Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Ханбогд резиденс хороолол, ЦТП 203/2 тоотод байрлах, Ханбогд сити констракшн ХХК /РД:6143512/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, ЗН14-93 тоотод байрлах, Холыг холбогч ХХК /РД:5459648/-д холбогдох,

 

60,900,291 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани Холыг холбогч ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр АГ-012011 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 8-229 тоот хаяг бүхий барилгын ажил дээр Солонгос ажилчдаар ажил гүйцэтгүүлэхээр тохирсон. Солонгос ажилчдын Монгол улсад ажил гүйцэтгэх эрх дуусаж байгаа тул явах хүртэл нь ажил гүйцэтгүүлж, хийсэн ажлыг нь хүлээлцэж ажлын хөлс авахаар, Солонгос ажилчдын Монголд ажиллах хугацаа сунгагдвал гэрээнд заасан ажлыг бүтнээр нь хийхээр тохирсон. Талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т зааснаар гэрээ байгуулсан өдрөөс хойш манай ажилчид 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажилласан. Солонгос ажилчдын Монголд ажиллах хугацаа сунгагдаагүй учраас Солонгос ажилчид нутаг буцсан. 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс хойш манай компани Холыг холбогч ХХК-аас удаа дараа ажил гүйцэтгэх гэрээний төлбөр нэхэмжилсэн боловч хариуцагч төлбөрөө төлөөгүй, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр тооцоо нийлж, гүйцэтгэсэн ажлын акт үйлдсэн. Уг актаар манай компани 12-ын өрлөг 1102 м.кв, 24-ийн өрлөг 466.8 м.кв, дотор шавар 4996 м.кв зэргийг ажлыг хийж гүйцэтгэсэн. Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д зааснаар гүйцэтгэсэн ажлын төлбөр 56,916,160 төгрөг, талуудын байгуулсан гэрээний 6.4-д зааснаар алданги 0,2 хувиар хоног тутамд тооцож 3,984,131 төгрөг, нийт 60,900,291 төгрөгийг хариуцагч Холыг холбогч ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талууд 233,000,000 төгрөгөөр нийт ажил тооцохоор гэрээ байгуулсан. Хууль болон гэрээнд зааснаар нийт ажил хийж гүйцэтгэснээр санхүүжилт хийх хуулийн зохицуулалттай. Ажлын гүйцэтгэлийг 7 хоног тутам баталгаажуулна гэсэн ч энэ нь санхүүжилт маргаангүй хийнэ гэсэн үг биш. 2 тал ажлын гүйцэтгэл баталгаажуулсан хэдий боловч хүлээж авсан ажилд дүгнэлт хийх, аливаа доголдол, буцаалт зэргийг тусгайлан хэлэлцэх заалттай. Уг заалтаар санхүүжилт хэлэлцэж тохирох ёстой. Баталгаажуулсан акт санхүүгийн баримт биш. Гэрээгээр нарийвчлан заагаагүй бол хөлсийг ажил гүйцэтгэсний дараа төлнө гэсэн хуулийн заалт байдаг. 7 хоног тутам ажлын гүйцэтгэл баталгаажуулсан боловч хөлсийг эцсийн байдлаар тохиролцох заалттай. Солонгосчуудаар ажил гүйцэтгүүлсэн гэдэг. 233,000,000 төгрөгийн ажлаас хэдэн төгрөгийн ажлыг Солонгосчуудаар гүйцэтгүүлж, төлбөр төлөхөөр тохиролцсон тохиролцоо байхгүй. Гэрээний хавсралт гэрээний саналгүй нэг хэсэг. Солонгос ажилчдыг нутаг буцахаас өмнө ямар хэмжээний, хэдэн төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэдгээ тодорхойлоогүй байж, Солонгос ажилчдаар барилгын ажил гүйцэтгүүлсэн. Гүйцэтгэсэн ажлын хөлсийг Холыг холбогч ХХК төлөхгүй байна гэж нэхэмжилж байна. Хавтаст хэрэгт авагдсан ажлын гүйцэтгэл баталгаажуулсан акт нь ямар хэмжээний ажил хийх ёстойг тодорхойлсон. Талууд гүйцэтгэсэн ажлаа хүлээлцэж, ажлын доголдлын талаар харилцан тохиролцоонд хүрээгүй. Нэхэмжлэгч талын дотор шавардлагаас 832 м.кв-ыг хасаж тооцсон эсэх нь тодорхойгүй. Талуудын байгуулсан гэрээний 6.4-д зааснаар алданги тооцсон нь гүйцэтгэгч барилгын ажлыг хүлээлгэж өгөөгүй тохиолдолд гүйцэтгэгч захиалагчид төлөх ёстой алдангийн заалт болохоос захиалагчаас гүйцэтгэгчид алданги төлөх заалт биш юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ханбогд сити констракшн ХХК нь хариуцагч Холыг холбогч ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 56,916,160 төгрөг, алдангид 3,984,131 төгрөг, нийт 60,900,291 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №АГ-01-2018 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Ханбогд сити констракшн ХХК нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 8-229 тоот хаягт байрлах барилгын 12-ын ханын өрлөгийг 1 м.кв-ын үнийг 10,000 төгрөгөөр тооцон 1,500 м.кв талбайд, 24-ийн ханын өрлөгийг 1 м.куб-ын үнийг 27,000 төгрөгөөр тооцон 500 м.куб талбайд, дотор шаврын ажлыг 1 м.кв талбайг 8,000 төгрөгөөр тооцон 20,000 м.кв талбайд, дам нурууны шаврын ажлыг 1 м.кв талбайг 9,000 төгрөгөөр тооцон 5,000 м.кв талбайд тус тус хийж, нийт ажлын хөлсөнд 233,500,000 төгрөгийг авахаар Холыг холбогч ХХК-тай тохиролцсон болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний шинж, талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Энэхүү гэрээг байгуулсан болохоо талууд хүлээн зөвшөөрч байх ба уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргахгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч Ханбогд сити констракшн ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 21-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд гэрээнд заасан өрлөг, шаврын ажил хийж гүйцэтгэсэн ба тус барилга дээр ажиллаж байсан Ханбогд сити констракшн ХХК-ийн Солонгос ажилчдын Монгол улсад ажиллах эрх сунгагдаагүй учраас 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс хойш гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба зохигч маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 56,916,160 төгрөгийг, алданги 3,984,131 төгрөгийг нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн болон 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Ажлын гүйцэтгэл баталгаажуулсан акт-ыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ...хэрэгт авагдсан 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн болон 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Ажлын гүйцэтгэл баталгаажуулсан акт нэхэмжлэгч талын хийсэн ажлыг баталгаажуулсан акт биш, харин хийх ажлыг тохиролцсон баримт гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгүүдэд шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх ба хариуцагч талаас энэ талаар ямар нэгэн баримтыг хэрэгт өгөөгүй.

Хэрэгт авагдсан 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн болон 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Ажлын гүйцэтгэл баталгаажуулсан акт-уудад захиалагч Холыг холбогч ХХК-ийн инженер болон гүйцэтгэгч талын инженер нар хэмжилт хийн гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба уг баримтыг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байх тул гэрээний дагуу гүйцэтгэгч талын хийсэн ажлыг баталгаажуулсан акт гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч нь гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй, ...харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй гэжээ.

Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дуусах болоогүй байсан боловч гүйцэтгэгч талын Солонгос ажилчдын Монгол Улсад ажиллах эрхийн хугацаатай холбоотойгоор ажлын гүйцэтгэлээ 7 хоног бүрээр дүгнэхээр тохирч, Солонгос ажилчдын эрх сунгагдаагүй тохиолдолд ажилласан хугацааны хөлсийг аваад гэрээг цуцлахаар талууд тохиролцсон, ...Солонгос ажилчдын ажиллах эрх сунгагдаагүй учраас нутаг буцсан тул гэрээ үргэлжлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх нэхэмжлэгч талын тайлбарыг хариуцагч үгүйсгэхгүй, хүлээн зөвшөөрч байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөр цуцлагдсан гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө хариуцагч талаас шаардах эрхтэй гэж үзлээ.

 

2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн болон 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Ажлын гүйцэтгэл баталгаажуулсан акт-д ажил гүйцэтгэгч буюу Ханбогд сити констракшн ХХК нь 12-ын ханын өрлөгийг 1102 м.кв талбайд /1102 м.кв*10,000=11,020,000 төгрөг/, 24-ийн ханын өрлөгийг 466.08м.куб талбайд /466.08м.куб*27,000=12,584,160 төгрөг/, дотор шаврын ажлыг 4,164 м.кв талбайд /4,164 м.кв*8,000=33,312,000 төгрөг/ тус тус хийж, нийт 56,916,160 төгрөгний ажил хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч хариуцагчаас нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 56,916,160 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр хийнэ гэж заажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.4-т гүйцэтгэгч заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутмаар тооцож захиалагчид төлнө гэснийг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 3,984,313 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

 

Учир нь гэрээний 6,4 дэх зохицуулалт нь хариуцагч нэхэмжлэгчээс алданги нэхэмжлэх эрхтэй болохыг зохицуулсан заалт болохоос нэхэмжлэгч хариуцагчаас алданги нэхэмжлэх эрхийг зохицуулсан заалт биш байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги тооцон нэхэмжлэх тухай гэрээг талууд бичгээр тохиролцоогүй байна гэж үзлээ.

 

Иймд дээрх үндэслэлээр Холыг холбогч ХХК-иас 56,916,160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ханбогд сити констракшн ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,984,131 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Холыг холбогч ХХК-иас 56,916,160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ханбогд сити констракшн ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,984,131 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ханбогд сити констракшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 462,452 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Холыг холбогч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 442,530 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ханбогд сити констракшн ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэг т зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА