Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2022/00819

 

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Х сумын орон нутгийг хөгжүүлэх сан (Х сумын ОНХС-г төлөөлж тус сумын Засаг дарга Х),

Хариуцагч: Б аймгийн А сумын 1 дүгээ р багт оршин суудаг, Ж  хоршоoны дарга, С ХХК-нд менежер ажилтай, С овогт А-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч А-аас гүйцэтгээгүй ажлын хөлс 34500000 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч төлөөлөгч Х

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.

(Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрч шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно)

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б аймгийн Х сумын орон нутгийг хөгжүүлэх сан (Х сумын ОНХС-г төлөөлж тус сумын Засаг дарга) нь хариуцагч А-аас гүйцэтгээгүй ажлын хөлс 34500000 (гучин дөрвөн сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Х сумын ОНХС-ийн хөрөнгөөр Хүүхэд залуучуудын тоглоомын талбай байгуулах төслийг хэрэгжүүлэхээр сумын ИТХ-ын тогтоолоор батлагдсан. Үүний дагуу худалдан авах ажиллагааны төлөвлөгөө батлагдаж, тендер шалгаруулалт явагдаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалт 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр явагдаж Н ХХК шалгарсан бөгөөд маргаан гарсны улмаас уг тендерийг Сангийн яамнаас хүчингүй болгож дахин тендер шалгаруулах эрхийг аймгийн Худалдан авах ажиллагааны албанд шилжүүлсэн.

1.2.Аймгийн үнэлгээний хороо 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр тендер шалгаруулалт явуулж үнэлгээ хийж бүх тендерээс татгалзсан гэсэн дүгнэлт гаргасан. Улмаар уг тендерийг орон нутагт шилжүүлж шууд худалдан авах гэрээ байгуулах замаар шийдвэрлэх зөвлөмжийг тендерийн материалын хамт ирүүлсэн. Үүний дагуу тус сумын Засаг даргын тамгын газраас хуулийн хүрээнд тендерт өрсөлдөөн бий болгох үүднээс тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий 6 компаниудад урилга хүргүүлж зохион байгуулсан ба уг ярилцлагад 4 компани оролцож Улаанбаатар хотын С ХХК шалгарч уг ажлыг өөрийн хөрөнгөөр шууд эхлэхээр тусгаж нийт 73908580 төгрөгийн дүнтэй гэрээ байгуулсан. С ХХК-ийг төлөөлж итгэмжлэлийн дагуу А оролцсон.

1.3.Энэхүү сонгон шалгаруулалтын талаар оролцогч бусад компаниудын зүгээс ямар нэгэн маргаан, гомдол гаргаагүй бөгөөд тендер шалгаруулалтын материалын хувийг хуулийн дагуу Сангийн яаманд хүргүүлж баталгаажуулсан. Тендерээр шалгарсан С ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу гүйцэтгэгч ажлаа эхэлсэн. ОНХС-ийн хөрөнгийн хуваарилалтыг харгалзан санхүүжилтийг хэсэг хэсгээр нь олгож байсан. Гэрээний хэрэгжилтийн явцад тус С ХХК-ний захирал М нь гадаад улсад удаан хугацаагаар явах болсон тул цаашид олгох санхүүжилтийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Төкейн Азаматын 3067939 улсын бүртгэлийн дугаартай Ж хоршооны төрийн банк дахь 291400362372 тоот дансанд болон А-ын хүсэлтээр хувийн 000000000000 тоот дансанд шилжүүлж байсан.

