Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 956

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00571 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Х-ын хариуцагч “А-” ХХК-д холбогдуулан гаргасан 15 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Х- нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “А-” ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ болон Автомашин түрээслэх гэрээ байгуулсан. Тус компанийн өмч болох 35-06 улсын дугаартай автомашиныг чиргүүлийн хамт түрээслэн Таван толгой нүүрсний уурхайгаас Хятад улсын Ганц мод боомт хүртэл нүүрс тээвэрлэхээр тохиролцож. Автомашины барьцаа 15 000 000 төгрөгийг “Хаан банк” ХХК-ийн өөрийн 5379137700 тоот данснаас шилжүүлсэн. Гэтэл “А-” ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр урьдчилж гэрээ цуцлах талаар мэдэгдэлгүй автомашиныг хүлээлгэж өг гэсэн шаардлага тавьж ажлаас чөлөөлсөн. Ямар эрх зүйн актыг үндэслэж уг шийдвэрийг гаргасан талаар тушаал, шийдвэр баримт байхгүй. Гэрээ цуцалж ажлаас халсан зэрэг нь ойлгомжгүйгээр ажлаас нь чөлөөлсөн. Иргэний хуульд заасан Түрээсийн гэрээний зохицуулалтаар эд хөрөнгийг ашиглах, эзэмших байдлаар түрээсэлдэг. Уг гэрээнд Б.Х- нь “А-” ХХК-д ажиллаж байсан гэж ойлгохоор харилцаа харагдаж байна. Түрээсийн гэрээ байгуулсан боловч ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн байна гэж үзсэн. Учир нь “А-” ХХК-ийн автомашинаар нүүрсийг тодорхой чиглэлд зөөх ажил хийсэн. Тухайн нүүрсийг тодорхой мөнгөн дүнгээр үнэлж тээвэрлэсэн хөлснөөсөө тодорхой хэмжээний мөнгө авдаг байсан. Талуудын хооронд ямар гэрээний харилцаа үүссэн талаар баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүй. Зөвхөн 15 000 000 төгрөгийг хэрхэн өгөхгүй үгүйсгэх талаар баримт гаргаж өгсөн. Иймд хариуцагч “А-” ХХК-иас барьцаанд тавьсан 15 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “А-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэндагва шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Х- нь “А-” ХХК-иас нэхэмжилсэн 15 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж дараах хариу тайлбарыг гаргаж байна. Талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Автомашин түрээслэх гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ тус тус байгуулж, компанид жолоочоор ажиллаж эхэлсэн. Жолоочоор ажиллаж байх хугацаандаа 35-06 УНБ улсын дугаартай, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн, тусгай зориулалтын HOVA маркийн автомашиныг 36-03 ТЧ улсын дугаартай, ачааны зориулалттай чиргүүлийн хамт өөрийн ашиглалтдаа шилжүүлж авсан. Б.Х- нь “А-” ХХК-ийн ажилтнаар Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Уг маргаанд Хөдөлмөрийн гэрээ цуцалсан талаарх асуудал яригдаагүй учир тайлбар шаардлагагүй байх. Талуудын хооронд байгуулагдсан Автомашин түрээслэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасны дагуу тухайн автомашиныг, чиргүүлийн хамт Б.Х-т шилжүүлэхийн өмнө автомашинтай холбоотой компанид учирсан хохирлыг барагдуулах, гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирлыг арилгах, гэрээнд 15 000 000 төгрөгийг барьцаагаар “А-” ХХК-д шилжүүлсэн талаарх баримтыг нэхэмжлэгч тал нотлох баримтаар гаргаж өгөөгүй боловч маргах шаардлагагүй гэж үзээд үгүйсгэж маргахгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу тухайн автомашинаар түрээслэгч буюу Б.Х- нь зөвхөн Таван толгойгоос Цагаан хад нүүрсний талбай, Цаг хадаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганц мод боомтын чиглэлд нүүрс тээвэрлэхдээ ашиглах нийт 220 удаагийн уртын тээвэр хийгээд түрээслүүлэгч буюу хариуцагчид хөлс төлөх бөгөөд энэ журмаар дээрх автомашины үнэ бүрэн төлөгдөж дууссан тохиолдолд Автомашиныг Б.Х-ын өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Мөн гэрээний хугацаанд нэхэмжлэгч Б.Х- зөвхөн “А-” ХХК-ийн ачааг тээвэрлэх, автомашиныг ашиглах хугацаанд гарсан бусдын болон өөрийн буруутай үйл ажиллагаанаас учирсан эвдрэл гэмтэл, шатахууны зардал, замын хураамж, урьдчилан сэргийлэх үзлэг, сэлбэг хэрэгслийн зардлыг өөрөө бүрэн хариуцахаар харилцан тохиролцож гэрээнд тусгасан байдаг. Гэрээний хугацаанд Б.Х- нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа ноцтой зөрчиж, компанид хохирол учруулж байсан тул 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр компанийн санаачлагчаар Хөдөлмөрийн гэрээ болон Автомашин түрээслэх гэрээг цуцалсан. Б.Х-аас уг автомашинтай холбоотойгоор “А-” ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу төлөхөөр гарсан авлага, өглөгийн тооцоо гаргаж Б.Х-тай эцсийн байдлаар тооцоо нийлж 9 400 831.15 төгрөгийн өглөгтэй болох нь тогтоогдсон. Уг төлбөрийг нэхэмжлэгч Б.Х- хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн баримтад гарын үсэг зурсан. Б.Х- нь анх 15 000 000 төгрөгийн барьцаа мөнгийг “А-” ХХК-д шилжүүлэхдээ өөрт мөнгө байгаагүй учир иргэн Д.Алтангадасаас зээлж барьцаа байршуулсан. Д.Алтангадас нь 1 жилийн хугацаатай Б.Х-т мөнгө зээлсэн. Тус зээлсэн мөнгөө буцааж авмаар байна гэж “А-” ХХК-д хандсан. Уг нөхцөл байдлыг “А-” ХХК-ийн холбогдох ажилтнууд мэдэж байсан. Б.Х- мөн хүлээн зөвшөөрч байсан учир 15 000 000 төгрөгөөс 5 060 000 төгрөгт тооцож тавилга хийлгүүлж Д.Алтангадас авсан. Д.Алтангадас нь Б.Х-аас авах ёстой 15 000 000 төгрөгөөс 5 060 000 төгрөг нь хасагдсан байна. Одоо 10 000 000 төгрөгийн тооцоо тэдгээр хүмүүсийн хооронд байгаа. Б.Х- болон “А-” ХХК-ийн хоорондох 15 000 000 төгрөгийн барьцаанаас 5 060 000 төгрөгийн асуудал дууссан байна. Б.Х- нь барьцаа мөнгийг бүтнээр нь нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих санаа, зорилго агуулж байна гэж үзэж байна. Мөн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “А-” ХХК-иас 1 000 000 төгрөгийг Б.Х- буцааж авсан. Уг баримт хэрэгт авагдсан. Тооцоо нийлсэн баримтад урьдчилж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. “А-” ХХК-ийн 80-41 УБН улсын дугаартай, автомашинаас 1 ширхэг дугуй болон сэлбэг, хэрэгслийг зөвшөөрөлгүй авсан байдаг. Эдгээр сэлбэг хэрэгслийн үнийн дүн нь 1 987 000 төгрөг болсон. Уг мөнгийг мөн барьцаа 15 000 000 төгрөгөөс суутган тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. эдгээр үндэслэлүүд болон хэрэгт авагдсан баримтаар Б.Х-ын “А-” ХХК-иас нэхэмжилж буй 15 000 000 төгрөгийн барьцааг гэрээнд заасны дагуу компанид учирсан хохирол болон автомашинтай холбоотой гарсан шатахуун, сэлбэг хэрэгсэл гэх зэрэг зардалд тооцоход 15 000 000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй байна. Хууль зүйн хувьд 5 060 000 төгрөг бусдаас зээлж тус компанид 15 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Б.Х-т 15 000 000 төгрөгийг зээлсэн Д.Алтангадасын хүсэлт болон Б.Х-ын тохиролцооны дагуу иргэн Д.Алтангадаст тавилга хийж өгсөн. Иймд Иргэний хуулийн 496 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй байна. 2019 оны 05 дугаар сард “Хонгор бэст” ХХК-иас 238 500 төгрөгийн сэлбэг авсан. 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 780,000 төгрөгийн ажлын хөлсөнд авсан. “Интер трансс” ХХК-иас 615 000 төгрөгийн сэлбэг,1 удаагийн уртын тээврийн замын мөнгө 235 826 төгрөг, 1 удаагийн уртын тээврийн хучилтын төлбөр 7 150 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж бусад этгээдэд тээвэр хийсэн тээврийн хөлс 73,45 тонн ачааг “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн ачааг тээвэрлэсэн 1 979 477 төгрөг, Б.Х-ын авч хэрэглэсэн шатахуун 1 400 000 төгрөг, 80-41 УБН улмын дугаартай автомашинаас сэлбэг хэрэгсэл авсан талаар тус автомашины жолооч М.Баатарсүрэнгийн автомашинаас 350 000 төгрөгийн сэлбэг хэрэгсэл авч хэрэглэсэн, “А-” ХХК-д учруулсан хохирол техник хэрэгсэлд нийт 2 794 877 төгрөгийн хохирол, зардлыг тус тус учруулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т барьцаа мөнгийг ямар зориулалтаар барьцаалж байгааг тодорхой заасан байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хариуцагч “А-” ХХК-иас 14 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Х-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “А-” ХХК-иас 227 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй ба хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй тул дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг үндэслэх хэсэгт "...талуудын байгуулсан гэрээний 2.5-д "Таван толгойн уурхайгаас ачиж Цагаанхад болон Ганц мод дахь гаалийн хяналтын талбайд нийт 220 ресс нүүрс тээвэрлэнэ. Нэг ресс тутамд 3500 юань компанид төлнө. Тээврийн үнэ 100 юаниас бага болсон тохиолдолд ресс тоолохгүй" гэсэн нөхцөлийг гэрээний нийт үнэ түрээсийн төлбөр, түүнийг төлөх журам, хугацааг тохиролцсон гэж үзэх. тооцох боломжгүй байна, түүнчлэн бичгийн хэлцэлдээ гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг хэрхэн төлөхөөр тусгаагүй, тодорхойгүй байх тул энэ талаар тохиролцоо хийгдээгүй гэж үзэв" гэжээ. Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-т зааснаар санхүүгийн түрээсийн гэрээ гэж тодорхойлсон байх ба мөн хуулийн 313 дугаар зүйлийн 313.3-т зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж тодорхойлсон байх ба мөн хуулийн 56.1.8-д "...хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл" тул шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэжээ. Тэгвэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д "хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн..." гэж заасан байх ба энэ хуульд заасан хуулиар тогтоосон хэлбэр гэдгийг мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т "Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ" гэж гэрээний хэлбэрийг заасан байх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуулиар тогтоосон бичгээр хийх хэлбэрийн шаардлагыг бүрэн хангасан тул хүчин төгөдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй ба мөн хуулийн 313.2-т заасныг хангахгүй гэж үзэх үндэслэлгүй. Тодруулбал, зохигчдын хооронд байгуулсан "Автомашин түрээслэх гэрээ" нь Иргэний хуулийн 313.2-т Тэрээнд гэрээний нийт үнэ, түрээсийн төлбөр, түүнийг төлөх журам, хугацаа, гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг төлж дуусах журмыг заана" гэж заасныг хангасан бөгөөд гэрээний 2.4, 2.5, 2.7, 2.9, 2.10, 5.1-т тус тус зааснаар тодорхой тусгасан гэж харах ба энд зааснаар гэрээний хугацаанд түрээслэгч нь нийт 220 ресс нүүрс тээвэрлэх, сард багадаа 10 ресс хийх гэснээс гэрээ 2 жилийн хугацаатай, нэг ресс тутамд 3500 юанийг түрээсийн төлбөрт компанид төлөх гэснээс гэрээний нийт үнэ болоод түрээсийн төлбөрийг төлөх журмыг тооцох бүрэн боломжтой. Харин гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг төлж дуусах журмыг дээрх гэрээний 2.7, 2.10, 5.1-т тус тус зааснаар гэрээг цуцлаж, барьцаа мөнгийг буцаан олгохгүй, Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1, 324.2-т тус тус заасны дагуу зохицуулах, мөн автомашинд гарсан хохирлыг барагдуулна, цуцлагдсан өдөр хүртэлх төлөгдсөн машины түрээсийн мөнгө нэхэхгүй гэж тус тус заасан Иргэний хуулийн 313.2-т заасныг бүрэн хангана гэж үзэж байна. Иймээс зохигчдын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд хэрэгт авагдсан баримтууд болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчийн учруулсан хохирол, хэрэглэсэн шатахуун, сэлбэг хэрэгсэл болон бусад зардлуудын тооцоог нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрсөн, баримтаар нотлогдсон тул Иргэний хуулийн 312, 315, 316 дугаар зүйлүүдэд заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Б.Х- нь хариуцагч “А-” ХХК-д холбогдуулан автомашин түрээслэх гэрээний дагуу барьцаалсан 15 000 000 төгрөгийг гэрээ цуцлагдсантай холбоотойгоор буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, автомашины сэлбэг, засварын ажлын хөлс, шатахуун, урьдчилгаа төлбөрт тооцож суутгасан гэж маргажээ. 

 

            Талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Автомашин түрээслэх гэрээ байгуулагдаж, 35-06 УБМ улсын дугаартай, БНХАУ-д үйлдвэрлэсэн, ND4260 Beiben маркийн тусгай зориулалтын зүтгүүр автомашиныг 36-03 ТЧ улсын дугаартай, Howo маркийн цэнхэр өнгийн ачааны зориулалттай чиргүүлийн хамт түрээслэх, түрээслэгч 15 000 000 төгрөгийг барьцаанд шилжүүлж, автомашинаар Тавантолгойн уурхайгаас Цагаанхад дахь нүүрсний талбай, Цагаанхаднаас БНХАУ-ын Ганцмод боомт дахь нүүрсний талбай хүртэл нийт 220 ресс нүүрс тээвэрлэж, нэг ресс тутамд 3500 юань түрээслүүлэгчид төлсөн тохиолдолд автомашины үнэ бүрэн төлөгдсөнд тооцож, автомашиныг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна./хэргийн 10-13 дугаар тал/

 

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

            Түрээслэгч буюу нэхэмжлэгч нь гэрээ байгуулах үед барьцаа нэрээр 15 000 000 төгрөг компанид тушаасан байхаар талууд гэрээгээр тохиролцсон боловч нэхэмжлэгч 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 15 000 000 төгрөгийг “хүрлээ машин урьдчилгаа” гэж шилжүүлжээ./хэргийн 14 дүгээр тал/

 

            Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрээ цуцлагдаж, автомашиныг хариуцагч байгууллага буцаан авсан талаар талууд маргаагүй.

 

            Иргэний хуулийн 313 дугаар зүйлд Санхүүгийн түрээсийн гэрээний хэлбэр, нөхцөлийн талаар зохицуулсан байх бөгөөд 313.2 дах хэсэгт “Гэрээнд гэрээний нийт үнэ, түрээсийн төлбөр, түүнийг төлөх журам, хугацаа, гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг төлж дуусах журмыг заана.” гэж, 313.3 дах хэсэгт “Энэ зүйлд заасан журмыг зөрчсөн санхүүгийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байна.” гэж тус тус заасан.

 

            Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.5-д “Таван толгойн уурхайгаас ачиж Цагаанхад болон Ган мод дахь гаалийн хяналтын талбайд нийт 220 ресс нүүр тээвэрлэнэ. Нэг ресс тутамд 3500 юань компанид төлнө. Тээврийн үнэ 100 юаниас бага болсон тохиолдолд ресс тоолохгүй” гэж заасан байгаа нь дээрх хуулийн шаардлагыг хангасанд тооцогдохгүй. Тодруулбал, тохиролцооноос түрээслэгчийн барьцаа төлбөрт шилжүүлсэн 15 000 000 төгрөгийг автомашины үндсэн төлбөрт суутгаж тооцох эсэх, автомашины үнэ хэдэн төгрөг болох, түрээсийн нийт хугацаа, төлбөр төлөх журмыг тогтоосон агуулгагүй байна. Гэрээний энэ заалт нь нутгийн онцлогоос шалтгаалан гэрээг өөр агуулгаар тайлбарлах Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.3 дах хэсгийн зохицуултад хамаарахгүй байх тул шүүх талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь зөв.

 

            Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл тул мөн зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.

 

            Хэргийн 47 дугаар талд авагдсан 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б.Х-ын “А-” ХХК-д төлөх өглөг тооцоо гэх баримтаар 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1 000 000 төгрөгийг урьдчилгаанд нэхэмжлэгч Б.Х- авсан болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүх уг мөнгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцон хариуцагчаас 14 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв.

 

            Хариуцагч нь Б.Х- “А-” ХХК-д автомашины сэлбэг, засвар, тээврийн хөлс, замын мөнгө, хучилтын төлбөр, шатахуун, компанийн авлага, урьдчилгаа зэрэг нийт 9 400 831 төгрөгийн төлбөртэй бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн баримтыг үндэслэн Б.Хүрэлтбаатартай тохиролцсоны дагуу барьцааны мөнгөнөөс 5 060 000 төгрөгийн үнэ бүхий гэр ахуйн тавилгыг Д.Алтангадаст өгсөн гэж тайлбарлаж байх боловч хүчин төгөлдөр бус хэлцлийн үүргийг харилцан тооцох боломжгүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

            Учир нь хариуцагч байгууллагын зүгээс Д.Алтангадаст гэр ахуйн тавилга хийж өгсөн нь хэдийгээр гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх боловч хариуцагч нэхэмжлэгчтэй уг мөнгийг автомашины урьдчилгаа төлбөрөөс хасч тооцохоор тохиролцсон талаар хэрэгт баримт авагдаагүй байна.

 

            Мөн гэрээ хүчин төгөлдөр бус тул хариуцагч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс автомашины сэлбэг, засвар, тээврийн хөлс, замын мөнгө, хучилтын төлбөр, шатахуун, компанийн авлага болон бусад авлагаа буцаан шаардах эрхтэй боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй талаар анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

            Дээрх байдлаас дүгнэвэл талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул гэрээний үүргийг хэн аль нь шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, гэрээний үүргийг харилцан тооцох боломжгүй юм.

            Иймд хариуцагч “А-” ХХК-иас 14 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Х-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00571 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ТУЯА

 

                                            ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

 

                                                                 С.ЭНХТӨР