Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 212/МА2023/00086

 

 

 

 

У.Е-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00336 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *******оршин суух У.Е-н нэхэмжлэлтэй, хариуцагч тус аймгийн Эрүүл мэндийн газар /дарга Н.С/-нд холбогдох, 

 

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын манаачийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн хөдөлмөрлөх эрхийн маргааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Би Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын /С.А/ 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус газрын манаачаар томилогдож, хугацаагүй гэрээ байгуулсан.

1.2. Би энэ ажлаа ямар ч алдаа дутагдал элдэв хэрэг, зөрчил гаргаагүй, үүргээ нэр төртэй биелүүлж байсан. Би ажил хийгээгүй амарч байсан тухайн үед буюу 2022 оны 6 дугаар сарын 23-ны орой эхнэр О.С бид хоёр айлаас ирсэн. Би тэр айлаас бага зэрэг архи уусан маань үнэн бөгөөд гэрт байхдаа маргасан. Үүнээс болж эхнэр маань цагдаа дуудаж, шүүхээс намайг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж тогтоогоод Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д зааснаар буруутгаж Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ЗШ/293 дугаартай шийтгэврээр намайг мөн өдрөөс эхлэн 10 хоногоор баривчлан шийтгэсэн. Би баривчлагдан шийтгэгдсэн өдөр шүүх дотор байхдаа өөрийн ажилладаг тус Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Н.С даргад гар утсаар мэдэгдэж болсон явдлыг хэлэхэд “Чи хамт ажилладаг хүмүүстэйгээ ярьж газрын албаны байранд ээлжлэн ажиллаж өгөхийг хүсээрэй. Газар эзэнгүй үлдэх ёсгүй шүү” гэж хэлсэн.

1.3. Мөн би баривчлагдсан тул бусад манаач нарт та нар миний оронд 2-3 удаа манаа жижүүрийн үүргийг хийж өгч тусална уу гэж хүсэхэд миний найз нар зөвшөөрч миний оронд 2-3 удаа манаач хийж өгсөн. Мөн аав У- нь намайг баривчлагдсан өдөр Н.С- дарга дээр биечлэн очиж баривчлагдсан байдлыг хэлж хамт ажилладаг залуус оронд нь ажиллаж өгөхөөр боллоо гэхэд Н.С- нь “ажил нь эзгүйрэхгүй юм бол боллоо” гэсэн байна.

1.4. Улмаар би баривчлах шийтгэлийн хугацаа дуусаж гараад ажилд очиход ажлаас гаргана гэсэн. Тэгээд надад 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Н.С- нь намайг ажлаас чөлөөлсөн тухай өөрийнхөө гаргасан Б/29 тоот тушаалыг өгсөн. Гаднын хүчний нөлөөллөөс болж миний ажилдаа очиж чадаагүй болсон шалтгааныг Н.С- дарга мэдэж байсан. Миний жижүүр манаачийн ажил цалгардаагүй, ажил эзгүй болж байгууллага хохироогүй. Нэг зөрчилд хоёр арга хэмжээ авхуулахыг хүсэхгүй байна. Тэгээд ч би гэртээ, амарч байсан амралтын цагаар зөрчил гаргасан болохоор энэ байгууллагад ямар ч хамаагүй.

1.5. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын манаачийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Тус Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн дугаар Б/29,30 тоот тушаалаар тус газрын жижүүр /манаач/ ажилтай У.Е-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Учир нь ажилтан У.Е- нь 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс мөн оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны ажлын өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болно.

2.2. Энэ нь У.Е-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.33.1 дэх заалт “Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлага болон газрын даргаас чөлөө авалгүйгээр ажлын 3 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан эсхүл сард 3 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгүүлээгүй бол” гэж заасныг ноцтой зөрчсөн болно.

Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шууд удирдлага болон газрын даргаас чөлөө олгохгүйгээр ажлын гурван хоног буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан эсхүл сард 3 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгүүлээгүй бол гэсэн заалтуудыг зөрчсөн бол ноцтой зөрчилд тооцно гэж журамласан байна. Ажилтан болон ажил олгогч нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 2.3-д сахилгын зөрчилд тооцох хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тохиолдолд байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчих хэмээх харилцан тохиролцсон байдаг.

