Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2022/02850

 

 

 

 

 

 

 

 

2022 10 07

182/ШШ2022/02850

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* ******* иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Ч.Наранчимэг, У.Сайнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч хаягт оршин байрлах, ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч байрлах, ******* ******* Засаг ******* Тамгын *******т холбогдох,

Хууль бус үйлдлийн улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1 634 007 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 06 дугаар сарын 11-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.*******,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Наранбайгаль.

 

Зохигчдын гаргасан хүсэлтийн дагуу иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гүйцэтгэх захирал Ц.*******ээс гаргасан тайлбартаа: Манай компанийн ******* ******* 19 дүгээр хороонд байрладаг дэлгүүрээс 2019.11.04-ний өдөр ******* ******* Засаг ******* ******* газрын Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга н. гэж хүн цагдаагийн 102 дугаарт мэдэгдсэний дагуу ******* ******* Цагдаагийн 2 дугаар хэлтсийн цагдаа Д. нь манай дэлгүүр хаасан байхад онгойлгуулаад лангуун дээрх архи хурааж авсан. Шалтгаан нь манай тусгай зөвшөөрөл нь дууссан үндэслэлээр 1,75 л-ийн Жак даниелс виски 4 ширхэг, 0,75 л-ийн Жак даниелс виски 4 ширхэг, 1 л-ийн Грэй гус архи 4 ширхэг, 0,75 л-ийн Ивок архи 4 ширхэг, 1 л-ийн Соёмбо архи 1 ширхэг, 1 л-ийн Эден архи 4 ширхэг, 0,75 л-ийн Болор архи 3 ширхэг, нийт 24 ширхэг архи хурааж авсан байдаг. Би тухайн үед манай дэлгүүр хаасан байна гэхэд н. гэдэг хүн бөөн юм болоод байна. Та хураалгачихаад маргааш очоод авчих гэж хэлсэн. Ингээд би зөвшөөрч дэлгүүрээ онгойлгуулаад, цагдаа акт үйлдээд архийг аваад явсан. ******* ******* Цагдаагийн 2 дугаар хэлтэст байгаа архийг ******* ******* Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга н. бичиг өгөөд 2019.11.11-нд авчруулаад зарж борлуулсан гэж хэлсэн. Би энэ дэлгүүрийг 2016 оноос хойш ажиллуулсан. Энэ н. гэдэг хүн надаас байнга мөнгө авдаг, авлига нэхдэг 2017 онд 3 000 000 төгрөг, 2018 онд бас 3 000 000 төгрөг нэхэж байсныг би өгсөн. 2019 онд аавын бие муу байна гээд 5 000 000 төгрөг нэхэхээр нь би өгөөгүй юм. Түүнээс болж муудалцсан. Би 2019.11.16-ны өдөр цагдаа дээр очсон. Тэгтэл 2019.11.11-ний өдөр н. нь өөрөө архийг зарсан гэдгээ хэлдэг. Би шүүхэд хамгийн анхны хурлаас хойш байнга л хүмүүсийн эд зүйлийг хурааж авах гэдэг нь хэн нэгэн албан тушаалтны шийдвэрээр акт үйлдэж, албан бичгээр хурааж авдаг юм байна, гэтэл дээрэмчин шиг хурааж авчихаад идэж уусан, зарсан нь мэдэхгүй алба болчихсон. Энэ чинь тодорхой хэмжээний мөнгө надаас хууль бусаар хураагаад үндэслэлгүйгээр аваад байна гэсэн үг шүү дээ. Архи зарсан нь нэн нэгэнд аюул учруулсан зүйл байхгүй, хүнсний бүтээгдэхүүнд орно. Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан хуулийг зөрчсөн гэж би үзэж байна. Мөн Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль дээр хууль бусаар олсон орлогыг хураана гэж заасан байна. Гэтэл бараа материал, хөрөнгийг нь хураагаад байна. Нэхэмжлэлийн үнэлгээний хувьд тухайн үед Номин супермаркет, Оргил супермаркет дэлгүүрүүдээс бөөний үнээр нь архийг авдаг байсан, уг худалдаж авсан үнийн баримтуудыг хавсаргасан. 1,75 л-ийн Жак даниелс виски 4 ширхэг 546 000 төгрөг, 0,75 л-ийн Жак даниелс виски 4 ширхэг 278 000 төгрөг, 1 л-ийн Грейгүүс архи 4 ширхэг 432 000 төгрөг , 0,75 л-ийн Ивок архи 4 ширхэг 136 916 төгрөг, 1 л-ийн Соёмбо архи 1 ширхэг 55 418 төгрөг, 1 л-ийн Эден архи 4 ширхэг 124 316 төгрөг, 0,75 л-ийн Болор архи 3 ширхэг 63 357 төгрөг, нийт 1 634 007 төгрөг болж байна. Иймд надад хууль бус үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хариуцагчаар төлүүлж өгнө үү. Би тусгай зөвшөөрлөө сунгуулах гээд олон янзын баримт материал бүрдүүлж шаардлагыг нь хангуулж сарын өмнө Захирагчийн албанд өгсөн байсан, 2019.11.15-нд нь манай тусгай зөвшөөрөл сунгагдаж олгогдсон. Миний хураалгасан эд зүйлсийг цагдаагийн ******* аваагүй, эцсийн байдлаар ******* ******* Засаг ******* ******* ******* хэн нэгний шийдвэргүйгээр хууль бусаар хурааж аваад үндэслэлгүйгээр зарчихсан тул хариуцагч ******* ******* Засаг ******* Тамгын газраас 1 634 007 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

2.Хариуцагч ******* ******* Засаг ******* Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, өмнө гаргасан тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэгч ******* ХХК нь Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017.08.15-ны өдрийн А/132 дугаар тушаалаар Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаатай авсан бөгөөд улмаар Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2019.11.15-ны өдрийн А/378 дугаар тушаалаар тус тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар сунгуулсан байдаг.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.-д зааснаар согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар согтууруулах ундаа импортлох, худалдах, түүгээр үйлчлэх, тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар тус тус сунгахаар зохицуулсан. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасанчлан ******* ХХК-д тусгай зөвшөөрөл олгохдоо үйл ажиллагааны төрөл болон хугацаа, тусгай зөвшөөрлийн дугаар, олгосон он, сар өдрийг Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017.08.15-ны өдрийн А/132 дугаар тушаалд 2 жил гэж зааж өгсөн байдаг. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгчид олгогдсон тусгай зөвшөөрлийн 2 жилийн хугацаа нь 2017.08.15-ны өдрөөс 2019.08.15-ны өдөр хүртэл үргэлжилж дууссан байсан гэж ойлгогдож байна. Тусгай зөвшөөрөл сунгагдаагүй буюу байхгүй тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх эрхгүй. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн 2015.12.11-ний өдрийн 205 дугаар тогтоолын 11.2-т Тусгай зөвшөөрөл аваагүй аж ахуйн нэгж, иргэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь согтууруулах ундаа худалдах борлуулах эрхгүй байсан. Нэхэмжлэгч нийт 24 ширхэг архи авсан гэдэг боловч манай байгууллагад Грей гус гэдэг архи 4 ширхэг биш, 3 ширхгийг хүлээлгэж өгсөн байдаг, холбогдох баримт актад 3 ширхэг байгаа бөгөөд энэ талаар гэрч Д. мэдүүлэг өгсөн байна. Бусад архины үнэ, тоо ширхэг дээр манай зүгээс маргаан санал байхгүй. Сая нэхэмжлэгч нь 2019.11.04-ний өдөр Б. хурааж авсан, 2019.11.15-ны өдөр манай архи худалдаалах тусгай зөвшөөрөл гарсан гэдэг. Гэтэл 2 жилийн хугацаатай олгосон зөвшөөрөл 2019.08.15-нд дууссан зөвшөөрөлгүй архи, согтууруулах ундааны зүйл худалдсан үйл ажиллагаа эрхэлж байсан нь тогтоогдсон. Дээрх хууль, журмын заалтууд маш тодорхой байгаа учраас тэдгээрийн хүрээнд манай байгууллага хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулсан гэж үзэж байна. Манай байгууллагаас зөрчил гарсан тохиолдолд хяналт хийж цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой, ингэж мэдэгдсэн нь зөв гэж ойлгож байгаа. Хугацаа дууссан байхад архи худалдсан нь зөрчил мөн бөгөөд үүнийг цагдаад мэдэгдсэн нь зөв юм. Яг ямар албан тушаалтан шийдвэр гаргах ёстойг сайн мэдэхгүй байна. Зөрчлөөр хураасан эд зүйлсийг шийдвэрлэх журам байдаг. Устгалын комисс гэж байдаг. Энэ комисст Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, хууль зүйн мэргэжилтэн, холбогдох төрийн байгууллагын ажилтнууд ордог. Эдгээр хүмүүс шаардлагатай тохиолдолд уг асуудлыг хэлэлцүүлээд улсын орлого болгох уу, худалдан борлуулах уу, устгах уу гэдэг талаар шийдвэр гаргадаг. Яг энэ талаар буюу нэхэмжлэгчээс хураан авсан архи, согтууруулах ундааны зүйлсийг хэн, яаж шийдвэрлэсэн холбогдох баримт, шийдвэр манай байгууллагад байхгүй. Тухайн үед Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан н.д өгсөн гэдэг цагдаагийн тайлбар байдаг. ******* ******* Засаг ******* ******* ******* нь энэ хэргийн хариуцагч биш юм. н. гэдэг хүнээс нэхэмжлэх ёстой юм байна. Хэрэгт н. гэдэг хүнд архийг хүлээлгэж өгсөн гэсэн баримт авагдсан байдаг. Энэ нь хувь хүнтэй холбоотой асуудал байгаа учраас нэхэмжлэгчид хохирол учруулсан холбогдох хүн нь н. гэдэг хүн байна. Тиймээс ******* ******* Засаг ******* ******* *******т хамааралгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, 5300681 регистрийн дугаартай,******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2019.11.15-ны өдрийн Улаанбаатар хотын захирагчийн албанаас олгосон 03/1690 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ,барааны чекүүд, Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1 хх 3-10/,

Хариуцагч талаас нотлох баримтаар, Улсын ерөнхий прокурорын газрын 2020.06.03-ны өдрийн 8/1556 тоот хариу мэдэгдэх хуудас /1 хх 29/,

Тус шүүхийн шүүгчийн 2020.08.11-ний өдрийн 182/ШЗ2020/07831 дугаар захирамжийн дагуу гэрч Д.гийн мэдүүлэг /1 хх 56-57/,

2021.07.28-ны өдрийн 182/ШЗ2021/00479 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн албаны ******* 2021.08.25-ны өдрийн 01/ 2153 тоот албан бичгээр ирүүлсэн Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2019.11.15-ны өдрийн А/378 тоот Тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах, эрх сэргээх, хаягийн өөрчлөлт хийх,түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай тушаал, 5 дугаар хавсралт, 2019.10.23-ны огноотой Улаанбаатар хотын Захирагчийн албаны Төрийн үйлчилгээний хяналтын карт, гэрэл зургууд, Татварын албаны ******* ХХК-ийн аж ахуйн нэгж байгууллагын тодорхойлолт, ******* ******* Засаг ******* ******* газраас тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст явуулсан 2021.08.26-ны өдрийн 5/1153 тоот албан бичиг, /1 хх 129-145, 160-161/,

Тус шүүхийн 2021.10.04-ний өдрийн 182/ШТ2021/00186 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн албаны ******* 2021.10.19-ний өдрийн 01/ 2680 тоот албан бичгээр ирүүлсэн Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017.08.15-ны өдрийн А/132 тоот Тусгай зөвшөөрөл сунгах, шинээр олгох, нэр шилжүүлэх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай тушаал, 4 дугаар хавсралт, ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс ******* ******* Засаг ******* ******* газрын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэст явуулсан 2019.11.11-ний өдрийн 25м/2г-7613 тоот албан бичиг, 2021.10.04-ний өдрийн 26л-25/5196 тоот албан бичиг, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн мэдэгдэл /1 хх 180-189/,

Тус шүүхийн 2022.04.25-ны өдрийн 182/ШТ2022/00104 дугаар тогтоолын дагуу ирүүлсэн ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2022.05.17-ны өдрийн 26л-2г/3657 тоот албан бичиг, ******* ******* Засаг ******* ******* газрын 2022.07.07-ны өдрийн 3/1762 тоот, 2022.05.23-ны өдрийн 3/1292 тоот албан бичгүүд /2 хх 18, 20-21/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* Засаг ******* ******* *******т холбогдуулж хууль бус үйлдлийн улмаас эд хөрөнгөд учирсан хохиролд 1 634 007 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, ******* ******* Засаг ******* ******* газрын Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга н.ы албан бичгээр үүрэг өгсний дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэх шалтгаанаар ямар нэгэн шийдвэргүйгээр цагдаагийн байгууллагын ажилтан Д. манай хүнсний дэлгүүрээс 7 төрлийн 1 634 007 төгрөгийн үнэ бүхий архийг лангуун дээрээс түр хурааж авсан, 2019.11.11-нд тус Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс уг архийг хүлээн авч, зах зээлийн үнээс хямд зарж борлуулсан, хууль бусаар олсон орлогыг хураах ёстой, гэтэл лангуун дээр архийг хурааж авсан хууль бус болсон бөгөөд манай байгууллагад учирсан эд хөрөнгийн хохирол 1 634 007 төгрөгийг хариуцагч төлөх ёстой гэж тайлбарласан.

 

2. Хариуцагч ******* ******* Засаг ******* ******* ******* нь нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, тус компанийн дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг ******* 2017 оны А/132 дугаар захирамжаар 2017.08.15-наас эхлэн 2 жилийн хугацаатай олгосон боловч уг хугацаа нь дууссан байхад буюу 2019.11.04-нд архи согтууруулах ундааны зүйл худалдсан зөрчил гаргасан тул шалгалт хийн хурааж авч шийдвэрлэх үндэслэлтэй, манай байгууллага хариуцагч биш тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан.

 

3. Хэргийн баримтууд, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр дараах үйл баримтууд тогтоогдсон байна.

3.1.Нэхэмжлэгч ******* ХХК нь 2016.03.28-наас өмнө Зэт-Эй Эф гэсэн оноосон нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан байх бөгөөд тэрээр өөрийн ажиллуулдаг ******* ******* 19 дүгээр хороо, Жигжид зусланд байрлах -1, -2 хүнсний дэлгүүрт 2015.08.06, 2015.08.18-нд Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгогдсоныг 2017.08.15-нд 2 жилийн хугацаагаар сунгасан, уг тусгай зөвшөөрлийг дээрх ******* ******* 19 дүгээр хороо, Жигжид-ийн уулзварт байрлах , -1 хүнсний дэлгүүрт 2019.11.15-наас 2 жилийн хугацаатайгаар дахин сунгаж олгогдсон байна.

Хэрэгт ******* /хуучин нэрээр Зэт-Эй Эф/ ХХК-д 2017.08.15-наас өмнөх хугацааны болон, 2017.08.15-наас 2 жилийн хугацаатай сунгагдаж олгогдсон тусгай зөвшөөрлийн гэрчилгээнүүд авагдаагүй ч дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан 5300681 регистрийн дугаартай, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2017.08.15-ны өдрийн А/132 тоот Тусгай зөвшөөрөл сунгах, шинээр олгох, нэр шилжүүлэх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай тушаал, түүний 4 дүгээр хавсралт, 2019.11.15-ны өдрийн Улаанбаатар хотын захирагчийн албанаас олгосон 03/1690 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2019.11.15-ны өдрийн А/378 тоот Тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах, эрх сэргээх, хаягийн өөрчлөлт хийх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай тушаал, түүний 5 дугаар хавсралт, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар нотлогджээ.

3.2. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.-д Согтууруулах ундаа... худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар сунгана гэж, Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.-т Тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг эрхлэх эрх энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг авсан өдрөөс үүснэ гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч байгууллагад эрх бүхий этгээдээс 2017.08.15-ны өдөр сунгагдаж олгогдсон спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн хугацаа 2019.08.15-ны өдөр дууссан байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид олгогдсон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж 2019.11.15-нд 03/1690 тоот спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгогдохоос өмнө буюу 2019.11.04-нд ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Д. ******* ХХК-ийн дээрх гэх нэртэй хүнсний дэлгүүрт худалдагдаж байсан 6 нэр төрлийн нийт 23 ширхэг согтууруулах ундааны зүйлийг хураан авч, улмаар уг зүйлсийг 2019.11.11-ний өдөр ******* ******* Засаг ******* ******* газрын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэст хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, огноо тодорхойгүй, хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Д.гийн үйлдсэн эд зүйлийг түр хураан авсан тухай баримт, гэрч Д.гийн мэдүүлэг, ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс ******* ******* Засаг ******* ******* газрын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэст явуулсан 2019.11.11-ний өдрийн 25м/2г-7613 тоот албан бичиг, 2021.10.04-ний өдрийн 26л-25/5196 тоот албан бичиг, ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2022.05.17-ны өдрийн 26л-2г/3657 тоот албан бичиг, ******* ******* Засаг ******* ******* газрын 2022.07.07-ны өдрийн 3/1762 тоот, 2022.05.23-ны өдрийн 3/1292 тоот албан бичгүүд зэргээр нотлогдсон байна.

3.3. Хэрэгт авагдсан 2019.10.23-ны өдрийн огноотой, Улаанбаатар хотын Захирагчийн албаны Төрийн үйлчилгээний хяналтын карт, гэрэл зургууд, Татварын албаны ******* ХХК-ийн аж ахуйн нэгж байгууллагын тодорхойлолт зэрэг баримтуудаар нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтээ 2019.10.23-нд гаргасан байх бөгөөд үүнийг тусгай зөвшөөрөл үргэлжилж байх хугацаанд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг явуулсан гэж үзэх боломжгүйн дээр Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д ...нийслэлийн Засаг ******* зөвшөөрөлгүйгээр... согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно гэсэн болон Нийслэлийн Иргэдийн тэргүүлэгчдийн хурлын 2015.12.11-ний өдрийн 205 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгох, хянах журам-ын 11.2-т Тусгай зөвшөөрөл аваагүй аж ахуйн нэгж, иргэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно гэснийг тус тус нэхэмжлэгч ******* ХХК зөрчсөн гэж үзэхээр байна.

3.4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийн хянан шийдвэрлэнэ: ...6.6. олон нийтийн цагдаагийн ажилтан Зөрчлийн тухай хуулийн ...6.5 дугаар зүйлийн 13 дахь хэсэг...-т заасан зөрчил... гэж, Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт Зохих зөвшөөрөлгүйгээр...согтууруулах ундаа худалдсан эсхүл түүгээр үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан, эд зүйл, хэрэгсэл, хөрөнгө орлогыг хурааж...хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ...зөрчлийг шалгасан он сар өдөр...зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал...арга хэмжээ авах үндэслэл...оногдуулах шийтгэл... арга хэмжээ...хураан авсан битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн дээрх Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасны дагуу зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн баримтгүй байх бөгөөд гэрч Д.гийн мэдүүлэгт ...тухайн аж ахуйн нэгжээс бараа бүтээгдэхүүнийг зохих зөвшөөрөл дууссан байхад зөвшөөрөлгүй худалдан борлуулсан тул тэмдэглэл үйлдэж хурааж авсан. Түүний дараа тухайн архийг Үйлдвэр үйлчилгээний хэлтсээс шийдвэрлэх учраас тухайн аж ахуйн нэгжид...арга хэмжээ авалгүй...тоот бичүүлээд даргаар гарын үсэг зуруулаад...хүргүүлсэн. Зөрчлийн тухай хуулийн 10.4.2.-т зааснаар 500 нэгжээр торгох санкцтай боловч тухайн зөрчлийг би биш Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга н. илрүүлсэн байсан тул манайхаас торгууль ноогдуулалгүй, Үйлдвэр үйлчилгээний хэлтэст хүргэж өгсөн... гэсэн, ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2022.05.17-ны өдрийн 26л-2г/3657 тоот албан бичигт ...Тус хэлтсийн хэсгийн байцаагч ...Д. нь 2019.11.04-ний өдөр...Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга н. ...******* ХХК-ийн хүнсний дэлгүүр архины зөвшөөрөл дууссан, үйл ажиллагаа явуулаад байна, үүнийг хэсгийн байцаагчийг нь явуулж хураалгаад ******* Үйлдвэр үйлчилгээний хэлтэст хүргүүлэх ажил зохион байгуул гэсний дагуу ...хүнсний дэлгүүрээс нэр бүхий архи, согтууруулах ундааны зүйл түр хураан авч 2019.11.06-ны өдөр ...тоотоор хүргүүлж ажилласан...******* дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст ямар нэгэн байдлаар зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэх зөрчилд материалжуулан шалгаж арга хэмжээ авсан асуудал байхгүй болно... гэсэн байна.

Үүнээс үзэхэд цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг шалгаж шийдвэрлэлгүйгээр, ямар нэгэн шийдвэр гаргахгүйгээр хурааж авсан эд зүйлсийг хариуцагч байгууллагад 2019.11.11-нд хүлээлгэн өгсөн байх бөгөөд нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагыг хариуцагчаар оролцуулаагүй байх тул тус байгууллагын гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд өөрөөр хэлбэл, гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл гэм буруу нь учирсан хохиролтой шалтгаант холбоотой байхыг хуульд зохицуулсан.

Хариуцагч ******* ******* Тамгын газрын гэм буруутай, хууль зөрчсөн үйлдэл нь тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд хариуцагч байгууллагын гэм буруутай үйл ажиллагаа, үйлдлийн улмаас нэхэмжлэгч ******* ХХК-д эд хөрөнгийн хохирол учирсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй гэж үзэхээр байна.

Тодруулбал, цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгчийн өмчлөлийн 23 ширхэг архи согтууруулах ундааны зүйлийг хураан авч хариуцагчид шилжүүлсэн үйлдэлд ******* ******* Засаг ******* ******* газрын гэм буруутайгаар нэхэмжлэгчид хохирол учруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж, 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд болон гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 131дүгээр зүйлийн 131.1.-д ...эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр...хураагдсан согтууруулах ундааг улсын итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийлгэж дараахь дүгнэлтийн аль нэгийг гаргана гэж заасан байх бөгөөд хариуцагч ******* ******* Засаг ******* ******* ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасны дагуу шийдвэрлээгүй буюу эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр цагдаагийн байгууллагын хураасан нэхэмжлэгчийн өмчлөлийн эд зүйлсийг өөртөө шилжүүлэн авснаар бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзнэ.