1.4.Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр аймгийн Шүүхийн эвлэрүүлэн зуучлах албанд гомдол гаргасан боловч гүйцэтгэгч компанийн төлөөлөл А нь эвлэрлийн гэрээ байгуулахаас эрс татгалзсан. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр С ХХК-ний хаягийн дагуу Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч ЗДТГ-ын дарга түр орлон гүйцэтгэгч гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. 2018 оны 10 дугаар сарын 01-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд гэрээ хийсэн С ХХК-ийн хаягаар дахин нэхэмжлэл гаргахад хэрэг үүсгэснээс хойш хариуцагчийн хаяг тодорхойгүй болсон гэх үндэслэлээр 2018 оны 10 дугаар сарын 15-нд манай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. 2015-2016 онуудын санхүүжилтийг А-ын хувийн 51809587158 тоот дансанд болон 3067939 дугаартай улсын бүртгэлтэй А даргатай Ж хоршооны төрийн банк дахь 00000000002 тоот дансанд шилжүүлж байсан. 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр А-ын ХААН банк дахь хувийн дансанд 1 сая төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ХААН банк дахь 51820858715 тоот дансанд 500000 төгрөгийг, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ХААН банк дахь 51820858715 тоот дансанд 1сая төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 03-ны Ж хоршооны Төрийн банк дахь 291400036372 тоот дансанд 5 сая төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны Ж хоршооны Төрийн банк дахь 291400036372 тоот дансанд 11 сая төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 18-ны Ж хоршооны Төрийн банк дахь 0000002 тоот дансанд 7 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.

1.5.Иргэн А-ын хувийн болон Ж хоршооны дансанд нийт 34500000 төгрөгийг шилжүүлсэн байна. Энэ төсөл хөтөлбөрийн ажил цалгардаж, ажил хийгдэхгүй өдий болсон нь тус ажил гүйцэтгэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж хоршооны дарга А буруутай гэж үзэж байна. Иргэн А нь янз бүрийн заль хэрэглэж захиалагч Хятад улсаас тоглоомын ком авахаар гэрээ хийлээ, гэрээний дагуу 14 сая төгрөгийн урьдчилгаа өгсөн гэх мэтээр худал нэмж санхүүжилт авсаар ирсэн. Дээрх хугацаанд Ж хоршооны дарга А-тай удаа дараа уулзаж захиалагчийн зүгээс ажлаа хийж дуусгах, ажлаа эрчимжүүлэх талаар утсаар ярьж, хэлж байсан. Хүүхэд залуучуудын тоглоомын талбайн ажил хийгдээгүй байгаа. Тодорхой санхүүжилтийг өөрийнхөө хувийн болон Ж хоршооны дансаар шилжүүлэн авсан ба ажлаа гүйцэт хийгээгүй нь санаатай хэрэг гэж үзэж байна.

1.6.Иймд Ж хоршооны дарга А-аас 34500000 төгрөгийг гаргуулан орон нутгийн хөгжүүлэх санг хохиролгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.

2.Хариуцагч Б.Азамат хариу тайлбартаа:

2.1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжтой байна. Учир нь, Х сумд Хүүхэд залуучуудын талбай байгуулах төсөл хэрэгжүүлэхээр ОНХС-аас 73903580 төгрөг батлагдаж гүйцэтгэгч компани шалгаруулах процессыг тодорхой дурдаж эцэст нь С-ХХК шалгарч тухайн компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж уг компанийг төлөөлөн миний бие А гарын үсэг зурсныг тодорхой дурдсан байна. Энэ захиалагч Х сумын Засаг даргын Тамгын газар болон гүйцэтгэгч С-ХХК нарын хооронд байгуулсан 5 дугаар бүхий Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ээр нотлогдож байгаа юм. Энэхүү ажиллагаанд миний оролцооны хувьд С-ХХК-ны инженерийн хувьд удирдлагаас надад итгэмжлэл олгосноор тухайн компани буюу хуулийн этгээдийг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурсан болохоос А гэх хувь хүний хувьд захиалагчтай гэрээ байгуулаагүй юм.

2.2.Иймд тус компанийн ажилтны хувьд үүргээ гүйцэтгэсний төлөө компанийн өмнөөс хувь хүний хувьд би хариуцлага хүлээх учиргүй бөгөөд энэ маргааны хариуцагч би биш бөгөөд хариуцагч гэрээ байгуулсан С-ХХК байх учиртай. Үүнийг нэхэмжлэгч тал мөн адил хариуцагч С ХХК гэдгийг хүлээн зөвшөөрсний илрэл С ХХК-аас уг мөнгийг нэхэмжилж удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШЗ2018/01904 дугаар бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж, мөн тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШЗ2018/11331 дугаар бүхий хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжуудаар тус тус нотлогдож байна.

2.3.Ийнхүү С ХХК-ний хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр С ХХК-наас нэхэмжилсэн нэхэмжлэл хэрэгсэхгүй болонгуутаа энэхүү мөнгөө гэрээнд гарын үсэг зурсан байдлыг далимдуулж надаас нэхэмжилж байгаа хууль зөрчсөн, арга ядсан байдлын илрэл болно. Миний хувийн данс болон Ж ХХК-ний дансанд шилжүүлсэн гэх мөнгөний хувьд С ХХК-ний төв нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг бөгөөд би энэхүү компанийн инженерийн хувьд компаниас өгсөн үүрэг даалгаврын дагуу уг ажлыг газар дээр хариуцаж ажилласан ажилтан юм. С ХХК-ний гол үйл ажиллагаа явуулдаг төв нь Улаанбаатар хотод байдаг тул захиалагчтай өдөр тутам харьцаж ажиллахад төвөгтэй олон шат дараалалтай байх тул тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулах Ж ХХК-д итгэмжлэл олгож санхүүжилтийг Ж ХХК болон миний хувийн дансанд шилжүүлж байхыг хүсэн итгэмжлэл олгосноор уг итгэмжлэлийн дагуу Ж ХХК С ХХК-аар дамжилгүй шууд орж ирсэн санхүүжилтийн зарцуулалтын тайланг тайлагнах үүргийн дагуу итгэмжлэл олгогч С ХХК-д үүрэг хүлээсэн. Харин Ж ХХК болон би захиалагч болох Х сумын Засаг даргын Тамгын газрын өмнө санхүүжилтийн тайланг тайлагнах үүрэг хүлээхгүй бөгөөд шууд орж ирсэн санхүүжилтийн зарцуулалтын асуудал С ХХК-д хүргүүлж тооцоогоо хийж дуусгасан.

2.4.Иймд Х сумын Засаг даргын нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар С ХХК-ийн А-д олгосон итгэмжлэл, Х сумын Засаг даргын төрийн санд гүйлгээ хийсэн тухай 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 07 дугаартай, мөн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 21 дугаартай Төлбөрийн хүснэгт-үүд, Төрийн сангийн төлөөлөгч С-ийн үйлдсэн Тоглоомын талбай ба С ХХК, Ж хоршоонд олгосон мөнгөний жагсаалт 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Х сумын Засаг даргын тамгын газрын дарга, Орон нутгийн хөгжлийн сангийн мэргэжилтнээс гаргасан Б аймгийн Х сумын Хүүхэд, залуучуудын талбай байгуулах ажлын дутуу нийлүүлсэн бараа материал болон ажлын нэр төрлийн жагсаалт, Ж хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээ, Х сумын ОНХС-гийн 2015.01.01-2015.11.30, 2015.12.01-2015.12.28, 2016.01.01-2012.12.31-ний хоорондын Дансны хуулга-ууд, С ХХК-ийн төлөөл А-аас Х сумын Засаг даргад 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гаргасан хүсэлт, Х сумын Засаг даргын Тамгын газрын даргын бэхжүүлж авсан гэх Залуучуудын тоглоомын талбайг харуулсан гэрэл зургууд, А-ын Цагдаагийн газарт шалгуулах үед түүний гэрчээр өгсөн мэдүүлэг, тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан өргөдөл, Х сумын Засаг даргын Тамгын газар, С ХХК-ийн хооронд 2014 оны 8 дугаар сарын 04-ны өдөр байгуулагдсан Хүүхэд, залуучуудын талбай байгуулах Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний эх хувь зэргийг;

Хариуцагчаас Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 14 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн уулзалтын тэмдэглэл, Х сумын Засаг даргын С-ХХК-тай байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 181/ШЗ2018/11331 дугаартай шүүгчийн захирамж, тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 01904 дугаартай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч талын хүсэлтээр С-ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа-г шүүх бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б аймгийн Х сумын Засаг даргын хариуцагч Ааас 34500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б аймгийн Х сумын 2014 оны ОНХСангийн хөрөнгөөр Хүүхэд залуучуудын тоглоомын талбай байгуулах төслийг хэрэгжүүлэхээр ИТХ-ын тогтоолоор батлагдсан бөгөөд уг ажлыг гүйцэтгэгчээр С ХХК шалгарсан тул ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажлаа эхэлсэн. Гэрээний хэрэгжилтийн явцад С ХХК-ийн захирал Ц.Мөнхжаргал гадаад улсад удаан хугацаагаар явах болсон тул цаашид олгох санхүүжилтийг итгэмжлэгдсэн төлөөлөгч А-ын 3067939 дугаар улсын бүртгэлтэй Ж хоршооны төрийн банк дахь дансанд шилжүүлж байсан. Иргэн А-ийн хувийн дансанд болон Ж хоршооны дансанд нийт 34500000 төгрөгийг шилжүүлсэн боловч дээрх төсөл хөтөлбөрийн ажил цалгардаж, ажил хийгдээгүй тул Ж  хоршооны дарга А-аас 34500000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний хувийн данс болон Ж хоршооны дансанд шилжүүлсэн гэх мөнгөний хувьд С ХХК-ийн төв нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг бөгөөд би энэхүү компанийн инженерийн хувьд компаниас өгсөн үүрэг даалгаврын дагуу уг ажлыг газар дээр хариуцан ажилласан ажилтан юм. С ХХК нь захиалагчтай өдөр тутам барьцаж ажиллахад төвөгтэй олон шат дараалалтай байх тул тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулах Ж хоршоонд итгэмжлэл олгож зарим санхүүжилт олгогдсоныг үгүйсгэхгүй. Ж ХХК болон миний бие захиалагч болох Х сумын Засаг даргын Тамгын газрын өмнө санхүүжилтийн зарцуулалтын тайланг тайлагнах үүрэг хүлэхгүй. Миний бие С ХХК ний ажилтны хувьд үүргээ гүйцэтгэсний төлөө хариуцлага хүлээх учиргүй бөгөөд энэ маргааны хариуцагч биш ба гэрээ байгуулсан С ХХК хариуцагч байх учиртай гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

4.1.2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр захиалагч Х сумын Засаг даргын Тамгын газар, гүйцэтгэгч С ХХК-ийн хооронд байгуулагдсан №05 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх (Хүүхэд залуучуудын тоглоомын талбай байгуулах) гэрээг Х сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Батчулуун, гүйцэтгэгч С ХХК-ийн захирал М нар байгуулан гарын үсэг зурж, тус тусын тамгаа дарж баталгаажуулан, Х сумын Засаг дарга М батлав гэж гарын үсэг зурж тамга дарсан байна.

4.2.С ХХК-ийн захирал Ц.Мөнхжаргал нь гадаад руу удаан хугацаагаар явах болсон тул Х сумын Хүүхдийн тоглоомын талбайн төсөл арга хэмжээний санхүүжилтийн мөнгийг цаашид компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох А даргатай Ж хоршооны төрийн банкин дах 291400362372 тоот дансанд шилжүүлж байхаар итгэмжлэл олгосон байна.

4.3.Б аймгийн Х сумын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 07 дугаартай, 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 21 дугаартай төлбөрийн хүсэлт, С ХХК болон Ж хоршооны олгосон мөнгөний жагсаалт болон дансны хулгуудаар Х сумын Хүүхдийн тоглоомын талбайн төсөл арга хэмжээний санхүүжилтээс Ж хоршоо болон А-ын дансанд нийт 34500000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогджээ.

4.4.Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны Гүйцэтгэх удирдлагын мэдээлэл гэх хэсэгт гүйцэтгэх захирал нь Э гэж бүртгэгдсэн байна.

4.5.Х сумын Засаг даргын Тамгын газар, гүйцэтгэгч СХХК-ийн хооронд 2014 оны 8 дугаар сарын 04-ны өдөр №05 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх (Хүүхэд залуучуудын тоглоомын талбай байгуулах) гэрээ байгуулснаар талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

4.6.Нэхэмжлэгч талаас Б аймгийн Х сумын 2014 оны ОНХСангийн хөрөнгөөр Хүүхэд залуучуудын тоглоомын талбай байгуулах төслийн санхүүжилтийн зарим хэсэг болох 34500000 төгрөгийг Ж хоршоо болон түүний эзэн Аад гүйцэтгэгчээс итгэмжлэлийн дагуу олгосон тул уг мөнгийг А төлөх ёстой гэж маргасан ба хариуцагч А нь түүнийг эс зөвшөөрч маргасан байна.

