Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00936

 

ХБСК ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/00048 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 422 дугаар магадлалтай, 

ХБСК ХХК-ийн нэхэмжлэлтэй

ХХ ХХК-д холбогдох, 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 60.900.291 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч ХБСК ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...ХХ ХХК-тай 2018.06.21-ний өдөр АГ-012011 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 8-229 тоот хаяг бүхий барилгын ажил дээр Солонгос ажилчдаар ажил гүйцэтгүүлэхээр тохирсон. Солонгос ажилчдын Монгол улсад ажиллах хугацаа, эрх дуусаж байгаа тул явах хүртэл нь ажил гүйцэтгүүлж, хийсэн ажлыг нь хүлээлцэж ажлын хөлс авахаар, ажиллах хугацаа сунгагдвал гэрээнд заасан ажлыг бүтнээр нь хийхээр тохирсон. Гэрээнд зааснаар ажилчид 2018.08.03-ны өдөр хүртэл ажилласан. Ажилчдын хугацаа сунгагдаагүй учраас нутаг буцсан. 2018.07.15-ны өдрөөс хойш хариуцагчаас удаа дараа ажил гүйцэтгэх гэрээний төлбөр нэхэмжилсэн ч хариуцагч төлбөрөө төлөөгүй, 2018.08.03-ны өдөр тооцоо нийлж, гүйцэтгэсэн ажлын акт үйлдсэн. Актаар манай компани 12-ын өрлөг 1102 м.кв, 24-ийн өрлөг 466.8 м.кв, дотор шавар 4996 м.кв зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажлын төлбөр 56.916.160 төгрөг, талуудын байгуулсан гэрээний 6.4-д зааснаар алданги 0,2 хувиар хоног тутамд тооцож 3.984.131 төгрөг, нийт 60.900.291 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ХХ ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Талууд 233.000.000 төгрөгийн гэрээ байгуулсан. Хууль болон гэрээнд нийт ажил хийж гүйцэтгэснээр санхүүжилт хийх зохицуулалттай. Ажлын гүйцэтгэлийг 7 хоног тутам баталгаажуулна гэсэн ч энэ нь санхүүжилт маргаангүй хийнэ гэсэн үг биш. Талууд ажлын гүйцэтгэл баталгаажуулсан хэдий боловч хүлээж авсан ажилд дүгнэлт хийх, аливаа доголдол, буцаалт зэргийг тусгайлан хэлэлцэх заалттай. Уг заалтаар санхүүжилт хэлэлцэж тохирох ёстой. Баталгаажуулсан акт санхүүгийн баримт биш. Гэрээгээр нарийвчлан заагаагүй бол хөлсийг ажил гүйцэтгэсний дараа төлнө гэсэн хуулийн заалт байдаг. 7 хоног тутам ажлын гүйцэтгэл баталгаажуулсан боловч хөлсийг эцсийн байдлаар тохиролцох заалттай. 233.000.000 төгрөгийн ажлаас хэдэн төгрөгийн ажлыг Солонгосчуудаар гүйцэтгүүлж, төлбөр төлөхөөр тохиролцсон тохиролцоо байхгүй. Гэрээний хавсралт гэрээний саналгүй нэг хэсэг. Солонгос ажилчдыг нутаг буцахаас өмнө ямар хэмжээний, хэдэн төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэдгээ тодорхойлоогүй. Ажлын гүйцэтгэл баталгаажуулсан акт нь ямар хэмжээний ажил хийх ёстойг тодорхойлсон. Талууд гүйцэтгэсэн ажлаа хүлээлцэж, ажлын доголдлын талаар харилцан тохиролцоонд хүрээгүй. Нэхэмжлэгч талын шавардлагаас 832 м.кв-ыг хасаж тооцсон эсэх нь тодорхойгүй. Талуудын байгуулсан гэрээний 6.4 дахь заалт нь гүйцэтгэгч захиалагчид төлөх ёстой алдангийн заалт болохоос захиалагчаас гүйцэтгэгчид алданги төлөх заалт биш. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/00048 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХ ХХК-иас 56 916 160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХБСК ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 984 131 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХБСК ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 462 452 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 442 530 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХБСК ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 422 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/00048 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 355 дугаар зүйлийн 355.5 гэснийг араас 232 дугаар зүйлийн 232.6 гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж дүгнээгүй. Талууд 233.000.000 төгрөгөөр нийт барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан. Хууль болон гэрээнд зааснаар нийт ажил хийж гүйцэтгэснээр санхүүжилт хийх хуулийн зохицуулалттай. Ажлын гүйцэтгэлийг 7 хоног тутам баталгаажуулна гэсэн ч энэ нь санхүүжилт маргаангүй хийнэ гэсэн үг биш. Хоёр тал ажлын гүйцэтгэл баталгаажуулсан хэдий боловч хүлээж авсан ажилд дүгнэлт хийх, аливаа доголдол, буцаалт зэргийг тусгайлан хэлэлцэх заалттай. Уг заалтаар санхүүжилтийг хэлэлцэж тохирох ёстой. Баталгаажуулсан акт нь Дангаараа санхүүгийн баримт биш. Гэрээгээр нарийвчлан заагаагүй бол хөлсийг ажил гүйцэтгэсний дараа төлнө гэсэн заалт байдаг. 7 хоног тутам ажлын гүйцэтгэл баталгаажуулсан боловч хөлсийг эцсийн байдлаар тохиролцох заалттай. 233.000.000 төгрөгийн ажлаас хэдэн төгрөгийн ажлыг Солонгосчуудаар гүйцэтгүүлж, төлбөр төлөхөөр тохиролцсон тохиролцоо байхгүй. Гэрээний хавсралт нь гэрээний салшгүй нэг хэсэг байхаар заалттай. Солонгос ажилчдыг нутаг буцахаас өмнө ямар хэмжээний, хэдэн төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэдгийг тодорхойлоогүй байж солонгос ажилчдаар барилгын ажил гүйцэтгүүлсэн. Гүйцэтгэсэн ажлын хөлсийг ХХ ХХК төлөхгүй байна гэж нэхэмжилж байна. Хэрэгт авагдсан ажлын гүйцэтгэл баталгаажуулсан акт нь ямар хэмжээний ажил хийх ёстойг тодорхойлсон. Талууд гүйцэтгэсэн ажлаа хүлээлцэж, ажлын доголдлын талаар харилцан тохиролцоонд хүрээгүй гэх зэргээр эргэлзээ бүхий нөхцөл байдал байсаар байхад анхан шатны шүүх эдгээрийг тодорхойлж, тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Бодит нөхцөл байдал ийм байхад давж заалдах шатны шүүх хэргийг дутуу, дулимаг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа ба ийнхүү дүгнэсэн нь анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрч, хэргийг хуулийн дагуу шийдвэрлээгүй гэж үзэхэд хүргэж байгаа юм. Мөн анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан ...шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн зөвшөөрсөн. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин шийдвэрлэх боломжийг олгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх ХХ ХХК-иас ажлын хөлс, алдангид нийт 60.900.291 төгрөг гаргуулахыг хүссэн ХБСК ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж, хуулийг бүрэн хэрэглээгүй алдааг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй болжээ.

