Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 917

 

 

 

 

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2019/00917

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Т

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т-ийн гаргасан,

 

Хариуцагч: Ж-д холбогдох,

 

56,060,016.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           

“БНХАУ-ын иргэн Т нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 56,060,016 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн утга нь тэрээр Монгол Улсын иргэн Ж-тай 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 16,000.00 ам доллар буюу тухайн өдрийн ханшаар 40,800,000.00 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлж, ам.долларыг бэлнээр олгосон ба хариуцагч тал гарын үсэг зурж хүлээн авсан.

 

Гэтэл хариуцагч нь өнөөдрийг хүртэл зээлийг төлөөгүй, гэрээний хугацаа хэтрүүлсэн тул үндсэн зээл 40,800,000.00 төгрөг, зээлийн хүү 1,224,000.00 төгрөг, мөн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-т зааснаар 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны алданги 14,036,016.00 төгрөг, нийт 56,060,016 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Хариуцагч Ж нь зээлийн гэрээ дэх гарын үсгийг минийх биш гэж маргаж, шинжээч томилуулах тухай түүний хүсэлтийг үндэслэн шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д зааснаар 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 14433 тоот захирамжаар шинжээч томилсон юм.

 

Гэтэл Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай газрын криманилистикийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 6426 тоот  дүгнэлтэд хариуцагчийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний зээлдэгч хэсэг болон хүлээн авсан гэсэн хэсгүүдэд гарын үсэг зурсан гэсэн байна.

 

 Иймд, хариуцагч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул түүнээс 56,060,016 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

 

“Би, нэхэмжлэгч Т -тэй 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулаагүй, тийм учраас 16,000.00 ам.долларыг аваагүй, түүнтэй ажил хэргийн шугамаар харилцаатай байсан. Хэрэгт авагдсан зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.  

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад        

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Т -өөс хариуцагч Жд холбогдуулан 56,060,016.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба тус хэрэгт шүүхээс 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэв.

 

Тус шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2018/11874 тоот захирамжаар хариуцагчийг шүүхэд албадан ирүүлж, улмаар нэхэмжлэлийг хувийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гардуулсан ба хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр хэргийг хянан шийдвэрлэх 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн, мөн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн болон 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааныг тус тус хойшлуулж байснаас гадна талуудын хүсэлтээр шүүх хуралдааны товыг өөрчилж байжээ.

 

Ингээд уг хэргийн шүүх хуралдааныг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 11:30 цагт товлож, талуудад энэ тухай мэдэгдсэн боловч хариуцагч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Т нь хариуцагч Ж-тай 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 16,000.00 ам.доллар буюу 40,800,000.00 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд сарын 1 хувийн хүүтэй зээлэхээр тохирчээ /х.х-ийн 6, 72 хуудас/.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт дурдсанаар тэрээр зээлийн гэрээний зүйлийг хүлээн аваагүй, зээлийн гэрээг байгуулаагүй гэж маргасан бол, харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс 40,800,000.00 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэж мэтгэлцэж байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлээгүй тохиолдолд түүнд зээлийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.

 

            Тодруулбал, тус хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талуудын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний ар талд “16,000.00 ам.долларыг бэлнээр хүлээн авлаа” гэж бичсэн байхаас гадна зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5.-д “зээл олгосон хугацааг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр бэлнээр олгоно” гэж заажээ /х.х-ийн 45, 46 хуудас/.

 

            Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж, мөн 198 дугаар зүйлийн 198.1.-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж заасны дагуу хариуцагчийн 2017 оны 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мөнгө зээлэх тухай гэрээний ард бичсэн хэсгийн хүсэл зориг болон 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр бэлнээр олгоно гэснийг тус тус тайлбарлавал хариуцагч нь нэхэмжлэгчээс 40,800,000.00 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлэхээр тохирч, түүнээс тухайн зээлийг бэлнээр хүлээн авсан гэсэн агуулгыг илэрхийлж байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2018/14433 тоот захирамжаар хариуцагчийн хүсэлтийг үндэслэн шинжээч томилж, зохигчдын байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч Ж гарын үсэг зурсан эсэхийг тодруулах ажиллагааг хийсэн /х.х-ийн 53-55 хуудас/.

 

Тус захирамжийн дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 6426 тоот дүгнэлтээр хариуцагч Ж-ыг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээ болон түүний ар талд гарын үсэг зурсан гэж дүгнэсэн байна /х.х-ийн 82-85 хуудас/.

 

Түүнчлэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талуудын байгуулсан зээлийн гэрээг гэрчилсэн нотариатын бүртгэлийн дэвтэрт “40,800,000.00 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, алданги 0.1 хувь” гэж бүртгэсэн ба тус бүртгэлийн дэвтэрт зохигчид гарын үсэг зурсан байна.

 

Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т зааснаар гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн гэх тайлбар үндэслэлтэй байх тул талуудын хооронд тус хуулийн  8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ж нь 40,800,000.00 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн бөгөөд зээл болон түүний хүүг хугацааны эцэст төлөх нөхцөлтэй байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заажээ. 

 

Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал гэрээнд заасан үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх үүрэгтэй ба хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох, үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Гэтэл хариуцагч Ж ийнхүү зээлийн гэрээний зүйл болох 40,800,000.00 төгрөгийг хүлээн авсан хэдий ч гэрээнд зааснаар буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна. Хэдийгээр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т “үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” байх тухай зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан бую үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэсэн хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан эсэх талаар тайлбар өгөөгүй.

 

Иймд, нэхэмжлэгч Т нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч Жаас үндсэн зээл 40,800,000.00 төгрөг, 3 сарын хүү 1,224,000.00 төгрөгийг тус тус нэхэмжлэх эрхтэй юм /40,800,000x1%=408,000x3=1,224,000 төгрөг/.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7.-д зааснаар зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирсон байна. Тодруулбал, тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, түүнчлэн 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус заажээ.

 

Зохигчид, ийнхүү зээлийн гэрээг хүүтэй байхаар тохиролцсон тохиолдолд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1.-д тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэгт гэрээнд заасан хүүг төлөх үүрэг хамаардаг тул энэ үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хүүгээс алданги тооцож төлөх үүрэг үүсдэг. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүрэгт үндсэн зээлийг буцаан хугацаандаа төлөхөөс гадна түүний үнэ болох хүүг мөн адил төлөх үүргийг гэрээний дагуу хүлээсэн байх тул нийт 42,024,000.00 төгрөгөөс алданги тооцох учиртай /40,800,000+1,224,000=42,024,000/.

 

Нэгэнт хариуцагч буюу зээлдэгч тал 40,800,000.00 төгрөгийг хүүгийн хамт буцаан төлөх гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлсэн байх тул тэрээр гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчид алданги төлөх бөгөөд түүний төлбөл зохих алдангийн хэмжээг тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т заасан буюу гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхгүй гэсэнтэй нийцэж байх тул 14,036,016.00 төгрөгийг хариуцагч тал нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болно /42,024,000x0.1%=42,024 /1 өдрийн алданги/, 42,024x334=14,036,016 төгрөг/.

 

Иймд, хариуцагчаас үндсэн зээл 40,800,000.00 төгрөг, 3 сарын хүү 1,224,000.00 төгрөг, алданги 14,036,016.00 төгрөг, нийт 56,060,016.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Жаас 56,060,016.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т /*******/-т олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 438,300.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 438,300.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР