Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 130/ШШ2022/00881

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, Ж овогт У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Эрүүл мэндийн газар /дарга С/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Эрүүл мэндийн газрын манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч У, түүний өмгөөлөгч А,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М,

Гэрч М,

Орчуулагч А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч У нь хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан Б аймгийн Эрүүл мэндийн газрын манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Би Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын  2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус газрын манаачаар томилогдож, хугацаагүй гэрээ байгуулсан юм.

1.2 Би энэ ажлаа ямар ч алдаа дутагдал элдэв хэрэг, зөрчил гаргаагүй, үүргээ нэр төртэй биелүүлж байсан. Би ажил хийгээгүй амарч байсан үедээ буюу 2022 оны 06 дугаар сарын 23-ны орой эхнэр О.Серикгүл бид хоёр айлаас ирсэн юм. Би тэр айлаас бага зэрэг архи уусан маань үнэн бөгөөд гэрт байхдаа маргасан юм. Үүнээс болж эхнэр маань цагдаа дуудаж, шүүхээс намайг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж тогтоогоод Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д заасан зүйлээр буруутгаж Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ЭШ/293 дугаартай шийтгэврээр намайг мөн өдрөөс эхлэн 10 хоногоор баривчлан шийтгэсэн юм. Би баривчлагдан шийтгэгдсэн өдөр шүүх дотор байхдаа өөрийн ажилладаг тус Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан С даргад гар утсаар мэдэгдэж болсон явдлыг хэлэхэд “Чи хамт ажилладаг хүмүүстэй ярьж газрын албаны байранд ээлжлэн ажиллаж өгөхийг хүсээрэй. Газар эзэнгүй үлдэх ёсгүй шүү” гэж хэлсэн.

1.3 Мөн би баривчлагдсан тул бусад манаач нарт та нар миний оронд 2-3 удаа манаа жижүүрийн үүргийг хийж өгч тусална уу гэж хүсэхэд миний найз нар зөвшөөрч миний оронд 2-3 удаа манаач хийж өгсөн. Мөн аав Унат нь намайг баривчлагдсан өдөр С даргад биечлэн очиж баривчлагдсан байдлыг хэлж хамт ажилладаг залуус оронд нь ажиллаж өгөхөөр боллоо гэхэд С нь ажил нь эзгүйрэхгүй юм бол боллоо гэсэн байна.

1.4 Улмаар би баривчлах шийтгэлийн хугацаа дуусаж гараад ажилд очиход ажлаас гаргана гэсэн. Тэгээд надад 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр С нь намайг ажлаас чөлөөлсөн тухай өөрийнхөө гаргасан Б/29 тоот тушаалыг өгсөн. Гадны хүчний нөлөөллөөс болж миний ажилдаа очиж чадаагүй болсон шалтгааныг С мэдэж байсан. Миний жижүүр манааны ажил цалгардаагүй, ажил эзгүй болж байгууллага хохироогүй. Нэг зөрчилд хоёр арга хэлжээ авхуулахыг хүсэхгүй байна. Тэгээд ч би гэртээ, амарч байсан амралтын цагаар зөрчил гаргасан болохоор энэ байгууллагад ямар ч хамаагүй.

1.5 Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, урьд эрхэлж байсан Б аймгийн Эрүүл мэндийн газрын манаачийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С хариу тайлбартаа: Б аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С миний бие тус шүүхэд хянагдаж буй иргэн Ун нэхэмжлэлтэй, Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдох иргэний хэрэгт танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

2.1 Тус Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дугаар Б/29,30 тоот тушаалаар тус газрын жижүүр /манаач/ ажилтай Уг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Учир нь ажилтан У нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс мөн оны 07 дугаар сарын 18-ний өдөр хүртэлх хугацааны ажлын өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болно.

2.2 Энэ нь Утай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.33.1 дэх заалт Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлага болон Газрын даргаас чөлөө авалгүйгээр ажлын 3 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан эсхүл сард 3 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгүүлээгүй бол гэж заасныг ноцтой зөрчсөн болно. 

2.3 Тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 10 хоногийн баривчлах шийтгэл хүлээсэн учир ажилдаа очиж чадаагүй гэх боловч энэ нь ажил таслах хүндэтгэн үзэх шалтгаан биш болно. 

2.4 Түүнчлэн нэхэмжлэгч миний оронд найз нар маань 2-3 удаа жижүүр хийж тусалсан бөгөөд ажил эзгүйрээгүй гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь Ун эзгүйд байгууллагаас зохицуулалт хийж, ажилчдыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн илүү цагаар ажиллуулсан болно. Нэхэмжлэгч тухайн үед газрын дарга эсвэл нэгжийн даргад урьдчилсан бичгээр өргөдөл гаргаж байгаагүй. Тийм учраас дээрх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас тасалсан гэж үзэж байгаа. Иймд ажил олгогчийн зүгээс Ун гаргасан зөрчилд тохирох шийтгэл оногдуулсан учир түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар Б аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 3-02/1042 дугаартай албан бичиг, тус шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн 130/ШЗ2022/02114 дугаар захирамж, Ун иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн Б/29 дүгээр тушаал, Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЗ/293 дугаар шийтгэвэр, А р, Ж, Х нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, М-ийн тодорхойлолт, Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/30 дугаар тушаал, өмгөөллийн гэрээ, тушаал хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл зэргийг,

Хариуцагчаас Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/24 дугаартай тушаал, уг тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан хөдөлмөрийн дотоод журам, итгэмжлэл, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ  зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр М-ийн гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ун Б аймгийн Эрүүл мэндийн газрын манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ЗШ/293 дугаартай шийтгэврээр намайг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнд тооцож мөн өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан. Тухайн үед энэ талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С-д мэдэгдэхэд “хамт ажилладаг хүмүүстэй хэлээрэй, байгууллага эзэнгүй үлдэх ёсгүй шүү” гэж хэлсэн бөгөөд миний оронд бусад хүмүүс гарч надад тусалсан. Миний бие өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажилд очоогүй болохыг даргын зүгээс мэдэж байсан. Миний бие нэг зөрчилд хоёр арга хэмжээ авхуулж байгаа тул ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч У нь хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажил тасалсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд: Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/29 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар У нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 18-ны ээлжинд гарах өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ажил тасалсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ЗШ/293 дугаартай шийтгэврээр Уг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадаж, зодсон, хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдсэн зөрчлийг тус тус үйлдсэнд тооцож, Уд 18 цагийн албадан сургалтад хамруулж, 10 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан байна. 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 29 дугаартай хөдөлмөрийн гэрээг нэг талаас ажил олгогч Б аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, нөгөө талаас ажилтан тус Эрүүл мэндийн газрын манаач У нар байгуулсан байх ба уг гэрээний 2.3-т сахилгын зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тохиолдолд байгууллагын дотоод журмыг зөрчих гэж тусгажээ. Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/24 дугаартай Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай тушаалаар тус газрын Хөдөлмөрийн дотоод журмыг баталсан бөгөөд уг журмын 5.33-т “Дараах зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно. Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулагдсан энэхүү хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлүүд нь ажилтантай урьд өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэгэн адил үйлчилнэ”, 5.33.1-д “ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шууд удирдлага болон газрын даргаас чөлөө авалгүйгээр ажлын 3 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан эсхүл сард 3 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгүүлээгүй бол” гэж зохицуулжээ. Мөн гэрч М “У надад би гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд шүүхээс 10 гаруй хоног баривчлах шийтгэл оногдуулж магадгүй болсон. Би одоо ажлаа яаж зохицуулах вэ гэж асуусан. Мөн манаач нартай намайг байхгүй үед миний оронд гараад өгөөрэй, би шийтгэлээ эдэлж ирсний дараа нөхөж гарах талаар хэлсэн гэж надад мэдэгдсэн” гэж мэдүүлжээ.

5.Нэхэмжлэгчээс өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажилд очих боломжгүй болсон, миний бие нэг зөрчилд хоёр арга хэмжээ авхуулж байгаа гэж маргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

6.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн  80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заажээ. Б аймгийн Эрүүл мэндийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын тавдугаар зүйлээр Ажилтныг ажилд авах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, дуусгавар болгох, цуцлах талаар зохицуулсан бөгөөд 5.33-т дараах зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно. Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулагдсан энэхүү хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлүүд нь ажилтантай урьд өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэгэн адил үйлчилнэ, 5.33.1-д ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шууд удирдлага болон газрын даргаас чөлөө авалгүйгээр ажлын 3 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан эсхүл сард 3 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгүүлээгүй бол ноцтой зөрчилд тооцохоор тусгасан байна.  Ажил олгогчоос ажилтан У-тай хөдөлмөрийн гэрээний 2.3-т Сахилгын зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тохиолдолд Байгууллагын дотоод журмыг зөрчих гэж  харилцан тохиролцсон байна.

Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ЗШ/293 дугаартай шийтгэврээр Уг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадаж, зодсон, хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдсэн зөрчлийг тус тус үйлдсэнд тооцож, Уд 18 цагийн албадан сургалтад хамруулж, 10 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгч У нь баривчлагдсан хугацаанд буюу 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 07 дугаар 18-ны ээлжид гарах өдрүүдэд ажил тасалсан ба энэхүү үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд тухайн байдлын талаар зохигчид маргаагүй байна.

Нэхэмжлэгч талаас баривчлах шийтгэл хүлээсэн тул ажилд очих боломж байгаагүй ба энэхүү байдлын талаар ажил олгогч болох байгууллагын даргад мэдэгдсэн гэж тайлбарлажээ. Тус Эрүүл мэндийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын есдүгээр зүйлээр Ажил, амралт, чөлөөний талаар зохицуулсан бөгөөд уг журмын 9.14-т Ажилтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цагаар болон нэг буюу түүнээс дээш өдрөөр чөлөө авах тохиолдолд Гарын дарга, эсхүл нэгжийн даргад заавал урьдчилан бичгээр өргөдөл гарган чөлөө авах ба урьдчилан мэдэгдээгүй бол ажил тасалсанд тооцно, 9.15-д Нэгжийн дарга хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл сард 1 удаа ажлын нэг өдрийн цалинтай чөлөөг олгож болно. Ажлын нэгээс дээш өдрийн чөлөөг байгууллагын дарга тушаал гарган шийдвэрлэнэ гэж заасан байх ба ажил олгогчийн зүгээс У-д тухайн өдрүүдэд чөлөө олгосон нь тогтоогдоогүй болно.

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн   1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил  гэж” үзнэ гэж заасан байх ба мөн хуулийн 5.4 дүгээр зүйлд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих талаар зохицуулж 5.4 дүгээр зүйлийн 4, 4.1, 4.2-т гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэж заажээ. Нэхэмжлэгч У нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зөрчих зөрчил гаргасан нь тогтоогдож баривчлах шийтгэл хүлээснийг хүндэтгэн үзэх шалтгаанаар ажил тасалсан гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд У нь хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэж Б аймгийн Эрүүл мэндийн газрын манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч У-гийн Б аймгийн Эрүүл мэндийн газрын манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М