Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2022/03921

 

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2022/03921

Улаанбаатар хот

 

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ............... тоот хаягт оршин суух, А овогт Б.Х /РД:00000000/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ........... байрлах, А ХХК /РД:0000000/,

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 15,000,000 төгрөг гаргуулах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 14,460,831 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа нар оролцов. 

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч А ХХК-д холбогдуулан барьцааны төлбөр 15,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч Б.Х нь 2018 оны 11 сарын 16-ны өдөр А ХХК-тай хөдөлмөрийн гэрээ болон автомашин түрээслэх гэрээ байгуулсан. Тус компанийн өмч болох 00-00 ААА дугаартай автомашиныг чиргүүлийн хамт түрээслэн Т нүүрсний уурхайгаас Хятад улсын Г боомт хүртэл нүүрс тээвэрлэхээр тохиролцсон. Автомашины барьцаа 15,000,000 төгрөгийг Хаан банкны өөрийн 0000000000 тоот данснаас компани руу шилжүүлсэн. Гэтэл А ХХК нь 2019 оны 06 сарын 28-ны өдөр урьдчилж гэрээ цуцлах талаар мэдэгдэлгүй авто машиныг хүлээлгэж өг гэх шаардлага тавьж ажлаас чөлөөлсөн. Шийдвэрийг ямар эрх зүйн акт үндэслэж гаргасан нь тодорхойгүй. Б.Х нь тухайн автомашинаар нүүрсний тодорхой чиглэлд нүүрс зөөх ажлыг хийсэн. Нүүрсийг тодорхой мөнгөн дүнгээр тээвэрлэсэн хөлснөөсөө мөнгө авдаг байсан. Тиймээс автомашин түрээслэх гэрээний барьцааны 15,000,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд 2018 оны 12 сарын 05-ны өдөр 2018-03 тоот автомашин түрээслэх гэрээ, мөн өдрийн 03 дугаартай хөдөлмөрийн гэрээг тус тус байгуулан жолоочоор ажиллаж эхэлсэн. Нэхэмжлэгч нь А ХХК-ийн жолоочоор ажиллаж байсан гэсэн үг. Эрхлэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хариуцаж байгаа автомашины барьцаа болгож 15,000,000 төгрөгийг компанийн дансанд байршуулсан. Үүнтэй маргах зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн ашиглалтад 00-00 ААА улсын дугаартай хар өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн тусгай зориулалттай зүтгүүрийн автомашин, чиргүүлийн хамт эзэмшилд нь шилжүүлж ажил үүрэг гүйцэтгүүлж байсан. Нэхэмжлэлд 00-01 ААА гэсэн машины талаар дурдсан байдаг. Энэ машин бол хариуцагч байгууллагын нэр дээр байхгүй. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ болоод автомашин түрээслэх гэрээгээр нэхэмжлэгч Б.Х компанийн ажилтан байсан юм байна. Автомашиныг түрээсийн журмаар ажил үүргээ гүйцэтгэн давхар автомашин түрээслэж явж байгаад автомашинаа өөрийн болгох харилцааг зохицуулах зорилгоор тусдаа хоёр гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний 2.2-т автомашин болоод чиргүүлийг Б.Х-т шилжүүлэх юм бол автомашинтай холбоотой гарах хохирлыг барагдуулах мөн гэрээний үүргээ зөрчсөний улмаас компанид учирсан хохирлыг арилгах аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 15,000,000 төгрөгийг барьцаа болгон компанид шилжүүлсэн. Гэрээгээр бол Б.Х нь автомашиныг зөвхөн Т уурхайгаа Ц дахь нүүрсний талбай, Ц-наас БНХАУ-ын нүүрсний талбай хүртэл нүүрс тээвэрлэх нийт 220 тээвэр хийх замаар түрээслэгч нь түрээслүүлэгчид түрээсийн төлбөр төлдөг энэ журмаар дээрх автомашины үнэ бүрэн төлөгдөж дууссан тохиолдолд автомашиныг Х-ын өмчлөлд шилжүүлэхээр гэрээнд заасан. Б.Х-ыг ажлаас мэдэгдэлгүйгээр халсан асуудал ярьж байгаа нь гэрээний энэ заалтыг зөрчиж өөр компанийн ачаа тээвэрлэж өөр бусад ноцтой зөрчил гаргасан. Гэрээ байгуулан ажиллаж байх хугацаандаа Б.Х удаа дараа зөрчил гаргасантай холбоотой 2019 оны 06 сарын 28-ны өдөр ажил олгогчийн санаачлагаар ажлаас нь чөлөөлж, автомашинтай холбоотой зардлын тооцоо нийлж эхний байдлаар 9,400,831.5 төгрөгийн өглөгтэй тооцоо гарсан. Энэхүү тооцоог Б.Х тухайн үед хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Үүнээс гадна Б.Х нь 15,000,000 төгрөгийг компанид шилжүүлэхдээ Д.А гэх иргэнээс зээлж байршуулсан. Б.Х нь ажлаа хийх явцдаа мөнгөө зээлийн журмаар аваад буцааж өгөх ёстой байсан боловч тэрийгээ өгөөгүй учир Д.А гэх иргэн нь Б.Х-ыг алгасаад компанитай ирж уулзсан. Д.А хэлэхдээ Б.Х надад өртэй, танайд барьцаа өгнө гэж авсан би тэр мөнгөө буцааж авч чадахгүй байна. Энэ мөнгөн нь тооцоод өөрийнх нь хурим болох гээд байгаа учраас танай компаниар тавилга хийлгэж авъя гээд 5,060,000 төгрөгийн үнэ бүхий тавилгыг хийлгэхээр харилцан тохиролцож хариуцагч А ХХК-ийн зөвшөөрлөөр Д.А гэх иргэнд тавилгыг захиалгаар хийлгэж өгсөн. Яг энэ үйл баримтыг Д.А гэх иргэнээс хууль сануулан авсан гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан байдаг. Машинтай холбоотой 9,400,000 төгрөг, 5,060,000 төгрөг гэх зардлууд гарсан учраас 15,000,000 төгрөгөөс 14,460,831 төгрөгийн тооцоо шийдэгдэж барьцаа мөнгөнөөс суутгаж авсан. 2019 оны 05 сарын 31-ний өдөр Б.Х нь 1,000,000 төгрөгийг компаниас буцааж авсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Эдгээр үндэслэлээр 15,000,000 төгрөгийн барьцаа хөрөнгө болох 15,000,000 төгрөгийг компанид шилжүүлсэнд маргаан байхгүй. Мөн хөдөлмөрийн гэрээ, автомашин түрээслэх гэрээ цуцлагдсан. Харин 15,000,000 төгрөгийг буцааж олгох асуудал дээр өмнө дурдсан үндэслэлүүдээр буцаан олгох боломжгүй гэв.

3. Хариуцагч А ХХК нь нэхэмжлэгч Б.Х-т холбогдуулан 00-00 ААА улсын дугаартай автомашинтай холбоотой компанид учирсан хохиролд 14,460,831 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хөдөлмөрийн гэрээ болон автомашин түрээслэх гэрээний хүрээнд 00-00 ААА автомашиныг нэхэмжлэгч Б.Х-ын эзэмшилд шилжүүлсэн. 2018 оны 12 сарын 05-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний 2.2-т заасны дагуу автомашин болон чиргүүлийг Б.Х-т шилжүүлэхийн өмнө автомашинтай холбоотой учирсан хохирлыг барагдуулах зорилгоор гэрээнд тусгаж байгаад 15,000,000 төгрөгийг барьцаалсан. Гэрээнд зааснаар түрээслэгч буюу Б.Х нь автомашиныг зөвхөн маршрутын дагуу нүүрс тээвэрлэх байтал энэ үүргээ зөрчиж ачаа тээвэрлэсэн бусад ноцтой зөрчил гаргасан. Эдгээр үндэслэлээр гэрээ цуцлагдсан. Энэ гэрээнд зааснаар хохирол, эвдрэл, гэмтэл, шатахууны зардал, замын хураамж, урьдчилан сэргийлэх үзлэг, сэлбэг хэрэгслийн зардлыг урьдчилаад А ХХК-тай гэрээтэй компаниудаас авч хэрэглээд буцаагаад төлөх, төлөхдөө явсан тээврийнхээ тоогоор хөлс аваад тэрнээсээ суутгаж авахаар гэрээнд заасан байдаг. Энэ гэрээний дагуу 00-00 ААА улсын дугаартай автомашинд тооцоо нийлсэн баримтаар 9,400,831 төгрөгийн зардал гарсан. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1, 496.2-т зааснаар Б.Х-ын нэхэмжлээд байгаа 15,000,000 төгрөгөөс 5,060,000 төгрөг нь Д.А гэх хүнтэй холбоотой тавилгын асуудал гарсан тул 14,461,831 төгрөгийг нэхэмжлэгч Б.Х-аас гаргуулж, А ХХК-д олгож өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал тайлбартаа компанийн ажилтан гэж гэрээ байгуулаад хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзээд автомашины барьцаа болгож 15,000,000 төгрөгийг авсан гэж тайлбарлаж байна. Хөдөлмөрийн харилцаа бол Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг. Гэрээний заалт зөрчсөн гэж яриад байна. Аль гэрээний ямар заалтыг зөрчсөн нь тодорхойгүй. Хөдөлмөрийн гэрээ зөрчсөн бол хөдөлмөрийн гэрээ цуцлах аль үндэслэлд хамаараад эд хөрөнгийн хариуцлага хүлээх ямар үндэслэл байгаа нь тодорхойгүй байна. Төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэж яриад байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдчихсон нэхэмжлэгчийн гарын үсэг биш гэж гарсан. Гэрээний үүрэг шилжүүлж байгаа бол анх байгуулсан түрээсийн гэрээнийхээ заалтаар Б.Х-тай ярьж тохиролцож байж энэ гэрээг шилжүүлж зөвшөөрөл авах ёстой. Гэтэл анх гэрээ хийсэн хүн нь байхгүй байхад өөр нэг хүнтэй чи үүнийг нь төлчих гэж тохиролцоо хийж болохгүй. Тэгээд ч Д.А нь энэ мөнгөө нэхэмжлээд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр гаргуулаад авчихсан. Гэрч бол талуудын хоорондын гэрээний асуудлыг нотолж, энэ үүргийг шилжүүлсэн байна гэж байхгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагагүй үндэслэлгүй, үндсэн нэхэмжлэлд өгсөн тайлбарууд ч нотлогдохгүй байна. Автомашинд учирсан хохирол юм уу, автомашин ашиглах явцад учирсан хохирол юм уу үүнийгээ нарийвчилж тодорхойлох ёстой. Хэрвээ хохирол учирсан бол нотлох үйл ажиллагаа явагдах нь зүйтэй. Хариуцагчийн үгүйсгэл нотлогдохгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 2018.12.06-ны өдрийн 03 тоот хөдөлмөрийн гэрээ, 2018.12.05-ны өдрийн 2018-03 тоот автомашин түрээслэх гэрээ, Б.Х-ын Хаан банк дахь 0000000000 тоот дансны хуулга, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.14-ний өдрийн 2589 дугаар шийдвэрийг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019.09.17-ны өдрийн 5,060,000 төгрөгийн тавилга захиалгын баримт, 2019.06.30-ны тооцоо нийлсэн баримт, 2019.09.17-ны өдрийн А ХХК, Т ХХК-ийн захиалгаар тавилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2019.0.422-ны өдрийн Г/2019-05 тоот С ХХК, А ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ, Г.М-н Хаан банкны дансны хуулга, Д.А-ын Хаан банкны дансны хуулгыг нотлох баримтаар шүүхэд өгсөн.

Хариуцагч талын хүсэлтээр Г боомтоос 2019.05.28-ны өдрийн тээвэр хийсэн лавлагаа, И ХХК-ийн зарлагын баримт, Х ХХК-иас сэлбэгийн тооцоолол, С ХХК-иас шатахуун авсан талаарх баримт, М.Б, Д.А нарын гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгч талын хүсэлтээр Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс 2022.08.26-ны 2259 тоот шинжээчийн дүгнэлтийг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс нэхэмжлэгч Б.Х-ын үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон хариуцагч А ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн 1,000,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсэгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2018 оны 11 сарын 16-ны өдөр А ХХК-тай хөдөлмөрийн гэрээ болон автомашин түрээслэх гэрээ байгуулсан. Тус компанийн өмч болох 00-00 ААА дугаартай автомашиныг чиргүүлийн хамт түрээслэн Т нүүрсний уурхайгаас Хятад улсын Г боомт хүртэл нүүрс тээвэрлэхээр тохиролцсон. Автомашины барьцаа 15,000,000 төгрөгийг Хаан банкны өөрийн 0000000000 тоот данснаас компани руу шилжүүлсэн. Гэтэл А ХХК нь 2019 оны 06 сарын 28-ны өдөр урьдчилж гэрээ цуцлах талаар мэдэгдэлгүй авто машиныг хүлээлгэж өг гэх шаардлага тавьж ажлаас чөлөөлсөн. Тиймээс автомашин түрээслэх гэрээний барьцааны 15,000,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулна гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Талуудын хооронд 2018 оны 12 сарын 05-ны өдөр 2018-03 тоот автомашин түрээслэх гэрээ, мөн өдрийн 03 дугаартай хөдөлмөрийн гэрээг тус тус байгуулан жолоочоор ажиллаж эхэлсэн. Нэхэмжлэгч нь А ХХК-ийн жолоочоор ажиллаж байсан гэсэн үг. Эрхлэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хариуцаж байгаа автомашины барьцаа болгож 15,000,000 төгрөгийг компанийн дансанд байршуулсан. Үүнтэй маргах зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн ашиглалтад 00-00 ААА улсын дугаартай хар өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн тусгай зориулалттай зүтгүүрийн автомшин, чиргүүлийн хамт эзэмшилд нь шилжүүлж ажил үүрэг гүйцэтгүүлж байсан. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ болоод автомашин түрээслэх гэрээгээр нэхэмжлэгч Б.Х компанийн ажилтан байсан юм байна. Автомашиныг түрээсийн журмаар ажил үүргээ гүйцэтгэн давхар автомашин түрээслэж явж байгаад автомашинаа өөрийн болгох харилцааг зохицуулах зорилгоор тусдаа хоёр гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний 2.2-т автомашин болоод чиргүүлийг Б.Х-т шилжүүлэх юм бол автомашинтай холбоотой гарах хохирлыг барагдуулах мөн гэрээний үүргээ зөрчсөний улмаас компанид учирсан хохирлыг арилгах аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 15,000,000 төгрөгийг барьцаа болгон компанид шилжүүлсэн. Гэрээгээр Б.Х нь автомашиныг зөвхөн Т уурхайгаас Ц дахь нүүрсний талбай, Ц-наас БНХАУ-ын нүүрсний талбай хүртэл нүүрс тээвэрлэх нийт 220 тээвэр хийх замаар түрээслэгч нь түрээслүүлэгчид түрээсийн төлбөр төлдөг энэ журмаар дээрх автомашины үнэ бүрэн төлөгдөж дууссан тохиолдолд автомашиныг Б.Х-ын өмчлөлд шилжүүлэхээр гэрээнд заасан. Б.Х-ыг ажлаас мэдэгдэлгүйгээр халсан асуудал ярьж байгаа нь гэрээний энэ заалтыг зөрчиж өөр компанийн ачаа тээвэрлэж өөр бусад ноцтой зөрчил гаргасан. Гэрээ байгуулан ажиллаж байх хугацаандаа Б.Х удаа дараа зөрчил гаргасантай холбоотой 2019 оны 06 сарын 28-ны өдөр ажил олгогчийн санаачлагаар ажлаас нь чөлөөлсөн. Автомашинтай холбоотой зардлын тооцоо нийлж 9,400,831.50 төгрөгийн өглөгтэй тооцоо гарсан. Д.А гэх иргэн нь Б.Х-ыг алгасаад компанитай ирж уулзсан. Д.А хэлэхдээ Б.Х надад өртэй, танайд барьцаа өгнө гэж авсан би тэр мөнгөө буцааж авч чадахгүй байна. Энэ мөнгөн нь тооцоод өөрийнх нь хурим болох гээд байгаа учраас танай компаниар тавилга хийлгэж авъя гээд 5,060,000 төгрөгийн үнэ бүхий тавилгыг хийлгэхээр харилцан тохиролцож хариуцагч А ХХК-ийн зөвшөөрлөөр Д.А гэх иргэнд тавилгыг захиалгаар хийлгэж өгсөн. Машинтай холбоотой 9,400,000 төгрөг, 5,060,000 төгрөг гэх зардлууд гарсан учраас 15,000,000 төгрөгийг буцааж олгох боломжгүй гэв.

4. Хариуцагч дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 15,000,000 төгрөгийг барьцаалсан. Гэрээнд зааснаар түрээслэгч буюу Б.Х нь автомашиныг зөвхөн маршрутын дагуу нүүрс тээвэрлэх байтал энэ үүргээ зөрчиж ачаа тээвэрлэсэн бусад ноцтой зөрчил гаргасан. Эдгээр үндэслэлээр гэрээ цуцлагдсан. Энэ гэрээнд зааснаар хохирол, эвдрэл, гэмтэл, шатахууны зардал, замын хураамж, урьдчилан сэргийлэх үзлэг, сэлбэг хэрэгслийн зардлыг урьдчилаад А ХХК-тай гэрээтэй компаниудаас авч хэрэглээд буцаагаад төлөх, төлөхдөө явсан тээврийнхээ тоогоор хөлс аваад тэрнээс суутгаж авахаар гэрээнд заасан байдаг. Энэ гэрээний дагуу 00-00 ААА улсын дугаартай автомашинд тооцоо нийлсэн баримтаар 9,400,831 төгрөгийн зардал гарсан. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1, 496.2-т зааснаар Б.Х-ын нэхэмжлээд байгаа 15,000,000 төгрөгөөс 5,060,000 төгрөг нь Д.А гэх хүнтэй холбоотой тавилгын асуудал гарсан тул 14,461,831 төгрөгийг нэхэмжлэгч Б.Х-аас гаргуулна гэв.

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй маргасан: Хариуцагч тал тайлбартаа компанийн ажилтан гэж гэрээ байгуулаад хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзээд автомашины барьцаа болгож 15,000,000 төгрөгийг авсан гэж тайлбарлаж байна. Хөдөлмөрийн харилцаа бол Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг. Гэрээний заалт зөрчсөн гэж яриад байна. Аль гэрээний ямар заалтыг зөрчсөн нь тодорхойгүй. Хөдөлмөрийн гэрээ зөрчсөн бол хөдөлмөрийн гэрээ цуцлах аль үндэслэлд хамаараад эд хөрөнгийн хариуцлага хүлээх ямар үндэслэл байгаа нь тодорхойгүй байна. Төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэж яриад байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдчихсон нэхэмжлэгчийн гарын үсэг биш гэж гарсан. Гэрээний үүрэг шилжүүлж байгаа бол анх байгуулсан түрээсийн гэрээнийхээ заалтаар Б.Х-тай ярьж тохиролцож байж энэ гэрээг шилжүүлж зөвшөөрөл авах ёстой. Гэтэл анх гэрээ хийсэн хүн нь байхгүй байхад өөр нэг хүнтэй чи үүнийг нь төлчих гэж тохиролцоо хийж болохгүй. Тэгээд ч Д.А нь энэ мөнгөө нэхэмжлээд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр гаргуулаад авчихсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагагүй үндэслэлгүй, үндсэн нэхэмжлэлд өгсөн тайлбарууд ч нотлогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2018.12.06-ны өдрийн 03 тоот хөдөлмөрийн гэрээ, 2018.12.05-ны өдрийн 2018-03 тоот автомашин түрээслэх гэрээ, Б.Х-ын Хаан банк дахь 0000000000 тоот дансны хуулга, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.14-ний өдрийн 2589 дугаар шийдвэр, 2019.09.17-ны өдрийн 5,060,000 төгрөгийн тавилга захиалгын баримт, 2019.06.30-ны тооцоо нийлсэн баримт, 2019.09.17-ны өдрийн А ХХК, Т ХХК-ийн захиалгаар тавилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2019.0.422-ны өдрийн Г/2019-05 тоот С ХХК, А ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ, Г.М Хаан банкны дансны хуулга, Д.А-ын Хаан банкны дансны хуулга, Г боомтоос 2019.05.28-ны өдрийн тээвэр хийсэн лавлагаа, И ХХК-ийн зарлагын баримт, Х ХХК-иас сэлбэгийн тооцоолол, С ХХК-иас шатахуун авсан талаарх баримт, М.Б, Д.А нарын гэрчийн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс 2022.08.26-ны 2259 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

7. Нэхэмжлэгч Б.Х нь А ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2018-03 тоот Автомашин түрээслэх гэрээ байгуулж, А ХХК-ийн 00-00 ААА улсын дугаартай, 000000000000 арлын дугаартай, хар өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн 00000 Bieben /v3/ маркийн тусгай зориулалтын зүтгүүр автомашиныг 00-00 АА улсын дугаартай, 000000000000 арлын дугаартай Howo маркийн цэнхэр ангийн ачааны зориулалттай чиргүүлийн хамт түрээслэхээр, А ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 03 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж, жолоочоор 1 жилийн хугацаатай ажиллахаар болжээ.

8. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2018-03 тоот Автомашин түрээслэх гэрээнд түрээслэгч буюу Б.Х нь автомашиныг зөвхөн Т уурхайгаас Ц дахь нүүрсний талбай, Ц-аас БНХАУ-ын Г боомт дахь нүүрсний талбай хүртэлх замд нүүрс тээвэрлэх зорилгоор ашиглах бөгөөд нийт 220 рейс нүүрс тээвэрлэх, түрээслэгч нь машины барьцаанд 15,000,000 төгрөгийг компанид тушаахаар тохиролцсон байна.

9. Б.Х нь энэхүү тохиролцооны дагуу 15,000,000 төгрөгийг компанийн дансанд байршуулсан ба энэ талаар талууд маргаагүй.

10. Дээрх гэрээнүүдийн дагуу Б.Х нь хариуцагч компанийн 00-00 ААА улсын дугаартай тусгай зориулалтын автомашинаар Таван толгойн уурхайгаас нүүрс тээвэрлэж, Ц дахь нүүрсний талбай, БНХАУ-ын Г боомт хүртэл тээврийн ажлыг гүйцэтгэж байсан ба 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч компанийн санаачлагаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, талуудын дунд төлбөрийн маргаан үүсчээ.

11. Гэрээг хугацаанаас өмнө цуцалсан шалтгааныг хариуцагч компаниас гэрээнд зааснаас өөр маршрутаар өөр байгууллагын ачаа тээвэрлэсэн болох нь тогтоогдсон учраас гэрээг өөрийн санаачлагаар цуцалсан гэж тайлбарлаж, үүнтэй холбоотой Г боомтоор 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр нэвтэрсэн талаарх баримтыг шүүхээр гаргуулсан байна.

12. Нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас өмнө цуцалсан талаар маргаагүй, харин автомашины барьцаа болгож өгсөн 15,000,000 төгрөгийг буцааж гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд хариуцагчийн зүгээс тухайн автомашиныг барьж байх хугацаанд гарсан зардал, түүний өмнөөс гуравдагч этгээдэд өгөх төлбөрийг төлсөн, 1,000,000 төгрөгийг өөрт нь олгосон тул буцаан өгөх боломжгүй гэж маргаж байна.

13. Зохигчид хөдөлмөрийн гэрээ, автомашин түрээслэх гэрээ гэсэн 2 төрлийн гэрээ байгуулсан боловч шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч А ХХК нь өөрийн эзэмшлийн тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр Т уурхайгаас Ц дахь нүүрсний талбай, Ц-аас БНХАУ-ын Г боомт дахь нүүрсний талбай хүртэлх замд 220 рейс нүүрс тээвэрлэх ажлыг хийлгэх хэрэгцээ шаардлага үүсч, ажлын хөлсийг нь хөдөлмөрийн гэрээгээр, гүйцэтгүүлэх ажил үүрэг, урамшууллаа автомашин түрээслэх гэрээгээр тохиролцсон байна. Урамшуулалд нь 220 рейсийн дараа автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх тохиролцжээ.

Түүнээс Б.Х-ыг зөвхөн жолоочоор ажиллуулах хөдөлмөрийн гэрээний харилцаа, эсвэл автомашинаа Б.Х-т түрээслэх түрээсийн гэрээний харилцаа талуудын тохиролцоонд байхгүй байна.

14. Хариуцагч нь өөрийн эзэмшлийн автомашинаар ажил гүйцэтгүүлэхийн тулд нэхэмжлэгчид шилжүүлэн өгч байгаа тул 15,000,000 төгрөгийн барьцаа байршуулах санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрч, хариуцагчийн дансанд шилжүүлсэн. Хэрэв хөлсөөр ажиллагч нь компанид хохирол учруулбал уг барьцааны мөнгөнөөс хохирлыг арилгахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4-т заасан үүргийн гүйцэтгэлийн хангах арга болох барьцаа байна.

15. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж зааснаар талууд автомашин түрээслэх гэрээг бичгээр байгуулахдаа энэ талаар тохиролцсон тул хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

16. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эд барьцааны зүйл байна гэж зааснаар 15,000,000 төгрөгийн захиран зарцуулах эрх нь барьцааны зүйл болжээ.

17. Хөлсөөр ажиллагчийг гэрээгээр хориглосон үйлдэл гаргахаас сэргийлэх, хэрэв гэрээгээр хориглосон үйлдлийг гаргаж, нэг талын санаачлагаар гэрээг цуцалсан тохиолдолд барьцааг буцаан олгохгүй байх, компанид учирсан аливаа хохирлыг тэргүүн ээлжид барагдуулах зорилгоор барьцааны гэрээг байгуулсан байна.

18. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулагч нь ажлын байр, багаж, тоног төхөөрөмжөөр хангах үүрэгтэй бөгөөд А ХХК нь энэ үүргээ биелүүлсэн талаар түүнчлэн Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.-д зааснаар ажиллагч нь ажлыг биечлэн гүйцэтгэхээр тохиролцож, энэ үүргээ мөн биелүүлсэн талаар талууд маргаагүй байна.

19. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хэргийн 47 дугаар талд авагдсан 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн жолооч ажилтай Б.Х-ын А ХХК-д төлөх өглөг тооцоо гэх баримт дээр үндэслэсэн боловч уг тооцоо нийлсэн баримтад зурагдсан гарын үсэг Б.Х-ын гарын үсэг биш гэх шинжээчийн дүгнэлт гарсан тул талуудыг тооцоо нийлсэн гэж үзэхгүй.

20. 00-00 ААА улсын дугаартай автомашины сэлбэг, шатахууны зардалд Хонгорбээт транс ХХК-д сэлбэгийн 238,500 төгрөг, И ХХК-д сэлбэгийн үнэ 615,000 төгрөг, шатахууны зардалд 1,400,000 төгрөгийг С ХХК-д Б.Х-ын өмнөөс төлсөн гэж шаардсан боловч эдгээр компаниас ирсэн баримтаар шатахуун, сэлбэг авсан гэх байдал тогтоогдож байхаас уг төлбөр төлөгдөөгүй байсан эсвэл А ХХК төлсөн болох нь тогтоогдохгүй байна.

Түүнчлэн 1 рейс замын мөнгө, 1 рейс хучилтын мөнгө, 1 рейс тээврийн хөлс гэх 2,222,453.50 төгрөгийг хэрхэн яаж тооцсон, хэзээний рейс болох нь тодорхойгүй, компанид өглөг 2,794,877.65 төгрөг юуны өглөг болох, хэзээ бий болсон өглөг болон хоорондоо хэрхэн тооцоо нийлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар ямар нэгэн санхүүгийн баримт байхгүй байна.

Машин засварын ажлын хөлс 780,000 төгрөг шаардсан боловч хэзээ, хаана, ямар засвар үйлчилгээг тухайн автомашинд хийлгэсэн нь мэдэгдэхгүй, нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

М.Б-д өглөг 350,000 төгрөгийг төлсөн гэх боловч гэрчийн мэдүүлэг, бусад баримтаар Б.Х нь н.Б-д 350,000 төгрөгийн өглөгтэй байсан гэх байдал тогтоогдсонгүй.

21. Б.Х нь барьцаанд байршуулах 15,000,000 төгрөгөө өөрийн танил Д.А-аас зээлж, компанид өгчээ.

Б.Х-ын өмнөөс Д.А-т 5,060,000 төгрөгөөр тавилга захиалж хийлгэсэн гэж тус мөнгийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-ээр нэхэмжлэгчээс 5,060,000 төгрөгийг шаардаж байна.Д.А нь А ХХК-тай Б.Х-тай ижил гэрээ байгуулан тусгай зориулалтын тээврийн хэрэгслийг жолоодон нүүрс тээвэрлэж байхдаа компанид Б.Х надаас зээлсэн мөнгөө өгөхгүй, хурим болох гэж байгаа тул Б.Х-ын барьцааны мөнгөнөөс олгож өгнө үү гэж хандаад, улмаар компани нь 5,060,000 төгрөгөөр гал тогооны тавилга хийж өгсөн тул Б.Х нь Д.А-т төлөх төлбөрөөс уг тавилгын үнээр чөлөөлөгдсөн буюу Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-ээр нэхэмжлэгчээс 5,060,000 төгрөгийг шаардаж байна.

22. Гэвч тавилга захиалгын гэрээ, баримт нь А ХХК-тай байгуулсан баримт байх ба Д.А нь 4,200,000 төгрөгийн тавилга компаниас авсан гэх гэрчийн мэдүүлэг хоорондоо үнийн зөрүүтэй, тухайн тавилгыг Д.А хүлээн авсан эсэх нь тодорхойгүй байхаас гадна Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2589 дугаар шийдвэрээр Д.А нь Б.Х-аас зээлийн гэрээний үүрэг шаардахдаа тухайн тавилгын үнэ болох 5,060,000 төгрөгийг хасч тооцоогүй, энэ талаар хэн аль нь мэтгэлцээгүй шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул Б.Х-ыг бусдын хөрөнгөөр зардлаа хэмнэж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх байдал үгүйсгэгдэж байна.

23. Харин 1,000,000 төгрөгийг дансаар хүлээж авсан талаар нэхэмжлэгч маргаагүй, үүнтэй холбоотой дансны хуулга хэрэгт нотлох баримтаар авагдаж, нотлогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагад харилцан тооцон хасч, сөрөг нэхэмжлэлийн 13,460,831 төгрөгийн шаардлага нь санхүүгийн анхан шатны болон бусад баримтаар нотлогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

23. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 227,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх заалтыг баримтлан хариуцагч А ХХК-иас 14,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Х-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,000,000 төгрөг гаргуулах болон Б.Х-аас 13,460,831 төгрөг гаргуулах тухай А ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,260 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 227,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Х-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