Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2022/02920

 

 

 

 

 

 

 

 

 

 2022       10         13                                             182/ШШ2022/02920          

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Ц, Д.Х нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Н, Д.Э нарт холбогдох,  

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүй хөрөнгөжсөн 436,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Ч.А,

Хариуцагч нарын төлөөлөгч П.У, өмгөөлөгч С.Э,

Гэрч Б.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.Ц нь өөрийн бизнесийн үйл ажиллагаанд зориулан 2018.03.28-ны өдөр иргэн Д.Э зээлийн гэрээ байгуулан нийт 110,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан. Энэхүү зээлийн гэрээний барьцаа болгож, ВК ХХК‑иас 1,150,000,000 төгрөгөөр худалдан авсан, тухайн үед өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж аваагүй байсан Хан-Уул дүүргийн 11 хороо, Ар зайсан гудамжны 5в тоотод байрлах, 321,34 м.кв талбайтай, 3 давхар элит зэрэглэлийн хаусын өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Эийн нөхөр болох Д.Н руу ВК ХХК‑ийн захирал Ц-н нэрнээс шууд 2018.03.28‑ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн өгсөн байдаг. Хэдийгээр Б.Ц нь Д.Э барьцааны гэрээ байгуулах үүрэгтэй байсан боловч байгуулаагүй, харин барьцаалуулах зорилгоор нөхөр Д.Нт өмчлөх эрхийг шилжүүлсэн байдаг болохоос худалдах санаа зорилго байгаагүй. Үүнийг өмнө нь хурал дээр гэрч Ф.Ц мөн мэдүүлсэн байдаг. Улмаар 2020.09.15-ны өдөр зээлийн гэрээний хугацааг сунган нийт 264,000,000 төгрөгөөр талууд тооцоо нийлсэн байдаг бөгөөд энэхүү зээлийн гэрээний дагуу шүүхэд огт маргаан үүсгээгүй байдаг. Энэхүү зээлийн гэрээгээр талууд эцэслэн тооцоо нийлж, 264,000,000 төгрөгийг Б.Ц 2020.12.28-ны өдрийн дотор төлж барагдуулсан тохиолдолд 220,000,000 төгрөгөөр, хугацаа хожимдуулсан тохиолдолд нийт 264,000,000 төгрөг төлөхөөр, түүнчлэн гэрээний дагуу тохиролцсон ёсоор үүргээ гүйцэтгэвэл талууд өгсөн, авснаа буцаана. Хэрэв Б.Ц нь зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хариуцагч Д.Н, Д.Э нар нь ХУД-ийн  тоотод байрлах, 321,34 мкв талбайтай, 3 давхар элит зэрэглэлийн хаусыг 264,000,000 төгрөгөнд тооцон авах, харин тухайн хаусын үнийн зөрүү үнэ болох 1,115,000,000-264,000,000=851,000,000 төгрөгөөс тухайн байрны элэгдэл хорогдлыг хасаж 700,000,000 төгрөгийг Б.Цад буцаан өгөхөөр амаар тохиролцсон байдаг.

Гэвч нэхэмжлэгч Б.Ц нь зээлийн мөнгийг тохиролцсон хугацаандаа төлж чадаагүй бөгөөд хариуцагч нар ярьсан аман тохиролцоондоо  хүрэлгүй, тухайн хаусын үнийн зөрүү болох 700,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Цад өгөлгүй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ өөрийн нэр дээр байгааг далимдуулж, байрнаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Б.Цын эхнэр Д.Хд холбогдуулж Хан‑Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг. Хан‑Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.05‑ны өдөр 2672 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Б.Ц зээлийн мөнгийг 2020.12.28‑ны өдөр төлж дуусгах, төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч Д.Х 2021.01.01‑ний өдөр хаусыг чөлөөлж өгөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Харин нэхэмжлэгч Б.Ц нь шүүхийн шийдвэрт заасан хугацаанд төлбөрийг төлж чадаагүй учир хариуцагч Д.Н нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдснаар нэхэмжлэгч Б.Ц, Д.Х нар амьдарч байсан хаусаа чөлөөлөн өгч, амьдрах орон байргүй болсон. Ингээд хариуцагч Д.Н нь тухайн хаусыг цааш бусдад худалдсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар харагдана. Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Д.Эээс 110,000,000 төгрөгийг зээлэн түүний хүү, алдангид нийт 264,000,000 төгрөгийг төлж чадаагүй нь үнэн боловч, хариуцагч нар нь Б.Цын өмчлөлийн, зах зээлийн ханшаар 768,003,000 төгрөгөөр үнэлэгдэж буй элит зэрэглэлийн, 3 давхар хаусыг 264,000,000 төгрөгийн төлбөрт бүхэлд нь авах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.Н нь маргааны зүйл болсон ХУД-ийн  тоотод байрлах, 321,34 мкв талбайтай, 3 давхар элит зэрэглэлийн хаусны өмчлөгч болсон 2018.03.28‑ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус, дүр үзүүлэн хийсэн хэлцэл бөгөөд тухайн гэрээнд заагдсан 30,000,000 төгрөгийн төлбөрийг хариуцагч Д.Н нь нэхэмжлэгч Б.Цад төлөөгүй, угаасаа худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй, гагцхүү барьцаа болгон өгсөн байдаг юм. Улмаар хариуцагч Д.Н нь энэхүү худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөгч болсноор дурдсан үйлдлүүд хийгдэж, нэхэмжлэгч нар өөрийн гэсэн хаусгүй болж, хохирч байна. Одоо хаус бусдын өмчлөлд нэгэнт шилжсэн, бид буцаан авах боломжгүй болсон, тийм учраас бид ХҮТ ХХК‑нд хандаж, тухайн хаусны зах зээлийн ханшийг жишиг байдлаар үнэлүүлэхэд 768,003,000 төгрөг болсон байгаа. Бид нэхэмжлэлийн шаардлагаа 700,000,000 төгрөгөөр тооцсон байсан бөгөөд уг дүнгээс зээлийн 264,000,000 төгрөгийг хасч, 436,000,000 төгрөг болгон шаардлагаа багасгасан байгаа. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1‑д зааснаар хариуцагч нарыг 436,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нараас 436,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож өгнө үү гэв.

2.Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч  Б.Ц нь 2018.03.28-ны өдөр Д.Эээс 110,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлж авсан. Үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 5б тоот хаягт байршилтай 321,34 м.кв хаусыг Д.Эийн нөхөр Д.Н нэр дээр шилжүүлэн өгсөн. Гэтэл Б.Ц дээрх хугацаанд зээлээ эргүүлэн төлөөгүй учир хариуцагч Д.Нын зүгээс 2019.10.11 өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хаусыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж, улмаар хариуцагч Д.Хын зүгээс зээлийн гэрээний хугацааг сунгаж өгөхийг хүссэн. Уг хүсэлтийн дагуу талууд тохиролцож 2020.09.15-ны өдөр зээлийн гэрээний хугацаа сунгах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 2020.09.15-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн 264,000,000 төгрөг байна гэдгийг талууд харилцан хүлээн зөвшөөрч, 2019.12.28‑ны өдөр гэхэд тус төлбөрийг төлөх, хэрэв төлөөгүй бол үүргийн гүйцэтгэлээр хангуулах, тухайн хаусыг нэн даруй суллаж өгөхөөр харилцан тохиролцсон. Энэ гэрээг талууд нотариатаар батлуулсан байдаг бөгөөд нотариатч эрх, үүрэг, үр дагаврыг нь тайлбарлаж өгсөн байдаг.

Ингээд 2020.10.05-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулан, улмаар  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2672 тоот шүүгчийн захирамжаар талуудын эвлэрлийг баталгаажуулан, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл  Б.Ц, Д.Х нар эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гүйцэтгэх хуудас гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж 2021.05.14‑ний өдөр дуусгавар болсон. Нэхэмжлэгч талаас зөрүү 700,000,000 төгрөг төлөх талаар аман тохиролцоо хийсэн гэх боловч ийм тохиролцоо огт болоогүй. Өөрөөр хэлбэл, бидний яриад байгаа үйл баримтын талаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн, энэ талаар хүчин төгөлдөр шийдвэртэй, хариуцагч нар 264,000,000 төгрөгийн зээлийн үүргийг хангуулах зорилгоор хаусыг бүхэлд нь авсан.

Түүнчлэн Ф.Цгоос маргааны зүйл болсон хуас худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр хариуцагч Д.Нт шилжиж ирсэн. Нэхэмжлэгч энэ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага өмнө нь гаргасан байснаа өөрчилсөн учраас энэ талаар шаардлага гаргасан гэж үзэхгүй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.Н нь хаусыг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр, шийдвэр гүйцэтгэлийн журмаар авсны дараа захиран зарцуулах эрхтэй болсон. Ингээд хариуцагч нар тухайн байраа 280,000,000 төгрөгөөр худалдсан, хуас бусдад шилжсэн байгаа. Иймд хариуцагч нар ямар нэгэн байдлаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг нь тогтоогдохгүй, нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч тал, 2018.03.28‑ны өдрийн зээлийн гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, 2020.09.15‑ны өдрийн зээлийн гэрээний хугацаа сунгах тухай зээлийн гэрээ, иргэний үнэмлэхний лавлагаа, 2014.02.10‑ны өдрийн захиалгын гэрээ, ВК ХХК‑ийн 7/08 тоот тодорхойлолт, тус байгууллагын нотлох баримт хүргүүлэх тухай 2020.08.27‑ны өдрийн 102 дугаар албан бичиг, Хан‑Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны мэдэгдэл, 2018.03.28‑ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Хан‑Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.05‑ны өдрийн 2672 дугаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны зарлан дуудах мэдэгдэл, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэл, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, ХҮТ ХХК‑ийн 2022.04.18‑ны өдрийн хөрөнгө үнэлсэн тухай тайлан гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

4.Хариуцагч тал, 2020.10.05‑ны өдрийн эвлэрлийн гэрээ, 2017.06.03‑ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, ХААН банкны 2020 оны мөнгөн шилжүүлгийн баримтууд, Улаанбаатар хотын банкны 2020 оны мемориалын баримтууд, Э.Мийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан 2020 оны бие даасан шаардлага, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.29‑ний өдрийн 10902 дугаар хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамж, 2020 оны үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, 2020 оны эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2021.05.17‑ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнүүд, 2021.05.17‑ны өдрийн төлбөр барагдуулах хэлцэл, Д.Нын өмчлөлийн хувийн сууцын өмчлөх эрхийн гэрчилгээ, 2020.09.15‑ны өдрийн зээлийн гэрээний хугацаа сунгах тухай зээлийн гэрээ, Б.Ц, Д.Э нарын иргэний үнэмлэхний лавлагаа, 2020.09.15‑ны өдрийн Б.Цын хүсэлт, Хан‑Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.05‑ны өдрийн 2672 дугаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгчээ.

 

5.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу маргааны зүйл болсон ХУД-ийн  тоотод байрлах хувийн сууцны хувийн хэргийн материалыг бүхэлд /101 хуудас/ нь,

Хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021.09.13‑ны өдрийн 10/6274 дүгээр албан бичиг,

Тус шүүхийн 2021.12.16‑ны өдрийн нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9‑д зааснаар нэхэмжлэгч Б.Ц, ВК ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014.02.10-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, 2017.05.26-ны өдрийн Ж.Энхжаргал, Б.Ц нарын хооронд хийгдсэн төлбөр барагдуулах хэлцэл, ВК ХХК-ийн 2022 оны албан бичгүүд, Эфрем гэйт констракшн ХХК‑ийн 2015 оны хүсэлт, 2015 оны кассын орлогын ордерууд, ВК ХХК‑ийн барьж буй орон сууцны товч танилцуулга, ВК ХХК‑ийн Голомт банкны дансны хуулгууд, ВК ХХК болон Эфрем гэйт констракшн ХХК хоорондын 2013‑2022 оны тооцоо, 2022 оны гэрээний дүнгийн акт тогтоосон баримтууд, Эфрем гэйт констракшн ХХК‑ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2014 оны 96 айлын каркас угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2013 оны Дүнжингарав оффисийн барилга, каркас угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт, 2014 оны Хан‑Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 давхар орон сууцны каркас угсралтын ажил гүйцэтгэх гэрээнүүд, Д.Нын нэхэмжлэлтэй Д.Хд холбогдох орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагатай, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.06-ны өдрийн 183/ШШ2020/02672 дугаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны баримтууд, ВК ХХК-ийн захирал Ф.Цгийн ХААН банкны дансны 2018.03.12-ны өдрөөс 2018.03.29-ний өдрийг дуусталх хугацааны хуулга гэсэн баримтуудыг тус тус шүүхийн журмаар бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Нэхэмжлэгч Б.Ц, Д.Х нар нь хариуцагч Д.Н, Д.Э нарт холбогдуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн 700,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 436,000,000 төгрөг болгон багасгасан болно.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Д.Э байгуулсан зээлийн гэрээний барьцаа болгон өөрийн өмчлөлийн маргааны зүйл болсон, тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хувийн сууцны өмчлөх эрхийг Ф.Ц, Д.Н нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн байдаг, улмаар зээлээ төлж чадахгүй байдалд хүрч, 264,000,000 төгрөгийн зээлийн өрөнд хувийн сууцаа хариуцагч Д.Нт алдсан, Ф.Ц, Д.Н нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл, тэд хувийн сууцыг худалдах, худалдан авах бодит хүсэл зориг байгаагүй, гэрээний үнэ болох 30,000,000 төгрөгийг өгч, авалцсан зүйл байхгүй, энэ хэлцлийн үндсэн дээр хувийн сууцны өмчлөгч нь Д.Н болж, хувийн сууцыг бусдад зарж бидэнд хохирол учруулсан тул хувийн сууцны зах зээлийн үнээс зээлийн төлбөрийг хасч, зөрүү мөнгөө үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Харин хариуцагч тал нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Д.Эээс авсан зээлээ төлж чадахгүй байдалд хүрч барьцаа болгон нөхөр Д.Нын нэр дээр шилжүүлсэн хувийн сууцаа 264,000,000 төгрөгт тооцож өгсөн, энэ талаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр бид эвлэрч, гэрээ байгуулсан бөгөөд зээл төлөх хугацааг сунгаж, зээлийг төлөөгүй тохиолдолд маргааны зүйл болсон хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон, шүүх эвлэрлийг баталсан, энэ шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Д.Н нь хувийн сууцны хууль ёсны өмчлөгч болсон, хувийн сууцыг цааш нь бусдад худалдсан байгаа, бидний хувьд үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл байхгүй, нэхэмжлэгч нь Ф.Ц, Д.Н нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаагүй, маргааны зүйлийн талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

 

3.Нэхэмжлэгч Б.Ц нь ЭГ констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг байх ба, тус компани нь ВК ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнүүдийн дагуу хийсэн ажлынхаа хөлсөнд ВК ХХК-иас 2014.02.10-ны өдрийн захиалгын гэрээний дагуу, тус компанийн барьж ашиглалтад оруулсан 1,150,000,000 төгрөгийн үнэ бүхий ХУД-т байрлах, 321,34 м.кв хувийн сууцыг хүлээн авчээ. Тухайн хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь ВК ХХК-ийн захирал Ф.Цгийн нэр дээр байсан ба, нэхэмжлэгч Б.Ц нь тухайн үедээ энэхүү хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Ф.Цгоос өөрийн нэр дээр шилжүүлэн авах ёстой байтал аваагүй байжээ.

