Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 00115

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, 4 дүгээр баг, Хараат бух 18 дугаар байрны 9 тоот хаягт оршин суух, 39 настай, эмэгтэй, Жанчин овгийн Ванжилын Мөнхчимэг /РД:ДЙ79012104/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 1, Төв шуудан-15160 байрлах, “Монгол шуудан” ХК /РД:2116545/-д холбогдох

 

“Монгол шуудан” ХК-ны гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын ахлах менежерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ядамбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандшир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.Мөнхчимэг нэхэмжлэлдээ:

В.Мөнхчимэг намайг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/41 дугаартай “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийн давтан гаргасан буюу хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас чөлөөлсөн юм. Миний бие Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны үр дүнд тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01241 дугаартай шийдвэр гарч уг шийдвэрийн дагуу 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирлын Б/131 дугаартай тушаалаар 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ажлаа хүлээлцэж ажилдаа эргэн орсон. Ингээд ажлаа хийж байтал дээрх үндэслэлээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/190 дугаартай “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, дахин ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй байна.

Учир нь миний бие 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ажилд орсноосоо хойш ажлын ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй, мэргэжлийн болон ёс зүйн ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргаагүй, сахилгын зөрчил давтан гаргасан гэж сахилгын шийтгэл авагдаж байгаагүй юм. Ингэж нэг үндэслэлээр дахин ажлаас чөлөөлж иргэн намайг хохироож байгаад гомдолтой байна.

Иймд “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Б/190 тоот тушаалыг хүчингүй болгож, В.Мөнхчимэг намайг Говь-Алтай аймгийн шуудан үйлчилгээний газрын ахлах менежерийн  ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг  даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ядамбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

В.Мөнхчимэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин оролцож байна. “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Б/131 тоот тушаалаар В.Мөнхчимэгийг Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын ахлах менежерийн ажилд томилсон байдаг. В.Мөнхчимэгийг ажил үүргээ гүйцэтгэж байхад тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Б/190 тоот тушаал гарч, В.Мөнхчимэгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байгааг хуульд нийцээгүй гэж үзэж байна. 

 Учир нь В.Мөнхчимэг нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ажилд эргэн орсноос хойш ажлын ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй, ёс зүйн ямар нэгэн зөрчил гаргаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй. Ингэж нэг үндэслэлээр дахин ажлаас чөлөөлж, В.Мөнхчимэгийг хохироож байгаад гомдолтой байна. Иймд “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Б/190 тоот тушаалыг хүчингүй болгож, В.Мөнхчимэгийг Говь-Алтай аймгийн шуудан үйлчилгээний газрын ахлах менежерийн  ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг  даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Монгол шуудан ХК-ийн ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 01833 дугаар магадлалаар В.Мөнхчимэгийг Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын даргын ажилд эгүүлэн тогтоосон. “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/375 тоот тушаалаар Говь-Алтай аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргын орон тоо хасагдаж, ахлах менежер, менежер” гэсэн орон тоотой болсон. 

            В.Мөнхчимэгийг дээрх шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын албан тушаал буюу менежерийн албан тушаалд томилоход, нэхэмжлэгч зөвшөөрөхгүй гэдгээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад мэдэгдсэн. Компанийн зүгээс түүний хүсэлтийг харгалзан гүйцэтгэх захирал 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/131 тоот тушаал гарган, Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын ахлах менежерийн  албан тушаалд томилсон. Үүнийг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч, хүсэлтээ гаргаснаар  2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон.

            Нэхэмжлэгч ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил болон хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан тул гүйцэтгэх захирлын 2018 оны  07 дугаар сарын 09-ний өдрийн Б/190 тоот тушаалаар  ажлаас нь чөлөөлсөн байдаг. Ажил олгогчийн зүгээс ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэж  байгаа бэ? гэхлээр нэхэмжлэгч нь 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гэсэн огноотой “чөлөө авах” тухай хүсэлтээ бичгээр гаргасан бөгөөд уг хүсэлтээ 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2 цаг 47 минутад шууданд хийгээд яваад өгсөн байдаг. Уг хүсэлт нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр захиргаа хүний нөөцийн газар ирсэн байдаг бөгөөд гүйцэтгэх удирдлагын зүгээс зөвшөөөхгүй байхад ажлын байраа орхиж явж, 06 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа ирсэн. Үүнийг ажил тасалсан гэж үзэж байгаа. Мөн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ 30 хоногийн дотор гаргаж өгөх ёстой байдаг. Энэ нь хуулиар зохицуулагдсан байдаг. Сахилгын ямар зөрчил давтан гаргасан бэ? гэхлээр хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн сард нийт 30 минут ба түүнээс дээш хугацаагаар хоцорсон, удаа дараа хуруугаа таниулан уншуулах төхөөрөмжид  хуруугаа уншуулахгүй, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 06 дугаар сарын 14-ний өдрүүдэд ажил тасалсан зэрэг нийт 4 төрлийн зөрчлийг гаргасан гэж үзэж байгаа. 

 Нэхэмжлэгч В.Мөнхчимэг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөөгүй, Хөдөлмөрийн дотоод журам, цагийн бүртгэл, Ажлын цаг  ашиглалтын журмыг зөрчиж зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхиж явсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, сахилгын зөрчлийг давтан болон хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг  гаргасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В.Мөнхчимэг нь хариуцагч “Монгол шуудан” ХК-д холбогдуулан  “Монгол шуудан” ХК-ны гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох “... Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын даргын  ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох” гэснийг “Говь-Алтай аймгийн шуудан үйлчилгээний газрын ахлах менежерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох” гэж тодруулан өөрчилсөн. /х.х-ийн 71 тал/

Зохигчид, нэхэмжлэгч В.Мөнхчимэгийг урьд эрхэлж байсан ажлаас нь  чөлөөлсөн нь үндэслэлтэй эсэх талаар маргаж байгаа болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч В.Мөнхчимэг нь нэхэмжлэлээ 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан байх ба, тэрээр хуульд заасан дээрх хугацаанд гомдлын шаардлагаа гаргажээ.

Хариуцагч “Монгол шуудан” ХК /хуулийн этгээд/ нь хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагаанд төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй.

Хариуцагч “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нь тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр О.Отгонбаярыг томилж, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэл хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 17 тал/

Зохигчид нь өөрсдийгөө шүүхэд бүрэн төлөөлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, тайлбар хүсэлт гаргах, хэргийн материалтай танилцах шүүх хуралдаанд оролцох зэрэг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх, үүргийг эдлэх”-ээр итгэмжлэл олгосноор Б.Ядамбат, О.Отгонбаяр нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2.-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэргийн оролцогч болсон гэж үзнэ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “... нэхэмжлэгчийг албан үүргээ гүйцэтгэхдээ хайнга хандаж, сахилгын зөрчлийг давтан гаргаснаас гадна мөн сахилгын ноцтой зөрчил гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад хамаарч байгаа” гэх тайлбар гарган  мэтгэлцэж байна. /х.х-ийн 21-22 тал/

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01241 тоот шийдвэрээр В.Мөнхчимэгийг “Монгол шуудан” ХК-ийн Говь-Алтай аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргын ажилд эгүүлэн тогтоосон байх ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Б/131 тоот тушаал гарч, В.Мөнхчимэгийг Говь-Алтай аймгийн Шуудан үйлчилгээний газрын ахлах менежерийн ажил албан тушаалд томилсон болох нь зохигчдын тайлбар, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирлын Б/131 тоот тушаал, В.Мөнхчимэгийн “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гаргасан “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаалгах тухай хүсэлт, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 585 тоот “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” тогтоол зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 11-14, 23-52 тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй байх бөгөөд ажил олгогч нь ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж заажээ

“Монгол шуудан” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17/28 тоот тогтоолоор компанийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсантай холбоотойгоор тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/375 дугаартай “орон тоо нэмж батлах, ажилд томилох, ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай” тушаал гарч, уг тушаалаар компанийн өмчийн хэлбэр өөрчлөгдөн хувьцаат компани болсон тул үйл ажиллагааг өргөтгөх, бизнесийн чиглэлээ нэмгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн Шуудан үйлчилгээний газрын үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор шуудангийн үйлчилгээний даргын орон тоог хасаж, ахлах менежер, менежер гэсэн орон тоог нэмж батлажээ. /х.х-ийн 47, 132-136 тал/

Шийдвэр гүйцэтгэл ажиллагааны талууд болох В.Мөнхчимэг, “Монгол шуудан” ХК нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01241 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаагүй болох нь зохигчдын тайлбар болон хэргийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 52 тал/

Хариуцагч “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Б/131 тоот тушаалаар В.Мөнхчимэгийг Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын ахлах менежерийн ажилд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн томилж, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хөдөлмөрийн гэрээний үндсэн Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын ахлах менежерээр ажиллаж байсан байх бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Б/190 тоот тушаалаар В.Мөнхчимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбар, хавтас хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байна. /х.х-ийн 4-10 тал/

 Ажил олгогчийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/190 дүгээр тушаалд “Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын ахлах менежерээр ажиллаж байсан В.Мөнхчимэгийг “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөөгүй, Хөдөлмөрийн дотоод журам, цагийн бүртгэл, Ажлын цаг ашиглалтын журмыг зөрчиж зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхиж явсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан болон хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан” гэж дурьдаж, ажлаас нь халахаар шийдвэрлэжээ. /х.х-ийн 10 тал/

Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4, 29 дүгээр зүйлийн 29.2.4, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.2.1-ийн “Ж”,”Р” дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 5.5 дугаар зүйлийн  5.5.3, 5.5.11, 5.5.16 дахь заалтуудыг баримтласан байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн  хөдөлмөрийн гэрээний 5.5.1-5.5.5.17-д “сахилгын ноцтой зөрчилд тооцох “үндэслэлүүдийг нэрлэн заасан ба хөдөлмөрийн гэрээний 5.5.3-т “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн сард нийт 30 минут ба түүнээс дээш хугацаагаар хоцорсон, цагийн бүртгэлийг худал бүртгэсэн, өөрийн дураар аливаа өөрчлөлт, засвар хийсэн, өөр хүний өмнөөс хуруугаа таниулж уншуулсан, эсвэл өөрийнхөө өмнөөс өөр хүний хурууг таниулж уншуулсан бол” гэж, 5.5.11-д “Чөлөөний хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол” гэж, 5.5.16-д “Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь удаа дараа биелүүлэхгүй бах, мэргэжил ур чадварын хувьд эрхэлж буй ажил албан тушаалдаа тэнцэхгүй байх, хариуцсан ажилдаа хайнга хандаж, шуурхай арга хэмжээ аваагүйгээс үйлдвэрийн үйл ажиллагаа тасалдаж, ажилтан сул зогссон, албан тушаалаа ашиглан, компанийн сүлжээ болон зардлаар бизнес хийсэн, хийх бололцоо олгосон, ажлын байрны дэг журмыг удаа дараа зөрчих сахилгын зөрчил давтан гаргасан бол” тус тус ноцтой зөрчилд тооцохоор тохиролцжээ. /х.х-ийн 5, 6 тал/

Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч нь тушаалын үндэслэлийг нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгч В.Мөнхчимэг нь 2018 оны 06 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй үйл баримт тогтоогдож байх боловч энэ байдлыг нэхэмжлэгч нь  “мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт өгөх болсон тул 2018 оны 06 дугаар сарын 11-15-ны хооронд захиргааны чөлөө олгох хүсэлт гаргаж, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шууданд хийж хүргүүлсэн ...” гэж,            

Ажил олгогч “... нэхэмжлэгчийн чөлөө авах тухай хүсэлт нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр захиргаа хүний нөөцийн газарт ирсэн ба гүйцэтгэх удирдлагын зүгээс зөвшөөрөөгүй, ажилтан хүсэлтээ шийдвэрлүүлээгүй байхад ажлын байраа орхин явж, ажил тасалсан ...” гэж тус тус тайлбарлаж байгаа нь ажил тасалсан,  чөлөөний хугацааг хэтрүүлсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна. /х.х-ийн 21-22 тал/

Ажил олгогчоос Б/190 тоот тушаалын үндэслэлийг “ажилтан хөдөлмөрийн сахилгын  зөрчил давтан болон хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил аль алиныг нь  гаргасан” гэж тайлбарлаж байгаа боловч, нэхэмжлэгчийн захиргааны чөлөө хүссэн хүсэлтийг хүлээн авч, хэрхэн шийдвэрлэсэн эсэх нь тодорхой бус,  хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөөгүй гэх байдлыг  ноцтой зөрчилд хамааруулж байгааг зөвтгөх боломжгүй байна.

Хэрэгт баримтаар авагдсан Авлигатай тэмцэх газрын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 05/8903 тоот албан бичигт “... “Монгол шуудан” ХК-ийн харъяа  Шуудангийн үйлчилгээний газрын ахлах менежерийн албан тушаалд томилогдсон  албан тушаалтан Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 23 дугаар зүйлийн  23.3-т тус тус заасан хугацаанд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж өгөх шаардлагагүй болно” гэжээ. /х.х-ийн 80-81, 88 тал/

Хариуцагч “Монгол шуудан” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр шүүх хуралдаанд “... В.Мөнхчимэгийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрүүдэд ажил тасалсан, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэх тайлбарыг гаргаж байгаа боловч, энэ тухай Б/190 тоот тушаалд нэрлэн заагаагүй байна. /х.х-ийн 10 тал/

Хариуцагч “Монгол шуудан ХК нь нэхэмжлэгчийг ажлаас халсан тухай үндэслэл, түүний гаргасан зөрчлийн талаар тушаалд нэрлэн заагаагүй ба “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөөгүй, Хөдөлмөрийн дотоод журам, цагийн бүртгэл, Ажлын цаг  ашиглалтын журмыг зөрчиж зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхиж явсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан болон хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан” гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа нотлоогүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч В.Мөнхчимэгийг хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан болон хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж үзэх нөхцөл байдал зохигчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

“Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/258 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулсан байгаа боловч, уг журамтай нэхэмжлэгч танилцсан баримт хэрэгт байхгүй байна. /х.х-ийн 38-39 тал/

Иймд нэхэмжлэгч В.Мөнхчимэгийг “Монгол шуудан” ХК-ийн Говь-Алтай аймгийн Шуудан үйлчилгээний газрын ахлах менежерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 569 767 төгрөгийг хариуцагч “Монгол шуудан” ХК-иас гаргуулах нь зүйтэй.

В.Мөнхчимэгийн ажилгүй байсан хугацаа /2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл/ 131 хоног байна.

Хэрэгт баримтаар авагдсан В.Мөнхчимэгийн сарын цалин 750 000 төгрөг байна. /х.х-ийн 4 тал/

“Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/190 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд дурдсан нь бие даасан шаардлага биш, харин ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн үндэслэл гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д  заасан журмын дагуу 2019 оны 01 дүгээр сарыгн 15-ны өдрийн 08 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүхэд мэдэгдсэн боловч тэрээр хүрэлцэн ирэх боломжгүй тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдсэн тул түүний хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /х.х-ийн 146, 155, 161-165 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч В.М-ийг “М ш” ХК-ийн Говь-Алтай аймгийн Шуудан үйлчилгээний газрын ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “М ш” ХХК-иас 4 569 767 /дөрвөн сая таван зуун жаран есөн мянга долоон зуун жаран долоон/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч В.М-т олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь зааснаар “М ш” ХК нь В.М-ийн ажилгүй байсан  хугацааны  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Монгол шуудан” ХК-д даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч В.М-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэхь заалтыг баримтлан хариуцагч “М ш” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 88 066 төгрөг гаргуулж улсын төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ                            Ж.ЦЭНГЭЛ