Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2020/000043

 

В.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

          2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00115 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 520 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: В.М-

          Хариуцагч: “..шуудан” ХК-д холбогдох

        “..шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018-07-09-ний өдрийн Б/190 дугаар тушаалыг хүчингүй болгох, .. аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч В.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2017-02-13-ны өдрийн А/41 дугаартай “..шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан буюу хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан гэж чөлөөлөгдсөн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-05-30-ны өдрийн 182/ШШ2017/01241 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдож, 2018-05-15-ны өдөр “..шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирлын Б/131 дугаартай тушаалаар 2018-05-29-ний өдөр ажлаа хүлээлцэж ажилдаа орсон. Ямар нэгэн алдаа дутагдал, мэргэжлийн болон ёс зүйн ямар нэгэн зөрчил гаргаагүй, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргаагүй, сахилгын шийтгэл авагдаж байгаагүй. Гэтэл дахин халсан. Ингэж нэг үндэслэлээр дахин ажлаас чөлөөлж хохироож байна. Иймд “..шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018-07-09-ний өдөр Б/190 тоот тушаалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн шуудан үйлчилгээний газрын ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

      Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. “..шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017-12-11-ний өдрийн Б/375 тоот тушаалаар Говь-Алтай аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргын орон тоо хасагдаж, ахлах менежер, менежер гэсэн орон тоотой болсон. В.М-ийг дээрх шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын буюу менежерийн албан тушаалд томилоход, зөвшөөрөхгүй гэдгээ ШШГА-ны явцад мэдэгдсэн. Компанийн зүгээс түүний хүсэлтийг харгалзан гүйцэтгэх захирал 2018-05-15-ны өдрийн Б/131 тоот тушаал гарган, Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын ахлах менежерийн албан тушаалд томилсон. Үүнийг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч, хүсэлтээ гаргаснаар 2018-06-11-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон. Нэхэмжлэгч ажиллаж байх хугацаандаа 2018-06-08-ны өдөр гэсэн огноотой чөлөө авах тухай хүсэлтээ бичгээр гаргасан бөгөөд уг хүсэлтээ 2018-06-08-ны өдрийн 2 цаг 47 минутад шууданд хийгээд яваад өгсөн байдаг. Уг хүсэлт нь 2018-06-12-ны өдөр захиргаа хүний нөөцийн газар ирсэн. Гүйцэтгэх удирдлагын зүгээс зөвшөөрөөгүй байхад ажлын байраа орхин явж, 06-16-ны өдөр ажилдаа ирсэн. Үүнийг ажил тасалсан гэж үзэж байгаа. Мөн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ 30 хоногийн дотор гаргаж өгөх ёстой ба энэ нь хуулиар зохицуулагдсан. Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн сард нийт 30 минут ба түүнээс дээш хугацаагаар хоцорсон, цагийн бүртгэлийн төхөөрөмжид зохих журмын дагуу цагаа бүртгүүлээгүй, 2018-06-04-с 06-14-ний өдрүүдэд ажил тасалсан зэрэг нийт 4 төрлийн зөрчил гаргасан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00115 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан В.М-ийг .. шуудан ХК-ийн Говь-Алтай аймгийн Шуудан үйлчилгээний газрын ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар .. шуудан ХХК-иас 4,569,767 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс  чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 88,066 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 520 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00115 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэд ойлголгүй хэт нэг талыг барьж, нотлох баримтуудыг үнэлж, дүгнэхдээ алдаа гаргасан. Нэхэмжлэгч 2018-06-11-с 15-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй нь тогтоогдож байхад ажил тасалсан, чөлөөний хугацааг хэтрүүлсэн гэж үзэхэд эргэлзээтэй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч нь “Мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалт өгөх болсон тул 6-р сарын 11-15-ны хооронд ажиллаагүй, уг шалгалтыг өгөх хэрэгцээ шаардлага нь хувийн шалтгаан байсан, чөлөөний хүсэлтээ 2018-06-08-ны өдөр шууданд хийсэн” гэж, хариуцагч нь “нэхэмжлэгчийн чөлөөний хүсэлт 2018-06-12-ны өдөр захиргаа хүний нөөцийн газар ирсэн, 2018-06-08-ны өдөр нь баасан гариг буюу ажлын сүүлийн өдөр байсан. Гүйцэтгэх захирал чөлөөний хүсэлтийг хүлээн аваад чөлөө олгохоос татгалзсан, ажилтан хүсэлтээ шийдвэрлүүлээгүй байхад ажлын байраа орхиж явсан” гэх тайлбаруудыг гаргасан ба нэхэмжлэгч үүнийг үгүйсгээгүй. Мөн ажилтан нь чөлөө авах тохиолдолд дотоод журам, цагийн бүртгэл, ажлын цаг ашиглалтын журамд заасны дагуу хүсэлтээ урьдчилан оруулах шаардлагатай тухай, бичгээр хүсэлт гаргаж байгаа тул түүнийг захиргаа хүлээн авч шийдвэрлэх боломжит хугацааг ажилтан олгох ёстой тухай эргэлзээгүй тайлбар, нотлох баримтууд гаргаж өгсөн байхад шүүх буруу үнэлэлт, дүгнэлт хийсэн байна. Хариуцагчийн зүгээс ажилтны Үндсэн хуулиар олгогдсон сурч боловсрох, Хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон чөлөө авах эрхийг хаасан зүйл байхгүй гагцхүү ямар нэг шаардлагаар чөлөө авах гэж байгаа бол удирдлагадаа эхлээд мэдэгдэх, чөлөө олгох эсэх шийдвэрийг гаргуулж авсан байх тухай шаардлага тавьсан байдаг. Ажилтны хувьд Хөдөлмөрийн гэрээний дагуу үүргээ биелүүлэхгүй дуртай үедээ ажлаа хаяад явж болох мэтээр шүүх тайлбар хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн “Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж өгөөгүй гэх байдлыг ноцтой зөрчилд хамааруулж байгааг зөвтгөх боломжгүй байна” гэж дүгнэсэн байдаг. Шүүх уг дүгнэлтийг хийхдээ компанийн онцлог, хуулийн хэм хэмжээ зэргийг судлан үзэж өөрийн үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүй АТГ-с ирсэн 2018-10-29-ний 05/8903 тоот албан бичгийг үндэслэсэн нь алдаатай болжээ. АТГ нь ХХША-нд оролцож буй шинжээч бус зөвхөн тодруулга гаргаж өгч буй байгууллага бөгөөд ирсэн тоотод алдаатай дүгнэлт байгаа тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч холбогдох тайлбарыг хийснийг шүүх үнэлж дүгнээгүй байна. АТГ-н зүгээс .. шуудан ХК-ийн Шуудангийн үйлчилгээний дарга мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд Шуудангийн үйлчилгээний газрын Ахлах менежер мэдүүлэг гаргах үүрэггүй гэж албан бичиг ирүүлсэн нь байдаг. Энэ нь Компанийн онцлог, холбогдох бусад тушаал шийдвэрийг судлан үзээгүй байж гаргасан дүгнэлт тул үнэн зөв, эргэлзээгүй дүгнэлт биш юм. .. шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017-01-03-ны өдрийн А/03 тоот тушаалаар мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалтыг баталсан байх бөгөөд уг жагсаалтын 6-д Аймгуудын шуудангийн үйлчилгээний газрын дарга гэж орсон байдаг. Нэхэмжлэгч нь өмнө Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед мэдүүлгээ хууль, журамд заасны дагуу гаргадаг байсан. Гүйцэтгэх захирлын 2017-12-11-ний Б/375-р тушаалаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан Шуудангийн үйлчилгээний газрын орон тоо бүтцэд өөрчлөлт орж, Шуудангийн үйлчилгээний дарга гэсэн нэршил үгүй болж, Ахлах менежер гэсэн нэршилтэй болсон. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу 2018-05-15-ны өдрийн Б/131 тоот тушаалаар Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын Ахлах менежер буюу урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын ажил албан тушаалд томилогдсон. Дээрх нөхцөл байдлуудыг шүүх судлан үзэж дүгнэлт хийлгүй зөвхөн АТГ-с ирсэн албан бичгийн дагуу дүгнэлт хийсэн нь баримтыг тал бүрээс нь бодитойгоор, харьцуулан үзэх шаардлагыг хангахгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

     В.М- нь 2018-08-09-ний өдөр “..шуудан” ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Говь-Алтай аймгийн шуудан үйлчилгээний газрын ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        В.М- “..шуудан” ХК-ийн Говь-Алтай аймгийн Шуудан үйлчилгээний газар  ахлах менежерээр ажиллаж байгаад ажил олгогчийн 2018-07-09-ний өдрийн Б/190 дугаар тушаалаар “...хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаагүй... хөдөлмөрийн дотоод журам, цагийн бүртгэл, ажлын цаг ашиглалтын журмыг зөрчсөн...  зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхиж явсан...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан...ноцтой зөрчил гаргасан...” гэсэн үндэслэлээр ажлаасаа халагджээ.

     Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн уг зохицуулалтын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлахын тулд ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон байх учиртай. Ажил олгогч ажилтны гаргасан зөрчил хангалттай нотлогдоогүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь буруу гэх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон байна.  

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шаардлага, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээдэг. 

      Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа үндэслэлээ тодорхой зааж, өөрийн эрх хэмжээний хүрээнд нотлох баримтыг үнэлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн эсхүл хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх байдал тогтоогдохгүй байна.

       Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

    1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00115 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 520 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т, 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