 

Нэхэмжлэгч Б.Ц нь 2018.03.28-ны өдөр хариуцагч Д.Э зээлийн гэрээ байгуулж, 110,000,000 төгрөгийг 2019.03.28-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 5%-ийн хүүтэй хариуцагч Д.Эээс зээлж, 2018.03.28-ны өдрийн Ф.Ц, Д.Н нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу өөрийн өмчлөлийн ХУД-т байрлах, 321,34 м.кв хувийн сууцыг барьцаа болгон зээлдүүлэгч Д.Эийн нөхөр болох хариуцагч Д.Нт шилжүүлсэн талаар зохигчид маргасангүй.

 

4.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Ц нь маргааны зүйл болсон хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг аваагүй, нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Д.Э нарын зээлийн гэрээний барьцаа болгох хүсэл зоригийн дагуу 2018.03.28-ны өдөр Ф.Ц, Д.Н нарын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Энэхүү гэрээний дагуу Ф.Ц нь ХУД-т байрлах, 321,34 м.кв хувийн сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдах, хариуцагч Д.Н төлбөр төлөх үүргийг хүлээсэн байх ба, Ф.Ц, Д.Н хооронд тухайн хувийн сууцыг худалдах, худалдан авах бодит тохиролцоо, хүсэл зориг байгаагүй, гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг хэрэгжээгүй боловч 2018.03.28-ны өдөр хариуцагч Д.Н нь маргааны зүйл болсон хувийн сууцны өмчлөгч болж өмчлөх эрхийн гэрчилгээг авчээ. Дурдсан үйл баримтын талаар 2021.12.26-ны өдрийн шүүх хуралдаан дээр Визард констаркшн ХХК-ийн захирал, гэрч Ф.Ц тодорхой мэдүүлсэн байдаг.

 

5.Харин нэхэмжлэгч Б.Ц нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч Д.Н нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргааны зүйл болсон хувийн сууцыг өмчлөгчийн хувиар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Д.Хд холбогдуулан гаргасан байх ба, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Ц нь 2020.09.15-ны өдөр зээлийн гэрээний хугацаа сунгах тухай хүсэлтийг хариуцагч Д.Э гаргаж, 2020.09.15-ны өдөр нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Д.Э нар нь зээлийн гэрээний хугацаа сунгах тухай гэрээг байгуулсан байна.

 

Уг гэрээгээр талууд 110,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг нь хүү 66,000,000 төгрөг, алданги 18 сар буюу 540 хоногт 475,000,000 төгрөг болсныг хуульд нийцүүлэн 88,000,000 төгрөг, нийт 264,000,000 төгрөг болсныг харилцан хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний хугацааг 2019.03.28-ны өдрөөс 2020.12.28-ны өдрийг хүртэл сунгаж, тогтоосон хугацаанд 220,000,000 төгрөгийг төлсөн тохиолдолд 2018.03.28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг бүрэн дуусч, барьцааны хөрөнгийг буцаан өгөх, төлөөгүй тохиолдолд тохиролцоо хүчингүй болж, 2018.03.28-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг тооцож төлөхөөр тохиролцон, нотариатаар батлуулсан байх ба, нотариатч гэрээний агуулга үр дагаврыг танилцуулсан, энэ талаар гэрч Б.Г давхар мэдүүлсэн.

