Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2019/00422

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/00048 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Х” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 60 900 291 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК-тай 2018.6.21-ний өдөр АГ-012011 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 8-229 тоот хаяг бүхий барилгын ажил дээр Солонгос ажилчдаар ажил гүйцэтгүүлэхээр тохирсон. Солонгос ажилчдын Монгол улсад ажиллах хугацаа, эрх дуусаж байгаа тул явах хүртэл нь ажил гүйцэтгүүлж, хийсэн ажлыг нь хүлээлцэж ажлын хөлс авахаар, ажиллах хугацаа сунгагдвал гэрээнд заасан ажлыг бүтнээр нь хийхээр тохирсон. Гэрээнд зааснаар ажилчид 2018.8.03-ны өдөр хүртэл ажилласан. Ажилчдын хугацаа сунгагдаагүй учраас нутаг буцсан. 2018.7.15-ны өдрөөс хойш хариуцагчаас удаа дараа ажил гүйцэтгэх гэрээний төлбөр нэхэмжилсэн ч хариуцагч төлбөрөө төлөөгүй, 2018.8.03-ны өдөр тооцоо нийлж, гүйцэтгэсэн ажлын акт үйлдсэн. Актаар манай компани 12-ын өрлөг 1102 м.кв, 24-ийн өрлөг 466.8 м.кв, дотор шавар 4 996 м.кв зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажлын төлбөр 56 916 160 төгрөг, талуудын байгуулсан гэрээний 6.4-д зааснаар алданги 0,2 хувиар хоног тутамд тооцож 3 984 131 төгрөг, нийт 60 900 291 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 233 000 000 төгрөгийн гэрээ байгуулсан. Хууль болон гэрээнд нийт ажил хийж гүйцэтгэснээр санхүүжилт хийх зохицуулалттай. Ажлын гүйцэтгэлийг 7 хоног тутам баталгаажуулна гэсэн ч энэ нь санхүүжилт маргаангүй хийнэ гэсэн үг биш. Талууд ажлын гүйцэтгэл баталгаажуулсан хэдий боловч хүлээж авсан ажилд дүгнэлт хийх, аливаа доголдол, буцаалт зэргийг тусгайлан хэлэлцэх заалттай. Уг заалтаар санхүүжилт хэлэлцэж тохирох ёстой. Баталгаажуулсан акт санхүүгийн баримт биш. Гэрээгээр нарийвчлан заагаагүй бол хөлсийг ажил гүйцэтгэсний дараа төлнө гэсэн хуулийн заалт байдаг. 7 хоног тутам ажлын гүйцэтгэл баталгаажуулсан боловч хөлсийг эцсийн байдлаар тохиролцох заалттай. 233 000 000 төгрөгийн ажлаас хэдэн төгрөгийн ажлыг Солонгосчуудаар гүйцэтгүүлж, төлбөр төлөхөөр тохиролцсон тохиролцоо байхгүй. Гэрээний хавсралт гэрээний саналгүй нэг хэсэг. Солонгос ажилчдыг нутаг буцахаас өмнө ямар хэмжээний, хэдэн төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэдгээ тодорхойлоогүй. Ажлын гүйцэтгэл баталгаажуулсан акт нь ямар хэмжээний ажил хийх ёстойг тодорхойлсон. Талууд гүйцэтгэсэн ажлаа хүлээлцэж, ажлын доголдлын талаар харилцан тохиролцоонд хүрээгүй. Нэхэмжлэгч талын дотор шавардлагаас 832 м.кв-ыг хасаж тооцсон эсэх нь тодорхойгүй. Талуудын байгуулсан гэрээний 6.4-дах заалт нь гүйцэтгэгч захиалагчид төлөх ёстой алдангийн заалт болохоос захиалагчаас гүйцэтгэгчид алданги төлөх заалт биш. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-иас 56 916 160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 984 131 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 462 452 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ”Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 442 530 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэрэгт авагдсан ажлын гүйцэтгэл баталгаажуулсан акт нь ямар хэмжээний ажил хийх ёстойг тодорхойлсон. Талууд гүйцэтгэсэн ажлаа хүлээлцэж, ажлын доголдлын талаар харилцан тохиролцоонд хүрээгүй гэх зэргээр эргэлзээтэй нөхцөл байдлыг шүүх тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Х” ХХК-нд холбогдуулан 6 дугаар сарын 21-ний өдрийн АГ-01-2018 тоот гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 56 916 160 төгрөг, гэрээний 6.4-т заасны дагуу анз 3 984 131  төгрөг нийт 60 900 291 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч  эс зөвшөөрч маргасан./ хх 8-10, 59/

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ” ..,2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн ажлын хөлс бөгөөд уг хөлсний хэмжээ нь ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн актаар нотлогдоно” гэжээ.

 

Зохигчид 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр АГ-01-2018 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсанд, гүйцэтгэгч тал 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажилласанд, захиалагч хөлсөө төлөөгүй байгаад маргаагүй.

 

Гэрээний 2.4-д захиалагч гэрээний үлдэгдэл төлбөрийг 7 хоног бүрийн гүйцэтгэлийн актаар дүгнэж гүйцэтгэгчид шилжүүлэхээр заасныг, 2018 оны 07 дугаар сарын 23, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр тус тус ажлын үр дүнг хүлээлцэх акт үйлдсэнийг хариуцагч үгүйсгээгүй.

 

Ажлын үр дүнг хүлээлцсэн акт баримтын агуулгыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлан үзэхэд ажлын гүйцэтгэлийг баталгаажуулсан агуулгатай, мөн талбайд хэмжилт хийсэн байна. Хийсэн ажлаас хасалт хийж байгаа тохиолдлуудаас үзвэл ажлын үр дүнг хүлээж авсан гэж дүгнэнэ. Ажлын үр дүнг хүлээж авсан бол тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцэж байна.

 

Нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлын хөлс 56 916 160 төгрөг болохыг нотлохоор 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн тооцоо нийлсэн актыг нотлох баримтаар гаргасан бөгөөд уг актаас үзэхэд “ өрлөг 1102 м.кв, 24-ийн өрлөг 466.8м.кв, дотор шавар 4 996 м.кв гүйцэтгэсэн байна. /хх-59/ Дээрх ажлын үнэлгээ 56 916 164 төгрөг болохыг хариуцагч баримтаар няцааж чадаагүй байна.

 

Хариуцагчийн гэрээний нийт ажил 233 000 000 төгрөгийн төсөвтэй бөгөөд бүх ажлыг хийж дууссаны дараа санхүүжилт авах ёстой гэсэн тайлбар нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасан хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэсэнтэй нийцэхгүй байна. Учир нь талууд гэрээний 2.4-д захиалагч гэрээний үлдэгдэл төлбөрийг 7 хоног бүрийн гүйцэтгэлийн актаар дүгнэж гүйцэтгэгчид шилжүүлэхээр тохиролцжээ. /хх-8/

 

Хариуцагчийн 832 м.кв шавардлагын ажлыг хасч тооцсон эсэх нь тодорхойгүй гэсэн тайлбар нь актад заасан “ дотор шон 4 996 м.кв гэж актад оруулснаас 832 м.кв хасагдсан” гэсэн бичилтээр няцаагдаж байна. /хх-7/

 

Нэхэмжлэгчийн нийт хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ 56 916 164 төгрөг болох нь гэрээний өрлөг шаврын ажлын үнэлгээний талаар хавсралтад заасан 12-ын ханын өрлөг мкв-ын нэгж үнэ 10 000 төгрөг, 24-ийн ханын өрлөг м.куб-ын нэгж үнэ 27 000 төгрөг, дотор шавар м.кв-ын нэгж үнэ 8 000 төгрөг, дам нурууны шавар м.кв-ын нэгж үнэ 9 000 төгрөг гэсэн үнийн талаарх тохиролцоогоор нотлогдож байна. /хх-11/ Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болдог. Талууд 7 хоногоор ажлын үр дүнг хүлээн авахаар тусгай хугацаа тогтоосон. Талууд гэрээндээ ийнхүү өөрөөр тохиролцсон тул Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсийг бүрэн хийж дууссаны дараа төлөхөөр шаардах эрх хариуцагчид байхгүй юм.

 

Иймд хариуцагч буюу захиалагч нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Харин анхан шатны шүүхээс алдангийг хэрэгсэхгүй болгохдоо зохих хуулийн зохицуулалтыг баримтлаагүй учраас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг нэмж баримтлан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Гэрээнд алдангийн талаар тохиролцоо байхгүй. Нэхэмжлэгчийн зааж буй тохиролцоо нь ажил гүйцэтгэгч тал хугацаа хэтрүүлсэн тохиолдолд захиалагчид алданги төлөх заалт байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн “2 тал ажлын гүйцэтгэлийг баталгаажуулсан хэдий ч хүлээж авсан ажилд дүгнэлт хийх, аливаа доголдол, буцаалт, санхүүжилт зэргийг хэлэлцэн тохирох ёстой “ гэсэн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/00048 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “355 дугаар зүйлийн 355.5” гэснийг араас “232 дугаар зүйлийн 232.6” гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                                    ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД