| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/01505/И |
| Дугаар | 183/ШШ2022/02964 |
| Огноо | 2022-10-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2022/02964
2022 оны 10 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2022/02964 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн 20/1, Сөүл плаза 4 давхар, 401 тоот хаягт байрлах, Очир ундраа ОМЗ ББСБ ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхт 5 гудамж, 84 тоот хаягт оршин суух, Атган овогт Гонгорын Бямбажав /РД:000000000/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 25 958 117 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Г.Бямбажав нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК-тай ХУЗГ19/66 дугаартай Зээлийн гэрээ, ХУБГ19/66 дугаартай барьцааны гэрээ байгуулан нийт 15 000 000 төгрөгийг, жилийн 39.6 хувь, сарын 3.3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн болно. Зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхт 5 гудамж, 84 тоот хаягт байршилтай, Ү-2206014436 улсын бүртгэлийн дугаартай 80 м.кв талбай бүхий Хувийн сууцыг, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхт 5 гудамж, 84 тоот хаягт байршилтай, Г-2206005025 улсын бүртгэлийн дугаартай 18635305559676 нэгж талбарын, 414 м.кв талбай бүхий Гэр бүлийн хэрэгцээний газрын хамт барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш үндсэн зээлээс 2 776 507.82 төгрөг, хүүнд 4 928 800.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57 011.34 төгрөг, нийт 7 762 320 төгрөг төлсөн байна. Г.Бямбажав нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Зээлийн гэрээний Хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул манай байгууллагаас 2020.04.28-ны өдөр, 2020.06.09-ний өдөр, 2020.8.26-ны өдөр, 2021.03.10-ны өдөр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх, нэмэлт хугацаа олгох мэдэгдэлийг зээлдэгчид удаа дараа өгсөн ч зээлдэгчийн зүгээс амлалтуудаа биелүүлэлгүй, хугацааг удаашруулж, хэрэгжүүлээгүй өнөөдрийг хүргэсэн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 12 223 492,18 төгрөг, хүүгийн төлбөр 6 098 297,39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 223 981,92 төгрөг, нийт 18 545 771,49 төгрөгийн зээлийн зөрчилтэй байсны дээр шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал болох нотариатын зардалд 10 000 төгрөгийг хохиролд тооцон шаардаж байсан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсантай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, үндсэн зээлд 12 223 492,18 төгрөг, зээлийн хүүд 12 450 628,37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 283 996,96 төгрөг, нийт 25 958 117 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шийдвэрт тусгаж өгнө үү... гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн зөвшөөрч байгаа. Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК нь анх 2021 оны 5 дугаар сард тус шүүхэд зээлийн үүрэгт 18 545 771,49 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шаардлага гаргасан. 2021 оны 11 дүгээр сард шүүхээс хэргийг шийдвэрлэж, хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаж, 2022 оны 3 дугаар 16-ны өдрийн 487 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг. Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 12 223 482,18 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Ямар нэг маргах зүйлгүй. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээ цуцлаад нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл гэрээ нэг талын санаачилгаар цуцлагдсаны дараа шүүхэд хандсан. Гэрээгээ цуцалснаас хойш нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа нэмэгдүүлсэн байдаг. Нэгэнт гэрээ цуцлагдсан учраас нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж хүү тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй шаардах эрхгүй гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн хариуцагчийн хувьд 2020, 2021 онд дэлхий нийтээр тохиосон Ковид-19 тархалтаас болж зээлээ төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн байдаг. Иймд зээлдэгч талын хүсэлтээр гэрээ нэгэнт цуцлагдсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаас илүү тооцсон хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч талаас, Итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2008.03.13-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2019.03.15-ны өдрийн №ХУЗГ19/66 дугаар зээлийн гэрээ, түүний хавсралт, 2019.03.15-ны өдрийн №ХУБГ19/66 дугаар Барьцааны гэрээ, түүний хавсралт, 2019.03.11-ний өдрийн 587 дугаар Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2019.03.15-ны өдрийн Бэлэн бус зарлагын баримт, Зээлдэгчийн анкет, Зээл хүссэн өргөдөл, 2019.10.20-ны өдрийн Зээл хүсэгчийн үйл ажиллагаатай танилцсан хуудас, 2020.04.28-ны өдрийн 20/34 дугаар Албан шаардлага хүрүүлэх тухай албан тоот, 2020.06.09-ний өдрийн 20/54 дугаар Албан шаардлага хүргүүлэх тухай албан тоот, 2020.06.09-ний өдрийн Зээлдэгчтэй уулзсан тэмдэглэл, 2020.08.07-ны өдрийн Зээлдэгчтэй уулзалт хийсэн тэмдэглэл, 2020.08.26-ны өдрийн Албан шаардлага хүргүүлэх тухай албан тоот, 2020.08.26-ны өдрийн Зээлдэгчтэй уулзалт хийсэн тэмдэглэл, 2020.10.13-ны өдрийн Зээлдэгчтэй уулзалт хийсэн тэмдэглэл, 2021.03.10-ны өдрийн 21/07 дугаар Албан шаардлага хүргүүлэх тухай албан тоот, Утсаар ярьсан тэмдэглэл, Нотариатын хөлс төлсөн баримт, 000343019 дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 000411616 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.08.18-ны өдрийн Итгэмжлэл, Зээлийн дансны хуулга, Салбарын гэрчилгээ, 2018.10.19-ний өдрийн Б-18/76 дугаар Ажилд томилох тухай захирлын тушаал, 2018.11.22-ны өдрийн 1/128/04 дугаар Банк бус санхүүгийн байгууллагын нэгжийн гэрчилгээ, түүний хавсралт, 2022.07.07-ны өдрийн Итгэмжлэл, Зээлийн дансны хуулга зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
Хариуцагч талаас, 2021.07.19-ний өдрийн Итгэмжлэлийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Г.Бямбажав нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК-тай ХУЗГ19/66 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийг, жилийн 39.6 хувь, сарын 3.3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн тул гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан тул нэхэмжлэгч хуульд заасан эрхийн дагуу шаардлагаа ихэсгэж, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 12 223 492,18 төгрөг, зээлийн хүүд 12 450 628,37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 283 996,96 төгрөг, нийт 25 958 117 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй... гэж тайлбарлаж байна.
3. Зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтын талаар хариуцагч маргаагүй. Ковид-19 цар тахлын улмаас гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэх боломжгүй болсон. Зээлийн гэрээг цуцалсан атлаа хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлэн шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргав.
4. Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Зээлдүүлэгч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК нь зээлдэгч Г.Бямбажавтай 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр №ХУЗГ19/66 дугаар Зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр 15 000 000 төгрөгийг жилийн 39.6 хувь, сарын 3.3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч Г.Бямбажав нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүг төлөхөөр харилцан тохиролцож, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо. Нүхт 5 гудамж, 84 тоот хаягт байршилтай, Ү-2206014436 улсын бүртгэлийн дугаартай 80 м.кв талбай бүхий Хувийн сууц, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхт 5 гудамж, 84 тоот хаягт байршилтай, Г-2206005025 улсын бүртгэлийн дугаартай 18635305559676 нэгж талбарын, 414 м.кв талбай бүхий Гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалан, барьцааны гэрээг байгуулжээ. /хх-ийн 10-12, 13-17/
4.2. Зээлийн болон барьцааны гэрээг талууд бичгээр байгуулж, гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд гэж дүгнэв.
4.3. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч биелүүлэх үүрэгтэй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.
4.4. Гэрээний дагуу нэхэмжлэгч зээлийн хөрөнгийг шилжүүлсэн, зээлдэгч гэрээний хугацаанд үндсэн зээлд 2 776 507,82 төгрөг, үндсэн хүүд 4 928 800,84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 57 011,34 төгрөг, нийт 7 762 320 төгрөгийг төлсөн. 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.
4.5. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр дуусах байсан хэдий ч зээлдэгч гэрээгээр тохиролцсон хугацаа, хуваарийг удаа дараа зөрчсөн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй тул мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй.
Нэхэмжлэгч нь 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээний үүрэг шаардаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна.
Зээлийн гэрээг цуцлах нь хууль болон гэрээнд заасан нэхэмжлэгчийн эрх бөгөөд тэрээр энэ эрхээ хэрэгжүүлж, гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалж, зээлийг буцаан шаардаж, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөр гэрээг цуцлагдсан гэж үзнэ.
4.6. Гэрээ цуцлагдсанаар үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог тул гэрээ цуцалснаас хойших хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардах эрхгүй болно.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтрүүлсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар хариуцагч Г.Бямбажаваас үндсэн зээл 12 223 492,18 төгрөг, үндсэн хүү 6 098 297,39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 223 981,92 төгрөг, нийт 18 545 771,49 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 412 346 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
4.7. Түүнчлэн Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан тул хариуцагч Г.Бямбажав нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуувьд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Бямбажаваас зээлийн гэрээний үүрэгт 18 545 771,49 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 412 405,51 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч Г.Бямбажав шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо. Нүхт 5 гудамж, 84 тоот хаягт байршилтай, Ү-2206014436 улсын бүртгэлийн дугаартай 80 м.кв талбай бүхий хувийн сууц, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхт 5 гудамж, 84 тоот хаягт байршилтай, Г-2206005025 улсын бүртгэлийн дугаартай 18635305559676 нэгж талбарын, 414 м.кв талбай бүхий Гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 388 145 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бямбажаваас улсын тэмдгийн хураамжид 250 679 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай..
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