Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 708

 

М.Э-ы нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2019/00272 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч М.Э-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, анхны албадан дуудлага худалдаанд хөрөнгийг санал болгох доод үнийг тогтоох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч         Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга         Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

М.Э- миний бие Хас банктай байгуулсан гэрээний дагуу 3 хашаа байшин, 1 газар барьцаанд тавьсан боловч зээлээ төлж чадаагүй тул шүүхийн шийдвэр гарч 114 314 542 төгрөгийн төлбөр гарсан. Үүнээс тодорхой хэмжээний төлбөр төлсөн байтал миний барьцаанд тавьсан хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 3 тоот хаягт байрлалтай хашаа байшинг 21 325 614 төгрөгөөр, Баянхошуу 11-7 тоот хаягт байрлалтай хашаа байшинг 30 750 460 төгрөгөөр, Баянхошуу 11-45 тоот хаягт байрлалтай хашаа байшинг 8 666 667 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 8 дугаар гудамжны 611 тоот хаягт байрлалтай газрыг 9 906 333 төгрөгөөр тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлж, үнэлгээг тогтоосон бөгөөд, ахин 30%-аар бууруулан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар мэдэгдэж байгаа нь иргэний миний эрх ашгийг болон тухайн хашаа байшинг эзэмших эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа тул энэ үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 184/ШШ2016/00811 дугаартай шийдвэрээр М.Э-, Э.У- нараас 114 134 542 төгрөг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Тус алба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч М.Э-, Э.У- нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 45 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201011687 дугаарт бүртгэгдсэн 350 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201021378 дугаарт бүртгэгдсэн 57 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 3 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2201005131 дугаарт бүртгэгдсэн 558 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201019831 дугаарт бүртгэгдсэн 41 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 7 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201022030 дугаарт бүртгэгдсэн 71.5 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201011497 дугаарт бүртгэгдсэн 628 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 8 дугаар гудамж, 611 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2204002897 дугаарт бүртгэгдсэн 393,97 м.кв талбайтай газар зэргийг битүүмжлэн хураасан. Дээрх барьцаа хөрөнгийн өмчлөгч болон хамтран өмчлөгчид, төлбөр авагч нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авсан боловч харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөндлөнгийн шинжээч томилуулж, “Дамно” ХХК хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн тул нэхэмжлэгч М.Э-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 45 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201011687 дугаарт бүртгэгдсэн 350 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201021378 дугаарт бүртгэгдсэн 57 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 3 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2201005131 дугаарт бүртгэгдсэн 558 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201019831 дугаарт бүртгэгдсэн 41 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, 7 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201022030 дугаарт бүртгэгдсэн 71,5 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201011497 дугаарт бүртгэгдсэн 628 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 8 дугаар гудамж, 611 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2204002897 дугаарт бүртгэгдсэн 393.97 м.кв талбайтай газрыг үнэлсэн үнэлгээ, анхны албадан дуудлага худалдаанд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоох ажиллагааг хүчингүй болгохыг хүссэн НШШГГ-т холбогдох М.Э-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч М.Э- давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгч миний бие Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 272 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

М.Э- миний бие “Хас банк” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 3 хашаа байшин, 1 газар барьцаанд тавьсан боловч зээлээ төлж чадаагүй тул шүүхийн шийдвэр гарч 114 314 542 төгрөгийн төлбөр гарсан. Үүнээс тодорхой хэмжээний төлбөр төлсөн байтал миний барьцаанд тавьсан хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж 3 тоот хаягт байрлалтай хашаа байшинг 21 325 614 төгрөгөөр Баянхошуу 11-7 тоот хаягт байрлалтай хашаа байшинг 30 750 460 төгрөгөөр , Баянхошуу 11-45 тоот хаягт байрлалтай хашаа байшинг 8 666 667 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 8 дугаар гудамжны 611 тоот хаягт байрлалтай газрыг 9 906 333 төгрөгөөр тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлж үнэлгээг тогтоосон бөгөөд ахин 30 %-иар бууруулан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар мэдэгдэж байгаа нь иргэн миний эрх ашгийг болон тухайн хашаа байшинг эзэмших эрх ашгийг ноцтой зөрчсөн.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг бодитой үнэлээгүй, хөөн хэлэлцэх хугацааг буруу тоолж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна.

Мөн надад гардуулсан шүүхийн шийдвэрт шүүгчийн гарын үсэг байхгүй, тамга тэмдэг дарагдаагүй байна. Энэ нь шүүхийн шийдвэр албан ёсоор гарсан гэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 272 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч М.Э- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, анхны албадан дуудлага худалдаанд хөрөнгийг санал болгох доод үнийг тогтоох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргасан байна.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...надад гардуулсан шүүхийн шийдвэрт шүүгчийн гарын үсэг зураагүй, шүүхийн тамга дарагдаагүй...” гэсэн үндэслэл заасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар “шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно”, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар “шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт “шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна” гэж тус тус заажээ.

 

Хэргийн 147 дугаар талд шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчдод гардуулсан, хүргүүлсэн тухай баримт авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч М.Э- 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр шийдвэрийг гардан авчээ.

 

Нэхэмжлэгчид гардуулсан шийдвэрт хэргийг шийдвэрлэсэн шүүгч гарын үсэг зураагүй, шүүхийн тамга дарагдаагүй байв.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан шаардлага хангасан шийдвэрийг нэхэмжлэгчид гардуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2019/00272 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД                               Д.БАЙГАЛМАА

 

Ц.ИЧИНХОРЛОО