Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 01035

 

БНХАУ-ын иргэн T-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00917 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн T-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Ж-д холбогдох

56 060 016 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн Т /T/ нь Ч.Ж-тай 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 16 000 ам доллар буюу тухайн өдрийн ханшаар 40 800 000 төгрөгийг, сарын 1 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлж, ам.долларыг бэлнээр олгож, хариуцагч тал гарын үсэг зурж хүлээн авсан. Хариуцагч өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй, гэрээний хугацаа хэтрүүлсэн тул үндсэн зээл 40 800 000 төгрөг, зээлийн хүү 1 224 000 төгрөг, мөн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-т зааснаар 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх алданги 14 036 016 төгрөг, нийт 56 060 016 төгрөг болж байна.

Хариуцагч Ч.Ж зээлийн гэрээ дэх гарын үсгийг минийх биш гэж маргаж, шинжээч томилуулах тухай түүний хүсэлтийг үндэслэн шүүхээс 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 14433 дугаар захирамжаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай газрын кримналистикийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 6426 тоот дүгнэлтэд хариуцагчийг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэсэн байна. Иймд хариуцагч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул түүнээс 56 060 016 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч Т /T/-тэй 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулаагүй, 16 000 ам.долларыг аваагүй, түүнтэй ажил хэргийн шугамаар харилцаатай байсан. Зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 281 зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус үндэслэн Ч.Ж-аас 50 060 016.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т /T/-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн  60.1, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 438 300.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 438 300.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.Ж давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т-ийн нэхэмжлэлтэй Ч.Ж-д холбогдох 56 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хянан хэлэлцэж байсан. Миний бие нэхэмжлэгч Т-тэй 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулаагүй, 16 000 ам.доллар аваагүй, ажил хэргийн шугамаар харилцаатай байсан. Хэрэгт авагдсан зээлийн мөнгийг хүлээн аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байсан.

Миний бие хүндэтгэн үзэх шалтгаантай урт хугацааны турш өвчтэй байсан болно. Тус хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 11 цаг 30 минутанд товлогдсон байна. Гэтэл миний бие БНХАУ-д өвчний оношилгоо тогтоолгохоор явж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын тэгш оролцоог хангах, мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс шүүх хуралдааныг түр хугацаагаар хойшлуулах хүсэлтийг, төмөр замын зорчих тасалбарын хуулбарыг хавсаргасан болно. Өмнө нь мөн хурал хойшлуулах хүсэлтэд нотариатын баталгаагүй, эмчийн магадлагаа болон зорчих тасалбар зэргийг шүүхэд өгч хурлыг хойшлуулж байсан. Гэтэл дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгаантай байхад намайг болон миний өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр, мэтгэлцэх боломжоор хангахгүй шүүх хуралдааныг явуулж төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Өмгөөлөгч Х.Ц-д хурлын товыг албан ёсоор мэдэгдээгүй бөгөөд хурал болох өдөр 10 цаг өнгөрч байхад утсаар мэдэгдсэн нь хуралд оролцох боломжоор хангаагүй. Талууд хоорондоо уулзаж эвлэрэх тохиролцоо хийж байсан бөгөөд тодорхой саналууд тавигдаж зөвшилцөх шатандаа явагдаж байсныг тэмдэглэх нь зүйтэй. Иймд шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн T нь хариуцагч Ч.Ж-д холбогдуулан 56 060 016 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээ байгуулаагүй, 16 000 ам.доллар аваагүй гэж маргажээ.

Талуудын хооронд 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 16 000 ам.доллар буюу 40 800 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцох нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулагдсан бичгийн баримт хэрэгт авагдсан байна. /хэргийн 6, 72 дугаар тал/

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд гэрээний зүйл 16 000 ам.долларыг бодитойгоор шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцогдоно.

Дээрх зээлийн гэрээний ард Ч.Ж “16 000 /арван зургаан мянга/ АНУ доллар бэлнээр х/авлаа” гэсэн бичилт хийж, гарын үсгээ зурж, зээлийн харилцааны дагуу мөнгө төлөх үүрэг байгаа талаар хүсэл зоригоо илэрхийлсэн байна. Харин хариуцагч нь зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, зээл хүлээн аваагүй гэх тайлбар гарган маргасан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 6426 тоот дүгнэлтээр 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээ болон түүний ар талд гарын үсэг зурсан болох нь нотлогдсон байх тул хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэнэ /х.х-ийн 82-85 хуудас/.

Мөн хариуцагч тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25  дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Иймд анхан шатны шүүх дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагчаас үндсэн зээл 40 800 000 төгрөг, 3 сарын хүүнд 1 224 000 төгрөг, алдангид 14 036 016 төгрөг, нийт 56 060 016 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцсэн.

Мөн зохигчид гэрээнд алданги төлөхөөр харилцан тохиролцсон тул зээлдүүлэгч гүйцэтгээгүй үүрэгт алданги тооцож нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах заалтыг зөрчөөгүй болно.

Хариуцагч Ч.Ж-ны гаргасан шүүх хуралдааныг өвчний учир хойшлуулах хүсэлтүүдийг анхан шатны шүүх хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 1, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрүүдэд зарлагдсан шүүх хуралдааныг хойшлуулж байсан /хэргийн 148-149, 1159-160 дугаар тал/ байх тул хүндэтгэн үзэх шалтгаантай байхад намайг болон миний өмгөөлөгчийг оролцуулалгүй, мэтгэлцэх боломжоор хангахгүй шүүх хуралдааныг явуулсан гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Мөн түүний шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтэд хавсаргасан Улаанбаатар төмөр замын зорчих тасалбар нотлох баримтын шаардлага хангаагүй байгааг дурдах нь зүйтэй. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ хэрэгжүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй юм.

Дээр дурдсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00917 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 438 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                   ШҮҮГЧИД                                       Ч.ЦЭНД

                                                                                                           Д.БАЙГАЛМАА