4.7.Х сумын Засаг даргын Тамгын газар, гүйцэтгэгч С ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 8 дугаар сарын 04-ны өдөр байгуулсан №05 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх (Хүүхэд залуучуудын тоглоомын талбай байгуулах) гэрээ-ний 1.1-д Гүйцэтгэгч нь батлагдсан зураг төсвийн хүрээнд Х сумын ЗДТГ-т Хүүхэд залуучуудын тоглоомын талбайг гэрээнд заасан хугацаанд техникийн тодорхойлолт болон хэлэлцээний үед тохиролцоонд хүрсэн ажлуудыг нэг бүрчлэн, чанарын шаардлагад нийцүүлэн бүрэн гүйцэтгэж захиалагчид шилжүүлнэ, 1.2-т Захиалагч шаардлага хангасан Хүүхэд залуучуудын тоглоомын талбай-г зураг төсөл, гэрээний дагуу сайн, чанарын өндөр түвшинд хийлгэж, гүйцэтгүүлэн хүлээн авч эцсийн тооцоо хийх-ээр харилцан тохиролцжээ. Энэхүү гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч Х сумын Засаг даргын Тамгын газар болон С ХХК нарын хооронд гэрээний үүрэг үүссэн байна.

4.8.Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Б аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн санд гэж хаягласан С ХХК-ийн захирал М-аас олгосон Итгэмжлэлд: Тус сумын Хүүхдийн тоглоомын талбайн төслийн гүйцэтгэгч С ХХК-ийн захирал миний бие М нь гадаад руу удаан хугацаагаар явах болсон тул төсөл арга хэмжээний санхүүжилтийн мөнгийг цаашид тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох А даргатай Улсын бүртгэлтэй 0230002109, 3067969 регистрийн дугаартай Ж хоршооны Төрийн банк дахь 0000000000 тоот дансанд шилжүүлж байхыг мэдэгдье гэж бичигдсэн итгэмжлэлийг гаргаж өгсөн боловч энэхүү итгэмжлэлээр С ХХК-ний гэрээний үүрэг нь бүхэлдээ А болон Ж хоршоонд шилжсэн гэж үзэх боломжгүй, мөн А нь С ХХК-ийг бүхэлдээ төлөөлөх эрхтэй болохыг нотлохгүй болно.

4.9.Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно гэж заасан байх бөгөөд Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж өгсөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар гүйцэтгэх захирал нь Лхагважавын Энхтүвшин гэж бүртгэгдсэн байх тул хариуцагч Аад гэрээний хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж үзлээ.

4.10.Нэхэмжлэгчийн зүгээс 2014 оны 8 дугаар сарын 04-ны өдрийн №05 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийг шаардаж ажил гүйцэтгэгч С ХХК-нд холбогдуулан Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар компанийн захиргаа байршиж байгаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №181/ШЗ2018/11331 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж болон Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №181/ШЗ2018/01904 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай шүүгчийн захирамжаар тус тус нотлогдож байна.

5.Ж хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээ, Х сумын Засаг даргын Тамгын газрын даргын бэхжүүлж авсан гэх Залуучуудын тоглоомын талбайг харуулсан гэрэл зургууд, А-ын Цагдаагийн газарт шалгуулах үед түүний гэрчээр өгсөн мэдүүлэг, тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан өргөдөл, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 14 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн уулзалтын тэмдэглэл зэрэг баримтуудыг энэ хэрэгт хамааралгүй байна.

6.Иймд хариуцагч А нь 2014 оны 8 дугаар сарын 04-ны өдрийн №05 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу Хүүхэд залуучуудын тоглоомын талбай байгуулах ажлыг гүйцэтгэсэн гэх С ХХК-ийг бүрэн төлөөлөх эрх бүхий этгээд гэдгийг нотлох баримт байхгүй тул хариуцагч А-аас гүйцэтгээгүй ажлын хөлс 34500000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б аймгийн Х сумын Засаг даргын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэхүү нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч С овогт А-аас гүйцэтгээгүй ажлын хөлс 34500000 (гучин дөрвөн сая таван зуун мянга) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б аймгийн Х сумын орон нутгийг хөгжүүлэх сан (Х сумын ОНХС-г төлөөлж тус сумын Засаг дарга)-гийн нэхэмжлэлийг бүхэд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэхүү нэхэмжлэл төсвийн байгууллагын нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Х