Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 886

 

                                     “ХХБ” ХХК--ийн

                                    нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/00533 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч “ХХБ” ХХК--ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Б-, Л.Ч- нарт холбогдох

 

Зээлийн гэрээг цуцалж, үүргийн биелэлтэд 21 093 351 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах иргэний хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогт, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ХХБ” ХХК--ийн төлөөлөгч С.Оргодол нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Ч-, Б.Б- нар нь 2012 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 23 тоот Орон сууцны зээлийн гэрээ, 023/01, 023/02 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ мөн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 023/03 тоот зээлийн нэмэлт гэрээг тус тус байгуулж 26 062 500.42 төгрөгийг орон сууц барих зориулалтаар сарын 1,65 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар зээлж авсан.

Зээлийн барьцаанд Л.Ч-, Б.Б- нар өөрсдийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 64 дүгээр гудамж гэх хаягт байршилтай газар болон хувийн орон сууцыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нарын хүсэлтийн дагуу 2012 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 23 тоот зээлийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт гэрээ байгуулсан. Дээрх нэмэлт гэрээ байгуулах өдрийн ам.долларын зээлийн үлдэгдлийг ХХБ ам.долларын төгрөгтэй харьцах арилжааны худалдах ханшаар хөрвүүлж банк нь зээлдэгч талд 26 062 500.42 төгрөгийг жилийн 19,8 хувийн хүүтэй төлөхөөр нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл үргэлжилж байгаа.

Зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлж байгаад 2018 оны 2 дугаар сараас эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж эхэлсэн. Л.Ч- нь биеийн эрүүл мэндийн байдлын улмаас зээлийн төлбөрийг төлөх боломжгүй зээлийн хүүг зогсоох тухайгаа 2018 оны 11 дүгээр сард мэдэгдсэн юм. Иймд банк зээлийн гэрээг хугацааны өмнө цуцалж, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 20 541 299.55 төгрөг, зээлийн хүү 524 213.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12 838.17 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан гарсан зардал 15 000 төгрөг нийт 21 093 351.22 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний дагуу барьцаалуулсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, энэ талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Ч-, Б.Б- нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Л.Ч- Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн миний биө нь 2012 оны 4 дүгээр сараас эхлэн “JB construction”-ны Америк хаус хувийн орон сууц барих төсөлд хамрагдаж төсөл хэрэгжүүлэгч компанидаа урьдчилгаа 10 000 ам.доллар өгч ХХБ 2012 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 15.750 ам.долларын зээлийг авсан. Энэхүү зээлийн төлөлтөө сард 261,59 ам.долларыг төлж байгаад нийт тус банкинд 12 033.14 ам.долларыг 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд төлсөн байна. 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн үлдсэн зээлийг монгол төгрөгт шилжүүлэн 26 062 500.42 төгрөгийг төлөхөөр болсон. Ингээд зээлийн төлбөрийг хуваарийн дагуу тогтмол төлж байгаад нийт тус банкинд 14 097 386 төгрөгийг 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд төлсөн байна.

Мөн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 200 000 төгрөг төлөөд 2018 оны 11 сард 2 900 000 төгрөгийг тус тус төлсөн байна. 2018 оны 3 дугаар сараас эхлэн зээлийг графикийн дагуу төлж чадах чадваргүй болсон. Учир нь, миний бие гэнэт муудаж тархины хорт хавдар тусч 3 дугаар эмнэлэгт 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хагалгаанд орж хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан болно. Иймээс эрүүл мэндийн чадваргүй болж, ажил хийж орлого олох боломж маань бүрэн хаагдаж авсан зээлээ төлж чадахгүйд хүрсэн болно. Тус банкнаас авсан зээлийн хамтран зээлдэгч эхнэр Б.Б- нь хүүхдийн сургалтын төлбөрийг төлөхөөр цалингийн 7 700 000 төгрөгийн зээлтэй тул ХХБ зээлээ cap бүр төлж барагдуулах чадваргүй байгаа болно. Манайх ам бүл зургаа, хоёр хүүхэд оюутан, нэг охин сургуульд, бага хүү маань цэцэрлэгт явдаг.

Хувийн компанид ажил эрхлэн авсан зээлээ тогтмол төлөх бүрэн бололцоотой байсан. Миний бие хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас өрхийн орлогогүй болсон энэ хүнд байдлыг минь харгалзан үзэж үлдсэн зээлийн маань хүүг зогсоож буцаан төлөх ёстой үндсэн зээлийн төлбөрийг төлүүлэхээр тооцож өгнө үү. Л.Ч- миний бие ХХБ 2012 оны 4 дүгээр сард авсан 15 000 ам.долларын зээлийг 2018 оны 11 дүгээр cap хүртэл тус банкинд нийт 37 954 651 төгрөгийг төлсөн байна. ХХБ нэхэмжлэлийн шаардлага болох 21 093 351.022 төгрөгийг Л.Ч-, Б.Б- нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрч байна. Зээлийн төлбөрт 16 884 538 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. “ХХБ” ХХК- нь зээлийн гэрээний дагуу иргэн Л.Ч-, Б.Б- нараас 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээний дагуу зээлийн төлбөрт 21 093 351 төгрөгийг шаардсан байна. Энэхүү зээлийн гэрээ нь 2012 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 023 тоот зээлийн гэрээнд үндэслэгдсэн. Энэ зээлийн гэрээний нөхцөлөөр банк нь зээлдэгчид 15,750 ам.долларыг 1 сарын 1,3 хувийн хүүтэй, жилийн 15,6 хувийн хүүтэйгээр 10 жилийн хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байсан. 2016 оны зээлийн нэмэлт гэрээгээр өмнөх гэрээний дагуу үлдэгдэл ам.долларыг төгрөг рүү шилжүүлэн, зээлийн хүүгийн хэмжээг 1,3 хувь байсныг 1,65 хувь болгож, жилийн 15,6 хувийн хүүг, жилийн 19,8 хүүтэй болгож, гэрээний хугацааг 2022 онд дуусахаар байгуулсан.

Жилийн хүүг 19,8 хувь байхаар тогтоосон нь зээлдэгч талд илт хохиролтой гэж үзэж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь заалтад Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан. Иймд хариуцагч нарын зүгээс хүүгийн хэмжээ нэмэгдсэн байгааг илт хохиролтой гэж үзэж байгаа. Гэрээний үүргийн гүйцэтгэл хийгдэж байх явцад хариуцагч Л.Ч- нь тархины хорт хавдартай гэдгээ мэдэгдсэн. Өвчний учир хагалгаанд орж, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан. Эдгээр хүмүүс жилийн 19,8 хувийн хүү төлөхөд маш хүндрэлтэй байсан. Ам бүл зургаа хоёр хүүхэд нь оюутан, сургууль цэцэрлэгийн насны хоёр хүүхэдтэй. Л.Ч- өөрөө группэд, эхнэр нь ажил хийх боломжтой. Иймд шүүхээс хүсэхэд хариуцагч нарын хувийн байдлыг харгалзан зээлийн хүүгээс 4 208 813 төгрөгийг хасуулаад үлдэх 16 884 538 төгрөгийг төлөх хүсэлтийг гаргаж байна. Жилийн хүүг 19,8 хувь байхаар тооцсоноос болоод 22 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр нь 44 743 880 төгрөг болж байна. Өмнөх зээлийн гэрээний нөхцөлийн дагуу жилийн хүүг 15,6 хувиар тогтоосон бол 40 534 067 төгрөг болох байсан. Зөрүү нь 4 200 000 төгрөг болж байна. Мөн зээлийн барьцаа хөрөнгө нь хариуцагч нарын ганц үл хөдлөх хөрөнгө байгаа бөгөөд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тохиолдолд эдгээр хүмүүс орон гэргүй болох байдалд хүрч байна. Шүүх дээрх байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Л.Ч-, Б.Б- нараас 21 065 513.05 /хорин нэгэн сая жаран таван мянга таван зуун арван гурван мянга таван мөнгө/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч “ХХБ” ХХК--д олгож, нэхэмжлэлээс 27 838.17 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд зааснаар зээлийн барьцаа хөрөнгө эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-2202001932 дугаарт бүртгэгдсэн Л.Ч-, Б.Б- нарын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 64 дүгээр гудамжны 762 тоот хаягт байрших 554,48 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Ү-2202018575 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 64 дүгээр гудамжны 762 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай хувийн сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХХБ” ХХК--иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333 617 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Л.Ч-, Б.Б- нараас 333 617 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч “ХХБ” ХХК--д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл давж заалдах гомдолдоо:

... Xэдийгээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь нэг талаас ХХБ нөгөө талаас иргэн Л.Ч- нарын хооронд мөнгөн хөрөнгө зээлдүүлэхээр харилцааны тохиролцсон гэрээ байх боловч зээлийн хүүг 15,6 хувиас 19,8 хувь болгон нэмэгдүүлж Л.Ч-ын хууль ёсны эрх ашиг сонирхолд илт хохирол учруулсан буюу Иргэний хуульд заасан шударга ёсны зарчим. харилцан ашигтай байх зарчмыг илтэд зөрчсөн байна. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ" гэж заасан байдаг. Банк, банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлийн гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлээс 453 дугаар зүйлд заасан тусгайлсан зохицуулалтаар зохицуулагдах боловч зээлийн гэрээний ерөнхий зохицуулалт нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйл юм. Банк, Эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, Банкны тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ." гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл нэг талын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг илтэд зөрчсөн тохиолдолд хэрэглэгдэх тусгайлсан зохицуулалт Иргэний хуулийн 451 дүгээр зүйл болон Банк, Эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд тусгагдаагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд тусгасан зээлийн гэрээний ерөнхий зохицуулалт болох зээлийн хүүг бууруулах тухай хэм хэмжээ хэрэглэгдэх боломжтой байсан. Гэтэл талуудын хооронд 2012 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн №023/01 дугаартай зээлийн гэрээний 3.1 дэх хэсэгт "Зээлийн барьцаанд барьцаалуулагч нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дараах үл хөдлөх эд хөрөнгө, үл хөдлөх эд хөрөнгийн эрх хөрөнгийн эрх, түүний бүрдэл хэсэг дагалдах зүйл үл хөдлөх эд хөрөнгийг засан сайжруулсан хөрөнгө, нэмэлт хөрөнгө оруулалт /цаашид хамтад нь "барьцааны зүйл" гэх-/ыг барьцаалсан болно. Үүнд: Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо. Сурагчийн 64 дүгээр гудамжны 762 тоот хаягт байрших 554.48 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар Улсын бүртгэлийн Г-2202001932 дугаартай, нэгж талбарын 18641317186607 дугаартай барьцаа хөрөнгийн үнэ 0.00 төгрөг барьцаагаар хангагдах үүргийн үнийн дүн 0.00 төгрөг гэж тусгасан байсан.

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага. түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана" гэж 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна" гэж тус тус заасан байдаг. Өөрөөр хэлбэл дээрх гэрээнд үүргийн барьцаагаар хангагдах үүргийн үнийн үнэ болон барьцаа хөрөнгийн үнийг тус бүр 0.00 гэж бичсэнийг үнийн дүн буюу 0 төгрөг хэмээн тайлбарласан. Иргэний хуульд заасан анхнаасаа эрх зүйн үр дагаваргүй хүчин төгөлдөр бус гэрээ болох тул үүргийн гүйцэтгэлийг энэхүү газраас гаргуулах нь мөн адил эрх зүйн үндэслэлгүй юмыг гаргуулах нь эрх зүйн үндэслэлгүй юм.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн "...21 065 513.05 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж..." гэсэн хэсгээс 4 208 813 төгрөгийг хүчингүй болгож, "...Г-2202001932 дугаарт бүртгэгдсэн Л.Ч-, Б.Б- нарын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 64 дүгээр гудамжны 762 тоот хаягт байрших 554.48 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахын Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай" гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “ХХБ” ХХК- нь хариуцагч Л.Ч-, Б.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, үүргийн биелэлтэд 21 093 351 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 16 884 538 төгрөгийн хэмжээнд төлөхийг хүлээн зөвшөөрч, зээлийн хүүгийн 4 208 813 төгрөгийг хасч өгөхийг хүсчээ.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “ХХБ” ХХК- нь Л.Ч-, Б.Б- нартай 2012 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр №023 тоот “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж, уг гэрээгээр 15 750 ам.долларыг сарын 1,3%, жилийн 15,6%-ийн хүүтэй, 10 жил буюу 120 сарын хугацаатай зээлдүүлсэн, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 023/03 дугаартай “Зээлийн нэмэлт гэрээ”-г тус тус байгуулж, нэмэлт гэрээгээр ам.долларын зээлийн үлдэгдэл төлбөрийг “ХХБ” ХХК--ийн ам.долларын төгрөгтэй харьцах арилжааны худалдах ханшаар хөрвүүлж зээлдэгчид 26 062 500 төгрөгийн зээлийг сарын 1,65%, жилийн 19,8%-ийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байна. Мөн зохигчид үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 64 дүгээр гудамж, 762 тоот 554,48 мкв талбайтай газар, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 64 дүгээр гудамжны 762 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалжээ. /хх-ийн 12-17 дугаар тал/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, зээлийн үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан бөгөөд эдгээр гэрээ нь бичгийн хэлбэрээр байгуулах, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болох талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Зээлдэгч Л.Ч- биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөх боломжгүй болсон, зээлийн хүүгээ зогсоолгох тухай хүсэлтийг “ХХБ” ХХК--д 2018 оны 2, 11 дүгээр саруудад гаргаж байсан байна. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг хуваарийн дагуу төлөх боломжгүй нөхцөл байдал бий болсон, гэрээний үүрэг зөрчигдсөн хэвээр байгаа тохиолдолд нэхэмжлэгч гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү төлүүлж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар хариуцагч нараас шаардах эрхтэй байна.  

/хх-ийн 59 дүгээр тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь зөв болсон байна.

 

Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хамаарах илүү нарийвчилсан зохицуулалт нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний зохицуулалт байх бөгөөд уг зохицуулалтаар шүүхэд зээлийн хүүг багасгах эрх олгогдоогүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг тухайн маргаанд хамааруулан үзэх боломгүй тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... уг зүйл заалтыг үндэслэж зээлийн хүүг багасгуулах талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй юм.

           

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/00533 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШЗ2019/03382 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч тал давж заалдах журмаар гаргах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                          ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

 

Ц.ИЧИНХОРЛОО