Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 112/2017/0025/З |
Дугаар | 69 |
Огноо | 2018-02-12 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 69
Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг
даргад холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Х.Батсүрэн
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0853 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч: Б.Б, өмгөөлөгч Д.Х,
Хариуцагч: өмгөөлөгч Т.Ц нар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ы хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Б-ийг Цогт сумын Баянтоорой тосгоны сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 108 хоногийн олговор 5,285,088 төгрөгийг Цогт сумын Баянтоорой тосгоны сургуулиас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0853 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх дүгнэхдээ “...Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т “Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэсэн зарчмын хүрээнд хүүхэд зодсон дотуур байрны багш Ц.П тухайн зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн байхад энэ зөрчилд нь холбогдуулан сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлөх буюу хариуцлага тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн эрхийг зөрчсөн, хүүхэд зодсон гэх этгээдэд тухайн зөрчилдөө хариуцлага хүлээсэн байна” гэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.
4. Бага, дунд боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д “багшийн ёс зүйн хэм хэмжээг хүндэтгэн сахиж биелүүлэх”, Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Багш дараах үүрэгтэй”, 44.2.1-д “багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих”, 44.2.7-д “суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих”, 44.3-т “Багш нь суралцагчийн бие махбодид халдах, тэдэнд сэтгэл санааны дарамт үзүүлэх, хувийн нууцыг нь задруулахыг хориглоно”, мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм”-ийн 2.1 “Боловсролын тухай”, “Бага, дунд боловсролын тухай” хуульд заасан эрх, үүргээ биелүүлж, суралцагчид чанартай боловсрол эзэмшүүлэх хүрээнд: 2.1.3-т “Суралцагчийн хувийн нууцыг чанд хадгалан, тэдний нэр төр, үзэл бодлыг үгээр басамжлан доромжлох, бие махбодийн шийтгэл үзүүлэхгүй байх” гэж тус тус заасныг зөрчсөн багш Ц.П-ийн “...хүүхдийн эрхийг зөрчсөн, бие махбодийн шийтгэл хүлээлгэсэн, гар хүрсэн” гэх үйлдэлд сахилгын шийтгэл ногдуулан ажлаас нь чөлөөлсөн, харин нэхэмжлэгчийн тухайд Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.14-т “суралцагчийг сургуулийн ойр орчинд гэмт хэрэг, зөрчил зэрэг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хяналт тавих”, 20.2.15-д “сургуулийн орчинд хүүхдийн эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, хяналт тавих”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй” гэж тус тус заасны дагуу “...хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах, хяналт тавих” гэх мэт хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу сургууль дээр нь багш хүүхэд зодсон асуудал удаа дараа гарсаар байхад хяналт тавих, урьдчилан сэргийлэх үүргээ бүрэн биелүүлээгүй гэх үйлдэлд нь хариуцлага ногдуулж байхад сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд тэгээд ч нэг албан тушаалтнаас дээрх 2 сахилгын шийтгэлийг 1 этгээдэд ногдуулаагүй байгааг анхаарч үзээгүй байна.
5. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 30.1.15-д “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн сахилар, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт, аймгийн боловсролын газрын саналыг тус тус үндэслэн чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдож байгааг харгалзан үзээгүй байна.
6. Ерөнхий боловсролын сургуулийн захирлын хуулиар хүлээсэн үүрэг нь зөрчил гарсан хойно нь арга хэмжээ авах биш зөрчил гарахаас өмнө урьдчилан сэргийлэх, хяналт тавих бөгөөд энэхүү үүргээ бүрэн биелүүлж чадаагүйгээс болж хүүхдийн эрх сургуулийн орчиндоо зөрчигдсөн үү гэвэл зөрчигдсөн, энэ нь хэрэгт авагдсан баримтаар ч тогтоогддог, нэхэмжлэгч ч энэ талаар маргадаггүй, хариуцагчийн зүгээс энэхүү зөрчилд нь хуульд заасан журмын дагуу буюу аймгийн боловсролын газрын саналыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
7. Давж заалдах шатны шүүх дүгнэхдээ “...маргаан бүхий захиргааны актад Төсвийн тухай болон Шилэн дансны тухай хуулиудыг баримтлаагүй, энэ талаар зөрчил дутагдал гаргасан гэж заагаагүй атлаа хариуцагч талаас “...аймгийн аудитын 2014, 2015, 2016 оны тус сургуулийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын зөрчилд тавигдсан албан шаардлага, акт байгаа, шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй тул аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/16 дугаар захирамжаар сахилгын шийтгэл хүлээсэн. Иймээс ажлаас чөлөөлсөн захирамжийн 1 дэх заалтад хууль тогтоомж болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлж” гэж зааж ажлаас чөлөөлсөн гэх ... үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж үзэх үндэслэлтэй.
8. 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/16 дугаар захирамжаар нэхэмжлэгч М.Б-т 2016 онд шилэн дансны тухай хуулийн дагуу мэдээлэх үүргээ биелүүлээгүй үйлдэлд нь сануулах арга хэмжээ авсан бөгөөд үүнтэй нэхэмжлэгч маргаагүй, мөн түүний дараа аймгийн аудитын газар, мэргэжлийн хяналтын газар, боловсрол, соёл, урлагийн газруудаас тус тус ирүүлсэн “хүүхдийн эрхийн зөрчил болон санхүүгийн зөрчлийн талаар ирүүлсэн” саналуудыг харгалзан үзэж, ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэдэг үндэслэлээр захиргааны санаачлагаар албан тушаал бууруулж болох талаар дүгнэсэн байна.
9. Өмнөх сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийн талаар маргаагүй, түүнээс нь хойш сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргаж, түүнд нь ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг зөрчөөгүй болохыг шүүхүүд буруу дүгнэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн эрхэлж байсан Баянтоорой сумын сургуулийн захиралын ажлын байрны тодорхойлолт болон түүнтэй байгуулсан үр дүнгийн гэрээнүүдээр санхүү, төсөвтэй холбоотой бараа бүтээгдэхүүн нийлүүлнэ, үр дүнтэй зарцуулна, хэмнэлттэй ажиллах талаар тусгасан байдаг бөгөөд хэдийгээр 2015, 2016 оны үр дүнгийн гэрээнүүд 90 хувиас дээш үнэлгээгээр дүгнэгдэж, урамшуулал авч байсан байх боловч бодит байдал дээр санхүү төсөвтэй холбоотой удаа дараагийн актууд тавигдаж, үр дүнгийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн болох нь харагдаж байхад шүүхүүд зөвхөн нэг талаас нь харж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэх үндэслэлтэй.
10. Давж заалдах шатны шүүх “...хариуцагчийн дотуур байрны багш хүүхэд зодсон асуудалд шууд шалтгаант холбоотой гэж үзэж суралцагчийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, сургуулийн орчинд хүүхдийн эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй, хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Б-ийг сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасантай тус тус нийцээгүй хууль бус байх бөгөөд хууль бус тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, түүний маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн байна.
11. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасантай маргаан бүхий захиргааны акт нийцээгүй гэх үндэслэлгүй бөгөөд уг захиргааны актын зорилго нь хүүхдийн эрх удаа дараа зөрчигдөж байгаа асуудлыг таслан зогсоож, холбогдох этгээдэд хариуцлага хүлээлгэх байсан, харин бодит нөхцөл байдал нь юу вэ гэхээр сургуулийн захирал хүүхдийн эрх зөрчигдөхөөр урьдчилан сэргийлэх, хяналт тавих хуулиар хүлээсэн үүрэгтэй байхад тус сургуулийн орчинд хүүхдийн эрх удаа дараа зөрчигдсөн нь тогтоогдсон, мөн Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар захирлын ажлын үр дүн доголдолтой, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас энэ талаар санал ирүүлсэн тул эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргаж, ажлаас нь чөлөөлсөн тул үндэслэл бүхий байх шаардлагыг давхар хангаж байх тул дээрх дүгнэлт үндэслэлгүй байна.
12. Давж заалдах шатны шүүх “...аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/16 дугаар захирамжийг нэхэмжлэгч нь “хариуцагчийн тайлбартай танилцахдаа мэдсэн” гэж тайлбарласныг хариуцагчаас баримтаар няцаагаагүйн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/22 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлд Төсвийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулиуд, дээрх Б/16 дугаар захирамж дурдагдаагүй, нэхэмжлэгчийг шилэн дансны мэдээлэл, төсвийн хөрөнгө захиран зарцуулах үүрэгтэй нь холбогдуулан ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогдохгүй байх тул...” гэж дүгнэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэгчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн байна. Нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/16 дугаар захирамжийн талаар огт маргаагүй бөгөөд хуулийн хүчинтэй, Төсвийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулиудыг захиргааны актын хууль зүйн үндэслэлд баримтлаагүй тул хууль бус гэж огт маргаагүй, бодит байдал дээр эдгээр хуулиудыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаагийн зэрэгцээ уг хуулиудад заасан үүргээ ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд заасны дагуу зохих ёсоор гүйцэтгээгүйг болон хуульд заасан холбогдох байгууллагын саналыг тус тус үндэслэн захиргааны актыг гаргасан.
13. Үүнээс үзэхэд давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн байхын зэрэгцээ Төсвийн тухай хууль болон Шилэн дансны тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэх ёстой байсан гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0853 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
14. Шүүхийн шийдвэр, магадлалын шийдэл зөв боловч хууль хэрэглээний алдаатай байна.
15. Анхан шатны шүүх шийдвэртээ Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т “Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэсэн зарчмын хүрээнд хүүхэд зодсон дотуур байрны багш Ц.П тухайн зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн байхад энэ зөрчилд нь холбогдуулан сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлөх буюу хариуцлага тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хүүхдийн эрхийг зөрчсөн, хүүхэд зодсон гэх этгээдэд тухайн зөрчилдөө хариуцлага хүлээсэн байна” гэж дүгнэсэн нь буруу. Учир нь, энэхүү зохицуулалтын зорилго нь зөрчил гаргасан этгээдэд тухайн зөрчилд нь нэгээс илүү шийтгэл хүлээлгэхгүй байхад чиглэгдэнэ. Гэтэл шүүх зөрчил гаргасан Ц.П-д хариуцлага тооцсон байхад нэхэмжлэгчид уг зөрчилтэй холбогдуулан хариуцлага хүлээлгэсэн нь буруу гэсэн агуулгаар хуулийг буруу тайлбарлажээ.
16. Дээрх үндэслэлээр буюу “нэг албан тушаалтнаас 2 сахилгын шийтгэлийг 1 этгээдэд ногдуулаагүй байхад хууль буруу тайлбарласан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол /Тодорхойлох хэсгийн 3, 4-т заасан/ үндэслэлтэй хэдий ч энэ нь маргаан бүхий актыг зөвтгөж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Учир нь, хариуцагч нэхэмжлэгчийг Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэснийг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль бус байна.
17. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтын дагуу сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг чөлөөлөхдөө “үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэх”-ээр заасан байгаа нь ажлаас чөлөөлөгдөх этгээд нь захирал, эрхлэгчийн ажлыг хийх мэдлэг, ур чадваргүй болох нь үр дүнгийн гэрээний хэрэгжилт /дүн/-ээр илэрхий болсон бөгөөд холбогдох байгууллагын санал байгаа тохиолдолд хэрэглэгдэхээр байна. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд 2016 оны үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн үнэлгээгээр 95% маш сайн гэж үнэлэгдсэн, тэрээр захирлын ажлыг гүйцэтгэх мэдлэг, ур чадваргүй гэдэг нь тогтоогдохгүй байна.
18. Хариуцагчаас нэхэмжлэгчийг Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.14-т “суралцагчийг сургуулийн ойр орчинд гэмт хэрэг, зөрчил зэрэг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хяналт тавих”, 20.2.15-д “сургуулийн орчинд хүүхдийн эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, хяналт тавих” гэх мэт хуульд заасан үүргээ бүрэн биелүүлээгүйн улмаас хүүхдийн эрх зөрчигдсөн гэсэн үндэслэлээр буруутгаж байгааг, ийнхүү хуульд заасан үүргээ хангалттай биелүүлээгүй нь сахилгын зөрчил байхыг шүүхийн зүгээс үгүйсгэхгүй боловч энэ нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас нь шууд чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Иймээс хариуцагч маргаан бүхий актыг бүрэн эрхийн хүрээндээ гаргасан гэж үзэх үндэслэлгүй тул тогтоолын Тодорхойлох хэсгийн 4, 5, 6-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.
19. Тогтоолын Тодорхойлох хэсгийн 7-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын тухайд давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хуулийг буруу тайлбарласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь, хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгчийг Төсвийн тухай болон Шилэн дансны тухай хуулиудыг баримтлаагүй, энэ талаар зөрчил дутагдал гаргасан гэж заагаагүй атлаа шийдвэр гаргасныхаа дараа үндэслэлээ ийнхүү тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй.
20. Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх үүрэгтэй бөгөөд үүний дагуу нэхэмжлэгчийн 2016 оны үр дүнгийн гэрээний үнэлгээ нь А буюу маш сайн гэсэн байхад “хэдийгээр үр дүнгийн гэрээнүүд 90 хувиас дээш үнэлгээгээр дүгнэгдэж, урамшуулал авч байсан байх боловч бодит байдал дээр санхүү төсөвтэй холбоотой удаа дараагийн актууд тавигдаж, үр дүнгийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн болох нь харагдаж байхад шүүхүүд зөвхөн нэг талаас нь харж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн” гэх /Тодорхойлох хэсгийн 8, 9-д заасан/ хариуцагчийн гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
21. Давж заалдах шатны шүүх Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, мөн нэхэмжлэгчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тогтоолын Тодорхойлох хэсгийн 11, 12, 13-т заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.
22. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахаас татгалзаж, шүүхийн шийдвэр, магадлалын шийдлийг хэвээр үлдээж, харин баримталвал зохих Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь заалтыг баримтлаагүй байх тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0853 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т...” гэснийг “...Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д...” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