Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2021/00003

 

Тунгөлөгө /Tonggelege/-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00917 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1035 дугаар магадлалтай,

Тунгөлөгө /Tonggelege/-ийн нэхэмжлэлтэй,

Ч.Жаргалсайханд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 56.060.016 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төгөлдөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ... БНХАУ-ын иргэн Тунгөлөгө /Tonggelege/ нь Ч.Жаргалсайхантай 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 16.000 ам.доллар буюу тухайн өдрийн ханшаар 40.800.000 төгрөгийг, сарын 1 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлж, ам.долларыг бэлнээр олгож, хариуцагч тал гарын үсэг зурж хүлээн авсан. Хариуцагч өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй, гэрээний хугацаа хэтрүүлсэн тул үндсэн зээл 40.800.000 төгрөг, зээлийн хүү 1.224.000 төгрөг, мөн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-т зааснаар 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх алданги 14.036.016 төгрөг, нийт 56.060.016 төгрөг болж байна. Зээлийг төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Иймд хариуцагч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул түүнээс 56.060.016 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Жаргалсайханы шүүхэд гаргасан тайлбарт: ...Би нэхэмжлэгч Тунгөлөгө /Tonggelege/-тэй 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулаагүй, 16.000 ам.долларыг аваагүй, түүнтэй ажил хэргийн шугамаар харилцаатай байсан. Зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00917 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус үндэслэн Ч.Жаргалсайханаас 56 060 016.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тунгөлөгө /Tonggelege/-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 438 300.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 438 300.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1035 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00917 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 438 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ч.Жаргалсайханы хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч шүүхээс хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Хариуцагч миний бие нэхэмжлэгч Тунгөлөгөтэй 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулаагүй, тийм учраас 16.000 ам.долларыг аваагүй. Түүнтэй ажил хэргийн шугамаар харилцаатай байсан. Хэрэгт авагдсан зээлийн мөнгийг хүлээн аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 101/ШШВ2018/00024 дугаар бүхий шийтгэвэрээр Ч.Жаргалсайханг 300.000 төгрөгөөр торгох шийтгэвэр ногдуулсан. Энэ торгууль ногдуулах шийтгэвэр нь хууль зүйн үндэслэлгүй байсан учир Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон болно. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар хариуцагч миний гарын үсгийг зурсан эсэхийг тогтоох шинжилгээг хийх болсон. Миний бие шүүхийн шаардсаны дагуу шинжээчийн дүгнэлт гаргахад шаардлагатай гарын үсгийн чөлөөт загварыг гаргаж өгсөн болно. Шүүгчийн туслах миний гарын үсэг зурсан материалыг шүүхийн шинжилгээнд явуулсан тухайгаа мессэжээр мэдэгдэж байсан. Улмаар шинжээчийн дүгнэлт гарч матөриал нь шүүх дээр ирсэн байсан. Гэтэл шүүгч шийтгэвэр гарган хариуцагч Ч.Жаргалсайхан шинжээчийн дүгнэлт гаргахад шаардлагатай өөрийн гарын үсгийн чөлөөтэй загварыг бичиж өгөхгүй, энэ талаар шүүхээс удаа дараа мэдэгдэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. гэж дүгнэн хариуцлага ногдуулсан. Энэ тухай надад мэдэгдээгүй бөгөөд хариуцлага ногдуулах гэж байгаа талаар мэдэгдэж, тайлбар аваагүй юм. Мөн шүүхээс надад нэхэмжлэлийг гардуулаагүй, энэ талаар мэдэгдээгүй байхдаа болон Ч.Жаргалсайхан миний бие хүндэтгэн үзэх шалтгаантай өвчтэй байсан үед үндэслэлгүйгээр албадан ирүүлэх захирамж удаа дараа гаргаж байсан. Ийнхүү шүүгч нь нэг талын эрх ашгийг хамгаалсан шийдвэрүүдийг удаа дараа гаргаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасны дагуу шүүгч Б.Мандалбаярыг татгалзан гаргах хүсэлт хүртэл гаргаж байсан. Ч.Жаргалсайхан миний бие хүндэтгэн үзэх шалтгаантай урт хугацааны турш өвчтэй байсан болно. Тус хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан 2019 оны 03 дүгээр сарын 28-ний өдөр 11 цаг 30 минутанд товлогдсон байна. Гэтэл миний БНХАУ-д өвчний оношилгоо тогтоолгохоор явж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын тэгш оролцоог хангах, мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс шүүх хуралдааныг түр хугацаагаар хойшлуулж өгөх хүсэлтийг шүүхэд гаргасан. Хүсэлтдээ Төмөр замын зорчих тасалбарын хуулбарыг хавсаргасан болно. Өмнө мөн л хурал хойшлуулах хүсэлтэд нотариатын баталгаагүйгээр эмчийн магадлагаа болон зорчих тасалбар зэргийг шүүхэд өгч хурлыг хойшлуулж байсан. Гэтэл дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгаантай байхад намайг болон миний өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр, мэтгэлцэх боломжоор хангахгүйгээр шүүх хуралдааныг явуулж төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх гэж заасан хуулийн зохицуулалтыг шүүх биелүүлээгүй. Миний өмгөөлөгч Х.Цогтсайханд хурлын товыг албан ёсоор мэдэгдээгүй бөгөөд хурал болох өдөр 10 цаг өнгөрч байхад утасдаж мэдэгдсэн нь хуралд оролцох ямар ч боломж нөхцөлөөр хангаагүй гэсэн үг юм. Талууд хоорондоо уулзаж эвлэрэх тохиролцоо хийж байсан бөгөөд тодорхой саналууд тавигдаж зөвшилцөх шатандаа явагдаж байсныг тэмдэглэх нь зүйтэй. Иймээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Тунгөлөгө /Tonggelege/ хариуцагч Ч.Жаргалсайханд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 40.800.000 төгрөг, хүү 1.224.000 төгрөг, алданги 14.036.016 төгрөг, нийт 56.060.016 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцдог байна.

Хариуцагч Ч.Жаргалсайхан ...гэрээ байгуулж, гэрээний дагуу мөнгө хүлээн аваагүй гэж маргасан хэдий ч хэрэгт авагдсан 16.000 ам.долларыг, 3 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлбэл хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги төлөхөөр тохиролцсон зээлийн гэрээ, мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт болон уг баримт дахь гарын үсэг хариуцагчийнх болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үгүйсгээгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг зөрчөөгүй байна.

Зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ ёсоор нэхэмжлэгч 16.000 ам.доллар шилжүүлэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн, хариуцагч зээлийг буцаан төлөөгүйгээс нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Зээлийн хүү, алданги тогтоосон зохигчийн тохиролцоо нь гэрээг бичгээр байгуулах, хоног тутам төлөх алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй байх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан шаардлагад нийцжээ.

Хариуцагчийн нотлох баримт гаргах, нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00917 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1035 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ч.Жаргалсайханы гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Ч.Жаргалсайхан нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 438.300 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

                 ШҮҮГЧ                                                         Г.АЛТАНЧИМЭГ