 

6.Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.05-ны өдрийн 2642 дугаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар, Д.Э, Д.Ц нарын хоорондын зээлийн гэрээний хугацаа сунгах тухай 2020.09.15-ны өдрийн гэрээний 6 дахь заалтад мөнгөн төлбөрийн үүргээ 2020.12.28-ны өдөр бүрэн дуусгавар болгох, мөн гэрээний 7 дугаар заалтад мөнгөн төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлсөн баримтыг хүлээн авмагц зээлдүүлэгч барьцаа хөрөнгийг зээлдэгч талд буцаан шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн, зээлдэгч Б.Ц үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Д.Х 2021.01.01-ний өдөр маргаан бүхий ХУД-ийн  тоотод байрлах, 321,34 м.кв талбай бүхий хувийн сууцыг чөлөөлж өгөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Гэвч нэхэмжлэгч Б.Ц нь зээлийг сунгасан хугацаа болох 2020.12.28-ны өдөр зээлийг бүрэн төлж дуусгаагүй, төлөөгүй байсны улмаас Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.05-ны өдрийн 2642 дугаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2021.01.22-ны өдрийн 882 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 75 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2021.05.14-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар “төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн” гэсэн үндэслэлээр дуусгавар болсон байна.

 

7.Өөрөөр хэлбэл, зохигчид 2018.03.28-ны өдрийн зээлийн гэрээ, уг зээлийн гэрээний хугацааг сунгасан 2020.09.15-ны өдрийн гэрээний дагуу үндсэн зээл 110,000,000 төгрөг, хүү 66,000,000 төгрөг, алданги 88,000,000 төгрөг, нийт 264,000,000 төгрөг болсон талаар маргаагүй, энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлээгүй байх ба өөрсдөө харилцан тооцоо хийж тогтоосон, дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Ц, Д.Х нар нь өөрсдийн амьдарч байсан ХУД-ийн  тоотод байрлах, 321,34 м.кв талбай бүхий, хувийн сууцыг хариуцагч Д.Нт чөлөөлж өгчээ.

 

Улмаар хариуцагч Д.Н нь маргааны зүйл болсон ХУД-ийн  тоотод байрлах, 321,34 м.кв талбай бүхий хувийн сууцыг 2021.05.28-ны өдөр Э.Мт 280,000,000 төгрөгөөр худалдсан болохоо 2021.12.16-ны өдрийн шүүх хуралдаанд тайлбарласан, Э.М нь 2021.06.25-ны өдөр С.Нт 480,000,000 төгрөгөөр худалдсан байх ба, уг маргааны зүйл болсон хувийн сууцны эцсийн өмчлөгч нь С.Н болжээ.

                                                             

8.Энэхүү маргааны зүйл болсон, ХУД-ийн  тоотод байрлах, 3 давхар, 321,34 м.кв талбай бүхий, хувийн сууцны үнэ 1,150,000,000 төгрөг болох нь хэрэгт авагдсан баримтууд буюу шүүгчийн захирамжийн дагуу ВК ХХК-иас ирүүлсэн баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд зөрүүтэй байна. Харин эдгээр баримтуудаар ЭГ констракшн ХХК, ВК ХХК-ийн хоорондын гүйцэтгэсэн ажлуудын төлбөр тооцооны байдал харагдана.

 

Тиймээс нэхэмжлэгч Б.Ц нь ХҮТ ХХК-нд хандаж, маргааны зүйл болсон, хувийн сууцны зах зээлийн ханшийг жишиг байдлаар үнэлүүлсэн байх бөгөөд 2022.04.18-ны өдрийн ХҮТ ХХК-ийн 185 дугаар тайлангаар, 2021 оны 03 сарын байдлаар тухайн хувийн сууцны зах зээлийн үнэ ханшийг 768,003,000 төгрөг болохыг тогтоожээ.

 

9.Дээрх бүгдээс дүгнэн үзвэл, нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Д.Э нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, түүний барьцаа болгон хийсэн 2018.03.28-ны өдрийн Ф.Ц, Д.Н нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу дээр дүгнэсэн үйл баримтууд буюу үйлдлүүд хийгдсэн байх ба, маргааны зүйл болсон хувийн сууцны өмчлөх эрхийг хариуцагч Д.Нт шилжүүлсэн 2018.03.28-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн, анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл болжээ.

 

Өөрөөр хэлбэл, 2018.03.28-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь “дүр үзүүлж хийсэн хэлцлийн талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй, хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсдэггүй, энэ үйлдлээрээ гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьдал болгодог, хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг” онцлогт нийцэж байна.

 

10.Иймд хариуцагч Д.Н, Д.Э нар нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр маргааны зүйл болох хувийн сууцны өмчлөгч болж, нэхэмжлэгч Б.Цын 768,003,000 төгрөгийн үнэ бүхий хувийн сууцыг хариуцагч Д.Эийн зээлийн гэрээний үүрэг болох 264,000,000 төгрөгт тооцон авсан нь хууль зүйн үндэслэлгүй, тэднийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар, нэхэмжлэгч талын тооцоолсноор /700,000,000 төг - 264,000,000 төг/ 436,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.05-ны өдрийн 2642 дугаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар маргааны зүйлийг шийдвэрлэсэн гэж үзэхгүй болно.  

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан “хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэсэн зохицуулалтад хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д заасан эрх зүйн хэм хэмжээ агуулагдаж байгаа, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх эрх зүйн харилцаа нь нэг талаас гэрээний бус харилцаанд хамаардаг атлаа гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа болдоггүй, нөгөө талаас гэрээний бус харилцаа боловч гэрээний харилцаанаас үүдэлтэй байх боломжтой байдаг онцлогтой.

 

11.Тиймээс хариуцагч талын гаргасан “...энэ асуудлыг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр нэгэнт шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр шийдвэртэй, түүнчлэн нэхэмжлэгч тал 2018.03.28-ны өдрийн Ф.Ц, Д.Н нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэх...” агуулга бүхий тайлбар үгүйсгэгдэж байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Б.Ц нь үндэслэлгүй хөрөнгөжсөн 436,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018.03.28-ны өдрийн Ф.Ц, Д.Н нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж, шаардлагаа үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тодорхойлсон, тэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар маргааны зүйл болсон хувийн сууцыг хариуцагч Д.Н, Д.Э нараас буцаан шаардах боломжгүй болж хохирсон байх тул маргааны зүйл болсон, хувийн сууцны зөрүү үнэ болох 436,000,000 төгрөгийг хариуцагч нараас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй гэж үзлээ.

 

12.Иймд хариуцагч Д.Э, Д.Н нараас 436,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цад олгож, нэхэмжлэгч Д.Хын нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч ВК ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Учир нь нэхэмжлэгч Б.Ц, Д.Х нар нь хууль ёсны гэр бүл биш байх боловч хамтын амьдралтай, нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Д.Э нарын хооронд үүссэн зээлийн гэрээ болон хариуцагч Д.Н, Ф.Ц нарын хооронд үүссэн худалдах худалдан авах гэрээний харилцаанд ямар нэгэн байдлаар оролцоогүй, эдгээр гэрээгээр ямар нэгэн эрх эдэлж, үүрэг хүлээгээгүй, харин Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу маргааны зүйл болсон хувийн сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн хариуцагчаар оролцсон байх бөгөөд энэхүү маргаанд нэхэмжлэгч Д.Хын эрх ашиг бодит байдлаар хөндөгдөөгүй байна гэж үзсэн, нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ВК ХХК-нд холбогдох шаардлагаасаа татгалзсан болно.

 

13.Нэхэмжлэгч Б.Цын 2021.03.01-ний өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 3,657,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Н, Д.Э нараас 2,337,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цад олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1‑д зааснаар хариуцагч Д.Э, Д.Н нараас 436,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цад олгож, нэхэмжлэгч Д.Хын нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч ВК ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Цын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,657,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Н, Д.Э нараас 2,337,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Т.ЭНХТУЯА