Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2020/00316

 

ХХБХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/00533 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 886 дугаар магадлалтай,

ХХБХХК-ний нэхэмжлэлтэй

Б.Б, Л.Чнарт холбогдох

Зээлийн гэрээг цуцалж, үүргийн биелэлтэд 21 093 351 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэлийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч ХХБХХК-ийн төлөөлөгч С.Оргодол нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Ч, Б.Б нар нь 2012 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 23 тоот Орон сууцны зээлийн гэрээ, 023/01, 023/02 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ мөн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 023/03 тоот зээлийн нэмэлт гэрээг тус тус байгуулж 26 062 500.42 төгрөгийг орон сууц барих зориулалтаар сарын 1,65 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн барьцаанд Л.Ч, Б.Б нар өөрсдийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 64 дүгээр гудамж гэх хаягт байршилтай газар болон хувийн орон сууцыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нарын хүсэлтийн дагуу 2012 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 23 тоот зээлийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт гэрээ байгуулсан. Дээрх нэмэлт гэрээ байгуулах өдрийн ам.долларын зээлийн үлдэгдлийг ХХБны ам.долларын төгрөгтэй харьцах арилжааны худалдах ханшаар хөрвүүлж банк нь зээлдэгч талд 26 062 500.42 төгрөгийг жилийн 19,8 хувийн хүүтэй төлөхөөр нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл үргэлжилж байгаа. Зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлж байгаад 2018 оны 2 дугаар сараас эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж эхэлсэн. Л.Чнь биеийн эрүүл мэндийн байдлын улмаас зээлийн төлбөрийг төлөх боломжгүй зээлийн хүүг зогсоох тухайгаа 2018 оны 11 дүгээр сард мэдэгдсэн юм. Иймд банк зээлийн гэрээг хугацааны өмнө цуцалж, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 20 541 299.55 төгрөг, зээлийн хүү 524 213.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12 838.17 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан гарсан зардал 15 000 төгрөг нийт 21 093 351.22 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний дагуу барьцаалуулсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, энэ талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Ч, Б.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.ЧЧингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн миний бие нь 2012 оны 4 дүгээр сараас эхлэн JB construction-ны Америк хаус хувийн орон сууц барих төсөлд хамрагдаж төсөл хэрэгжүүлэгч компанидаа урьдчилгаа 10 000 ам.доллар өгч ХХБнаас 2012 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 15.750 ам.долларын зээлийг авсан. Энэхүү зээлийн төлөлтөө сард 261,59 ам.долларыг төлж байгаад нийт тус банкинд 12 033.14 ам.долларыг 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд төлсөн байна. 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн үлдсэн зээлийг монгол төгрөгт шилжүүлэн 26 062 500.42 төгрөгийг төлөхөөр болсон. Ингээд зээлийн төлбөрийг хуваарийн дагуу тогтмол төлж байгаад нийт тус банкинд 14 097 386 төгрөгийг 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд төлсөн байна. Мөн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 200 000 төгрөг төлөөд 2018 оны 11 сард 2 900 000 төгрөгийг тус тус төлсөн байна. 2018 оны 3 дугаар сараас эхлэн зээлийг графикийн дагуу төлж чадах чадваргүй болсон. Учир нь, миний бие гэнэт муудаж тархины хорт хавдар тусч 3 дугаар эмнэлэгт 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хагалгаанд орж хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан болно. Иймээс эрүүл мэндийн чадваргүй болж, ажил хийж орлого олох боломж маань бүрэн хаагдаж авсан зээлээ төлж чадахгүйд хүрсэн болно. Тус банкнаас авсан зээлийн хамтран зээлдэгч эхнэр Б.Б нь хүүхдийн сургалтын төлбөрийг төлөхөөр цалингийн 7 700 000 төгрөгийн зээлтэй тул ХХБны зээлээ cap бүр төлж барагдуулах чадваргүй байгаа болно. Манайх ам бүл зургаа, хоёр хүүхэд оюутан, нэг охин сургуульд, бага хүү маань цэцэрлэгт явдаг. Хувийн компанид ажил эрхлэн авсан зээлээ тогтмол төлөх бүрэн бололцоотой байсан. Миний бие хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас өрхийн орлогогүй болсон энэ хүнд байдлыг минь харгалзан үзэж үлдсэн зээлийн маань хүүг зогсоож буцаан төлөх ёстой үндсэн зээлийн төлбөрийг төлүүлэхээр тооцож өгнө үү. Л.Чминий бие ХХБнаас 2012 оны 4 дүгээр сард авсан 15 000 ам.долларын зээлийг 2018 оны 11 дүгээр cap хүртэл тус банкинд нийт 37 954 651 төгрөгийг төлсөн байна. ХХБны нэхэмжлэлийн шаардлага болох 21 093 351.022 төгрөгийг Л.Ч, Б.Б нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрч байна. Зээлийн төлбөрт 16 884 538 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. ХХБХХК нь зээлийн гэрээний дагуу иргэн Л.Ч, Б.Б нараас 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээний дагуу зээлийн төлбөрт 21 093 351 төгрөгийг шаардсан байна. Энэхүү зээлийн гэрээ нь 2012 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 023 тоот зээлийн гэрээнд үндэслэгдсэн. Энэ зээлийн гэрээний нөхцөлөөр банк нь зээлдэгчид 15,750 ам.