаж байна. Х ХХК-ийн хятадууд нь Б ХХК-тай гэрээ байгуулаад түүнийхээ дагуу нэмэлт гэрээ байгуулаад тамгаа дараад, гарын үсгээ зурсан гэж ойлгоод үлдсэн байгаа. Иргэний хуулийн 495 дугаар зүйл нь гэрээний бус үүрэг гэдэг нь үнэн гэхдээ хариуцагч талын хувьд тухайн гэрээний байхгүй асуудал буюу тухайн барилгыг гүйцээж барих, ганцаараа дур мэдэн зарж борлуулах эрх үүрэг байхгүй. Гэрээгээр тохиролцоогүй ажил хийсэн байгаа. Өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн. Х ХХК-ийн олох ёстой байсан ашгийг нь авсан гэж үзэж байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой харилцааны хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэгдүгээрт хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс эхэлнэ гэж хуульчилсан нэхэмжлэгч Х ХХК нь эрх зөрчигдсөн гэх албан тоотыг 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Б ХХК-д хүргүүлсэн. 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эрх зөрчигдсөн гэдгээ нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байна. Х ХХК-ийн нэхэмжлэлтэй Бэрэн Констракшн ХХК-д холбогдуулан 2014 оны 7 дугаар 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 03793 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5-д эрх бүхий этгээд гаргасан шаардлагаасаа татгалзсан буюу шүүхийн шийдвэрээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй гэж хуульчилсан. Тухайн нэхэмжлэлийн шаардалагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон учир Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй юм гэдэг нь нотлогдож байгаа. Эрх зөрчигдсөн гэдгийг мэдсэнээс хойш одоо 8-9 жил болчихсон байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж байгаа. Нэхэмжлэгч тал 2008 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр, 2010 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн нэмэлт гэрээний дагуу гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх байгаа учир 3 жилийн хугацаа дууссан гэж үзэж байна. 6 жилийн хугацаагаар тооцсон ч гэсэн дууссан байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар талууд маргаагүй. Нэхэмжлэгч тал хууль ёсны өмчлөгч нь ч байгаагүй. 2008 оны гэрээний дагуу өмчлөгч болох асуудал яригдаагүй. Энэ бол 6 жилийн хөөн хэлэлцэх хугацаа тооцох үндэслэлгүй. Хоёрт нэмэлт гэрээ байгуулаагүй тухай. 2010 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр байгуулагдсан гэрээ нь Х ХХК болон Б ХХК-ийн хооронд байгуулагдаагүй. Тус гэрээг Х ХХК нь Бэрэн групптэй байгуулсан. Бэрэн группын ерөнхий захирал н.Мөнхтөр болон Бэрэн группын тамга тэмдэг дарагдсан байдаг. Хавтас хэргийн 11-13 дугаар хуудсанд байгаа. Мөн хавтаст хэргийн 109 дүгээр хуудсанд Бэрэн группын Х ХХК-д гаргасан албан бичгээр Бэрэн групп болон Х ХХК нь хооронд 2010 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр нэмэлт гэрээ байгуулагдсан гэдэг нь тодорхой тусгагдсан байгаа. Нэхэмжлэгч талын нэхэмжлээд байгаа 2010 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн гэрээ нь Бэрэн групптэй байгуулагдсан. Бэрэн групп болон Б ХХК нь бие даасан хуулийн этгээдүүд. Компанийн тухай хуульд заасан бие даасан эрх бүхий субъектүүд байгаа. Гурав дахь үндэслэл нь нэхэмжлэлийг шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 495 дугаар зүйлд зааснаар тайлбарлаж байгаа. Энэ бол Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.4.1 дэх хэсэгт заасан гэрээний бус үүрэг. Гэтэл нэхэмжлэгч тал 2008 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр, 2010 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн нэмэлт гэрээний дагуу олох ёстой орлого нэхэмжилж байгаа мөртлөө гэрээний бус үүргээр нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж байгаа. 495 дугаар зүйлийг хэрэглэхийн тулд огт гэрээ байгуулагдаагүй байх ёстой. Гэрээний дагуу шаардаж байгаа юм уу? Гэрээний бус үүргийн дагуу шаардаж байгаа юм уу? гэдэг нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5 дахь хэсгийг Дээд шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдахгүй гэж тайлбарласан байдаг. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шаардлагаасаа татгалзвал энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон, шаардлагаасаа татгалзсан гэдэг нь тус тусдаа ойлголт. Шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон болохоор Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдахгүй. Талууд гэрээ байгуулахдаа аль нэг компаний нэрийг дурдаж болно. Нэмэлт гэрээн дээр Бэрэн группыг төлөөлж, ТУЗ-ын дарга н.М БНХАУ-ын барилгын компанид ирж энэхүү гэрээг байгуулав гэсэн байгаа. Энэхүү гэрээнд Бэрэн группыг болон Б ХХК-ын алийг нь төлөөлж байгааг харуулж байгаа юм. Талуудын нэхэмжлэлийн шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар холбоотой шаардлага гаргаагүй, хууль ёсны өмчлөгч нь хэзээ ч Х ХХК байгаагүй. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар маргаан гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХКнь Б ХХК-нд холбогдуулан 2008 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан “хэлэлцээр бичиг”, 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан “нэмэлт гэрээ”-ний дагуу барьж байсан орон сууцыг дур мэдэн гүйцээн барьж, ашиглалтанд оруулан бусдад худалдан борлуулж олсон орлогын цэвэр ашигт 9.978.867.679 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан /хх-1-4/.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа 2008 оны 04 дүгээр сарын 20, 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан гэрээний үүрэгт орон сууцны борлуулалтын орлогоос цэвэр ашиг 9.978.867.679 төгрөгийг гаргуулахыг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлага тодруулсан тайлбар гаргаж, бичгээр хүсэлт гаргасан /хх-146/.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-нийг бүрэн төлөөлөх эрхийг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 18/05 тоот итгэмжлэлээр Б.Долгорсүрэнд 3 жилийн хугацаатай, хариуцагч Б ХХК-нийг бүрэн төлөөлөх эрхийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаар итгэмжлэлээр Б.Мөнхбаярт 18 сарын хугацаатай тус тус олгосон байна /хх-7-8, 134/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана” гэж заасан.

