Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/00168

 

 

 

А-рын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2022/03921 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А-рын хариуцагч Б ХХК-д холбогдуулан гаргасан барьцаа 15,000,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, автомашинтай холбоотой гарсан зардал 14,460,831 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндавга, шүүх хуралдааны нарийн бичгийн Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

А-р нь Б ХХК-тай 2018 оны 11 сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ болон автомашин түрээслэх гэрээг байгуулсан. Тус компанийн өмч болох 0000 УБМ улсын дугаартай автомашиныг чиргүүлийн хамт түрээслэн Таван толгойн нүүрсний уурхайгаас Хятад улсын Ганц мод боомт хүртэл нүүрс тээвэрлэхээр тохиролцсон. Автомашины барьцаа 15,000,000 төгрөгийг ХААН банк ХХК дахь өөрийн,,,,,,,,,,,,,,, тоот данснаас компани руу шилжүүлсэн. Гэтэл Б ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр урьдчилж гэрээ цуцлах талаар мэдэгдэлгүй авто машиныг хүлээлгэж өгөх шаардлага тавьж ажлаас чөлөөлсөн. А-р нь тухайн автомашинаар тодорхой чиглэлд нүүрс тээвэрлэх ажлыг хийсэн. ИймдБ ХХК-аас автомашин түрээслэх гэрээний барьцаа 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Талуудын хооронд 2018 оны 12 сарын 05-ны өдөр 2018-03 дугаар автомашин түрээслэх гэрээ, мөн өдрийн 03 дугаартай хөдөлмөрийн гэрээг тус тус байгуулан жолоочоор ажилласан. А-р нь Б ХХК-ийн жолоочоор ажиллаж байсан. Эрхлэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хариуцаж байгаа автомашины барьцаа болгож 15,000,000 төгрөгийг компанийн дансанд байршуулсан. А-рын ашиглалтад 0000 УБМ улсын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэсэн тусгай зориулалттай зүтгүүрийн автомашин, чиргүүлийн хамт эзэмшилд нь шилжүүлж ажил үүрэг гүйцэтгүүлж байсан. Нэхэмжлэлд 0000 УБГ дугаартай автомашин хариуцагч байгууллагад байхгүй. Автомашиныг түрээсийн журмаар ажил үүргээ гүйцэтгэн давхар автомашин түрээсэлж явж байгаад автомашинаа өөрийн болгох харилцааг зохицуулах зорилгоор тусдаа хоёр гэрээ байгуулсан. Гэрээгээр бол А-р нь автомашиныг зөвхөн Таван толгойн уурхайгаас Цагаан хад дахь нүүрсний талбай, Цагаан хаднаас БНХАУ-ын нүүрсний талбай хүртэл нүүрс тээвэрлэх нийт 220 тээвэр хийх замаар түрээслэгч нь түрээслүүлэгчид түрээсийн төлбөр төлж, дээрх автомашины үнэ бүрэн төлөгдөж дууссан тохиолдолд автомашиныг А-рын өмчлөлд шилжүүлэхээр гэрээнд заасан. А-р удаа дараа зөрчил гаргасантай холбоотой 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар ажлаас нь чөлөөлж, автомашинтай холбоотой зардлын тооцоо нийлж эхний байдлаар 9,400,831.5 төгрөгийн өглөгтэй гарсныг тэрээр зөвшөөрч гарын үсгээ зурсан. Үүнээс гадна А-р нь Д.Алтангадасаас 15,000,000 төгрөг зээлж компанид байршуулсан. Д.Алтангадас А-р надад өртэй, танайд барьцаа өгнө гэж авсан, ... хурим болох гээд манай компаниар 5,060,000 төгрөгийн тавилгыг хийлгэхээр харилцан тохиролцсон. Автомашинтай холбоотой зардал 9,400,831 төгрөг, тавилгын үнэ 5,060,000 төгрөг, нийт 14,461,831 төгрөгийг 15,000,000 төгрөгөөс суутган тооцно гэжээ.

 

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Б ХХК нь А-рт хөдөлмөрийн гэрээ болон автомашин түрээслэх гэрээний хүрээнд 0000 УБМ автомашиныг түүний эзэмшилд шилжүүлсэн. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний 2.2-т заасны дагуу автомашин болон чиргүүлийг А-рт шилжүүлэхийн өмнө автомашинтай холбоотой учирсан хохирлыг барагдуулах зорилгоор 15,000,000 төгрөгийг барьцаалсан. Гэрээнд зааснаар түрээслэгч буюу А-р нь автомашинаар тодорхой чиглэлд нүүрс тээвэрлэх байтал энэ үүргээ зөрчиж ачаа тээвэрлэсэн ноцтой зөрчил гаргасан. Эдгээр үндэслэлээр гэрээ цуцлагдсан. Энэ гэрээнд зааснаар хохирол, эвдрэл, гэмтэл, шатахууны зардал, замын хураамж, урьдчилан сэргийлэх үзлэг, сэлбэг хэрэгслийн зардлыг Б ХХК-тай гэрээтэй компаниудаас урьдчилаад авч хэрэглээд буцаагаад төлөх, төлөхдөө явсан тээврийнхээ тоогоор хөлс аваад түүнээс суутгаж авахаар гэрээнд заасан. Энэ гэрээний дагуу 0000 УБМ улсын дугаартай автомашинд тооцоо нийлсэн баримтаар 9,400,831 төгрөгийн зардал гарсан. Барьцаа төлбөр 15,000,000 төгрөгөөс Д.Алтангадаст төлөх 5,060,000 төгрөг, бусад зардал 9,400,831 төгрөг, нийт 14,461,831 төгрөгийг А-раас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

Б ХХК нь А-ртай хөдөлмөрийн харилцаа үүсэж 15,000,000 төгрөгийг барьцаа болгож авсан гэж тайлбарласан. Хөдөлмөрийн харилцаа үүссэн бол Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг. А-р аль гэрээний ямар заалтыг зөрчсөн нь тодорхойгүй. Хөдөлмөрийн гэрээ зөрчсөн бол хөдөлмөрийн гэрээ цуцлах аль үндэслэлд хамаарч эд хөрөнгийн хариуцлага хүлээсэн үндэслэл нь тодорхойгүй. Шинжээчийн дүгнэлтээр т нэхэмжлэгчийн гарын үсэг биш гэж гарсан. Мөн Д.Алтангадас нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 5,060,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагагүй. Автомашиныг ашиглах явцад хохирол учирсан эсэх нь тодорхойгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б ХХК-аас 14,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-рт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,000,000 төгрөг гаргуулах болон А-раас 13,460,831 төгрөг гаргуулах тухай Б ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

5.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,260 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 227,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-рт олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулагч нь ажлын байр, багаж, тоног төхөөрөмжөөр хангах үүрэгтэй бөгөөд Б ХХК нь энэ үүргээ биелүүлсэн талаар түүнчлэн, Иргэний хуулийн 361 дүгээр зүйлд зааснаар ажиллагч нь ажлыг биечлэн гүйцэтгэхээр тохиролцож, энэхүү үүргээ мөн биелүүлсэн талаар талууд маргаагүй. 0000 УБМ улсын дугаартай автомашины сэлбэг, шатахууны зардалд Хонгор бээс транс ХХК-д сэлбэгийн 238,500 төгрөг, Интер транс ХХК-д сэлбэгийн үнэ 615,000 төгрөг, шатахууны зардалд 1,400,000 төгрөгийг Стандарт ойл говь ХХК-д А-рын өмнөөс төлсөн гэж шаардсан боловч эдгээр компаниас ирсэн баримтаар шатахуун, сэлбэг авсан гэх байдал тогтоогдож байхаас уг төлбөр төлөгдөөгүй байсан эсвэл Б ХХК төлсөн болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв дүгнэж чадаагүй. Учир нь Б ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 363 дугаар зүйлийн 363.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ хүрээнд автомашинтай холбоотой сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ, шатахууны гэрээг холбогдох компаниудтай урьдчилан байгуулж, ажилладаг бөгөөд тус хариуцагч компанийн автомашинууд шаардлагатай сэлбэг хэрэгсэл шатахуунаа ямар нэгэн саадгүй авдаг тул нэхэмжлэгч Хонгор бээс транс ХХК, Интер транс ХХК-аас сэлбэг, Стандарт ойл говь ХХК-аас шатахуун авсан асуудлаараа маргадаггүй, энэ талаарх холбогдох баримтыг шүүхийн журмаар цуглуулсан, түүнийг няцаасан баримтыг нэхэмжлэгчээс гаргадаггүй байхад төлбөр нь төлөгдсөн эсэх нь тодорхойгүй гэдэг үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.

Зохигчдын хооронд байгуулсан байсан Хөдөлмөрийн гэрээ болоод автомашин түрээслэх гэрээнүүд цуцлагдаад 3 жил гаруйн хугацаа өнгөрч байхад уг төлбөрийг төлөгдсөн эсэх нь тодорхойгүй гэж дүгнэх боломжгүйн зэрэгцээ нэгэнт авсан болох нь баримтаар тогтоогдож байхад төлөх үүрэг үүссэн байхад төлбөрийг төлсөн эсэх асуудал нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэж байна.

Мөн зохигчдын хооронд байгуулсан байсан хөдөлмөрийн гэрээ болон автомашин түрээслэх гэрээнүүдэд жолооч буюу түрээслэгч автомашины эвдрэл гэмтлийг хариуцан засварлах, шатахуунаа өөрөөсөө төлбөр гаргаж төлөх үүрэг байхгүй ба харин автомашин түрээслэх гэрээний 3.2-т Түрээслүүлэгч нь гэрээ дуусгавар болох хүртэлх хугацаанд автомашинд шаардагдах сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж, тосолгооны материал ямагт бэлэн байлгах үүргийг хүлээхээр заасны зэрэгцээ мөн гэрээний 2.6-д түрээслэгчийн тээврийн хөлснөөс ...авсан түлшний үнэ, хэрэглэсэн засвар сэлбэгийн үнэ, замын хураамж, ...татвар зэрэг суутгавал зохих суутгалуудыг сар бүрийн сүүлийн өдрөөр тасалбар болгон тооцоо хийж, тээврийн хөлснөөс хасаж түрээслэгчид олгоно гэж тус тус зааснаас үзэхэд дээрх байдлаар анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй болох нь харагдаж байна.

Мөн анхан шатны шүүх ... 1 рэйс замын мөнгө, 1 рэйс хучилтын мөнгө, 1 рэйс тээврийн хөлс гэх 2,222,453.50 төгрөгийг хэрхэн яаж тооцсон, хэзээний рэйс болох нь тодорхойгүй компанид өглөг 2,794,877.65 төгрөг юуны өглөг болох, хэзээ бий болсон хоорондоо хэрхэн тооцоо нийлсэн нь тодорхойгүй, энэ талаар санхүүгийн баримтгүй байна. Автомашин засварын ажлын хөлс 780,000 төгрөг шаардсан боловч хэзээ, хаана, ямар засвар үйлчилгээг тухайн автомашинд хийлгэсэн нь мэдэгдэхгүй, нотлох баримтаар нотолж чадаагүй байна гэж дүгнэсэн. Хариуцагч компани нь нэхэмжлэгчтэй байгуулсан автомашин түрээслэх гэрээний 2.6-д заасны дагуу дээрх зардлуудыг урьдчилан хариуцаж сарын сүүлийн өдрөөр тасалбар болгон түрээслэгчид олговол зохих хөлснөөс суутган тооцдог ба зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнүүд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр цуцлагдсан тул сарын сүүлийн өдөр буюу тасалбар болгох хугацаа болоогүй байсан суутгалууд болно.

Д.Алтангадасаас А-рын авсан 5,060,000 төгрөгт гал тогооны тавилга хийж өгсөн. Тавилга захиалгын гэрээ, баримт нь Б ХХК-тай байгуулсан баримт байх ба Д.Алтангадас нь 4,200,000 төгрөгийн тавилга авсан гэх гэрчийн мэдүүлэг хоорондоо үнийн зөрүүтэй, тухайн тавилгыг Д.Алтангадас хүлээн авсан эсэх нь тодорхойгүй байхаас гадна Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2589 дугаар шийдвэрээр Д.Алтангадас нь А-раас зээлийн гэрээний үүрэг шаардахдаа тухайн тавилгын үнэ болох 5,060,000 төгрөгийг хасаж тооцоогүй, энэ талаар хэн аль нь мэтгэлцээгүй шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул А-рыг бусдын хөрөнгөөр зардлаа хэмнэж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх байдал үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар зохигчид маргаагүй тул хүчин төгөлдөр гэж үзэх нь хуульд нийцэхгүй ба А-рын зүгээс гомдол гаргасан эсэх нь тодорхойгүй байхад уг шүүхийн шийдвэрийг үндэслэн дүгнэлт хийсэн. Гэрч Д.Алтангадасын хувьд үнийн дүнг хэдийгээр зөрүүтэй мэдүүлдэг боловч тавилга хүлээн авсан, дээрх байдлаар хариуцагч компанид санал тавьсан болохоо мэдүүлэгтээ дурдсан байхад тавилгыг хүлээн авсан нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь буруу. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах санхүүгийн түрээсийн гэрээтэй холбоотой Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

1. Нэхэмжлэгч А-р нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан автомашин түрээслэх гэрээний барьцаа 15,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч автомашиныг түрээслэх хугацааны зардал 14,460,831 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2. Талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээний талаар маргаагүй.

 

1.1. Мөн Б ХХК болон А-р нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Автомашин түрээслэх гэрээ байгуулагдаж, түрээслүүлэгч Б ХХК нь 0000 УБМ улсын дугаартай, ND4260 Beiben (v3) маркийн тусгай зориулалтын зүтгүүр автомашиныг түрээслэгч А-рт түрээслэх, түрээслэгч нь автомашиныг зөвхөн Таван толгойн уурхайгаас Цагаанхад дахь нүүрсний талбай Цагаан хаднаас БНХАУ-ын Ганц мод боомт дахь нүүрсний талбай хүртэлх замд нүүрс тээвэрлэх зорилгоор ашиглаж барьцаанд 15,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. (1хх-ийн 10-13)

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь гэрээний агуулга, хэрэгжилтэд нийцээгүй байна.

 

Гэрээний 2.4-т Автомашины үнэ бүрэн төлөгдөж дууссан тохиолдолд компанитай ямар нэгэн санхүүгийн тооцоогүй бол уг автомашиныг түрээслэгч өөрийн өмчлөлд шилжүүлэх ба уг автомашиныг шилжүүлэхэд гаргах зардлыг түрээслүүлэгч бүрэн хариуцна гэж, 2.5-д Таван толгойн уурхайгаас ачиж Цагаанхад болон Ган мод дахь гаалийн хяналтын талбайд нийт 220 ресс нүүр тээвэрлэнэ. Нэг ресс тутамд 3500 юань компанид төлнө.

Тээврийн үнэ 100 юаниас бага болсон тохиолдолд ресс тоолохгүй гэж тус тус тохиролцжээ.

Дээрх гэрээний агуулгыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлоход Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаагүй. Түүнчлэн, уг санхүүгийн түрээсийн гэрээ цуцлагдсан үйл баримтад зохигчид маргахгүй байна.

 

1.2. Нэхэмжлэгч А-р барьцаа төлбөрт 15,000,000 төгрөг төлсөн болох нь ХААН банк ХХК-ийн депозит дансны хуулгаар тогтоогдсон.

Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт Гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн мөнгийг дэнчин гэнэ гэж заасан тул нэхэмжлэгч А-рын төлсөн 15,000,000 төгрөгийг дэнчин гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч А-р автомашинаар зөвхөн гэрээнд заасан маршрутын дагуу нүүрс тээвэрлэх үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр хариуцагч Б ХХК нь автомашин түрээслэх гэрээг цуцалсан байна. Иймд нэхэмжлэгч А-р нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар дэнчин 15,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгч А-рт 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь ХААН банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогджээ. Иймд хариуцагч Б ХХК-аас 14,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-рт олгох нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2, 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. (1хх-ийн 96)

 

2. Хариуцагч Б ХХК автомашинтай холбоотой зардал 9,400,831 төгрөг, А-рын өмнөөс бусдад төлсөн төлбөр 5,060,000 төгрөг, нийт 14,460,831 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2.1. Талууд гэрээний 4.2 -т автомашиныг ашиглах хугацаанд гарсан, бусдын болон өөрийн буруутай үйлдлээс учирсан хохирол, эвдрэл, гэмтэл, шатахууны зардал, замын хураамж, урьдчилан сэргийлэх үзлэг, сэлбэг хэрэгслийн зардлыг түрээслэгч хариуцах үүрэгтэй гэж заажээ. (1хх-ийн 12)

 

Иргэний хуулийн 317 дугаар зүйлийн 317.1 дэх хэсэгт Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол санхүүгийн түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний талаархи энэ хуульд заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан. Мөн хуулий 289 дүгээр зүйлийн 289.1.4, 289.2.2-т Хөлслөн авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдсон зайлшгүй зардлыг хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэж заасан тул хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгч А-раас автомашины бүрэн бүтэн байдлыг хангах болон зайлшгүй гарсан зардлыг төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

2.2. А-р нь Хонгор бээс транс ХХК-аас 2019 оны 05 дугаар сард нийт 238,500 төгрөгийн сэлбэг авсан, мөн Стандарт-Ойл говь ХХК-аас 1,400,000 төгрөгийн шатахуун авсан болох нь тус компаниудын албан бичгээр тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч А-р нь 1,638,500 төгрөгийг хариуцагч Б ХХК-д төлөх үүрэгтэй. (1хх-ийн 76, 80)

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК нь бүрэн бүтэн байдлыг хангах болон зайлшгүй гарсан зардлыг нотлох үүрэгтэй. Гэвч автомашины засварын хөлс 780,000 төгрөг, Интер транс ХХК сэлбэгийн үнэ 615,000 төгрөг, 1 ресс замын төлбөр 235,826 төгрөг, 1 ресс хучилтын төлбөр 7,150 төгрөг, нүүрс тээврийн хөлс 1,979,477 төгрөг, компанид өглөг 2,794,877 төгрөг, н.Баатарсүрэнд өглөг 350,000 төгрөг төлөх үүрэгтэй гэх тайлбараа нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, Интер транс ХХК-аас 615,000 төгрөгийн сэлбэг авсан гэх боловч уг зарлагын баримтад хүлээн авагчийн гарын үсэг зурагдаагүй тул уг баримтыг үндэслэн сэлбэгийн үнийг гаргуулах боломжгүй байхаас гадна автомашины засварын хөлс, 1 ресс замын төлбөр 235,826 төгрөг, 1 ресс хучилтын төлбөр 7,150 төгрөг, нүүрс тээврийн хөлс 1,979,477 төгрөг, компанид өглөг 2,794,877 төгрөг, н.Баатарсүрэнд өглөг 350,000 төгрөгтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна.

 

2.3. А-рын өмнөөс Д.Алтангадаст 5,060,000 төгрөгийн үнэ бүхий тавилга хийж өгсөн гэх шаардлагын талаар.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2021/02589 дугаар шийдвэрээр хариуцагч А-раас 19,813,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Алтангадаст олгож шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүх ... Д.Алтангадас нь А-раас зээлийн гэрээний үүрэг шаардахдаа тавилгын үнэ 5,060,000 төгрөгийг хасаж тооцоогүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул А-рыг бусдын хөрөнгөөр зардлаа хэмнэж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлгүй ... гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. (1хх-ийн 202-203)

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2022/03921 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2, 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б ХХК-аас 14,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-рт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч А-раас 1,638,500 төгрөг гаргуулж хариуцагч Б ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,822,331 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын олгосугай гэснийг олгож нэхэмжлэгч А-раас 41,166 төгрөг гаргуулж хариуцагч Б ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн урьдчилан төлсөн 227,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