2.3. Хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 7 дугаар сарын 18-ны өдрийн хооронд ээлжид гарах өдрүүдэд ажил тасалсан байна. Энэ нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5.33.1-д заасанчлан ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 буюу түүнээс дээш удаа ажил тасалж, ирц бүртгүүлээгүй ажил тасалсан гэсэн үндэслэлээр ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ажилтны ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзсэн.

2.4. Нэхэмжлэгч 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 7 дугаар сарын 18-ны өдрүүдэд ажил тасалснаа хүлээн зөвшөөрөх бөгөөд гагцхүү тухайн хугацаанд миний оронд өөр хүмүүс буюу бусад ээлжийн манаач сахиул нар жижүүрт гарсан тул миний ажил цалгардаагүй хэмээн шаардах эрхээ тодорхойлсон. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч гаргасан тайлбартаа 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр ажилд ирэхэд намайг ажлаас халсан нь үндэслэлгүй. Яагаад гэвэл 7 дугаар сарын 11-ээс 15-ны өдрүүд бүх нийтийн амралтын өдрүүд байсан. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч 7 дугаар сарын 14-ний өдөр ажилд ирэхэд, түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн. Харин нэхэмжлэгч 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажил тасалсан бөгөөд энэ тухай өмнө нь анхан шатны шүүх дээр ч маргаагүй. Мөн тухайн өдөр Эрүүл мэндийн газрын даклатын хурал буюу шуурхай хурал болж байсан. Тухайн хуралд хэлэлцсэн асуудлуудын нэг нь нэхэмжлэгчийг 7 дугаар сарын 04-ний өдрөөс хойш ажилд байгаагүй талаар байдаг. Тухайн хурлын тэмдэглэлээс харахад, нэхэмжлэгч 7 дугаар сарын 04-ээс 18-ны өдрүүдэд нийт 4 удаа нэхэмжлэгч ажилд гарах ёстой байхад нэг ч удаа гараагүй байсан.

2.5. Нэхэмжлэгч эзгүй байх хугацаандаа байгууллагаас зохицуулалт хийх замаар ажилтнуудыг гаргаж байсан. Тухайлбал, 7 дугаар сарын 05-ны өдөр Б ээлжийн амралтад байхад дуудаж өдөр нь гаргасан. 7 дугаар сарын 06-ны өдөр Е-ыг өдрийн цагаар гаргасан, 7 дугаар сарын 07-ны өдөр Нурланбекийг өдрийн цагаар гаргасан. Мөн гэрч Р-ийн анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлгээс харахад, нэхэмжлэгч Р-ээс чөлөө аваагүй. Харин ажлыг нь зохицуулж өгөх талаар мэдүүлсэн байдаг. 7 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч жижүүрт гарах ёстой байсан боловч эзгүй байсан. Ийм учраас 7 дугаар сарын 12-ны өдөр болон 16-ны өдрүүдэд Ш.Серикболыг 2 удаа түр жижүүрт гаргасан.

 

2.6. Тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 10 хоногийн баривчлах шийтгэл хүлээсэн учир ажилдаа очиж чадаагүй” гэх боловч энэ нь ажил таслах хүндэтгэн үзэх шалтгаан биш болно.

2.7. Түүнчлэн нэхэмжлэгч миний оронд найз нар маань 2-3 удаа манаач хийж тусалсан бөгөөд ажил эзгүйрээгүй гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь У.Е-н эзгүйд байгууллагаас зохицуулалт хийж, ажилчдыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн илүү цагаар ажиллуулсан. Нэхэмжлэгч тухайн үед газрын дарга эсвэл нэгжийн даргад урьдчилсан бичгээр өргөдөл гаргаж байгаагүй. Тийм учраас дээрх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэж байгаа. Иймд ажил олгогчийн зүгээс У.Е-н гаргасан зөрчилд тохирох шийтгэл оногдуулсан учир түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00336 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч У.Е-г Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын манаачийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.  

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх маргаан бүхий иргэний хэрэгт Иргэний хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй.

4.2. Хэргийн үйл баримт, маргааны зүйлийг зөв дүгнэж чадаагүй, хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн хэм хэмжээг анхан шатны шүүх зөрчсөн.

4.3. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 15 дахь заалт ”... Мөн хуулийн  123 дугаар зүйлийн 123.1-д “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж хуульчилсан. Мөн хуулийн 123.3 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ  хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана” гэж зааснаар нэхэмжлэгч  У.Е-д сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө түүнд гаргасан зөрчлийн талаар мэдэгдэж, түүнээс тайлбар аваагүй буюу сонсох ажиллагааг хийгээгүй атлаа түүнд ажлаас чөлөөлсөн сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг ажил олгогч зөрчсөн байна” гэжээ. Хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаар буюу талуудын тайлбараар, гэрч нарын мэдүүлгээр нэхэмжлэгч У.Е-тай холбоотой тайлбар авах ажиллагааг авахыг хүссэн боловч нэхэмжлэгч нь 7 дугаар сарын 04-ний өдрөөс хойш ажлын байран дээр очоогүй бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалыг хүртэл 2023 оны 8 дугаар сард гардаж авсан. Хавтаст хэрэгт авагдсан хурлын тэмдэглэл дээр энэ тухай тодорхой байх ба Эрүүл мэндийн газрын холбогдох ажилтнууд У.Е-тай холбогдохыг хүссэн боловч чадахгүй байгаа тухайгаа тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага нь хөдөлмөрийн тухай хуульд заасан ажиллагааг хийхийг хүсэхэд нэхэмжлэгчийн хүрэлцэн ирээгүй нь ажил олгогчийг буруутгах үндэслэл болохгүй юм.

4.4. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно... гэсэн байх ба У.Е-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь заалтад Хөдөлмөрийн дотоод журам зөрчихийг хөдөлмөрийн ноцтой зөрчилд зааж өгснөөс гадна хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 5.33 дугаар зүйлд дараах зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно. Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулагдсан энэхүү хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлүүд нь ажилтантай урьд өмнө нь байгуулсан хөдөлмөрийн гэрээний заалтын нэгэн адил үйлчилнэ” гэж, мөн журмын 5.33.1-т “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 3 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, сард 3 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгүүлээгүй бол гэж тус тус журамласан байна. Дээрх зохицуулалтуудаас харахад нэхэмжлэгч У.Е- нь 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 07 дугаар сарын 18-ны хооронд ажил тасалсан нь хөдөлмөрийн дотоод журмаар тухайн зохицуулсан ажилтны хөдөлмөрийн “ноцтой” гэж тооцогдохуйц зөрчлийг ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй боловч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журамд тусгаж, сахилгын шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэх хуулийн хэм хэмжээнд нийцсэн гэж үзнэ.

4.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмыг шинээр баталсан, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд нийт ажилтанд танилцуулж, харагдахуйц газар байршуулах үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заана” гэж заасанд нийцсэн Хөдөлмөрийн тухай хуулиар зөвшөөрөгдсөн харилцаа болно.

4.6. Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчил тогтоогдсон байхыг шаардах бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараас болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад нэхэмжлэгч нь 7 дугаар сарын 04-ний өдрөөс болон 07 дугаар сарын 18-ны хооронд ажил тасалж ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдож байгаа юм. Харин нэхэмжлэгчийн зүгээс дээрх хавтаст хэрэгт авагдсан байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын хүчин төгөлдөр байдал, дотоод журмаар харилцан тохиролцсон хөдөлмөрийн сахилга, хүлээх хариуцлагын талаар мараагүй болно.

4.7. Иймээс анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.2, хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5.33 дугаар зүйлийн 5.33.1, 9.14, 9.15 дахь заалтуудыг болон ажилтны хөдөлмөрийн гэрээний 2.3, 4.9 дэх заалтуудыг тус тус буруу тайлбарлан хэрэглэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан журмыг зөрчсөн гэх үндэслэлээр илэрхий зөрчил тогтоогдсон байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

4.8. Анхан шатны шүүхээс маргааны зүйлийг зөв дүгнэж чадаагүй гомдлын тухайд:  Нэхэмжлэгч У.Е- шүүхэд шаардах эрхээ Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулсны улмаас ажилдаа очоогүй ба үүнийг газрын дарга мэдэж байсан, мөн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 7 дугаар сарын 18-ны өдрүүдэд ажил тасалсан тухайгаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд гагцхүү дээрх хугацаанд миний оронд өөр хүмүүс буюу бусад ээлжийн манаач-сахиулууд жижүүрт гарсан тул миний ажил цалгардаагүй хэмээн шаардах эрхээ тодорхойлсон байдаг. Гэвч анхан шатны шүүхээс маргааны зүйлийг буруу тодорхойлсон. Тухайлбал талуудын маргаагүй асуудлын талаар илэрхий алдаатай дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө У.Е- нь 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан ба өмнө нь Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 212/МА2022/00006 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн үндэслэл нь хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн хэд хоног ажил тасалсан талаарх нотлох баримт буюу жижүүрийн ээлжийн хуваарь авагдаагүй ба дээрх нотлох баримт нь хэрэгт авагдсаны дараа зөрчлийг тогтоох боломжтой буюу нэхэмжлэгчийн хэд хоног ажил тасалсныг тогтоолгох зорилготой байсан.

Үүний дагуу хариуцагчаас аймгийн Эрүүл мэндийн газрын жижүүрийн ээлжийн хуваарь буюу ээлж солилцсон дэвтрийг гаргаж өгсөн ба тухайн нотлох баримтад шүүхээс үзлэг хийсэн. Үзлэгээр нэхэмжлэгч нь 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 08-ны өдөр 12-ны өдөр болон 16-ны өдрүүдэд ээлжид гарах ёстой байсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл энэ нь хөдөлмөрийн дотоод журмын 5.33.1-т “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 3 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, сард 3 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгүүлээгүй бол” гэснийг зөрчсөн ба дээрх зөрчил нь хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөрийн дотоод журмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасны дагуу ноцтой зөрчил юм.

4.9. Энэхүү хавтаст хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журам нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр шинэчилсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т “Ажил олгогч ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлнэ” гэж заасныг үндэслэн баталсан ажилтан, ажил олгогч нарын хөдөлмөрийн сахилга, хөдөлмөрийн гэрээний талуудын хүлээх хариуцлагын талаар тохиролцон баталж, дагаж мөрдөж байгаа эрх зүйн баримт бичиг мөн болно.

4.10. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 13 дахь заалтад “гэтэл Баян-өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга М.Р-ийн "надад У.Е- гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд, шүүхээс 10 гаруй хоног баривчлах шийтгэл оногдуулж магадгүй болсон. Би одоо ажлаа яаж зохицуулах вэ” гэж асуусан. Мөн манаач нартай миний байхгүй оронд гараад өгөөрэй, би шийтгэлээ эдэлж ирсний дараа нөхөж гарах талаар хэлсэн” гэж надад мэдэгдсэн. Би нэгжийн даргын хувьд нэг өдрийн чөлөө өгөх эрхтэй байсан. Гэхдээ нэхэмжлэгч надаас зохицуулж өгөхийг хүссэн” гэх мөн тус газрын жижүүр Я.А, Б.Ж нарын "... У.Е- нь гэр бүлийн маргаанаас болж баривчлагдахаар болсон тул миний ээлжийг зохицуулж гарч өгөөрэй гэсний дагуу мөн газрын даргаас зохицуулсны дагуу ээлжилж гарсан” гэх гэрчүүдийн мэдүүлэг болон нэхэмжлэгч У.Е-гийн эцэг Х.У- 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.С-тай биечлэн очиж уулзаж, ...У.Е-г баривчилсан тухай шийтгэврээ аваачиж, гэр бүлийн маргаанаас болж 10 хоног баривчлагдсан тул хүүгийн минь ажлаас нь битгий гарга, хамт ажилладаг залуус түүний оронд ээлжилж гарч өгье гэсэн байна... гэжээ. Дээрх гэрч нарын мэдүүлэг, талуудын тайлбарыг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч У.Е- нь ямар шалтгаанаас болж ажил таслах гэж байгаа тухайгаа мөн тэрхүү хугацаанд ажлаа зохицуулж өгч, чөлөө хүссэн талаар тус Эрүүл мэндийн газрын Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар газрын даргад болон хэлтсийн даргад мэдэгдэх ажиллагаагаа хийсэн байх бөгөөд ажил олгогч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.С-ээс тухайн хүсэлт нь тус газрын Хөдөлмөрийн дотоод журмын 9.14 дэх заалтад заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах, үл хамаарах эсэх талаар шийдвэрлэж хариу өгсөн эсэхээ бичгийн нотлох баримтаар нотлох харин ч нэхэмжлэгчийн баривчлагдсан хугацаандаа түүний ээлжид гарах өдөр Р.Е, С.Н, Б.Б нарыг өдөр нь гаргаж шөнөдөө тус газрын манаач Б.Жансерик, Я.А нарыг гаргаж зохицуулсан нь шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан Б.Н, Р.Е С.Н, Б.Б, Б.Ж, Я.А нарын гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна... гэж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ илэрхий алдаатай хийсвэр дүгнэлт хийсэн явдалд гомдолтой байна.

Гэрч Б.Н, Р.Е С.Н, Б.Б, Б.Ж, Я.А нарын мэдүүлгээр У.Е- нь ажилдаа ирээгүй хугацаанд ажилдаа ирээгүй болох нь мөн түүнийг ажилд ирээгүйн улмаас Эрүүл мэндийн газар нь эзгүй үлдэх байсан учраас Эрүүл мэндийн газрын даргаас зохицуулалт хийгээд ээлжийн амралт нь дуусаагүй байсан ажилтан Б.Б-ыг дуудаж ирэн ээлжид гаргасан, мөн тус газрын ажилтнуудыг өдрийн цагаар ээлжид гаргаж харин оройн цагаар бусад жижүүр манаач нарыг гаргасан байсан болох нь тогтоогдож байгаа юм. Дээрх гэрчийн мэдүүлгүүд нь У.Е-г газрын даргаас чөлөө авсан эсэхийг тогтоохгүй эсвэл чөлөө олгосон эсэхийг нотлохгүй юм. Харин газрын даргаас ямар нэгэн байдлаар чөлөө олгоогүй байхад энэ талаарх бичгийн нотлох баримт шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.

4.11.Хавтаст хэрэгт авагдсан байгууллагын дотоод журмын 9.14-т “Ажилтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цагаар болон нэг буюу түүнээс дээш өдрөөр чөлөө авах тохиолдолд Газрын дарга, эсхүл нэгжийн даргад заавал урьдчилан бичгээр өргөдөл гарган чөлөө авах ба урьдчилан мэдэгдээгүй бол ажил тасалсанд тооцно” гэсэн ба мөн хөдөлмөрийн дотоод журмын 9.15-т “ Нэгжийн дарга, хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл ажилтанд сард 1 удаа ажлын нэг өдрийн цалинтай чөлөөг олгож болно. Ажилтны нэгээс дээш өдрийн чөлөөг байгууллагын дарга тушаал гарган шийдвэрлэнэ” хэмээн журамлаж өгсөн ба үүнээс харахад хэрэв У.Е- хүндэтгэн үзэх шалтгаантай гэж байгаа бол эхлээд газрын даргад бичгээр өргөдөл гаргах ёстой байсан. Харин газрын дарга хүсэлтийг нь хүлээн авсан тохиолдолд заавал тушаал гаргах ёстой байсан байна. Гэвч У.Е- ажил олгогчоос буюу Эрүүл мэндийн газрын даргаас хүндэтгэн үзэх шалтгаантай хэмээн чөлөө аваагүй, мөн газрын дарга У.Е-д чөлөө олгоогүй байна. Газрын даргаас чөлөө олгоогүй байхад чөлөө олгосон тухай шийдвэр гаргаагүй байхад анхан шатны шүүхээс энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй гэж байгаа явдалд гомдолтой байна.   

Мөн У.Е- нь шүүхээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн шийтгүүлж үүний улмаас ажил тасалсан байхад шүүхээс У.Е-н гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд шийтгүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаан мэтээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.12. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00336 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

5. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч У.Е-н Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан “Эрүүл мэндийн газрын манаачийн ажилд эгүүлэн  тогтоолгох”-ыг хүссэн гомдлоор авч хэлэлцэх хэргийг зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус, хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

7. Анхан шатны шүүх ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн, ажлаас буруу халсан маргааны үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг үндэслэлтэй зөв сэргээн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг үндэслэлтэй тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч У.Е-н ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангасан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, ажил олгогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  

8. Хариуцагч буюу ажил олгогчийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/29 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар У.Е- нь 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 18-ны өдөр элжинд гарах өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ажил тасалсан, албаны үүрэгт ажлаа гүйцэтгээгүй гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан ба уг тушаалыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд гомдол гаргажээ.

 

9. Ажил олгогч тушаалын үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, Эрүүл мэндийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.33.1 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь заалтуудыг тус тус баримталсан байна.