Түүнчлэн нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч байгууллагын хооронд гэрээний ямар нэгэн эрх үүрэг үүсээгүй бөгөөд хариуцагч ******* ******* Засаг ******* ******* ******* түүний нэгж болох Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс Архидан согтуурахтай тэмцэх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.1.-д заасны дагуу болон Нийслэлийн Иргэдийн тэргүүлэгчдийн хурлын 2015.12.11-ний өдрийн 205 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгох, хянах журам-ын 12.1, 12.2-т зааснаар согтууруулах ундаа худалдах, хэрэглэх, түүгээр үйлчлэх талаар тогтоосон журмын биелэлтэнд хууль, хууль тогтоомжийн бусад актаар эрх олгосон эрх хэмжээний дотор хяналт шалгалт хийж гарсан зөрчлийн талаарх санал дүгнэлтийг Захирагчийн ажлын албанд хүргүүлж шийдвэр гаргуулах эрхтэй байна.

Гэвч хариуцагч нь нэхэмжлэгч компаниас хурааж аван шилжүүлсэн согтууруулах ундааны зүйлийг дээрх хууль, журамд заасны дагуу болон Засгийн газрын 2017 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан Албадлагын арга хэмжээ авсантай холбоотойгоор хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлс, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам, Засгийн газрын 2005 оны 238 дугаар тогтоолоор баталсан Согтууруулах ундааг хураах, шинжилгээ хийх, улсын орлого болгож борлуулах журам-д заасны дагуу шийдвэрлээгүй, энэ талаар ямар нэгэн баримтгүй байгаагаас үзэхэд ч өөртөө шилжүүлэн авсан эд зүйлсийн хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.

 

6.Нэхэмжлэгч ******* ХХК нь нийт 24 ширхэг архийг хураасан түүний үнэ 1 637 007 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримтууд гэрч Д.гийн ...Грэй гус архи...Үйлдвэр үйлчилгээний хэлтэст 3 ширхэг очсон. Би тухайн үед тоон дээрээ алдаад буруу бичсэн...хэлтэс дээр албан тоот бичих гээд тоолж үзэхэд 3 ширхэг байсан. Манай жижиг А5 тооттой тулгаж Үйлдвэр үйлчилгээний хэлтэс хурааж авсан... гэх мэдүүлэг, ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2019.11.11-ний өдрийн 25м/2г-7613 тоот албан бичиг зэргээр нийт 23 ширхэг согтууруулах ундааг хүлээлгэн өгсөн нь нотлогдсон.

Хариуцагч байгууллага нь цагдаагийн байгууллагаас хүлээж авсан согтууруулах ундааны зүйлийн тоо ширхэг, үнийн талаар маргаагүй байх тул хэргийн 7-9 дэх талд авагдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн тодорхойлсон үнээр тооцон 1 526 007 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх нь зүйтэй байна.

 

7. Шүүхээс томилогдсон иргэдийн төлөөлөгч Ц.Ариунзул, Э.Эрдэнэсүрэн нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8.-д зааснаар тэднийг байлцуулалгүйгээр хэргийг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр зохигчид хүсэлт гаргасныг үндэслэн тус шүүхийн 2022.10.07-ны өдрийн 182/ШТ2022/00246 дугаартай тогтоолоор иргэдийн төлөөлөгч Ц.Ариунзул, Э.Эрдэнэсүрэн нарын эзгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шийдвэрт тусгах боломжгүйг дурдав.

8.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн өмчлөлийн эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр хураагдсан эд зүйлсийг хүлээн авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул 1 526 007 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэм дэгтийн хурамжид төлсөн 41 091 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 39 366 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116.,118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* Засаг ******* ******* газраас 1 526 007 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 108 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэм дэгтийн хурамжид төлсөн 41 091 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 39 366 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА

 

ШҮҮГЧИД Ч.НАРАНЧИМЭГ

 

У.САЙНБИЛЭГ