Харин давж заалдах шатны шүүхийн өөрчлөлт нь найруулгын хувьд зохистой болоогүй байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулна.

Хоёр шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцаа, уг гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний талууд үүргээ хэрхэн гүйцэтгэсэн талаарх хоёр шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д нийцсэн байна.

ХБСК ХХК нь ХХ ХХК-ийн захиалгаар 12 давхарын  барилгын өрлөг, шаврын ажил гүйцэтгэн ажлын хөлсөнд 233.500.000 төгрөг авахаар тохиролцсон нь ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байна.

Гэрээгээр хүлээсэн ажлын зохих хувийг нэхэмжлэгч Солонгос ажилчдаар гүйцэтгүүлсэн, тухайн ажилчдын Монгол улсад ажиллах зөвшөөрлийн хугацаа дууссантай холбоотой гэрээ цуцлагдсаныг зохигч маргаагүй байна.

Нэхэмжлэгч, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хийсэн ажлыг дүгнэж, талууд акт үйлдэж баталгаажуулсныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тухайн хийгдсэн ажлыг гэрээний хавсралтад заасан тарифаар тооцоолж ажлын хөлс 56.916.160 төгрөг гаргуулсан нь хууль болон гэрээнд нийцсэн байна.

Харин алданги гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлд зааж буй гэрээний 6.4 дахь зохицуулалт нь ажил гүйцэтгэгчийн захиалагчаас алданги нэхэмжлэх үндэслэл болохгүйг шүүх дүгнэж алдангийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй“ тухай гомдолд дурдснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 422 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “355 дугаар зүйлийн 355.5 гэснийг араас 232 дугаар зүйлийн 232.6 гэж нэмж өөрчлөн” гэснийг “355 дугаар зүйлийн 355.5 гэсний дараа 232 дугаар зүйлийн 232.6 гэж нэмж” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ЦАГААНЦООЖ

                        ШҮҮГЧ                                                             Г.АЛТАНЧИМЭГ