долларыг 1 сарын 1,3 хувийн хүүтэй, жилийн 15,6 хувийн хүүтэйгээр 10 жилийн хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байсан. 2016 оны зээлийн нэмэлт гэрээгээр өмнөх гэрээний дагуу үлдэгдэл ам.долларыг төгрөг рүү шилжүүлэн, зээлийн хүүгийн хэмжээг 1,3 хувь байсныг 1,65 хувь болгож, жилийн 15,6 хувийн хүүг, жилийн 19,8 хүүтэй болгож, гэрээний хугацааг 2022 онд дуусахаар байгуулсан. Жилийн хүүг 19,8 хувь байхаар тогтоосон нь зээлдэгч талд илт хохиролтой гэж үзэж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь заалтад Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан. Иймд хариуцагч нарын зүгээс хүүгийн хэмжээ нэмэгдсэн байгааг илт хохиролтой гэж үзэж байгаа. Гэрээний үүргийн гүйцэтгэл хийгдэж байх явцад хариуцагч Л.Чнь тархины хорт хавдартай гэдгээ мэдэгдсэн. Өвчний учир хагалгаанд орж, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан. Эдгээр хүмүүс жилийн 19,8 хувийн хүү төлөхөд маш хүндрэлтэй байсан. Ам бүл зургаа хоёр хүүхэд нь оюутан, сургууль цэцэрлэгийн насны хоёр хүүхэдтэй. Л.Чөөрөө группэд, эхнэр нь ажил хийх боломжтой. Иймд шүүхээс хүсэхэд хариуцагч нарын хувийн байдлыг харгалзан зээлийн хүүгээс 4 208 813 төгрөгийг хасуулаад үлдэх 16 884 538 төгрөгийг төлөх хүсэлтийг гаргаж байна. Жилийн хүүг 19,8 хувь байхаар тооцсоноос болоод 22 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр нь 44 743 880 төгрөг болж байна. Өмнөх зээлийн гэрээний нөхцөлийн дагуу жилийн хүүг 15,6 хувиар тогтоосон бол 40 534 067 төгрөг болох байсан. Зөрүү нь 4 200 000 төгрөг болж байна. Мөн зээлийн барьцаа хөрөнгө нь хариуцагч нарын ганц үл хөдлөх хөрөнгө байгаа бөгөөд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тохиолдолд эдгээр хүмүүс орон гэргүй болох байдалд хүрч байна. Шүүх дээрх байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/00533 дугаар Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Л.Ч, Б.Б нараас 21 065 513.05 /хорин нэгэн сая жаран таван мянга таван зуун арван гурван мянга таван мөнгө/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч ХХБХХК-д олгож, нэхэмжлэлээс 27 838.17 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд зааснаар зээлийн барьцаа хөрөнгө эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000дугаарт бүртгэгдсэн Л.Ч, Б.Б нарын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 64 дүгээр гудамжны 762 тоот хаягт байрших 554,48 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Ү-0000000000дугаартай, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 64 дүгээр гудамжны 762 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай хувийн сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХБХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333 617 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Л.Ч, Б.Б нараас 333 617 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч ХХБХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 886 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/00533 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШЗ2019/03382 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч тал давж заалдах журмаар гаргах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл хяналтын гомдолдоо: ...Магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/00533 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болсон гэж үзэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлийн дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Тус магадлалд “...Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хамаарах илүү нарийвчилсан зохицуулалт нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний зохицуулалт байх бөгөөд уг зохицуулалтаар шүүхэд зээлийн хүүг багасгах эрх олгогдоогүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг тухайн маргаанд хамааруулан үзэх боломжгүй...” гэсэн. Хэдийгээр талуудын хооронд байгуулсан гэрээ нь Тусгайлсан эрх зүйн зохицуулалт бүхий банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний төрөлд хамаарах боловч зээлийн гэрээний ерөнхий зохицуулалт болох Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар шүүх зээлийн хүүг буруулж болох талаар зохицуулсан байдаг. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ.” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл шүүхэд тусгайлсан зохицуулалтаар энэхүү бүрэн эрх олгогдоогүй боловч дээр дурдсан иргэний эрх зүйн төсөөтэй хэрэглэх зарчмын дагуу шүүхэд зээлийн гэрээний хүүг багасгах бүрэн эрх олгосон зээлийн гэрээний ерөнхий зохицуулалтыг хэрэглэж болох байсан бөгөөд дээрх байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/00533 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 886 дугаартай магадлалын “...21.065.513,05 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж...” гэсэн хэсгээс 4.208.813 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч ХХБХХК нь хариуцагч Л.Ч, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, 21 093 351 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар 16 884 538 төгрөг төлөхийг зөвшөөрч, зээлийн хүү 4 208 813 төгрөгийг хасах үндэслэлтэй гэж мэтгэлцсэн байна.

Анхан шатны шүүх зээлийн гэрээг цуцалж, хариуцагч нараас 21 065 513 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

ХХБХХК нь Л.Ч, Б.Б нартай 2012 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 15 750 ам.долларыг сарын 1,3%, жилийн 15,6%-ийн хүүтэй, 10 жил буюу 120 сарын хугацаатай зээлдүүлсэн, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гэрээнд өөрчлөлт оруулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг монгол төгрөгт шилжүүлэн, 26 062 500 төгрөгийг сарын 1.65%, жилийн 19.8%-ийн хүүтэй зээлдүүлэхээр тохирсон байна.

Зээлийн үүргийг хангуулах зорилгоор Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 64 дүгээр гудамж, 762 тоот 554,48 мкв талбайтай газар, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 64 дүгээр гудамжны 762 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалж, талууд барьцааны гэрээ байгуулжээ.

Зохигчийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, зээлийн үүргийг хангах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр болохыг хоёр шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1-т заасан зохицуулалтын дагуу үндэслэлтэй дүгнэсэн, гэрээ цуцалсан талаар талууд маргаагүй тул шүүх гэрээг цуцалсны үр дагаврыг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг зөрчөөгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа “Зээлдэгч нар Л.Чын биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан үүргээ хугацаандаа биелүүлэх боломжгүй болсон, зээлийн хүүг зогсоолгох тухай хүсэлтийг ХХБинд удаа дараа гаргаж байсан боловч шийдвэрлээгүй, гэрээнд өөрчлөлт оруулахдаа жилийн зээлийн хүү 15.6 хувь байсныг 19.8 хувь болгож, хүүг илт хохиролтойгоор тогтоосон, шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн, зээлийн хүүг багасгаж өгөх хүсэлт гаргасныг хангах боломжгүй гэж үзэв.

1. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлээр тусгайлан зохицуулсан байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд зээлдүүлэгч буюу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд зээлийн үйл ажиллагаа явуулахдаа зээлийн хүүгийн хэмжээг нийтэд мэдээлэх үүрэгтэй бөгөөд талууд зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар харилцан тохиролцож гэрээ байгуулдаг байна. Хэрэгт байгаа баримтаас үзвэл гэрээний нөхцөлийг талууд харилцан тохирсноос гадна 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гэрээнд өөрчлөлт оруулснаас хойш зээлдэгч нарын зүгээс зээлийн хүүг илт хохиролтой тогтоогдсон талаар маргасан байдал тогтоогдоогүй тул хүүг багасгах үндэслэлгүй болно.

2. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсгийг зээлийн харилцаанд хамаарахгүй гэж буруу дүгнэсэн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргажээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно.” гэсэн зохицуулалт нь зээлийн гэрээний нийтлэг зохицуулалт мөн боловч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс зээл олгох харилцааг хуулиар тусгайлан зохицуулахдаа зээлийн хүүг нийтэд мэдээлэх, Монгол банк зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг тогтоох зэргээр хуульчилан, зээлийн хүүг илт өндөр тогтоох арга хэмжээг сэргийлсэн тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсгийг зайлшгүй хэрэглэх хэм хэмжээ гэж үзэхгүй юм.

Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/00533 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 886 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т  зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 292 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Х.СОНИНБАЯР

                      ШҮҮГЧ                                                                   П.ЗОЛЗАЯА