 

10. Анхан шатны шүүхээс ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үндэслэл тус бүрд нэг бүрчлэн дүгнэлт хийхдээ:

10.1. “...Хэрэгт авагдсан 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн талуудын хооронд байгуулсан 29 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 2.3-т сахилгын зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тохиолдолд байгууллагын дотоод журмыг зөрчих гэж тусгасан. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын тавдугаар зүйлээр Ажилтныг ажилд авах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, дуусгавар болгох, цуцлах талаар зохицуулсан бөгөөд 5.33-т дараах зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно. Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулагдсан энэхүү хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлүүд нь ажилтантай урьд өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэгэн адил үйлчилнэ, 5.33.1-д ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шууд удирдлага болон газрын даргаас чөлөө авалгүйгээр ажлын 3 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан эсхүл сард 3 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгүүлээгүй бол ноцтой зөрчилд тооцохоор тусгасан байна. Мөн тус газрын Хөдөлмөрийн дотоод журмын есдүгээр зүйлээр Ажил, амралт, чөлөөний талаар зохицуулсан бөгөөд уг журмын 9.14-т Ажилтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цагаар болон нэг буюу түүнээс дээш өдрөөр чөлөө авах тохиолдолд Гарын дарга, эсхүл нэгжийн даргад заавал урьдчилан бичгээр өргөдөл гарган чөлөө авах ба урьдчилан мэдэгдээгүй бол ажил тасалсанд тооцно, 9.15-д Нэгжийн дарга хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл сард 1 удаа ажлын нэг өдрийн цалинтай чөлөөг олгож болно. Ажлын нэгээс дээш өдрийн чөлөөг байгууллагын дарга тушаал гарган шийдвэрлэнэ гэж заасан байна.” гэж,

10.2.“... Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга М.Р-ын ...надад У.Е- гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд, шүүхээс 10 гаруй хоног баривчлах шийтгэл оногдуулж магадгүй болсон. Би одоо ажлаа яаж зохицуулах вэ гэж асуусан. Мөн манаач нартай миний байхгүй оронд гараад өгөөрөө, би шийтгэлээ эдэлж ирсний дараа нөхөж гарах талаар хэлсэн гэж надад мэдэгдсэн. Би нэгжийн даргын хувьд нэг өдрийн чөлөө өгөх эрхтэй байсан. Гэхдээ нэхэмжлэгч надаас зохицуулж өгөхийг хүссэн гэх мөн тус газрын жижүүр Я.А, Б.Ж нарын ... У.Е- нь гэр бүлийн маргаанаас болж баривчлахаар болсон тул миний ээлжийн зохицуулж гарч өгөөрэй гэсний дагуу мөн газрын даргаас зохицуулсны дагуу ээлжилж гарсан гэх гэрчүүдийн мэдүүлэг болон нэхэмжлэгч У.Е-н эцэг Х.У- 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.С-д биечлэн очиж уулзаж ...У.Е-г баривчилсан тухай шийтгэврээ аваачиж, гэр бүлийн маргаанаас болж 10 хоног баривчлагдсан тул хүүгийн минь ажлаас нь битгий гарга, хамт ажилладаг залуус түүний оронд ээлжид гарч өгье гэсэн байна. Ажлыг зохицуулж өгөх тухай хүсэлтэй амаар гаргасан нь хариуцагч байгууллагын төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Х.У-ын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтоор тогтоогдсон.” гэж,

10.3. “...гэрч нарын мэдүүлэг, талуудын тайлбарыг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч У.Е- нь ямар шалтгаанаас болж ажил таслах гэж байгаа тухайгаа мөн тэрхүү хугацаанд ажлаа зохицуулж өгч, чөлөө хүссэн талаар тус Эрүүл мэндийн газрын Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар газрын даргад болон хэлтсийн даргад мэдэгдэх ажиллагаагаа хийсэн байх бөгөөд ажил олгогч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.С-ээс тухайн хүсэлт нь тус газрын Хөдөлмөрийн дотоод журмын 9.14 дэх заалтад заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах, үл хамаарах эсэх талаар шийдвэрлэж хариу өгсөн эсэхээ бичгийн нотлох баримтаар нотлоогүй, харин ч нэхэмжлэгчийн баривчлагдсан хугацаандаа түүний ээлжид гарах өдөр Р.Е, С.Н, Б.Б нарыг өдөр нь гаргаж шөнөдөө тус газрын манаач, Б.Ж, Я.А /Ам/ нарыг гаргаж ажлыг зохицуулсан нь шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан Б.Н, Р.Е, С.Н, Б.Б Б.Ж, Я.А /Ам/ нарын гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна.” гэж,

