Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 00533

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, “Худалдаа хөгжлийн банк” ХХК /РД:2635534/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 64 дүгээр гудамжны 762 тоотод оршин суух, 45 настай, эрэгтэй, Хурган Хуацай овгийн Лхамдоржийн Чулуунбаатар /РД:ХЖ74072711/,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 64 дүгээр гудамжны 762 тоотод оршин суух, 45 настай, эмэгтэй, Нагуд овгийн Болдын Болор-Эрдэнэ /РД:ХН74082605/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээг цуцалж, үүргийн биелэлтэд 21 093 351 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогт,   хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Чулуунбаатар, Б.Болор-Эрдэнэ нар нь 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 23 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”, 023/01, 023/02 тоот “үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, мөн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 023/03 тоот “зээлийн нэмэлт гэрээ”-г тус тус байгуулж, 26 062 500.42 төгрөгийг орон сууц барих зориулалтаар сарын 1.65 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар зээлж авсан.

Зээлийн барьцаанд Л.Чулуунбаатар, Б.Болор-Эрдэнэ нар өөрсдийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 64 дүгээр гудамж гэх хаягт байршилтай газар болон, хувийн орон сууцыг тус тус барьцуулсан. Зээлдэгч нарын хүсэлтийн дагуу 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 23 тоот зээлийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт гэрээ байгуулсан. Дээрх нэмэлт гэрээгээр “нэмэлт гэрээ байгуулах өдрийн  байдлаар ам.долларын зээлийн үлдэгдлийг нэмэлт гэрээ байгуулах үеийн Худалдаа хөгжлийн банкны ам.долларын төгрөгтэй харьцах арилжааны худалдах ханшаар хөрвүүлж, банк нь зээлдэгч талд 26 062 500.42 төгрөгийг жилийн 19.8 хувийн хүүтэй олгохоор нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл үргэлжилж байгаа.

Зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлж байгаад 2018 оны 02 дугаар сараас эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж эхэлсэн. Л.Чулуунбаатар нь биеийн эрүүл мэндийн байдлын улмаас зээлийн төлбөрийг төлөх боломжгүй “зээлийн хүүг зогсоох” тухайгаа 2018 оны 11 сард мэдэгдсэн юм. Иймд банк зээлийн гэрээг хугацааны өмнө цуцалж, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 20 541 299.55 төгрөг, зээлийн хүү 524 213.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12 838.17 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан гарсан зардал 15 000 төгрөг нийт 21 093 351.22 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний дагуу барьцаалуулсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, энэ талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.Чулуунбаатар, Б.Болор-Эрдэнэ нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: 

Л.Чулуунбаатар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн миний биө нь 2012 оны 04 сараас эхлэн JB construction-ны “Америк хаус” хувийн орон сууц барих төсөлд хамрагдаж төсөл хэрэгжүүлэгч компанидаа урьдчилгаа 10.000 ам.доллар өгч Худалдаа хөгжлийн банкнаас 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 15.750 ам.долларын зээлийг авсан. Энэхүү зээлийн төлөлтөндөө сард 261,59 ам.долларыг төлж байгаад нийт тус банкинд 12.033.14 ам.долларыг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд төлсөн байна. 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн үлдсэн зээлийг монгол төгрөгт шилжүүлэн 26 062 500.42 төгрөгийг төлөхөөр болсон. Ингээд зээлийн төлбөрийг хуваарийн дагуу тогтмол төлж байгаад нийт тус банкинд монгол төгрөгөөр 14 097 386 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 01 хүртэл хугацаанд төлсөн байна.

Мөн 2018 оны 10 дугаар сарын 23 ны өдөр 200 000 төгрөг төлөөд 2018 оны 11 сард 2 900 000 төгрөгийг тус тус төлсөн байна. 2018 оны 3 дугаар сараас эхлэн зээлийг графикийн дагуу төлж чадах чадваргүй болсон. Учир нь миний бие Л.Чулуунбаатар нь бие гэнэт муудаж тархины хорт хавдар тусч 3 дугаар эмнэлэгт 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хагалгаанд орж хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан болно. Иймээс эрүүл мэндийн чадваргүй болж, ажил хийж орлого олох боломж маань бүрэн хаагдаж авсан зээлээ төлж чадахгүйд хүрсэн болно. Тус банкнаас авсан зээлийн хамтран зээлдэгч эхнэр Б.Болор-Эрдэнэ нь хүүхдийн сургалтын төлбөрийг төлөхөөр цалингийн 7 700 000 төгрөгний зээлтэй тул Худалдаа хөгжлийн банкны зээлээ cap бүр төлж барагдуулах чадваргүй байгаа болно. Манайх ам бүл зургаа. Хоёр хүүхэд оюутан, нэг охин сургуульд, бага хүү маань цэцэрлэгт явдаг.

Хувийн компанид ажил эрхлэн авсан зээлээ тогтмол төлөх бүрэн бололцоотой байсан миний бие хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас өрхийн орлогогүй болсон энэ хүнд байдпыг минь харгалзан үзэж үлдсэн зээлийн маань хүүг зогсоож буцаан төлөх ёстой үндсэн зээлийн төлбөрийг төлүүлэхээр тооцож өгнө үү. Л.Чулуунбаатар миний бие Худалдаа хөгжлийн банкнаас 2012 оны 4 сард авсан 15000$ ам.долларийн зээлийг 2018 оны 11 cap хүртэл тус банкинд нийт 37 954 651төгрөгийг төлсөн байна. Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлийн шаардлага болох 21 093 351.022 төгрөгийг Л.Чулуунбаатар, Б.Болор-Эрдэнэ нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрч байна. Зээлийн төлбөрт 16 884 538 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь зээлийн гэрээний дагуу иргэн Л.Чулуунбаатар, Б.Болор-Эрдэнэ нараас 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээний дагуу зээлийн төлбөрт 21 093 351 төгрөгийг шаардсан байна. Энэхүү зээлийн гэрээ нь 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 023 тоот зээлийн гэрээнд үндэслэгдсэн. Энэ зээлийн гэрээний нөхцлөөр банк нь зээлдэгчид 15,750 ам.долларыг 1 сарын 1,3 хувийн хүүтэй, жилийн 15,6 хувийн хүүтэйгээр 10 жилийн хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байсан. 2016 оны зээлийн нэмэлт гэрээгээр өмнөх гэрээний дагуу үлдэгдэл ам.долларыг төгрөг рүү шилжүүлэн, зээлийн хүүгийн хэмжээг 1,3 хувь байсныг 1,65 хувь болгож, жилийн 15,6 хувийн хүүг, жилийн 19,8 хүүтэй болгож, гэрээний хугацааг 2022 онд дуусахаар байгуулсан.

Жилийн хүүг 19,8 хувь байхаар тогтоосон нь зээлдэгч талд илт хохиролтой   гэж үзэж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь заалтад “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заасан.

            Иймд хариуцагч нарын зүгээс хүүгийн хэмжээ нэмэгдсэн байгааг илт хохиролтой гэж үзэж байгаа. Гэрээний үүргийн гүйцэтгэл хийгдэж байх явцад хариуцагч Л.Чулуунбаатар нь тархины хорт хавдартай гэдгээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл зээлийн төлбөрөө сар бүр тогтмол хуваарийн дагуу төлж байсан. Өвчний учир хагалгаанд орж, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан. Эдгээр хүмүүс  жилийн 19,8 хувийн хүү төлөхөд маш хүндрэлтэй байсан. Ам бүл 6-уулаа. Хоёр хүүхэд нь оюутан, сургууль цэцэрлэгийн насны хоёр хүүхэдтэй. Л.Чулуунбаатар өөрөө группэд, эхнэр нь ажил хийх боломжтой. Иймд шүүхээс хүсэхэд хариуцагч нарын хувийн байдлыг харгалзан зээлийн хүүгээс 4 208 813 төгрөгийг хасуулаад үлдэх 16 884 538 төгрөгийг төлөх хүсэлтийг гаргаж байна. Жилийн хүүг 19,8 хувь байхаар  тооцсоноос болоод 22 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр нь 44 743 880 төгрөг болж байна. Өмнөх зээлийн гэрээний нөхцөлийн дагуу жилийн хүүг 15.6 хувиар тогтоосон бол 40 534 067 төгрөг болох байсан. Зөрүү нь 4 200 000 төгрөг  болж байна. Мөн зээлийн барьцаа хөрөнгө нь хариуцагч нарын ганц үл хөдлөх хөрөнгө байгаа бөгөөд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тохиолдолд эдгээр хүмүүс орон гэргүй болох байдалд хүрч байна. Шүүх дээрх байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэргийн оролцогч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК хариуцагч Л.Чулуунбаатар, Б.Болор-Эрдэнэ нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, үүргийн биелэлтэд 21 093 351 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /х.х-ийн 1-2 тал/

 

Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

 

Хариуцагч Л.Чулуунбаатар, Б.Болор-Эрдэнэ нар нь “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 023 дугаартай “орон сууц”-ны гэрээ байгуулж, 15750 ам.долларын зээлийг 120 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэй, орон сууц барих  зориулалтаар, зээлж авсан байх ба уг  гэрээнд 2016 оны 03 дугаар сарын 14-ны өдөр “нэмэлт нөхцөл, өөрчлөлтүүд оруулах” тухай  023/03 тоот зээлийн нэмэлт гэрээ тус тус байгуулсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн тооцоолол зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 8-22 тал/

 

Хариуцагч нар нь Худалдаа хөгжлийн банкинд дээрх зээлийн барьцаанд:

1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-2202001932 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 64 дүгээр гудамжны 762 тоот хаягт  байрших 554,48 м.кв /га/ талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар,

2. Ү-2202018575 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 64 дүгээр гудамжны 762 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай хувийн сууц зэргийг тус тус барьцаалжээ. /х.х-ийн 16-22 тал/

 

Талууд үндсэн зээлийн гэрээ болон нэмэлт гэрээ, барьцааны гэрээг тус тус бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг улсын бүртгэлд бүртгүүлснээр зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”,

 

199 дүгээр зүйлийн 199.1-д “нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэж тус тус заасан байх бөгөөд зохигчид зээлийн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн, гэрээг бичгээр байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар бүрэн нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 236.2-д зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол өмнөх үүргийн харилцаа дуусгавар болдог зарчмын дагуу өмнөх гэрээний дагуу шилжүүлсэн ам.долларын үлдэгдлийг нэмэлт гэрээ байгуулах үеийн Худалдаа хөгжлийн банкны ам.долларын төгрөгтэй харьцах ханшаар тооцож, 26 062 500.42 төгрөгийг жилийн 19.8 хувийн хүүтэй болгон өөрчлөх нь хуулиар зөвшөөрөгдсөн, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээ байгуулах талуудын эрх чөлөөнд үндэслэгдсэн хэлцэл гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээнд оруулсан нэмэлт нөхцөл болон өөрчлөлтүүд нь зохигчдын хүсэл зоригийн үндсэн дээр болон талуудын эрх чөлөөнд үндэслэгдэж хийгдсэн хэлцэл байжээ.

 

Талууд дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдал болон зээлийн эргэн төлөлтийн үнийн дүн болон төлөгдөөгүй гэх зээлийн үнийн дүнгийн хэмжээний талаар маргахгүй байгаа болно.

 

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул зээлдэгч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд зээлийн зээлийн төлбөрийг гэрээний хавсралт хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээжээ. /х.х-ийн 15, 22 тал/

 

Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дуусах байсан боловч, хариуцагч Л.Чулуунбаатар биеийн эрүүл мэндийн байдлын улмаас гэрээний хавсралтанд заагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөх боломжгүй, зээлийн хүү зогсоолгох тухай 2018 оны 02, 11 дүгээр сард мэдэгдэж, хүсэлт гаргасан байсны дагуу нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үндсэн зээлийн үлдэгдэл 20 541 299 төгрөг, зээлийн хүү 524 123 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12 838 төгрөг, нэхэмжлэл гаргасан зардал 15 000 төгрөг нийт 21 093 351.22 төгрөг  гаргуулахаар шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, гэрээний үүрэг зөрчиж байгаа, зөрчлөө арилгахыг сануулж, зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч үүргээ биелүүлээгүй, ... гэрээ цуцлах үндэслэлтэй” гэх,

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэх үндэслэлээ “... хүүгийн хэмжээ нэмэгдсэн байгаа нь зээлдэгч талд илт хохиролтой тогтоогдсон. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь заалтад “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заасан байх тул хариуцагч нарын хувийн байдал болон ар гэрийн хүндрэлтэй байдлыг харгалзан үзэж, зээлийн хүүг 4 208 813 төгрөгөөр хасч, 16 884 538 төгрөгийн хэмжээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлттэй” гэх тайлбар гарган тус тус мэтгэлцэж байгаа болно.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д “Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно” гэж,

 

Мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т “... талуудын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ” гэж тус тус заажээ. 

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тохиолдолд гэрээний нэг тал гэрээнээс татгалзаж гэрээг цуцлах эрхтэй.

 

Хариуцагч нар орон сууц барих зорилгоор урт хугацааны зээл авсан боловч, Л.Чулуунбаатар нь биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж гэрээг үргэлжлүүлэх боломжгүй тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдсэн болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

 

Л.Чулуунбаатар, Б.Болор-Эрдэнэ нар 2018 оны 12 дугаар сарын 18-ны байдлаар зээлийн төлбөрт зээл ашигласан хугацааны зээлийн хүү 524 213.50 төгрөг, зээлийн үлдэгдэл 20 541 299.55 төгрөг төлөгдөөгүй байжээ.

 

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн тооцооллын баримтыг хариуцагч нар ямар нэгэн баримтаар үгүйсгээгүй.

 

Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Л.Чулуунбаатар, Б.Болор-Эрдэнэ нараас Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3, 242.11-д зааснаар үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна.Хариуцагч Л.Чулуунбаатар, Б.Болор-Эрдэнэ нараас зээлийн төлбөрт 21 065 513.05 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 27 838.17 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Зээлийн гэрээг хугацааны өмнө цуцалж байх тул нэмэгдүүлсэн хүү тооцох боломжгүй, мөн шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдох зардал нэхэмжилж байгаа боловч энэ талаарх баримтгүй байна.

 

Хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар зээлийн барьцаа хөрөнгө эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-2202001932 дугаарт бүртгэгдсэн Л.Чулуунбаатар, Б.Болор-Эрдэнэ нарын өмчлөлийн  Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 64 дүгээр гудамжны 762 тоот хаяг байрших 554,48 м.кв /га/ талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн Ү-2202018575 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 64 дүгээр гудамжны 762 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.          

 

Зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.2-т дахь зохицуулалт хэрэглэгддэггүй ба нарийвчилсан зохицуулалтыг Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйл заалт гэж үзнэ.

 

Иргэний хуульд зээлийн гэрээг субьектээр нь харгалзан банк, банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээл, ердийн зээл гэж ангилсан бөгөөд нэхэмжлэгч  Худалдаа Хөгжлийн банк нь хуульд заасан үндэслэл журмын дагуу мөнгөн хөрөнгө зээлдүүлж, буй тохиролцоо нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээний шинжийг бүрэн агуулж байгаа учраас хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заасан зохицуулалтыг хэрэглэн зээлийн хүүг 4 208 813 төгрөгөөр багасгана” гэх тайлбарыг зөвтгөх боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Л.Чулуунбаатар, Б.Болор-Эрдэнэ нараас 21 065 513.05 /хорин нэгэн сая жаран таван мянга таван зуун арван гурван мянга таван мөнгө/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 27 838.17  төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд  зааснаар зээлийн барьцаа хөрөнгө эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-2202001932 дугаарт бүртгэгдсэн Л.Чулуунбаатар, Б.Болор-Эрдэнэ нарын өмчлөлийн  Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 64 дүгээр гудамжны 762 тоот хаягт байрших 554,48 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Ү-2202018575 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 64 дүгээр гудамжны 762 тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай хувийн сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иас  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333 617 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Л.Чулуунбаатар, Б.Болор-Эрдэнэ нараас 333 617 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ                          Ж.ЦЭНГЭЛ