 

Нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

 

Тиймээс зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлаа нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Х ХХКнь хариуцагч Б ХХК-тай 2008 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан хэлэлцээр бичиг, 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээний дагуу барьж байсан орон сууцыг дур мэдэн гүйцээн барьж, ашиглалтанд оруулан бусдад худалдан борлуулж олсон орлогын цэвэр ашигт 9.978.867.679 төгрөгийг гаргуулахаар шаардсан шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, нэмэлт гэрээ гэх 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээнд Бэрэн грүпп оролцсон болохоос хариуцагч Б ХХК оролцоогүй, гэрээний үүрэг шаардаж байгаа гэж тайлбарлаж байх боловч үндэслэлээ гэрээний бус үүрэг буюу Иргэний хуулийн 495-аар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй гэж маргасан боловч татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй болно /хх-шүүх хуралдааны тэмдэглэл/.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Х ХХКнь Б ХХК-тай 2008 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан “хэлэлцээр бичиг”-т Баянзүрх дүүрэг 14-р хороолол төсөлд хамтран хөрөнгө оруулахаар, уг хэлэлцээр бичгийн 1.1-д Б ХХК нь газрыг худалдан авч, нүүлгэн шилжүүлэх, батлагдсан төлөвлөлтийн хүрээнд газарт хөрөнгө оруулж ажил эхлэхтэй холбоотой баримт бичгүүдийг бүрдүүлж, төр засаг болон бусад холбогдох албадын дэмжлэгийг авна. Холбогдох зураг төсөл болон техникийн нөхцөлийг бүрдүүлж, ажил эхлүүлэх зөвшөөрлийг авч, төр засгийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоож, холбогдох зардлыг гаргах, урьдчилан зарагдсан орон сууцны мөнгө болон борлуулагдсан орон сууцны мөнгийг бүгдийг нь хамтад нь Х ХХК-д тушаахаар, Х ХХКнь орон сууцны барилгад хөрөнгө оруулах, барихад эхлээд F1, F2 орон сууцны барилгуудыг эхлүүлэх, тэнхлэгээр тооцсон талбай нь ойролцоогоор 18 мянган м.кв талбай, барьж дууссан барилгуудын урьдчилан борлуулалт буюу борлуулалт явуулж, борлуулалтын орлогыг хүлээн авч, тогтоосон хугацаандаа хөрөнгө оруулалтын зардлыг А талд төлж, тэнхлэгээр бодсон барилгын талбайд 100 м.кв гэж тооцох, уг хэлэлцээрийг хятад, монгол хэлээр үйлдэж хэлэлцээр хийсэн талууд гарын үсэг зурж тамга дарсан байна /хх-9-10/.

 

Харин 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “нэмэлт гэрээ” гэх хэлцэлд А тал Монгол Улсын Бэрэнконстракшн энд автомэшн ХХК, Б тал Х ХХК гэж тодорхойлсон байх боловч гэрээнд 2010-04-09-нд Монгол Улсын Бэрэн группийн ТУЗ-ын дарга М БНХАУ-ын Шаньси хуншагийн барилгын нэгдүгээр компанид хүрэлцэн ирж ...F1, F2 орон сууцны төслийн барилга угсралтын ажлыг гэрээний хугацаанд дуусгах боломжгүй болсныг тогтоож, талуудын ашиг сонирхлыг хамгаалахын үүднээс талууд одоогийн байдал хийгээд Улаанбаатар хотын барилгын зах зээл бүрэн сэргээгүй, 14-р хорооллын F1, F2 орон сууцны төсөл зогсонги байдалтай байгааг хүлээн зөвшөөрч, Б тал F1, F2 орон сууцны эхэн үеийн барилга угсралтын зардлын үлдэгдэл 921.577,2 ам.долларыг нийт үнийн дүнгийн 30 хувь ба 20 хувийн харьцаатайгаар А талд хоёр хуваан төлөх буюу 586.759,2 ам.доллар ба 334.818 ам.долларыг төлнө, А тал F1, F2 орон сууцны барилгын газрын зөвшөөрлийн эх хувийг, барилгын газрыг ашиглах зөвшөөрлийг Б талд өгнө. Бэрэн групп баталгааны бичиг гаргасны дараа Б тал эхэн үеийн барилга угсралтын зардалд 586.759,2 ам.долларыг төлөхөөр тохиролцов, А тал нь Б талын 14-р хорооллын F1, F2 орон сууцны төслийн барилга угсралтын ажлыг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулахыг зөвшөөрч байна. А тал нь Бэрэнконстракшн энд автомэшн ХХК ба Бэрэн группийн охин компаниуд хуулийн ямар нэгэн маргаанаас үүдэн F1, F2 орон сууцны газрыг барьцаалах болон дуудлагаар худалдаж Б талыг хохироохгүй болохыг баталж, ...энэхүү гэрээ нь талуудын 2008-04-20-ны өдөр байгуулсан гэрээний нэмэлт болох бөгөөд хуулийн хувьд урдын гэрээтэй ижил хүчинтэй гэж...” тусгажээ /хх-11-13/.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2010-04-09-ний өдрийн нэмэлт гэрээнд хариуцагч компани оролцоогүй, гэрээнд заасан хөрөнгө оруулалтын зардлыг Бэрэн группийн дансанд шилжүүлж байсан гэх тайлбар үндэслэлгүй байх бөгөөд хэрэгт 2008-05-30-нд Х ХХКнь хариуцагч Б ХХК-д 30.000.000 төгрөг /хх-22/, төлбөр төлсөн тухай хэлэлцээр гэх огноогүй, хятад хэлнээс орчуулагдсан баримт дээр 1.930.000 RMB барагдуулсан гэх баримт /хх-23-24/, 2008-07-29-ний өдөр 1.070.000 шилжүүлсэн мөнгө шилжүүлгийн маягт орчуулгын хамт /хх-25-26/, 2008-07-01-ний өдөр бэлэн мөнгө 1.070.000 төгөрг авсан баримт орчуулгын хамт /хх-27-28/, огноо харагдахгүй 07 сарын 22-ны өдөр Х ХХК-с хариуцагч компанид F1, F2 барилгын м.кв урьдчилгаа гээд 200.000 ам.доллар шилжүүлсэн баримт /хх-29/, 2008-09-03-ны өдөр нэхэмжлэгч компаниас F1, F2-н гээд хариуцагч компанид 90.000 ам.доллар шилжүүлсэн баримт /хх-30/, 2010-05-28-ны өдөр нэхэмжлэгч компаниас Бэрэн группийн дансанд F1, F2 ОС-ны м.кв төлбөр гээд 200.000 ам.доллар шилжүүлсэн баримт /хх-31/, 2010-08-23-ны өдөр нэхэмжлэгч компаниас Бэрэн группийн дандсанд баяжмалын үнэ гээд 300.000 ам.доллар шилжүүлсэн баримт /хх-32/, Бэрэн группийн 2010-08-23-ны өдрийн 121/10 дугаартай “Х” ХХК-д гэж хаяглагдсан албан бичигт Х компаниас 2010-08-23-ны өдөр шилжүүлсэн 300.000 ам.долларын гүйлгээний утга нь газрын төлбөр бөгөөд Бэрэн групп ХХК-с үүнийг баяжмалын үнэ гэж гүйлгээ хийсэн тухай албан бичгийн хуулбар /хх-33/, 2010-10-29-ний өдрийн нэхэмжлэгч компаниас Бэрэн группийн дансанд 86.759 ам.долларыг баяжмал гэж шилжүүлсэн баримт /хх-34/, Бэрэн группийн огноо, дугааргүй тус компани нь охин компаниудын санхүүжилтийг шийддэг учир Х ХХК нь Б ХХК-д өгөх ёстой газрын төлбөр болох 86.759,2 ам.долларыг баяжмалын орлого гээд хаан банкны дансаар авсан болно гэх тодорхойлолтын хуулбар /хх-35/ зэрэг баримтууд нотлох баримтаар авагдсан байх бөгөөд талуудын хэлэлцээр бичигт дурдсан 14-р хорооллын F1, F2 орон сууцны барилгын хөрөнгө оруулалтыг нэхэмжлэгч “Хун Жань” компани хариуцагч компаний дансанд шилжүүлж байсан болох нь тогтоогдож байна.

 

Түүнчлэн Б ХХК-ний нэр дээр Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 19-р гудамжны кино үзвэрийн байрны 1-9 тоотын хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө шилжсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Ү-2204021676, 2204021679, 2204021681, 2204021682, 2204021695, 2204021680, 2204021683, 2204021678, 2204021677 дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна /хх-36-44/.

 

Дээрх баримтуудаар талуудын хооронд Баянзүрх дүүрэг 14-р хорооны нутаг дэвсгэрт F1, F2 орон сууцны барилга барихтай холбоотой харилцаа үүссэн болох нь, хэлэлцээр бичигт тохиролцсоны дагуу нэхэмжлэгч тал хөрөнгө оруулалтын зардлыг хариуцагч компанид шилжүүлсэн болох нь нотлогдон тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Х ХХКнь Баянзүрх дүүрэг, 14-р хорооны 6-р хэсэгт орших 164 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг 2008-05-01-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ны дотор хийж гүйцэтгэх гэрээг “Икс Ди Эф” ХХК-тай байгуулсан гэрээний маргааныг талууд арбитраар шийдвэрлүүлсэн болох нь 13/10 хэргийн дугаартай Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэхэд Монголын үндэсний арбитрын шийдвэртэй холбоотой материалуудаар тогтоогдож байна /хх-51-97/.

 

Нэхэмжлэгч Х ХХКнь Баянзүрх дүүрэг, 14-р хорооны нутаг дэвсгэрт баригдах F1, F2 барилгын ажлын талаар хариуцагч компанид 2008 оны 06-р сарын 19-нд 01, 2008 оны 06-р сарын 03-нд 02, 2008 оны 07-р сарын 14-нд 03, 2008 оны 08-р сарын 08-нд 05, 2008 оны 11-р сарын 28-ны 6, 2012 оны 05-р сарын 15-ны өдрүүдэд албан бичиг, албан захидал илгээж байсан болох нь дээрх баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Х ХХК-д Бэрэн групп 2010 оны 08-р сарын 23-ны өдөр 121/10 дугаартай албан бичгээр “...F1, F2 барилгын газрын энэхүү бичиг баримтыг талуудын хооронд байгуулсан гэрээгээр эдлэх эрхээ хамгаалахад ашиглаж болохыг, ...F1, F2 барилгын газрыг талуудын хооронд байгуулсан гэрээний хүрээнд Х ХХКашиглахыг баталгаажуулах” тухай баталгаа гаргасан байна /хх-104-111/.

 

Иймд талуудын дээрх тохиролцоо хэлэлцээр бичиг, нэмэлт гэрээ байгуулсан зэрэг байдлаас талуудын хооронд буюу нэхэмжлэгч “Х” ХХК, хариуцагч Б ХХК-ний хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд ...ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт баригдах F1, F2 орон сууцны барилгын хөрөнгө оруулалтыг хариуцаж, хариуцагч тал орон сууцны барилга барих газрыг худалдан авч, нүүлгэн шилжүүлэх, нэгэнт батлагдсан төлөвлөлтийн хүрээнд газарт хөрөнгө оруулж ажил эхлүүлэхтэй холбоотой баримт бичгүүдийг бүрдүүлж, төр засаг болон бусад холбогдох албадын дэмжлэгийг авах, холбогдох зураг төсөл болон техникийн нөхцөлийг бүрдүүлж, ажил эхлүүлэх зөвшөөрлийг авах, төр засгийн байгууллагуудтай холбоо тогтоож ажиллахаар тохиролцож, үүний дагуу нэхэмжлэгч хөрөнгө оруулалтын зардлыг хариуцагч Б ХХК болон “Бэрэн групп” ХХК-ний дансанд шилжүүлсэн болох нь, талууд дээрх барилгын ажлыг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагаар хойшлуулсан болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал хөрөнгө оруулж хариуцагч тал ажил, үйлчилгээ буюу орон сууц баригдах газар, зөвшөөрлийн ажлыг хийж гүйцэтгэхээр талууд тохиролцсон байх бөгөөд тухайн барилгын угсралтын ажлыг нэхэмжлэгч компани “Икс Ди Эф” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн болох нь хэрэгт авагдсан арбитрийн шийдвэрээр тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэмэлт гэрээг манай компанитай байгуулаагүй гэх тайлбар нь 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн нэмэлт гэрээний долоод заасан заалтаар үгүйсгэгдэж байна.

 

Хариуцагч талаас татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй бөгөөд маргааны үндэслэл болсон зохигчийн хооронд 2008 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан хэлэлцээр бичгийн дагуу гүйцэтгэх ажлыг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан болох нь 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн нэмэлт гэрээгээр тогтоогдож байх боловч талууд дээрх гэрээнээс татгалзсан талаар хэн аль нь санал гаргасан байдал нотлогдоогүй боловч нэхэмжлэгч тал дээрх гэрээний үүрэгтэй холбогдуулан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт 13.477.230.000 төгрөг гаргуулахаар шаардсан шаардлагыг тус шүүх 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1835Х дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 354 дүгээр магадлалаар дээрх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байх бөгөөд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШЗ2015/03793 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна /хх-112-117, 118-124, 98-103/.

 

Өөрөөр хэлбэл 2008, 2010 онд байгуулагдсан хэлэлцээр бичиг, нэмэлт гэрээний дагуу шаардлага гаргаж нэхэмжлэгч тал дээрх гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгө оруулалтын зардлаа шаардаж шүүхэд хандсан байх боловч нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс хойш 2018 оны 11 дүгээр сарын 06-нд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13315 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх тул 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасанд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна /хх-98-103, 126-127, 1, 128/.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т “шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ” гэж, хуулийн 79.3-т “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэжлүүлэх боломжгүй болсон бол талууд болон шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно” гэж, 76.7-д “...өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал 2008, 2010 онд байгуулагдсан гэрээний үүрэгтэй холбогдуулан хөрөнгө оруулалтын төлбөрийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарснаар хөөн хэлэлцэх хугацааг шинээр эхлэн тоолох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаан дээр 2008 оны 04 дүгээр сарын 20, 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан гэрээний үүрэгт орон сууцны борлуулалтын орлогоос цэвэр ашигт 9.978.867.679 төгрөгийг гаргуулахыг хариуцагчид даалгах гэж тодруулан тайлбарласан тул гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа өнгөрсөн байна.

 

Учир нь 2008 оны 04 дүгээр сард байгуулагдсан хэлэлцээр бичгийн нэмэлт гэрээг 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулж хэлэлцээрийн дагуу Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт баригдах F1, F2 орон сууцны барилга угсралтын ажлыг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зогсоосон байх боловч үүнээс өмнө нэхэмжлэгч Х ХХКнь хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт 13.477.230.000 төгрөгийг хариуцагч Б ХХК-иас гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрхийн 1835Х дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагч компанид 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдөр явуулсан албан бичгийн агуулгаар шаардах эрх нь зөрчигдсөн талаар мэдсэн гэж үзэхээр байна /хх-111/.

 

Гэтэл шүүхэд хандсан дээрх шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд дахин шүүхэд хандах 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааг тооцоход гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хугацаа өнгөрсөн байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон гэх байдал хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй болно.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.2-д “...шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, ...үеэс үүснэ” гэж зааснаар нэхэмжлэгч тал эрх зөрчигдсөн тухай албан тоотыг 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Б ХХК-д хүргүүлснээр мэдэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх боловч 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан үеэс дахин шаардах эрх нь үүссэн байна.

 

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэл болох Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд талуудын тохиролцсон хэлэлцээр бичгийн 2.2-т “тогтоосон хугацааны дотор чанарын өндөр түвшинд ажлыг хийж дуусгах ба А талын хяналтыг хүлээн авна” гэж, 2.3-т “барьж дууссан барилгуудын урьдчилан борлуулалт буюу борлуулалт явуулж, борлуулалтын орлогыг хүлээн авна”, 2.4-т “тогтоосон хугацаандаа хөрөнгө оруулалтын зардлыг А талд төлж, тэнхлэгээр бодсон барилгын талбайд 100 м.кв гэж тооцно” гэж, 3.3-т “барилгыг ашиглалтад оруулсны дараа Б тал буюу Х ХХК нь А тал буюу Б ХХК-д уг төслийн 1-р зэргийн хөрөнгө оруулалтад шаардлагатай нийт зардлын 20 хувийг төлөхөөр тохиролцсон байна.

 

Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт баригдах F1, F2 орон сууцны барилга угсралтын ажлыг Икс Ди Эф ХХК гүйцэтгэсэн байх бөгөөд тухайн орон сууцны барилгын ажлын явцад хариуцагч компани хяналт тавихаар нэхэмжлэгч компани борлуулалтын орлогыг хүлээн авахаар тохиролцсон байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой тохиролцоо хийгдсэн болох нь тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2008, 2010 онд байгуулагдсан хэлэлцээр бичиг, нэмэлт гэрээний үүргийн дагуу цэвэр ашиг гаргуулна гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлж, гэрээний дагуу баригдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохоо нотолсон баримтыг гаргаагүй тул үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүргийн шаардлага гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн хамтран ажиллахаар тохиролцсон талуудын хамтын ажиллагаанд гүйцэтгэх үүргийг дээрх хэлэлцээрийн бичиг, нэмэлт гэрээгээр тодорхой тусгасан байх бөгөөд талууд нэг зорилгод хүрэхийн тулд хөрөнгө болон үйл ажиллагаагаа нэгтгэж байгаа нь оролцогчдын хүсэл, зориг буюу гэрээний үүрэгтэй холбоотой гаргасан албан бичиг, албан захидал зэргээр тогтоогдож байна.

 

Хамтран ажиллах гэрээний талууд нь хамтын үйл ажиллагаа явуулснаар хамтран ажиллах гэрээний зорилго биелэх учиртай боловч хариуцагч компани хөрөнгө оруулагч нэхэмжлэгч талын зөвшөөрөлгүйгээр 2008, 2010 онуудад байгуулагдсан гэрээний дагуу хийгдэх Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Эф1, 2 барилгын ажлыг барьж ашиглалтанд оруулж, худалдан борлуулсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Түмэн наст хотхоны сурталчилгааны гарын авлагаар тогтоогдож /хх-45-46/ уг гарын авлагад ерөнхий захиалагчийг Бэрэн мортгейж групп ХХК, ерөнхий гүйцэтгэгчийг Бэрэнконстракшн энд автомэшн ХХК гэж бичигдсэн байна.

 

Ийнхүү хариуцагч компани нэхэмжлэгч талд гэрээнээс татгалзах эсхүл гарах талаар мэдэгдээгүйгээр 2008, 2010 онд хүсэл зоригоо илэрхийлэн хамтран ажиллахаар  тохиролцсон тохиролцооноос гарснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч дээрх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, ингэж хэтрүүлсэн болох нь хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 50.052.288 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.  

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.2-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 2008 оны 04 дүгээр сарын 20, 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан гэрээний үүрэгт орон сууцны борлуулалтын орлогоос цэвэр ашиг 9.978.867.679 төгрөгийг гаргуулахыг хариуцагчид даалгахыг хүссэн “Х” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.052.288 /тавин сая тавин хоёр мянга хоёр зуун наян найман/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчшийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч наршүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Д.Я