Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2021/00052

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00508 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 745 дугаар магадлалтай,

 Нэхэмжлэгч: ******* ХХК

Хариуцагч:******* энд автомэшн ХХК

 9,978,867,679 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Даваахүүгийн гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Даваахүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2008-04-20-ны өдөр******* энд автомэшн ХХК-тай хэлэлцээр бичиг нэртэй, 2010-04-09-ний өдөр нэмэлт гэрээ нэртэй гэрээг тус тус байгуулсан. Уг гэрээний дагуу хариуцагч нь УБ хотын БЗД-н 14-р хорооны нутаг дэвсгэр дээрх тухайн үед баригдаж байсан 14-р хорооллын барилгын ажлын хүрээнд F1, F2 барилгуудыг барих газрыг худалдан авч чөлөөлөх, уг хоёр барилгын зураг төслийг бэлтгүүлэх, шаардлагатай зөвшөөрлүүдийг авч бэлтгэх, барилга угсралтын ажлын явцад төр захиргааны эрх бүхий байгууллагуудтай харьцаж барилга угсралтын ажил хэвийн явагдах нөхцөлийг хангах, орон сууц борлуулах үйл ажиллагаанд манай компанид туслах үүргийг хүлээсэн. Харин манай компани уг гэрээг байгуулснаар хариуцагчид газар худалдан авч, чөлөөлөхтэй холбоотой зардлыг шилжүүлэх,******* энд автомэшн ХХК-ний нэрийн дор дээрх барилга угсралтын ажлыг иж бүрнээр нь явуулж, ашиглалтад оруулж, улмаар худалдан борлуулж ашиг олох явдал байсан. Ийм зорилгоор хариуцагчтай уг гэрээг байгуулж гэрээнд заасан үүргээ биелүүлж хариуцагчид нийтдээ 1,652,141,748 төгрөгтэй тэнцэх төлбөрийг шилжүүлсэн.******* энд автомэшн ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд дээрх төлбөрийг хүлээн авч айлуудын газрыг худалдан авч чөлөөлөх үүргээ биелүүлж нийтдээ 16 740,9 м.кв газрыг чөлөөлж өгсөн ба уг газар дээр манай компани Икс Ди Эф ХХК-аар барилга угсралтын ажлаа гүйцэтгүүлж эхэлсэн. Гэтэл 2008 онд барилгын зах зээл мөн муудсан учраас бид барилга угсралтын ажлаа түр зогсоож хүлээлтийн горимд шилжсэн ба энэ үед буюу 2008 оны эцэс гэхэд нийт барилга угсралтын ажлынхаа 55 хувийг гүйцэтгэсэн байсан. Хариуцагч талтай 2010-04-09-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээгээр барилга угсралтын ажлаа 2015-12-30-ны өдөр хүртэл хойшлуулахаар харилцан тохиролцсон. Гэтэл бид эзгүй байх хооронд буюу 2011 онд хариуцагч тал манай F1, F2 барилгуудын угсралтыг дур мэдэн өөрсдөө гүйцээн барьж ашиглалтад оруулсан. Түүнчлэн, бусдад худалдан борлуулж дуусган бүх орлогыг өөрөө авч манай компанийг хохироосон. Манай компанийн хувьд, тухайн барилгуудыг барихад гарах зардал буюу анх тооцоолж байсан 6,880,510 ам.доллар буюу 7,992,040,321 төгрөгийг хасвал 9,978,867,679 төгрөгийн цэвэр ашиг олсон тооцоо гарсан. Хариуцагчийн хууль бус үйл ажиллагаанаас болж учирсан хохирлын асуудлаар 2013-10-07-ны өдөр тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба итгэмжлэл олгох эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй, итгэмжлэлийн хугацаа дууссан гэх үндэслэлээр 2015-02-04-ний өдрийн 03793 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд манай компанийн тухайн газар дээр барьж байсан орон сууц нь үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд хариуцагч тал бидний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн гүйцээн барьж улмаар захиран зарцуулсан байх тул Иргэний хуулийн 75.2.2-т заасан зургаан жилийн хугацаанд багтааж нэхэмжлэл гаргасан. Иймд 2008-04-20, 2010-04-09-ний өдөр байгуулагдсан гэрээний үүрэгт орон сууцны борлуулалтын орлого 9,978,867,679 төгрөгийг гаргуулахыг хүсэж байна гэжээ.

Хариуцагч талаас тайлбартаа: ******* ХХК нь эрх зөрчигдсөн гэх албан тоотыг 2012-05-15-ны өдөр******* энд автомэшн ХХК-д хүргүүлсэн. 2012-01-01-с эрх зөрчигдсөн гэдгээ нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн 2014-07-14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2015-02-04-ний өдрийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон учир Иргэний хуулийн 79.5-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй. Нэхэмжлэгч тал 2008-04-20-ны өдөр, 2010-04-09-ний өдрийн нэмэлт гэрээний дагуу шаардлага гаргаж байгаа учир 3 жилийн хугацаа дууссан гэж үзэж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар талууд маргаагүй. Нэхэмжлэгч тал хууль ёсны өмчлөгч нь ч байгаагүй. 2010-04-09-ний өдөр байгуулагдсан гэрээ нь ******* ХХК болон******* энд автомэшн ХХК-ийн хооронд байгуулагдаагүй. Тус гэрээг Хун жань ХХК нь Бэрэн групп-тэй байгуулсан. Бэрэн групп болон******* энд автомэшн ХХК нь бие даасан хуулийн этгээдүүд юм. Түүнчлэн, нэхэмжлэгч тал 2008-04-20-ны өдөр, 2010-04-09-ний өдрийн нэмэлт гэрээний дагуу олох ёстой орлого нэхэмжилж байгаа атлаа гэрээний бус үүргээр нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна гэжээ.

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 183/ШШ2019/00508 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.2-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,052,288 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 745 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00508 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 50,052,288 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Даваахүү хяналтын гомдолдоо: талууд нь 2008-04-20-ны өдөр хэлэлцээр бичиг болон 2010-04-09-ний өдөр нэмэлт гэрээ нэртэй гэрээнүүдийг тус тус байгуулсан байдаг бөгөөд уг гэрээнүүдийн дагуу дараах тохиролцоог хийсэн байдаг. Үүнд: Хариуцагч нь УБ хотын БЗД-н 14-р хорооны нутаг дэвсгэр дээр F1, F2 барилга барих талбайг чөлөөлж бэлтгэх, барилга барихтай холбоотой бүхий л бичиг баримт зөвшөөрлүүдийн бүрдлийг хангах, харин нэхэмжлэгч нь бүх зардлыг хариуцах болон барилга угсралтыг бүхэлд нь гүйцэтгэх, мөн борлуулалтын орлогыг дангаар авах тохиролцоо хийгдсэн байсан. Гэтэл барилгын зах зээлийн хямралтай холбоотойгоор барилга угсралтын ажлыг нэхэмжлэгч тал түр зогсоож энэ асуудлаар хариуцагч талтай харилцан тохиролцож нэмэлт гэрээнд заасан байсаар байхад хариуцагч нь уг барилгыг гүйцээн барьж ашиглалтанд оруулан бусдад худалдан борлуулж олсон орлогыг бүгдийг дангаараа авч завшсан байна. Нэхэмжлэгч нь хуульд заасан зохицуулалтын дагуу уг орлогыг бүгдийг нэхэмжлэх эрхтэй боловч зөвхөн цэвэр ашиг 9,978,867,679 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн болно. Анхан шатны шүүх энэхүү иргэний хэргийг шүүн хэлэлцээд талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагч нь гэрээний үүргээ зөрчсөн болох нь ерөнхийдөө тогтоогдож байна гэсэн дүгнэлт хийжээ. Гэхдээ нэхэмжлэгчийг шүүхэд хандан нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хангах боломжгүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэжээ. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд Иргэний хуулийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байх тухай заасан зохицуулалтын дагуу 6 жилийн хугацаагаа нэхэмжлэгч хэтрүүлээгүй билээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгээ нотлосон баримт гаргаж өгөөгүй учраас үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэг биш гэж дүгнэсэн, мөн давж заалдах шатны шүүх уг шийдлийг зөв гэж дүгнэсэн байх тул бид шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ :

******* ХХК 2018-12-06-ны өдөр шүүхэд хандаж,******* энд автомэшн ХХК-с 9,978,867,679 төгрөг гаргуулахыг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрөхдөө ...хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.. гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

******* ХХК-ийн нэхэмжлэл тодорхой бус байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч тал 9,978,869,679 төгрөгийг ...хариуцагч орон сууцыг дур мэдэн зарж олсон цэвэр ашиг.. гэх боловч ийнхүү шаардах болсон үндэслэлээ тайлбарлаж чадаагүй, гэрээний үүрэг эсхүл учирсан хохирол нэхэмжилсэн эсэх нь нь тодорхойгүй байна.

Шүүх зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзсэн атлаа гэрээний талууд дундаа өмчлөх хөрөнгө бий болгосон эсэх, энэ нь хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлоход ач холбогдолтой эсэх талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хуулийн 75 дугаар зүйл, 477 дугаар зүйлийн 477.3, 477.4 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.

Хоёр шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хяналтын шатны шүүхээс хэрэгт буй баримтын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх буюу өөрчлөлт оруулах боломжгүй байх тул шийдвэр,магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 6.5 дахь хэсгийн зохицуулалтыг анхаарч, нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг тодруулсны эцэст нэхэмжлэл болон хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийж мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00508 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 745 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 50,052,288 төгрөгийг захирамжаар нэхэмжлэгчид буцааж олгосугай.

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.АЛТАНЧИМЭГ

    ШҮҮГЧ                                Б.УНДРАХ