10.4.”... Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан ажилтанд ногдуулах сахилгын шийтгэлийн төрлүүдийг заавал шат дараалан оногдуулсан байхыг шаарддаггүй боловч хуульд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл нь ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүй, гэм буруу, зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, үр дагаварт /байгууллагад бодитой хохирол, хор уршиг учирсан байдал, зөрчлийг залруулах боломжтой эсэх/ нь тохирсон буюу шударга ёсны зарчимд нийцсэн байх шаардлагатай байна. Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж хуульчилсан. Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж зааснаар нэхэмжлэгч У.Е-д сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө нь түүнд гаргасан зөрчлийн талаар мэдэгдэж, түүнээс тайлбар аваагүй буюу сонсох ажиллагааг хийгээгүй атлаа түүнд шууд ажлаас чөлөөлсөн сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг ажил олгогч зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.” гэж зөрчил тус бүрийн үйл баримт болон хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг үндэслэлтэй зөв сэргээн тогтоож, нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байх бөгөөд түүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд заасанчлан буруутгах, үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

 

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын “...1. Анхан шатны шүүх маргаан бүхий иргэний хэрэгт Иргэний хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй.

2. Хэргийн үйл баримт, маргааны зүйлийг зөв дүгнэж чадаагүй, хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн хэм хэмжээг анхан шатны шүүх зөрчсөн...” гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд  анхан шатны шүүхээс “ажил олгогч  Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана” гэж зааснаар нэхэмжлэгч У.Е-д сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө нь түүнд гаргасан зөрчлийн талаар мэдэгдэж, түүнээс тайлбар аваагүй буюу сонсох ажиллагааг хийгээгүй” гэж сахилгын зөрчлийн талаар дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

12. Нэхэмжлэгч У.Е- нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ЗШ/293 дугаартай шийтгэврээр 10 хоногийн баривчлах шийтгэл эдэлсэн байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгч У.Е- нь баривчлагдсан хугацаандаа ажилд очоогүй ба энэ талаар талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч У.Е- нь баривчлагдсан 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 10 хоногийн хугацааг тооцоход 2022 оны 7 дугаар сарын 14-ны өдөр шийтгэл нь дуусгавар болж суллагдсан байхад ажил олгогч ажлаас чөлөөлөх тушаалдаа 2022 оны 7 дугаар сарын 04-18-ны өдөр хүртэл ээлжид гарах ажлын өдрүүдэд  ажил тасалсан гэх үндэслэл дурдсан боловч ажилтан У.Е- нь ээлжид 2022 оны 7 дугаар сарын 08, 12, 16-ны өдрүүд гарах ёстой ба шүүхээр баривчлагдах болсноо  Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга М.Р, газрын дарга Н.С- нарт мэдэгдэж ажлаа зохицуулахыг хүсэж, оронд нь хамт ажилладаг манаач нар гарах болсон, хэлтсийн дарга М.Р-ээс нэг өдрийн чөлөө авсан нь тогтоогдож, Эрүүл мэндийн газрын хэвийн үйл ажиллагаа алдагдаагүй байна. У.Е- нь 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр баривчлах байрнаас гарсны дараа ажлын газартаа очиход ажил олгогч Н.С- нь “чиний оронд өөр хүн авсан гэж хэлсэн” гэж түүнийг ажиллуулаагүй бөгөөд ажил олгогч нэхэмжлэгч У.Е-г ажлаас чөлөөлөөгүй байхдаа түүний оронд шинээр ажилтан томилсон нь Эрүүл мэндийн газрын 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэлээр тогтоогджээ.

 

13. Иймд хэргийн нөхцөл байдлаас дүгнэвэл, нэхэмжлэгч У.Е- нь 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр буюу 1 өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  ажил тасалсан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 08-ны нэг өдрийн  чөлөөг хэлтсийн дарга М.Р-ээс авсан, 7 дугаар сарын 16-ны өдөр ажлаа хийх боломжтой байхад ажил олгогч шинээр хүн авсан гэх шалтгаанаар ажиллуулаагүй байна. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан зөв тайлбарлаж хэрэглэн, ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заасан, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр ажилтны гомдлыг хангаж шийдвэрлэснийг хууль ёсны байх шаардлагыг бүрэн хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

            14. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтад үндэслэн маргааны үйл баримтад холбогдох Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00336 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Маликийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай..

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                                       М.НЯМБАЯР

                                   

ШҮҮГЧ                                                           Д.КӨБЕШ