Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/00449

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Сгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02648 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х.Сгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.От холбогдох,

 

Гэм хорын хохиролд 7 499 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2018.08.22-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас Эрдэнэтийн чиглэлд өөрийн Тоёота приус 30 маркын, 34-64 ОРХ дугаартай машинаар зорчиж яваад Тоёота приус 20 маркын 24-43 УНИ дугаартай машины жолооч Х.Оын буруутай үйлдлийн улмаас осолд орсон. Нэхэмжлэгч цочролд орж толгойдоо доргилт авч бие мах бодын болон сэтгэл санааны хохирол учирсан. Х.От хуулийн байгууллага хариуцлага тооцсон. Х.Ооос эмчилгээний зардал 490 000 төгрөг, машины эвдрэл гэмтэл засварын зардалд 6 000 000 төгрөг, унааны болон өмгөөллийн хөлс бусад зардалд 1 009 000 төгрөг, нийт 7 499 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Машины эвдрэлийн талаарх дүгнэлтэд 4 500 000 гэсэн нь Улаанбаатар хотод 3 200 000 төгрөг байсан. Дүгнэлтэд заасан эд ангиа сольсон. Хэдийгээр 6 000 000 төгрөгийн хохирол гарсан гэж байгаа боловч 3 000 000төгрөгийг зөвшөөрөх боломжтой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Ооос нийт 6 018 100/зургаан сая арван найман мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Сд олгож, үлдсэн 1 480 900/нэг сая дөрвөн зуун наян мянга есөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135 000 төгрөгөөс 134 934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас илүү төлсөн 66 төгрөгийг, хариуцагч Х.Ооос улсын тэмдэгтийн хураамжид 63 562 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.С-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ө давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлтэд үндэслэж нэхэмжлэл гаргасан, хариуцагч үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй боловч машиныг нэхэмжлэгч худалдан борлуулсан тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Дүгнэлтэд дурдсан 6 000 000 төгрөг нь нэхэмжлэгчид бодитоор учирсан хохирол биш  гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Х.С нь хариуцагч Х.От холбогдуулан эрүүл мэндэд болон эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 7 499 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “ бодит хохирол биш “ гэж маргасан./ хх 1-2, 66-69/

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас Эрдэнэт хотын чиглэлд өөрийн эзэмшлийн Тоёота приус 30 маркын, 34-64 ОРХ дугаартай машинаар зорчиж яваад Тоёота приус 20 маркын 24-43 УНИ дугаартай машины жолооч Х.Оын буруутай үйлдлийн улмаас осолд орсон үйл баримт тогтоогдсон. Хариуцагч Х.О гэм буруугийн асуудлаар маргаагүй. Түүнчлэн эмчилгээний зардалд 490 000 төгрөг гаргуулах үндэслэлгүй гэж анхан шатны шүүхээс шийдвэрлэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй. Ослын улмаас нэхэмжлэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учирсан, хохирогч буюу нэхэмжлэгч өөрөө машинаа засварлаж авсан ба улмаар худалдан борлуулсан үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 66-69 /

 

Зохигчид автомашины эвдрэл гэмтлийн засварт гарсан 6 000 000 төгрөгийн хохирлыг төлөх эсэх асуудлаар маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь осол гарсан даруйд автомашинд хохирлын үнэлгээ хийлгэхэд үнэлгээчид хохирлын хэмжээг 6 000 000 төгрөгөөр тогтоосон гэсэн бол хариуцагч  “засварласан  баримтаа гаргаагүй. 21 000 000 төгрөгөөр авсан машинаа 17 000 000 төгрөгөөр зарчихсан тул нэхэмжлэгчид хохиролгүй “ гэж татгалзсан. / хх-ийн 42-43 дугаар хуудас/ Зам тээврийн осолтой холбоотой хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байх явцад эвдэрсэн машинд үнэлгээ тогтоосон. Үнэлгээний байгууллагаас хохирлыг 6 000 000 төгрөгөөр тогтоожээ. / хх-ийн 12/

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д зааснаар ”хөрөнгийн үнэлгээ хийх” гэж хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход чиглэсэн үнэлгээчний хараат бус үйл ажиллагааг хэлэх бөгөөд ”үнэ цэнэ” гэдэг ойлголт нь хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх үнийн дүн юм.

 

Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг бөгөөд уг үнэлгээний талаар хариуцагч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар мэргэжлийн байгууллагад гомдол гаргаагүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй тул анхан шатны шүүхээс 6 018 100 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч өөрийн хөрөнгө болох машинаа захиран зарцуулж, худалдан борлуулсан нь өмчлөгчийн эрх бөгөөд машиныг худалдсан нь нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирлыг хариуцагчаас гаргуулахгүй байх үндэслэл болохгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02648 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Оын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111 240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                    ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД