Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2023/00006

 

 

 

 

                           

 

 

 

У.Е-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,     

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2022/00881 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч тус аймгийн *** оршин суух У.Е-н нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар /дарга Н.С/-т холбогдох,

 

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ж.Ахмарал, нэхэмжлэгч У.Е-, түүний өмгөөлөгч С.Алтай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Малик, орчуулагч М.Айдынгүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1. Би Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын /С.Айгүл/ 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус газрын манаачаар томилогдож, хугацаагүй гэрээ байгуулсан.

1.2. Би энэ ажлаа ямар ч алдаа дутагдал элдэв хэрэг, зөрчил гаргаагүй, үүргээ нэр төртэй биелүүлж байсан. Би ажил хийгээгүй амарч байсан үедээ буюу 2022 оны 6 дугаар сарын 23-ны орой эхнэр О.С бид хоёр айлаас ирсэн. Би тэр айлаас бага зэрэг архи уусан маань үнэн бөгөөд гэрт байхдаа маргасан. Үүнээс болж эхнэр маань цагдаа дуудаж, шүүхээс намайг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж тогтоогоод Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д зааснаар буруутгаж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ЭШ/293 дугаартай шийтгэврээр намайг мөн өдрөөс эхлэн 10 хоногоор баривчлан шийтгэсэн. Би баривчлагдан шийтгэгдсэн өдөр шүүх дотор байхдаа өөрийн ажилладаг тус Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Н.С- даргад гар утсаар мэдэгдэж болсон явдлыг хэлэхэд “Чи хамт ажилладаг хүмүүстэй ярьж газрын албаны байранд ээлжлэн ажиллаж өгөхийг хүсээрэй. Газар эзэнгүй үлдэх ёсгүй шүү” гэж хэлсэн.

1.3. Мөн би баривчлагдсан тул бусад манаач нарт та нар миний оронд 2-3 удаа манаа жижүүрийн үүргийг хийж өгч тусална уу гэж хүсэхэд миний найз нар зөвшөөрч миний оронд 2-3 удаа манаач хийж өгсөн. Мөн аав У нь намайг баривчлагдсан өдөр Н.С- даргад биечлэн очиж баривчлагдсан байдлыг хэлж хамт ажилладаг залуус оронд нь ажиллаж өгөхөөр боллоо гэхэд Н.С-  “ажил нь эзгүйрэхгүй юм бол боллоо” гэсэн байна.

1.4. Улмаар би баривчлах шийтгэлийн хугацаа дуусаж гараад ажилд очиход ажлаас гаргана гэсэн. Тэгээд надад 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Н.С- нь намайг ажлаас чөлөөлсөн тухай өөрийнхөө гаргасан Б/29 тоот тушаалыг өгсөн. Гаднын хүчний нөлөөллөөс болж миний ажилдаа очиж чадаагүй болсон шалтгааныг Н.С- мэдэж байсан. Миний жижүүр манааны ажил цалгардаагүй, ажил эзгүй болж байгууллага хохироогүй. Нэг зөрчилд хоёр арга хэлжээ авхуулахыг хүсэхгүй байна. Тэгээд ч би гэртээ, амарч байсан амралтын цагаар зөрчил гаргасан болохоор энэ байгууллагад ямар ч хамаагүй.

1.5. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын манаачийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Тус Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн дугаар Б/29, 30 тоот тушаалаар тус газрын жижүүр /манаач/ ажилтай У.Е-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Учир нь ажилтан У.Е- нь 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс мөн оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны ажлын өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болно.

2.2. Энэ нь У.Е-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.33.1 дэх заалт “Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлага болон Газрын даргаас чөлөө авалгүйгээр ажлын 3 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан эсхүл сард 3 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгүүлээгүй бол” гэж заасныг ноцтой зөрчсөн болно.

2.3.  Тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 10 хоногийн баривчлах шийтгэл хүлээсэн учир ажилдаа очиж чадаагүй” гэх боловч энэ нь ажил таслах хүндэтгэн үзэх шалтгаан биш болно.

2.4. Түүнчлэн нэхэмжлэгч миний оронд найз нар маань 2-3 удаа жижүүр хийж тусалсан бөгөөд ажил эзгүйрээгүй гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь У.Е-н эзгүйд байгууллагаас зохицуулалт хийж, ажилчдыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн илүү цагаар ажиллуулсан. Нэхэмжлэгч тухайн үед газрын дарга эсвэл нэгжийн даргад урьдчилан бичгээр өргөдөл гаргаж байгаагүй. Тийм учраас дээрх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас тасалсан гэж үзэж байгаа. Иймд ажил олгогчийн зүгээс У.Е-н гаргасан зөрчилд тохирох шийтгэл оногдуулсан учир түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

 3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2022/00881 дүгээр шийдвэрээр:

 

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч У.Е-гийн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Баян-Өлгий аймгийн *** оршин суух У.Е би анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2022/00881 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.2. Миний эхнэр бид хоёрын гэр орондоо болсон маргааныг Цагдаагийн газар шалгаж, намайг 10 хоногийн хугацаагаар баривчилж шийдвэрлэсэн. Эрүүл мэндийн газар болон түүний харьяа байгууллагад хэн нэг удирдлагын тушаалаар албаны ажлаар ажиллаж байхдаа энэ зөрчлөөр баригдаагүй.

4.3. Байгууллагын дотоод журамд “Үндэслэлгүй, зөвшөөрөлгүй ажил тасалсан бол ажлаас чөлөөлнө” гэсэн заалтыг үндэслээд С- дарга намайг баривчлагдсан тэр өдөр мэдэгдэнгүүт ажлаас дор нь гаргаад өөрийн хамаатныг шууд миний оронд ажилд авсан.

4.4. Шүүх нь ажлаас гарах үндэслэлд байгууллагын дотоод журмыг мөрдсөн нь зөв байжээ гэсэн утгаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл би баривчлагдсаны маргааш нь жижүүрт гарах байсан ба баривчлагдсан тухайгаа шадар захирах дарга М.Р-д мэдэгдсэн. М.Р- нь “Хамт ажилладаг манаач нартайгаа ярьж тохирч ээлждээ гаргуул, ...би ажил хийдэхгүй, эзгүйрэхгүй бол зөвшөөрнө” гэсэн. Тэр даруй хамт манаач хийдэг гурван залууд хэлж, тэд миний ээлжид нэг, хоёр удаа гарч өгнө гэж тохирч зөвшөөрсөн. Маргааш аав Унат нь С- даргад баривчлах захирамжийг авч очиж танилцуулаад, “Хүү маань 10 хоног өнөөдрөөс эхэлж баривчлагдаж байна. Шадар дарга М.Р-д хэлж зөвшөөрөл авч, бусад манаач нарт мэдэгдсэн ба тэд Е-н оронд гарч өгөхөөр боллоо. Та давхар арга хэмжээ бүү аваач ээ” гэж хүссэн байдаг.

4.5. С- дарга ч гэсэн “ажил эзэнгүй болохгүй байх, манаач нар хэлье” гэж хэлснээ маргааш нь өөрийн ахын хүүхдийг ажилд авсан байна.

4.6. Би ажилдаа зөрчил гаргаагүй, ажлын бус цагаар цагдаад эрх чөлөөгөө хасуулж, хүчингүйд автсан. Миний оронд манаач нар гарсан, ажил эзгүйрээгүй, дарга нар бүгд тэр даруй мэдэж, тухайн үед чөлөө зөвшөөрөл өгч, манаач нарыг зохицуулж гаргасан байсныг шүүх буруугаар тайлбарлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

4.7. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/29 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн.  Үүний дараа Б/30 дугаар тушаалаар тухайн тушаалд техникийн нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөхдөө 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх үндэслэлээр чөлөөлсөн.

5.2. Нэхэмжлэгчийн зүгээс ажил тасалсан шалтгаанаа “Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс баривчлах шийтгэл авсны улмаас ажилдаа очиж чадаагүй” гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч буюу ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийн баривчлах шийтгэл авч, ажил тасалсан нь хүндэтгэн үзэх шалтгаан биш бөгөөд хэрэв хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж байвал Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу газрын даргад өргөдөл гаргах боломжтой байсан гэж үзэж байгаа.

5.3. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс өргөдөл гаргасан асуудал байхгүй. Нэхэмжлэгч тайлбарлахдаа миний ажиллаагүй хугацаанд бусад манаач нар миний ажлыг түр орлон гүйцэтгэж байсан гэж тайлбарлах боловч энэ нь үндэслэлгүй. Хэрэв нэхэмжлэгч ажлаа бусдад шилжүүлсэн гэж үзэж байвал тэр нь Хөдөлмөрийн дотоод журмын 8.2 дугаар зүйлийн 20-д “өөрийн чиг үүрэг бүхий ажлыг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн явдал болно. Манаач нарыг газраас өөрсдөө зохион байгуулан ажлыг нь хийлгүүлсэн бөгөөд илүү цагаар ажилласан цалин хөлс олгосон байдаг.

5.4. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.  

 

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч У.Е-н Эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлоор авч хэлэлцэх хэргийг зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус, бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

8. Гэтэл анхан шатны шүүх ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн, ажлаас буруу халсан тухай маргааны үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг тодруулаагүйгээс болж эрх зүйн алдаатай дүгнэлт хийж, У.Е-н ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

  

9. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/29 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт, Эрүүл мэндийн газрын  Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.33.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн Тус газрын гэрээт ажилтан /жижүүр/ У.Е- нь 2022 оны 7 дугаар сарын 04-18-ны ээлжид гарах /ажлын/ өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслан, албан үүрэгт ажлаа гүйцэтгээгүй тул үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хавтаст хэргийн 7 дахь тал/

 

10.  Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын жижүүр У.Е- нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ЗШ/293 дугаартай шийтгэврээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадаж, зодсон, хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдсэн зөрчлийг тус тус үйлдсэн нь тогтоогдож, У.Е-д 18 цагийн албадан сургалтад хамруулж, 10 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгч У.Е- нь баривчлагдсан хугацаанд ажилдаа очоогүй ба баривчлагдсан хугацааг тооцож үзэхэд 2022 оны 7 дугаар сарын 14-ны өдөр 10 хоногийн хугацаа дуусахаар байна. Нэхэмжлэгчийн  2022 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 12 цагт баривчлах байраас гарч ажилд очиж байгууллагын даргатай уулзсан гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч У.Е- нь шүүхээр баривчлагдахаас өмнө хэдний өдөр ээлжийн ажилд гарсан, баривчлагдсан 10 хоногийн хугацаа буюу 2022 оны 7 дугаар сарын 05-аас 14-ний хороонд хэдэн удаа ээлжид гарах байсан, яг хэдэн өдөр ажил тасалсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий уг нөхцөл байдлыг тодруулах байжээ.

Хэрэгт ажил олгогч байгууллагын манаач, жижүүр нарын ажлын ээлжийн хуваарь авагдаагүйгээс ажилтан У.Е- Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.33.1 дэх заалтад заасан 3 буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан эсэхэд нотлох баримтад үндэслэн бодитой дүгнэлт хийх боломжгүй байгаа бөгөөд энэ нь талуудын хооронд үүсэн хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой болно.

 

11. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            12. Хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул нэхэмжлэгчийн маргааны үйл баримттай холбогдуулан гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүйг тэмдэглэх нь зүйтэй.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2022/00881 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж У.Е-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ТУЯА

                                    ШҮҮГЧ                                               Д.КӨБЕШ