Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/00520

 

 

 

 

 

 

 

 

 

В.Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00115 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: В.Мийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М” ХК-д холбогдох,

 

М ХК-ны гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын ахлах менежерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж, цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт  бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ядамбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/41 дугаартай М ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийн давтан гаргасан буюу хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас чөлөөлсөн.Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01241 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдож, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр М ХК-ийн гүйцэтгэх захирлын Б/131 дугаартай тушаалаар 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ажлаа хүлээлцэж ажилдаа эргэн орсон. Нэхэмжлэгч  ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй, мэргэжлийн болон ёс зүйн ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргаагүй, сахилгын зөрчил давтан гаргасан гэж сахилгын шийтгэл авагдаж байгаагүй. Ингэж нэг үндэслэлээр дахин ажлаас чөлөөлж хохироож байна. Иймд М ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Б/190 тоот тушаалыг хүчингүй болгож, В.Мийг  Говь-Алтай аймгийн шуудан үйлчилгээний газрын ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.

 

Хариуцагч “М” ХК-ийн ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. М ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/375 тоот тушаалаар Говь-Алтай аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргын орон тоо хасагдаж, ахлах менежер, менежер гэсэн орон тоотой болсон. В.Мийг дээрх шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын албан тушаал буюу менежерийн албан тушаалд томилоход, нэхэмжлэгч зөвшөөрөхгүй гэдгээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад мэдэгдсэн. Компанийн зүгээс түүний хүсэлтийг харгалзан гүйцэтгэх захирал 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/131 тоот тушаал гарган, Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын ахлах менежерийн албан тушаалд томилсон. Үүнийг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч, хүсэлтээ гаргаснаар 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон.

 

Нэхэмжлэгч ажиллаж байх хугацаандаа 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гэсэн огноотой чөлөө авах тухай хүсэлтээ бичгээр гаргасан бөгөөд уг хүсэлтээ 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2 цаг 47 минутад шууданд хийгээд яваад өгсөн байдаг. Уг хүсэлт нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр захиргаа хүний нөөцийн газар ирсэн байдаг бөгөөд гүйцэтгэх удирдлагын зүгээс зөвшөөрөхгүй байхад ажлын байраа орхиж явж, 06 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа ирсэн. Үүнийг ажил тасалсан гэж үзэж байгаа. Мөн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ 30 хоногийн дотор гаргаж өгөх ёстой байдаг. Энэ нь хуулиар зохицуулагдсан. Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн сард нийт 30 минут ба түүнээс дээш хугацаагаар хоцорсон, удаа дараа хуруугаа таниулан уншуулах төхөөрөмжид хуруугаа уншуулахгүй, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 06 дугаар сарын 14-ний өдрүүдэд ажил тасалсан зэрэг нийт 4 төрлийн зөрчлийг гаргасан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч В.Мийг М ХК-ийн Говь-Алтай аймгийн Шуудан үйлчилгээний газрын ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч М ХХК-иас 4 569 767 /дөрвөн сая таван зуун жаран есөн мянга долоон зуун жаран долоон/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч В.Мт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь зааснаар М ХК нь В.Мийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч М ХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч В.Мийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан тайлбартаа 6 дугаар сарын 11-15-ны өдрийн хооронд ажлаагүй, шалгалт өгөх болсон тул чөлөөний хүсэлтээ 2018.06.08-ны өдөр шууданд хийсэн гэж, хариуцагч нь чөлөөний хүсэлтийг 2018.06.12-ны өдөр хүлээн авсан, гүйцэтгэх захирал чөлөө олгохоос татгалзсан, ажилтан хүсэлтээ шийдвэрлүүлээгүй байхад ажлын байраа орхиж явсан гэж тайлбарууд гаргасан бөгөөд уг тайлбаруудыг нэхэмжлэгч үгүйсгээгүй. Ажилтан чөлөө авахдаа дотоод журам, цагийн бүртгэл, ажлын цаг ашиглалтын журамд заасны дагуу гаргаагүй тухай эргэлзээгүй тайлбар нотлох баримтууд гаргаж өгсөн байхад шүүүх эргэлзээтэй гэх хууль бус дүгнэлт хийсэн. Мөн шүүх “хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж өгөөгүй гэх байдлыг ноцтой зөрчилд хамааруулж байгааг зөвтгөх боломжгүй байна” гэж дүгнэхдээ Авилгатай тэмцэх газраас ирсэн 2018.10.29-ний өдрийн 05/8903 тоот албан бичгийг үндэслэсэн нь алдаатай болсон. Мөн шүүх “нэхэмжлэгчийг ажлаас халсан тухай, үндэслэл, түүний гаргасан зөрчлийн талаар тушаалд нэрлэн заагаагүй, өөрийн тайлбар татгалзлаа нотлоогүй гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн. Хариуцагчийн зүгээс тушаал шийдвэрийг хууль, журмын дагуу үндэслэл бүхий гаргасан бөгөөд шүүх хуралдааны шатанд ажилтны гаргасан ноцтой зөрчилд ямар үйлдлүүдийг тооцож байгаа, давтан зөрчилд ямар үйлдлүүдийг тооцож байгаа тухай дэлгэрэнгүй тайлбарлаж холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгч тал нь уг үйл явдлуудыг үгүйсгээгүй зөвхөн өөрийн буруугаас болоогүй талаар тайлбар гаргаж талууд уг нөхцөл байдал дээр мэтгэлцсэн байдаг гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч В.М нь хариуцагч М ХК-д холбогдуулан М ХК-ны гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын ахлах менежерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхээр шаардсаныг  хариуцагч эс зөвшөөрч маргасан. /хх-ийн 21-22, 71/

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01241 тоот шийдвэрээр В.Мийг М ХК-ийн Говь-Алтай аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргын ажилд эгүүлэн тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж  2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр  В.Мийг Говь-Алтай аймгийн Шуудан үйлчилгээний газрын ахлах менежерийн ажил албан тушаалд томилсон, М ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17/28 тоот тогтоолоор компанийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсантай холбоотойгоор тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/375 дугаартай тушаалаар Говь-Алтай аймгийн Шуудан үйлчилгээний газрын  даргын орон тоог хасч, ахлах менежерийн  орон тоог нэмж баталсан үйл баримт тогтоогджээ.  /хх-ийн 11-14, 23-52, 47,132-136/

 

Мөн  М ХК-ийн гүйцэтгэх захирлын  2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Б/190 тоот тушаалаар В.Мийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөөгүй, хөдөлмөрийн дотоод журам, цагийн бүртгэл, ажлын цаг ашиглалтын журмыг зөрчиж зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхиж явсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан болон хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ./хх-ийн 4-10/

 

Ажил олгогч тушаалын хууль зүйн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4, 29 дүгээр зүйлийн 29.2.4, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.2.1-ийн Ж, Р дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 5.5 дугаар зүйлийн 5.5.3, 5.5.11, 5.5.16 дахь заалтуудаар тодорхойлсон.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нь дээрх хугацаатай нийцсэн талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

 

Талууд ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд заасан үйл баримт бодитой болсон эсэх, тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд маргаж байна. Нотлох үүргийн хувиарлалтаар ажил олгогч өөрийн гаргасан тушаалын үндэслэлийг нотлох үүрэгтэй бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 06 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй шалтгаанаа мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт өгөх болсонтой холбон тайлбарласан бөгөөд тэрээр 2018 оны 06 дугаар сарын 11-15-ны хооронд захиргааны чөлөө олгох хүсэлтээ бичгээр гаргаж, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шууданд хийсэн үйл баримт тогтоогдсон. Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 7-д зааснаар иргэн сурч боловсрох эрхтэй юм. Шуудан 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр захиргаа хүний нөөцийн газарт хүрсэн, шалгалт 2018 оны 06 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд явагдсан зэрэгт нэхэмжлэгчийг буруутгах нь эргэлзээтэй юм. /хх-ийн 21-22/

 

Хэдийгээр хөдөлмөрийн гэрээнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн сард нийт 30 минут ба түүнээс дээш хугацаагаар хоцорсон, дэг журмыг удаа дараа зөрчих нь ноцтой зөрчилд тооцогдохоор тохиролцсон хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй бөгөөд түүнийг сурч боловсрохын тулд, өөр бусад хувийн шалтгаанаар чөлөө авах эрхгүй гэж үзэх нь хүний хөдөлмөрлөх эрхийн зарчимд нийцэхгүй юм. /хх-ийн 5, 6/

 

Түүнчлэн сурч боловсрохын тулд чөлөө хүссэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай юм.

 

Анхан шатны шүүхээс “ захиргааны чөлөө хүссэн хүсэлтийг хүлээн авч, хэрхэн шийдвэрлэсэн эсэх нь тодорхой бус, хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөөгүй гэх байдлыг ноцтой зөрчилд хамааруулж байгааг зөвтгөх боломжгүй” гэж  зөв дүгнэжээ.

 

Авлигатай тэмцэх газрын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 05/8903 тоот “ ..,Шуудангийн үйлчилгээний газрын ахлах менежерийн албан тушаалд томилогдсон албан тушаалтан Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 23 дугаар зүйлийн 23.3-т тус тус заасан хугацаанд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж өгөх шаардлагагүй” гэсэн албан бичиг нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримт байх бөгөөд уг заалтаар ажлаас чөлөөлөх  шаардлага гаргах, хувийн болон ашиг сонирхлын мэдүүлгийн үнэн зөвийг хянах нь Авилгатай тэмцэх газрын эрх хэмжээний асуудал юм./хх-ийн 80-81, 88/

 

Мөн “М” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/258 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулсан гэх боловч уг журамтай нэхэмжлэгч албан ёсоор танилцсан тухай баримт хэрэгт авагдаагүй байна. /хх-ийн 38-39 / Хариуцагч татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч В.Мийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй, мөн дундаж цалин хөлсийг тооцсон нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох” журамд заасантай нийцжээ./хх-ийн 4/

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан “нотлох баримтыг зөв харьцуулан дүгнээгүй” тухай гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00115 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД